Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхбаярын Алдар |
Хэргийн индекс | 105/2016/0585/Э |
Дугаар | 5 |
Огноо | 2016-06-08 |
Зүйл хэсэг | 181.2.1, |
Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 5
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нарийн бичгийн дарга: Д.Чинзориг,
Улсын яллагч: Р.Батнасан,
Шүүгдэгч Ч.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч: Х.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорго овогт Чүлтэмсүрэнгийн Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 201625020750 дугаартай хэргийг 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуурын 52-31 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 199 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ял шийтгэгдэж, 3 жилийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, регистрийн дугаар ХА77071211, Хорго овогт Чүлтэмсүрэнгийн Мягмарсүрэн.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Ч.Мягмарсүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016.03.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Авто плаза төвийн хойд талын зам дээр зам тавьж өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан Н.Хосбаяртай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед хүүхдээ сургуулиас нь аваад Авто плазагийн арын замаар зам хөндлөн гарч явахад зүүнээс баруун тийш чиглэж явсан машин хурдтай орж ирээд манай хүүхдийг цочоохоор нь би уурлан тухайн машины жолоочид “хүүхэд дайрлаа ш дээ” гэж хэлээд тэр машины цонх руу нь цохисон. Тэгтэл жолооч нь цонхоо онгойлгохоор нь би жолоочийг нь гараараа цохиход тэр машинаасаа бууж ирээд надтай зууралдсан. Тэр жолооч бас миний толгой руу цохисон. Тэгж байхад хүмүүс биднийг салгасан. Тэгээд цагдаа ирсэн гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Хосбаярын /хх-ийн 21/, гэрч Э.Наранцэцэгийн /хх-ийн 26/, Шүүх эмнэлгийн шинжээчийн ¹3403 дугаартай дүгнэлтүүд /хх-31/, Ч.Мягмарсүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан баримт /хх-ийн 47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б. Ч.Мягмарсүрэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016.03.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Авто плаза төвийн хойд талын зам дээр зам тавьж өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан Н.Хосбаяртай маргалдан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2016.03.09-ний өдөр 17:40 цагийн үед 3-р хороолол руу 94-94 ӨВР улсын дугаартай машиныг унаж явах үед 100 айлд Авто плазагийн замын хойд талаар баруун тийш явж байсан. Тэр үед түгжрээд зогсож байтал үл таних хүн урд талаас хойшоо зам гараад явж байсан. Тэгснээ миний унаж явсан машиныг ард талаас нь өшиглөсөн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн чамайг очиж байгаад ална гэж хэлээд хамт явж байсан охиндоо цүнхээ өгсөн. …тэр хүн гүйж ирээд гараа зангидаж байгаад цонх руу маш хүчтэй цохисон. Тэгээд л би цонхоо хагалчих вий гэж бодоод цонхоо онгойлготол намайг баруун талаас чамархай руу гараараа цохисон. Тэгээд дахиад хаалга руу өшиглөсөн. Тэгэхээр нь би буусан чинь тэр хүн намайг заамдаж байгаад толгой хавьцаа цохисон. Тэр үед Ч.Мягмарсүрэн гэгч намайг хүзүүнээс боож хүзүүнд зулгаралт үүсгэсэн. Мөн миний хоолойд боолт орсны улмаас нүд улайсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/
Гэрч Э.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Хосбаяртай хамт 94-94 ӨВР улсын дугаартай автомашинаар 3-р хороолол руу явж байсан. Тэр үед бид хоёрыг Авто плазагийн хойд талын замаар баруун тийшээ түгжрэл дунд явж байтал хойноос пид хийх чимээ гарсан. Тэгээд хүний машин унаж яваа учраас санаа зовоод харсан. Тэгээд манай нөхөр нэг хүн рүү чи яаж байгаа юм бэ гэтэл тэр хүн шууд гүйгээд ирсэн. Гүйж ирэхдээ ална шүү гээд хараагаад гүйгээд ирсэн. …тэр хүн ирээд машины цонхыг цохиод хөлөөрөө машин өшиглөөд байсан. Тэгтэл манай нөхөр Хосбаяр машинаас буугаад тэр хүнтэй зууралдаад эхэлсэн. …тэгээд Хосбаярыг тэр хүн хоолойг нь хувцасаар нь ороогоод боочихсон байсан …” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Насанд хүрээгүй гэрч М.Мишээлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Би аав Мягмарсүрэнтэй хамт Хаан банк руу орчихоод замаар хойшоо гараад явж байх үед машин хурдан ирээд урдуур хурдтай гарсан. Тэгээд би маш их айгаад сандарсан. Тэгээд тэр машины жолооч ах манай аавтай муудалцсан. Тэгээд манай аав машиныг нь өшиглөсөн. Тэгтэл тэр машины жолооч бууж ирээд манай аавыг цохиод аавыг зодсон. Тэгээд би маш их айж улсан. Тэгээд боль боль гээд зуурсан. Удалгүй цагдаа нар ирсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Яллагдагч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2016.03.09-ний өдөр би хоёр хүүхдээ сургуулиас нь аваад охин Мишээл, Пүрэвсүрэн нарыг дагуулаад Ардын эрхийн Хаан банк орчихоод буцаад замаар хөндлөн хойшоо гарч явтал 94-94 ӨВР улсын дугаартай Ист маркийн машин нэгдүгээр эгнээнд явж байгаад хурдтай яваад урдуур гарсан. Тэгэхээр нь би уг машиныг хүүхэд дайрлаа ш дээ гээд өшиглөсөн. Тэгээд л машин жаахан цаашаа яваад зогссон. Тэгэхээр нь би араас нь машин дээр нь очоод машиныг нь өшиглөсөн. Өшиглөхдөө чи хүн дайрах гэж байна ш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр машиныг жолооч нь машинаас бууж ирээд надтай барьцалдаж аваад бид - бие биенээ цохилцсон…”
Шүүгдэгч Ч.Мягмарсүрэнгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Хосбаярын биед “…хүзүүнд цус хуралт, 2 нүдний алимны салстын улайлт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.03.11-ний өдрийн №3403 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул Ч.Мягмарсүрэнг олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Танхайрах гэмт хэрэг нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу Ч.Мягмарсүрэнгийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “зам тавьж өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлон хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүч хэрэглэн танхайрсан үйлдэл нь догшин авирласан шинжийг агуулсан гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Мягмарсүрэнд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэв.
Харин Ч.Мягмарсүрэнг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.
Шүүгдэгч Ч.Мягмарсүрэнгийн хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, хохирогчийн буруутай байдал нөлөөлсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг тэмдэглэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорго овогт Чүлтэмсүрэнгийн Мягмарсүрэнг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мягмарсүрэнг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Мягмарсүрэнд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мягмарсүрэн оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Мягмарсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР