Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 717

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Р.Ад холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Б.Бямбадагва,

            шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Ганбат, Б.Тэнгис,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж, шүүгч Ч.Отгонбаяр, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.А, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Р.Ад холбогдох 201726020577 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овгийн Ренчингийн Р.А, Завхан аймгийн Улиастай суманд 1970 оны 7 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 12-2 тоотод оршин суух хаягтай,

1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сараар хасч, 3 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /регистрийн дугаар: ....../;

 

Р.А нь 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю К104 байрны 11 тоотод, согтуугаар хамтран амьдрагч Б.Эгийн биед олон тооны гэмтэл, шарх учруулан, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Р.Аг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 18 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 458 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан оосоргүй цаг, ногоон нимгэн хөнжил, улаан бүтээлэг, цагаан эрээн хөнжил, хар өмд, улаан судалтай өмд, саарал цамц, улаан даавуу, цагаан даавуу, саарал алаг оймс, хар өнгийн “Скай” гар утас, шалны мод 1 ширхэг, тамхины иш 3 ширхэг зэрэг зүйлүүдийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Р.Агөөс гэм хорын хохиролд 11.066.852 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Зд олгож, түүний өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 1.500.000 төгрөг, нотлох баримтгүй 928.766 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Солонгос улсаас ирсэн. Тэр үед талийгаач бид хоёрын харилцаа хэвийн байсан. Намайг ирсний дараа талийгаачийн ар гэр биднийг салгах талаар ярилцан, тохирсон юм билээ. Тухайн хэрэг гардаг өдөр талийгаач надаас мөнгө авч ах Энхжавхлантайгаа архи хувааж уугаад, хэвтэж амарсан юм. Унтаж босч ирээд архи уумаар байна гэхэд нь би хориглож, “миний бие муу байна, даралт ихэсээд байна, архи дарс хэрэггүй, хоол хийж идээд тайван амаръя гэсэн” боловч талийгаач маш их уурлаж “чамаас сал гэж манай ах, дүү, хүн болгон хэлээд байна, хоёулаа салъя” гэж хэлсэн. Тэр үед нь би “чи эмэгтэй хүн байж, намайг өвчтэй зовлонтой байхад хөөж туугаад, хэл амаар доромжилж яахав, өнөөдөр амараад маргааш явна” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл улам даамжирч, миний уур гэнэт хүрээд өөрийн мэдэлгүй баруун гарын ар талаар талийгаачийг нэг удаа алгадсан. Тэгэхэд талийгаач хана мөргөж унасан юм. Тухайн үед талийгаачийн амь нас үрэгдээгүй, босч ирээд хөөж туугаад байсан. Би уураа дарах гээд гараад явсан. Хуучин эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар очсон боловч тэд маань байгаагүй тул нэг шил архи аваад тэднийг хүлээж сааданд суугаад уусан. Тэр үед 21 цаг болж байсан. Тэгээд шөнө талийгаачийнд очоод хаалгыг нь тогшиход тайлж өгөхгүй байхаар нь “уур нь  гараагүй юм байна” гэж бодоод тамхи татаж сууж байгаад, халаасаа уудалсан чинь гэрийн түлхүүр гарч ирсэн. Би онгойлгоод орсон чинь талийгаач орны урдуур хөндлөн маягтай хэвтэж, толгойгоороо юм мөргөж унасан шинжтэй, гэр орон нь эмх замбараагүй, зурагт нь газар унасан, өөрөө ухаангүй хэвтэж байхаар нь гарч түргэн дуудсан. Тэгээд гадаа байж байгаад түргэний эмчтэй цуг орж ирсэн. Эмч түүнийг үзээд нас барсан байна гээд цагдаа дуудсан. Тухайн үед өөр этгээд эзгүй хойгуур орж ирээд, талийгаачид гар хүрж алсан байх гэж бодож байна. Шүүхийн шинжилгээний дүгнэлт нь тархины хатуу хальсан доорх цус харвалт гэсэн бөгөөд уг гэмтлийг авсны дараа идэвхтэй хөдөлгөөн хийж болно, тодорхой хугацаанд амьд явах чадвартай гэсэн байсан. Намайг алгадах үед хана мөргөхдөө уг гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй. Би талийгаачийг алах ямар ч санаа зорилго байхгүй, ямар нэг хувийн өс хонзон байхгүй ба өөрийн минь үйлдлээс болж, нас барсанд маш их гэмшиж,  гутарч, уучлал гуйж байна.

Мөн талийгаачийн охиноос уучлал гуйж байна. Талийгаач архинд дуртай, огцом ширүүн ууртай, гартаа таарснаа авч шидэж байсан ч уур нь амархан гардаг байсан.

Талийгаачийн бие дээрх олон тооны гэмтэл намайг Солонгос улсаас ирэхэд байсан ба зодуулсан байх үедээ 103 дуудсан байдаг. Тэр үе бол 2017 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байсан. Хэрэг болохоос 3-7 хоногийн өмнөх шарх, хөхрөлт, няцралт гэж байдаг ба үүнийг шалгуулах гэж мөрдөн байцаагчид удаа дараа хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Талийгаачаас хэнд зодуулсан гэж асуухад ах зодсон, нэг бол юманд цохьсон гэж худлаа яриад байдаг. Ярилцахыг хүсдэггүй байсан. Иймд би талийгаачийг зодож зовоож алаагүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 гэсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна. Би энэ хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахаа баталж байна.

Миний хөрөнгийн баталгаанд Баянгол дүүргийн 2 дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамжны 12-2 тоот, 2 өрөө байр байгаа. Иймд миний эрүүл мэндийн байдлыг /даралт ихсэх, чихэрийн шижин/ болон ар гэр, бие муу хөгшин эх, группт байдаг ах нарыг минь харгалзан үзэж хорих ял, дэглэм зэргийг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Р.Агийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Р.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол болох 10.138.086 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж, чин санаанаасаа гэмшиж байгаа болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж болно”, “Энэ хуулийн тусгай ангид бүх насаар нь хорихоор ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн бол түүнд хугацаатай хорих ял оногдуулахыг шүүх шийдвэрлэнэ” гэсэн заалтуудыг баримтлан шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Р.Агийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэргийн үйл баримттай холбогдолтой асуудлаар маргаантай байна гэж үзсэн. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон байна гэж үзэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Онц харгис хэрцгий аргаар гэж яг юуг үндэслэж шийдвэрлэсэн нь эргэлзээ бүхий байгаа. Шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Згийн мэдүүлэг, хохирогчтой төрөл садангийн холбоотой хүн болох Энхжавхлантын мэдүүлэг, тухайн цаг хугацаанд буюу 3 дугаар сарын 4-ний өдөр түргэн дуудсан гэрч Баасандоржийн мэдүүлэг зэргийг үндэслэл болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгий арга байна гэж дүгнэсэн. 3 дугаар сарын 28-ны өдөр шинжээч Болормаагийн дүгнэлтэд учирсан олон тооны шарх гэмтэл нь хуучин гэмтэл буюу 3-7 хоногийн өмнө үүссэн гэмтэл байна гэснийг тодорхойлж өгсөн. Мөн шүүх энэ гэмтлийг хуучин гэмтэл гэж тодорхойлж өгсөн. Улсын Дээд шүүхийн тайлбарт онц харгис хэрцгий аргыг ямар ойлголтоор тайлбарлах вэ гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Субъектив санаа нь тухайн цаг хугацаанд үүссэн ба онц харгис хэрцгий аргыг тодорхойлох ёстой. Түүнээс биш хэрэг болгоны олон тооны шархыг онц харгис гэж үзэхгүй гэж тайлбарлаж байсныг анхаарч үзнэ үү... Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд энэ талаараа ярьсан. Хэргийн газар цагдаагийн ажилтнууд ирээд миний өмсөж байсан хувцсыг шинжилгээнд авна гээд тайлуулж авсан. Түүний дараа шорттой зогсч байсан зургийг авсан гэж тайлбарладаг. Энхжавхлантын мэдүүлэгт намайг ороход амь хохирогчид учирсан гэмтэл анзаарагдаагүй. Тухайн цаг хугацаанд яллах дүгнэлтэд дурдагдсан Энхжавхлантын мэдүүлгээр хэргийн үйл баримтыг шалгаж, дуусгавар болоогүй байхад Энхжавхлантад фото зургийг үзүүлж, түүний дагуу байцаалт авсан зүйл харагддаг. Шүүгдэгч бусдын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл баримт байна. Түүнд учирсан хохирлыг нөхөж барагдуулна гэж байгаа болохоор шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Одоог хүртэл маш их гомдолтой байна. Надаас уучлалт гуйгаагүй. Ямар нэгэн байдлаар холбоо бариагүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Згийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний амь нас хохироосон байхад өмгөөлөгч нар юу яриад байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгч нар шүүгдэгчийг онц харгис хэрцгий аргаар хэрэг үйлдээгүй гэж байна. Р.А 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Солонгос улсаас ирээд 3 дугаар сарын 1-ний өдөр амь хохирогчийн гэрт очсон. Мэдээлэгдсэн нь 3 дугаар сарын 4-ний үүрээр. Шинжээч эмч 7 хоногийн хугацаанд хуучин гэмтэл үүссэн байна. Сүүлд үүссэн шинэ гэмтэл нь амь насыг хохироох хэмжээнд хүрсэн байна. Амь хохирогчийн биед нь нэг ч эрүүл газар үлдээгүй байсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьж байсан. Шүүгдэгч гэм буруугаа хүлээдэггүй. Амь хохирогчийн охиноос уучлалт гуйдаггүй. Сүүлдээ гэм буруугаа хүлээхээс өөр ямар ч арга байхгүй, хохирлоо төлье гэж амлаж байна. Өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй. Ял шийтгэл хөнгөгдсөн гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор Б.Бямбадагва тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байх шиг байна. Анхан шатны шүүх хуралдаанаас нэг удаа буцсан. Зүйлчлэлийн талаар маргаж байсан. Шинжээч эмчийн дүгнэлт, зургийг нь харахаар олон гэмтэл учирсан байсан. 24 цагийн дотор 15 тооны гэмтэл учирсан байсан. Тийм учраас үүнийг онц харгис хэрцгий аргаар гэж үзсэн. Шүүх хуралдааны явц, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд Р.А гэм буруугаа огт хүлээгээгүй. Би алаагүй, хамт байсан хүмүүс нь зодож алсан байх гэдэг. Сүүлдээ гэрт нь орсон ах Энхжавхлантыг алсан болгосон. Өнөөдрийн шүүх хуралдаанд л ганцхан гэм буруугаа хүлээсэн ч юм шиг, хүлээгээгүй юм шиг гомдол бичиж өгсөн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн хүний хувийн байдлыг харгалзан үзээд 20 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан. Анхан шатны шүүх дүгнэлт хийгээд 18 жилийн хорих ял оногдуулсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Р.Ад холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосны гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Р.А нь 2017 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю К104 байрны 11 тоотод согтуугаар хамтран амьдрагч Б.Эг зодож, “тархины зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалт” бүхий гэмтэл урчуулан алсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З /2-р хх-158-159/, гэрч Б.Энхжавхлант /1-р хх-56-57, 2-р хх-30-32/, С.Сэндэнжав /1-р хх-58/, Ж.Энхцаг /1-р хх-59/, Т.Нямдолгор /1-р хх-60-61/, З.Энхмаа /1-р хх-63-64/, Г.Энх-Учрал /1-р хх-65/, Н.Баясгалан /1-р хх-66-67/, Д.Энх-Алим /1-р хх-68-69/, Н.Дэлгэрмаа /1-р хх-70-71/, Ж.Баасандорж /1-р хх-75/, Г.Дэлгэрмаа /1-р хх-78-80/, Б.Эрдэнэбилэг /1-р хх-81-82/, Д.Даваацэрэн /2-р хх-33-35/, Э.Бямбасүрэн /2-р хх-165-167/, шинжээч О.Болороо /1-р хх-242/ нарын мэдүүлгүүд болон Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-23-26/, талийгаач зүүн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цус харвалт, тархины эдийн няцрал, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины гүүрийн цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №523 дугаар дүгнэлт /1-р хх-92/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүх Р.Аг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй боловч онц харгис хэрцгий шинжтэй болох нь тогтоогдохгүй байхад хүндрүүлэн зүйлчилж, ял шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэдгийг тодорхойлохдоо гэмт санаа зорилго, түүнийг хэрэгжүүлсэн арга ба үйлдлийн шинжийг харгалзан үзэх нь хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн хохирогчийг зориуд өвтгөн шаналгаж, тарчлаан зовоох гэсэн санаа зорилго агуулж, хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэх, эсхүл өөр бусад аргаар зовж, зүдрэхээр байдлыг зориуд бий болгосон зэрэг нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэл болно.

 

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №523 тоот дүгнэлтээр талийгаачид учирсан тархины битүү гэмтэл, уруулд шарх, цус хуралт, нуруу, мөр, хүзүү, эрүү, хацар, нүдний зовхи, хамарын орчимд зулгаралт гэмтлүүд нас барсан цаг хугацаанд, бусад олон тооны хөхрөл, цус хуралт гэмтлүүд нас барахаас 3-7 хоногийн өмнө үүссэн болохыг тогтоожээ.

 

Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан хуучин гэмтлүүдийг шүүгдэгч Р.А учруулсан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолж чадаагүй бөгөөд талийгаачийг нас барахаас өмнө уулзсан гэрч Б.Энхжавхлант /2-р хх 31/, С.Сэндэнжав /1-р хх 58/, Д.Даваацэрэн /2-р хх34/ нар хохирогчид өвдөж зовиурласан шинж, ил шарх, гэмтэл харагдаагүй, мэдэгдээгүй тухай мэдүүлснээс үзэхэд хохирогчид учирсан шинэ ба хуучин гэмтлүүд нь өөр өөр орон зай, цаг хугацаанд үүсгэгдсэн, тус тусдаа бие даасан гэмт хэргүүдийн шинжтэй байхад бүгдийг нь шүүгдэгч Р.Ад хамаатуулан гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Харин гэрч Б.Энхжавлантын “... дүү Б.Эгийн гэрт ороход Р.А жижиг өрөөнд согтуу унтаж байсан. Гэрийн бүх эд зүйлс эмх замбараагүй болсон, дүү Б.Э зодуулсан бололтой эрүү бүтнээрээ хөхөрсөн, хоёр нүд улаанаар эргэлдээд цохиулсан байдалтай байсан...” /56-57/ гэсэн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд, “шүүгдэгч, хохирогч хоёр таарамжгүй харилцаатай байсныг” гэрчилсэн хөрш З.Энхмаа, Г.Энх-Учрал, Н.Дэлгэрмаа нарын мэдүүлэг, “шүүгдэгч хохирогчийг зоддог байсныг” гэрчилсэн найз Б.Эрдэнэбилэг, Д.Даваацэрэн, Н.Баясгалан, хохирогчийн эх С.Сэндэнжав нарын мэдүүлэг, хохирогчид учирсан гэмтлүүдийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.А нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Ан үйлдлийг “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчилж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд энэ гэмт хэрэгт оногдуулах ялыг багасгаж тогтоосон байх тул уг хуулийг буцаан хэрэглэж, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 15 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 448 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

А. “... Прокуророос Р.Ан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

 

Б. Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Р.Аг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Р.Ад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял оногдуулсугай” гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Р.Ад оногдуулсан 15 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

   2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН