Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2022/0531/З |
Дугаар | 221/МА2023/0459 |
Огноо | 2023-07-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0459
2023 оны 07 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2023/0459 | Улаанбаатар хот |
“Т***” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч “Т***” ХХК,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Т***” ХХК,
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/126 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0349 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Х***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М***,
Хэргийн индекс: 128/2022/0531/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т***” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/126 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0349 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Газар ашиглах эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөх тухай А/126 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
3.1. Шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн буюу “газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа 20 га хүртэл хэмжээгээр гэж баталсан байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/155 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг 25 га-аар олгосон нь үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь буруу,
3.2. Хариуцагчийн тайлбар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “..бодит үнэнд нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна” гэснийг зөрчсөн буюу маргаан бүхий актын зорилго нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/155 захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг зөвтгөж, залруулах үүднээс гарсан хэмээн тайлбарлан маргажээ” гэж дүгнэсэн нь буруу, энэ талаар маргаж буй актад огт тусгагдаагүй байсан,
3.3. Маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Гэтэл шүүх тухайн маргааныг эзэмшил газрын хэмжээ буурсан тухай маргаан мэтээр дүгнэж байгаа нь буруу, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,
3.4. Шүүх хуульд үндэслэж захирамж гараагүй талаар үндэслэл бүхий байдлаар дүгнэсэн атлаа “...дээрх асуудлууд нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн зүйл” гэсэн нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс зайлсхийж, зөрчигдсөн эрхийг сэргээхээс татгалзсан үйлдэл болно гэх зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтаар,
2.1. Нэхэмжлэгч “Т***” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” 252 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хороо, “Т***” 5 га газрыг малын тэжээлийн зориулалтаар анх эзэмших эрхтэй болсон.
Улмаар, дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” 489 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Т***” ХХК-ийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан.
2.2. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Сонгинохайрхан дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 6/5 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих” бүлгийн 19-д “21 дүгээр хороо Ар тарвагатайд Тэжээлийн ургамлын чиглэлээр 20 га газар эзэмшүүлэх” гэж заасан.
Энэ дагуу нэхэмжлэгч “Т***” ХХК-иас гаргасан хүсэлтийн үндсэн дээр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/155 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 50,000 м.кв газрын хэмжээг 300,000 м.кв болгон нэмж эзэмшүүлсэн. Улмаар захирамжийн 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2012 оны 489 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай хэмээн оныг алдаатай бичсэн.
2.3. “Т***” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 06 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандан “... иргэн Б***, Б*** нарын 2015.10.18 өдрийн 505 тоот захирамжийн дагуу олгосон 60000 м.кв газрын ... манай эзэмшиж байсан газартай давхцан... тул кадастрын зурагт өөрчлөлт оруулах шаардлагатай боллоо.... иймд манай хийлгүүлсэн зургийг хянаж мэдээллийн сангийн одоогийн байгаа зурагт өөрчлөн шинэчилж оруулж өгнө үү” гэх хүсэлтийг,
Мөн өдрийн огноо бүхий 07 дугаар албан бичгээр “... дүүргийн Засаг даргын 2013.12.19-ний өдрийн 489 тоот захирамжаар ... малын тэжээл тариалалтын зориулалтаар ...эзэмших ... 50000 м.кв газрын эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа тул... сунгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргасныг үндэслэн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/608 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 50000 м.кв газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж, захирамжийн 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2013 оны 489 дүгээр захирамжийн “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,
Сонгинохайран Дүүргийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” А/91 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн малын тэжээлийн зориулалтаар эзэмшиж байсан газрын хэмжээг 250,000 м.кв болгон өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунган, Захирамжийн 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2014 оны А/155 дугаар захирамжийн “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эзэмших эрхийн 000012*** дугаартай гэрчилгээг олгож, 011 дугаар газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.
2.4. Улмаар, маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/126 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалыг тус тус үндэслэн “тус дүүргийн 21 дүгээр хороо, Нарийны Тарвагатайн аманд байрлах тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 249726 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжийн “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” хэмээн, 2 дахь заалтаар “дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг “Т***” ХХК-ийн тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 180*** нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээг 16227 м.кв болгон өөрчилсүгэй” хэмээн шийдвэрлэж,
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Захирамжид засвар оруулах тухай” А/254 дүгээр захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг үндэслэн “Тус дүүргийн Засаг даргын 2022 оны А/126 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт бичилтийн илэрхий алдаа гарсан байх тул “16227 м.кв” гэснийг “162227 м.кв” гэж завсар оруулсугай” хэмээн өөрчлөлт оруулсан байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “...тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасанчлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүх цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй.
4. Тухайн тохиолдолд, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны болон давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан хүрээнд буюу 2014 оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “20 га хүртэл” талбайг олгож болохоор заасан байхад нэхэмжлэгч “Т***” ХХК-д 25 га хэмжээгээр газар нэмж эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2014 оны А/155 дугаар захирамжийн холбогдох хэсгийг зөвтгөх зорилгоор гарсан хэмээн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “маргаж буй захиргааны актад энэ талаар огт тусгагдаагүй”, “маргаж буй захиргааны актаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.
5. Үүнтэй холбогдуулан шүүх бүрэлдэхүүн, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 6/5 дугаар тогтоолоор батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний “Фермерийн болон эрчимжсэн хөдөө аж ахуйг дэмжих” бүлгийн 19-д “21 дүгээр хороо Ар тарвагатайд Тэжээлийн ургамлын чиглэлээр 20 га газар эзэмшүүлэх” хэмээн тусгасан байхад ямар учраас хариуцагч 2014 оны А/155 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын хэмжээг 300,000 м.кв болгон нэмэгдүүлсэн, мөн захирамжийн 2 дугаар заалтад “2012 оны” 489 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа эсэх,
“Т***” ХХК-иас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар албан бичгээр гаргасан “... дүүргийн Засаг даргын 2013.12.19-ний өдрийн 489 тоот захирамжаар ... эзэмшиж байгаа ... 50000 м.кв газрын эзэмших эрхийн хугацаа”-г сунгах хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/608 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэхдээ захирамжийн 2 дахь заалтад “дүүргийн Засаг даргын 2013 оны 489 дүгээр захирамжийн “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй” болгож шийдвэрлэсэн нь өмнөх захирамжтай нийцэж байгаа эсэх,
мөн нэхэмжлэгчээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар албан бичгээр гаргасан “газрын мэдээллийн санд” өөрчлөлт оруулах хүсэлтийг Сонгинохайран Дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар шийдвэрлэн газрын хэмжээг 250,000 м.кв болгон өөрчлөхдөө захирамжийн 2 дахь заалтаар дүүргийн Засаг даргын 2014 оны А/155 дугаар захирамжийн “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон атлаа маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/126 дугаар захирамжийг тус хүчингүй болсон захирамжийн алдааг засах зорилгоор гаргасан хэмээн тайлбарлаж байгаа нь ямар учиртай болох,
Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны А/126 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “...дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжийн “Т***” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай” хэмээн шийдвэрлэсэн атлаа 2 дахь заалтаар “дүүргийн Засаг даргын 2019 оны А/91 дүгээр захирамжаар эзэмшдэг “Т***” ХХК-ийн тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалттай 180*** нэгж талбарын дугаар бүхий газрын талбайн хэмжээг 16227 м.кв болгон өөрчилсүгэй” хэмээн нэг эрх зүйн актад хоорондоо зөрчилтэй агуулга бүхий 2 заалтыг оруулсан нь ямар учиртай болох,
Чухам ямар үндэслэлээр маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 250000 м.кв газраас 87773 м.кв газрыг хасаж шийдвэрлэх болсон, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дуурсанчлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг бүхэлд нь цуцалсан уу эсхүл хэсэгчлэн цуцалсан уу гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн тодорхой тогтоогдох боломжгүй, тухайн нөхцөл байдлыг шалган тогтоох захиргааны байгууллагын бүрэн эрхийг шүүхээс нөхөн хэрэгжүүлэх замаар маргаан бүхий үйл баримтыг эцэслэн дүгнэх боломжгүй буюу тухайн үйл баримт нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн.
Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэв.
6. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0349 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА