Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 952

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лю Хан Дуны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00659 дугаар шийдвэртэй, Лю Хан Дуны нэхэмжлэлтэй, Д.Батбэлэгт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 210 510 000 төгрөг гаргуулах, “Их мөрөн шинэ ван” ХХК дахь Д.Батбэлэгийн эзэмшлийн 35 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшинбаатар,

Хариуцагч Д.Батбэлэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

БНХАУ-ын иргэн Лю Хан Дун нь Д.Батбэлэгтэй харилцан тохиролцож 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Их мөрөн шинэ ван” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Д.Батбэлэгийн хувьд дүрмийн сангийн 35 хувьд ногдох мөнгөн хөрөнгийг бүрдүүлэхдээ өөрийн байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй “Тэргүүн Сод Эрдэм” ХХК-ийн нийт хувьцааны 65 хувийг хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компанид худалдах, улмаар толгой компани болох хамтарсан компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх нөхцөл болзолтой хэлцэл байгуулсан. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дээрх 65 хувийн хувьцааг “Их мөрөн шинэ ван” ХХК худалдан авч охин компаниа болгосон.

Д.Батбэлэгийн хувийн санхүү байнгын хүндрэлтэй байснаас хамтарч ажиллахаар тохиролцсон өдрөөс эхлэн аливаа шалтгаанаар зээл авч, “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн өөрийн эзэмшлийн нийт 96 282 000 төгрөгийн үнэ бүхий 35 хувийн хувьцааг барьцаалан компанийн жоншны уурхайн олборлолтын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд зориулж 100 000 юань, хувьдаа зориулж 500 000 юань, нийт 600 000 юанийг “ТЭЗҮ, Газрын төлөв байдлын чанарын баталгаа, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Уулын болон аваар устгах ажлын төлөвлөгөө зэргийг эрх бүхий байгууллагаар баталгаажуулан албан ёсны болгох, үйл ажиллагааг эхлүүлэх ажлыг зээлийн гэрээ байгуулагдсан өдрөөс эхлэн 3 сарын дотор бүрэн гүйцэтгэсэн байх” болзолтой авсан. Компанийн жоншны уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлж, саадгүй хэвийн үргэлжлэх тохиолдолд 560 000 юанийг, сар бүр 50 000 юаниар хуваан шилжүүлэн зээлэхээр нийт 1 160 000 юанийн зээлийн болон барьцааны гэрээг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулж, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500 000 юанийг Хаан банкны дансаар, 100 000 юанийг бэлнээр зээлсэн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сар өнгөрөхөд Д.Батбэлэг үүргээ биелүүлээгүй, уурхайн ажлыг эхлүүлээгүй.

Ашигт малтмалын газрын дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Хувьцаа эзэмшигч Д.Батбэлэг гомдол гаргасан. Хувьцаа эзэмшигчид хоорондоо маргаантай байгаа гэсэн, дотоод асуудлаа шийдэх хүртэл бичиг баримтыг баталгаажуулж өгөх боломжгүй” гэх хариу өгсөн учир зээлээ буцаан төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний 2.2.2-т зааснаар зээлдэгч тохирсон ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй, уурхайн үйл ажиллагаа эхлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 2.1.1-д зааснаар 600 000 юанийг зээлдүүлэгчийн шаардлагаар 1 сарын дотор буцаан төлөх, 4.2-т зааснаар гэрээний 2.2.2-т заасан хугацаанд зээлээ буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас 30 хоног өнгөрмөгц зээлдүүлэгч барьцааны зүйлийг компанийн дүрэмд заасан үнийн дүнгээр тооцон төлбөрт үл маргах журмаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эрхтэй бөгөөд үлдсэн зээлийг алдангийн хамт гаргуулах эрхтэй гэж заасан.

Иймд 600 000 юань /нэхэмжлэл гаргах өдрийн ханш 340.88 төгрөг/ буюу 204 528 000 төгрөг боловч зээлийн нийт мөнгөн дүнгээс компанийн дүрэмд зааснаар 96 282 000 төгрөгт “Их Мөрөн Шинэ Ван” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Батбэлэгийн эзэмшлийн 35 хувийн хувьцааг тооцож нэхэмжлэгч Лю Хан Дун-ы нэр дээр шилжүүлэн өгөх, зээлийн зөрүү үлдэгдэл 108 246 000 төгрөг, алданги 102 264 000 төгрөг, нийт 210 510 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангана уу гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Лю Хан Дунтай хамтран “Их мөрөн шинэ ван” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, ашигт малтмалын болон хайгуулын лицензтэй холбоотой зардлыг Лю Хан Дун хувиасаа гаргаж байсан. Ингэхдээ заавал зээл өгсөн мэтээр гаргадаг байсан. Миний бие “Тэргүүн сод эрдэм” ХХК-ийн хувьцааны 100 хувийг эзэмшдэг байсан ба хамтран ажиллаж байгаа тул намайг энэ үйл ажиллагааг явуулж болохгүй зогсоо гэсний дагуу би үйл ажиллагааг зогсоож 2 жил болоход санхүүгийн хүндрэлд орсон. Иймд би бодитоор хөрөнгө оруулалт хийсэнгүй, сул зогсолтын мөнгө олго гэсэн шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй.

Лю Хан Дун мөнгө олгохдоо “Тэргүүн сод эрдэм” ХХК-ийн 65 хувийг өгөөд, “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн охин компаниар бүртгүүл, чамд 1 200 000 юань өгье гэхээр нь лицензийг шилжүүлсэн. Дараа нь тэрээр 500 000 юань авбал ав, авахгүй бол 1 200 000 юанийг өгөхгүй гэсэн. Гэрээг үзэхэд бидний тохиролцоог тусгаагүй байсан боловч нөхцөл байдал хүнд байснаас арга буюу гэрээнд гарын үсэг зурсан. 100 000 юанийн хувьд тайлан баталгаажуулах, байгаль орчны нарийвчилсан төлөвлөгөө гаргуулах, уулын болон аваар устгах ажлын төлөвлөгөөг батлуулахад шаардлагатай мөнгийг иргэн Жаргал, Баярсайхан нарт үлдээсэн. Миний хувьд Жаргал, Баярсайхан нарын байгуулсан гэрээнд оролцоогүй. Тухайн үед амласан мөнгөө өгөөгүй учир дахин гэрээ хийхэд оролцохгүй гэдгээ орчуулагчаар дамжуулан хэлсэн.

Лю Хан дун Монгол улсад ирэхдээ доод тал нь 5-6 хүн дагуулж ирдэг. “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн талаар шаардлага хүргүүлээд хуралдах гэхээр бүгд ирж, гараа өргөж байгаад олонхийн саналаар шийдвэрлэдэг. Эхнээсээ Лю Хан Дун үгсэн тохиролцож, өгөх ёстой мөнгөө өгөхгүй, залилах санаатай байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Батбэлэгээс 138 738 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Лю Хан Дун /Liu Hang Dong/-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Д.Батбэлэгийн “Их мөрөн шинэ ван” ХХК дахь 35 хувийн энгийн хувьцааг Лю Хан Дуны нэр дээр шилжүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 692 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Батбэлэгээс 851 640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Лю Хан Дун /Liu Hang Dong/-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Шийдвэрт нэхэмжлэгч 100 000 юанийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй, хариуцагч 100 000 юанийг надад өгөөгүй н.Баярсайхан, н.Жаргал нарт өгсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч баримтаар няцаагаагүй гэж буруу дүгнэсэн. Талууд хамтарсан “Их мөрөн шинэ ван” ХХК-д хөрөнгө оруулалт хийх нөхцлөө тохирохдоо иргэн Д.Батбэлэг тодорхойгүй үйлдэл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэрээр дүрмийн санд өөрийн зүгээс оруулах хувиа бүрдүүлэх үүрэг хүлээсэн. Тэрээр “Тэргүүн сод эрдэм” ХХК-ийн нийт хувьцааны 65 хувьтай тэнцэх хувьцааг “Их мөрөн шинэ ван” ХХК-д худалдаж, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой бүх бичиг баримтыг бүрдүүлэх ажиллагааг хариуцаж хэрэгжүүлэх, шилжүүлэх үүрэг хүлээсэн.

Хөрөнгө оруулалт хийх үүргээ биелүүлэхэд нь Лю Хан Дун дэмжлэг үзүүлэх зорилгоор хувиасаа 100 000 юанийг зээлүүлэхээр тохиролцож, талууд зээлийн гэрээндээ тусгаж, хариуцагчид 600 000 юанийг шилжүүлсэн. Гэтэл мөнгийг хувийн хэрэгцээнд аваагүй, зээлсэн мөнгийг компанийн албан хэрэгцээнд зориулж авсан гэж тайлбарласан. Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлсэн албан бичигт “нэхэмжлэгч нь хууль дүрмийг хүндэтгээгүй, хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийдэг тул зөвхөн өөрөөс нь буюу хариуцагчийн зөвшөөрөлгүй бол компанийн үйл ажиллагааг зогсоох” талаар илтэд худал гүтгэсэн, хувийн журмаар зээл аваагүй гэсэн атлаа шүүх хуралдаанд “100 000 юанийг би аваагүй, компанийн ажилтан н.Баярсайхан, н.Жаргал нар авсан” гэж өмнөх тайлбараас илт зөрүүтэй худал тайлбар өгсөн.

Компанид орчуулагчаар ажиллаж байсан Ван Чун Лан, хариуцагч болон гэрч Б.Баярсайхан нарын тайлбар, мэдүүлэг, Жаргалын тодорхойлолт зэргээр Д.Батбэлэг зээлийн гэрээгээр 600 000 юанийг хүлээн авсан, бэлнээр 100 000 юанийг “Грийт вишн” ХХК-д ажил гүйцэтгүүлэхээр төлсөн талаар нотлох баримт өгснийг огт үнэлээгүй. Хариуцагчийн хүсэлтээр гэрч Б.Баярсайхан энэ талаар шүүхэд мэдүүлж, хариуцагч нотлох баримтаар өгсөн “Грийт вишн” ХХК-ийн албан бичигт 35 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар дурдсан.

Зээлийн гэрээнд хариуцагчийн бүрдүүлэх баримтын жагсаалттай адил үүргийг “Грийт вишн” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулагдсан зэргээр давхар нотлогдсон байтал шүүх 100 000 юанийг н.Баярсайхан, н.Жаргал хоёрт өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч баримтаар няцаагаагүй гэж буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 100 000 юань буюу 34 088 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Гэрээний 4.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан байхад шүүх “барьцаа болох хувьцааг үл маргах журмаар болон зээлийн гэрээний үүрэгт тооцож шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэхээргүй байна” гэж буруу дүгнэн хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Нэхэмжлэлийн шаардлага 600 000 юань буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар 204 528 000 төгрөг, гэрээний дагуу тооцсон алдангийн хамт шаардсан, үүнээс гэрээний дагуу барьцаа хөрөнгийн үнийн дүнгээр тооцож уг хөрөнгийг шилжүүлэх буюу барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардсан. Тодруулбал, нэхэмжлэгч зээлсэн нийт мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж, барьцаа хөрөнгөөс хангуулах гэснийг шүүх зөвхөн хувьцаа гаргуулахаар шаардсан хэмээн буруу дүгнэж нэхэмжлэлээс 96 282 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.

Нэхэмжлэгч гэрээний дагуу 600 000 юань зээлүүлсэн, хүчин төгөлдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Энэ нь мөнгө шилжүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх 96 282 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгч бодитойгоор зээлүүлсэн мөнгөн хөрөнгөө шаардах эрхгүй, энэ дүнд тооцогдох барьцаагаар хангагдах шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй илт хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой.

Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасныг зохигч зөрчиж, зээлийг гадаад валютаар тооцон мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4 дэх хэсэгт зааснаар гадаад валютаар гүйлгээ хийх эрх бүхий этгээд биш, хуульд зааснаар Лю Хан Дунд Монгол банкнаас албан ёсны зөвшөөрөл олгогдоогүй гэж дүгнээд ханшийн зөрүү 37 684 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосон.

Талууд зээлийн мөнгөн хөрөнгийн мөнгөн тэмдэгтийн төрлийг БНХАУ-ын юань байхаар харилцан тохиролцсон, энэ талаар маргаагүй. Хэрэв зээлийн болон барьцааны гэрээ нь хууль зөрчсөн гэж дүгнэсэн бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага зэрэг огт өөр үр дагавар үүсэхээр байна.

Талуудын хооронд банк, банк бус санхүү, тэдгээртэй адилтгах үйл ажиллагаа эрхлээгүй, харин хамтарсан бизнесээ дэмжих зорилгоор нэг удаагийн шинжтэй иргэд хоорондын зээлийн гэрээг байгуулсныг үйлчилгээ эрхэлсэн мэтээр шүүх буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлыг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 168 054 000 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулах, гэрээгээр баталгаажсан барьцаа хөрөнгөөр үүргийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 1 160 000 юаныг хариуцагчид шилжүүлэхээр тохиролцож, 600 000 юаныг шууд шилжүүлэн авах, 560 000 юаныг “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн уурхайн олборлолтын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь болсон үйл явдалтай огт нийцээгүй.

“Их мөрөн шинэ ван” ХХК-ийг үүсгэн байгуулахад 35 хувьтай тэнцэх барьцаа хөрөнгөд “Тэргүүн Сод эрдэм” ХХК-ийг болон хариуцагчийн нэр дээрх тусгай зөвшөөрөл барьцаалсан гэх нь хууль тогтоомж ноцтой зөрчсөн. Хуульд зааснаар 35 хувьтай дүйцэх мөнгө байршуулж болох боловч компани болон тусгай зөвшөөрөл барьцаалах нь хуулиар зохицуулагдаагүй, барьцаалсан үйлдэл нь хууль зөрчиж байгааг шүүх харгалзаагүйд гомдолтой.

Компанийг үүсгэн байгуулсан гэх Б.Болормаа ямар баталгаа мөнгө гаргасан нь ойлгомжгүй байгаа, Улсын бүртгэлийн газраас 35 хувийн хөрөнгийн баталгаа гаргасан эсэх талаар баримтыг гаргуулах хүсэлт байгаа. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт.

Лю Хан Дун нь компаний үйл ажиллагаанд зориулж мөнгө гаргахдаа /хөрөнгө оруулалт гэж өөрөө нэрлэдэг/ санхүүгийн бичиг баримтаар бус зөвхөн надад зээл олгож байгаа хэлбэрээр гаргадаг байсан. Тухайн үед эрх зүйн мэдлэг дутмагаас хуурч мэхэлж байгааг мэдээгүй. Хэрэгт байгаа мөнгө олгосон баримт хууль бус, үүний эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд Лю Хан Дун-аас нийт 30 орчим сая төгрөг хүлээлгэн өгсөн гэх баримтад зурсан гарын үсэг минийх мөн эсэх талаар дахин шинжээч томилуулах, эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагатай.

Лю Хан Дун-ы хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Баярсайхан нь амлалтын бичиг хийж өгөхөд байлцсан. Гэтэл тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөр зүйл мэдүүлсэн. “Тэргүүн Сод эрдэм” ХХК-ийг өөрийн охин компани болгох 65 хувийг эзэмших гэрээ 1 200 000 юанийг надад өгч, дээрх үйл ажиллагаа бүрэн төгс шилжин хийгдсэний дараа хүнд байдлыг ашиглан хийсэн. 600 000 юань огт яригдахгүй байна. Би компани болон тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэтэл шилжүүлсэний дараа Лю Хан Дун гэрээнд заасан амлалтаа биелүүлээгүй талаар шүүх дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр миний эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж гарсан учраас шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Лю Хан Дун нь хариуцагч Д.Батбэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа

1. зээлийн нийт мөнгөн дүнгээс компанийн дүрэмд зааснаар 96 282 000 төгрөгт тооцож “Их Мөрөн Шинэ Ван” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Батбэлэгийн эзэмшлийн 35 хувийн хувьцааг тооцож өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх,

2. зээлийн гэрээний дагуу 600 000 юань буюу 204 528 000 төгрөгийн зөрүү үлдэгдэл 108 246 000 төгрөг, алданги 102 264 000 төгрөг, нийт 210 510 000 төгрөгийг гаргуулах гэснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх зохигчдын хооронд эрх, үүрэг үүсгэж буй харилцаа болон шаардах эрхийн үндэслэл тодорхой бус байхад түүнийг тодруулалгүй, зээлийн гэрээний маргаан үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг буруу гэж үзнэ.

Хэрэгт авагдсан Хамтарсан хөрөнгө оруулалттай “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн дүрэмд зааснаар талууд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “Их мөрөн шинэ ван” ХХК-ийг байгуулж, хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувь буюу 96 282 000 төгрөгт ногдох хэсгийг Д.Батбэлэг, 65 хувь буюу 178 300 000 төгрөгт ногдох хэсгийг Лю Хан Дун бүрдүүлэхээр тохиролцож, “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн захирлын 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Д.Батбэлэгийг тус хамтарсан компанийн орлогч захирлаар 2 жилийн хугацаатай томилсон байна. /хх 85-91, 93-94 дэх тал/ 

Хариуцагч Д.Батбэлэг нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Баянгол дүүргийн 8-р хороо, 6-22 тоотод байрлах өөрийн эзэмшлийн байрыг барьцаанд тавьж, 10532А дугаартай уурхайн тусгай зөвшөөрлийг “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн нэр дээр шилжүүлж байна” гэсэн Амлалтын бичигт гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан. /хх 114 тал/

Мөн нэхэмжлэгч Лю Хан Дун 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Амлалтын бичиг” үйлдэж, “Тэргүүн сод эрдэм” компанийг нэгтгэсний дараа 10532 тоот хайгуулын болон ашиглалтын лицензийг И Хө Му Рэн Шин Ван ХХК-ийн нэр дээр болгон өөрчлөгдсөн өдөрт нь Д.Батбэлэгт 1 200 000 юань шилжүүлэхээ баталсан байна. /хх 99-100 тал/

Түүнчлэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.1-д зээлдэгч Д.Батбэлэг нь компанийн жоншны уурхай олборолтын үйл ажиллагааг саадгүй эхлүүлэхэд шаардлагатай ТЭЗҮ, Газрын төлөв байдлын чанарын улсын хянан баталгаа, Байгал орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, Байгал орчны менежментийн төлөвлөгөө, Уулын болон аваар устгах ажлын төлөвлөгөөнүүдийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлэн, мэргэжлийн газраар баталгаажуулах ажлуудыг хариуцан гүйцэтгэхэд 100 000 юань, зээлдэгчийн хувийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд хүсэлтийн дагуу 1 060 000 юань, нийт 1 160 000 юанийг тус компанийн 35 хувийг эзэмшигч Д.Батбэлэгт өгч, дараа ногдол ашгаас нь суутган тооцох нөхцөл тохиролцсон байна.

Гэрээний 2.1.1-д зааснаар гэрээг байгуулсан өдөр 600 000 юанийг өгөх бөгөөд “Тэргүүн сод эрдэм” компанийн хайгуулын болон ашиглалтын тайлан, холбогдох зураг, материал, санхүүгийн баримтуудыг хүлээлгэн өгснөөр зээлдүүлэгч уг мөнгийг бэлнээр эсхүл дансаар олгож баримт үйлдэх, гэрээний 2.1.2-т уурхайн олборолт эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг 3 сарын дотор гүйцэтгэн баталгаажуулснаар ажлыг албан ёсоор эхлүүлэн, нэг сарын хугацаанд уурхайд олборлолтыг хийж, уг ажил цаашид хэвийн үргэлжлэх тохиолдолд зээлдүүлэгч үлдсэн 560 000 юанийг хятад талын хөрөнгө оруулалтын зардлаас сар бүр 50 000 юаниар хувааж зээлдэгчийн дансаар өгөхөөр тусгагджээ.

Мөн зээл буцаан төлөх нөхцөл тохирохдоо дээрх ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, уурхайн үйл ажиллагаа эхлээгүй тохиолдолд 600 000 юанийг зээл өгөгчийн шаардсанаас хойш 1 сарын дотор өгөх, үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд “Их мөрөн шинэ ван” ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийг барьцаалахаар тохирч барьцааны гэрээг байгуулсан байна. /хх 11-16 тал/

Гэтэл шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн үйл баримтаас үзвэл талууд хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулалт хийж хамтарсан компанийг үүсгэн байгуулсан эсэх, эсхүл дээрх тохиролцоо бүхий зорилгоо хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн гүйцэтгэх үүргийг зээлийн гэрээний хэлбэрт оруулж байгаа эсэх, нөгөө талаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөөгүй байхад шүүх санаачилгаараа хэргийн үйл баримтын агуулгаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Үүнээс гадна гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй талаар зохигчид давж заалдах гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч Д.Батбэлэгийн хүсэлтээр Б.Баярсайханыг гэрчээр асуух ажиллагааг шүүхийн даалгавраар гүйцэтгүүлсэн нь хууль зөрчөөгүй. Гэвч гэрч асуух ажиллагаанд талуудыг оролцуулаагүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан болон тухайн нотлох баримтын хувьд зохигчдын мэтгэлцэх эрх хангагдсан гэж үзэх боломжгүй. /хх 127-128, 137-139, 172-175/

Түүнчлэн, хэргийн оролцогчдоос гаргасан уг хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байхад шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй. /хх 11-12, 13-14, 15-16/

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эс дүгнэлт хийх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/00659 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 998 220 төгрөг, хариуцагчийн 851 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                                            

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА