Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б-,

Хохирогч А.Ж-,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Т.М- /цахимаар/, Н.О, Х.З,

Гэрч Х.А-, М.М-, А.Е-,

Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хяналт, шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа У.Б-,

Шүүгдэгч С.Х-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч Е.Б-ы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Д,

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нарыг тус тус оролцуулан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Х-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е.Б-  нарт холбогдох 1813000951037 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймаг, Өлгий сум 11 дүгээр баг, Бүркит, 26 дугаар гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг гэх, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1374 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилээр хасч, 3 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай М.м овогт С-н Х- /РД:БЭ........./,

2.Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шинжээч эмчээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр баг, Х ** дугаар гудамж ** тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М.х овогт Е-ы Б- /РД:БЭ........../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Х- нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжаар “А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” иргэний хэрэгт хийлгэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж-ын цусны дээжийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөр хүний цусны дээж буюу С.В-гийн цусны дээжээр сольж хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэргийг зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д хамаарах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Е.Б- нь нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан хаагчаар буюу Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчээр ажиллаж байхдаа Баян-Өлгий аймгийн Өлгий суманд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжаар “А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох, хүүхдийн эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” иргэний хэрэгт хийлгэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж-ын цусны дээжийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөр хүний цусны дээж буюу С.В-гийн цусны дээжээр сольж, хэрэг шалган шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.Үүнд:

Хохирогч А.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би Х.Ж-тай анх 2010 онд танилцсан. Бид үерхээд гэрлэхээр тохиролцоод Х.Ж-аас жирэмсэн болсон. Би А-ы эцгийг тогтоолгохыг анхнаасаа хүсээгүй байсан. Гэтэл Х.Ж- болон түүний эцэг, эх С.Х-, Б- нарын элдэв дарамтад орж, аргагүйн эрхэнд шүүхэд хандах болсон. Би хүү А-ыг төрүүлэх хугацаа дөхөх үед Х.Ж- намайг хууран мэхэлж, эцэг эхийнхээ үгэнд орж, өөр хүнтэй гэрлэж, миний итгэл найдварыг минь хөсөрдүүлж, гарал үүсэл баян тансгаараа гайхуулаад хүү бид хоёрыг орхиод явсан. Би түүнийг хэзээ ч уучлахгүй. Миний амьдралыг орвонгоороо эргүүлж, ах дүү, төрөл садан, найз нөхөд, олон түмний дунд намайг нэр төргүй болгосон. Хүү А-ыг өнчрүүлж, намайг сэтгэл санааны асар их дарамтад оруулсан. Одоо хүү маань том болоод аавыгаа асуудаг болсон. Миний аав хаана байгаа юм бэ гэж хүү маань байнга асууж байна. Үүнээс болж би сэтгэл санааны дарамтад ороод байна. Монгол Улсад хууль ёсоор сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хатуу хариуцлага тооцож өгөөрэй гэж хэлмээр байна. Одоо хүртэл бид хоёрын эрх зөрчигдөөд явж байгаа. Шинжилгээ солигдсон үед найз нөхөд хамаатнууд маань чи худлаа яриад байна, С.Х-ын хүү гэж худлаа гүтгэсэн гэж хэлэхэд би нэр төр алдар хүндээрээ маш их хохирсон. Түүнээс болоод ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, найз нартайгаа уулзах боломжгүй, сэтгэл зүйн хувьд маш их хохирол учирсан. Уг нөхцөл байдлаас шалтгаалаад ажлаасаа гарсан, мөн хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдаж, групп тогтоолгосон. Энэ хэргээс болоод би маш их сэтгэл зүйн дарамтанд орсон. Энэ талаараа шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэлдээ тодорхой дурдсан тул нэхэмжлэлийг хангаж, надад учирсан хохирлыг гаргуулж өгөхийг хүсье.” гэв.   

Иргэний хариуцагч У.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Баян-Өлгий  аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шинжилгээний үндсэн хүрээлэнгийн захирал шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу У.Б- намайг эрүүгийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дагуу шүүх хуралдаанд биечлэн оролцож байна. Тус аймгийн шинжээч эмчээр ажиллаж байсан Е.Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй. Мөн яллах дүгнэлтэд огт дурдаагүй байна.  Хохирогч А.Ж-гаас гаргасан сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 300 сая төгрөгийг шүүхээс шийдвэрлэж байсан тохиолдол одоогоор байхгүй байна. Өмгөөллийн зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэхгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний танхимаас практик тогтоосон байх тул А.Ж-гаас гаргасан иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан байгаа. Би бол нэхэмжлэлээ гардан авч танилцаагүй байна. Шүүх хуралдааны явцад яригдаж байгаа бодит хохирол буюу шинжилгээний төлбөр, замын зардалд зарцуулсан мөнгө төгрөгийг шүүгдэгч С.Х- гуай төлсөн мэт ярьж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэрэг нь шүүхийн шинжилгээний үйл ажиллагаа, албаны нэр хүнд, шинжилгээний байгууллагад иргэд олон нийтийн итгэх итгэл, тусгай мэдлэг бүхий албан хаагчид албандаа итгэх итгэл, үнэмшил цаашлаад мэргэжлийн нэр хүндэд сэв суулгасан асуудал болсон. Үүнд маш их харамсаж байна. Шинжилгээний дээж солигдсон асуудал Шүүхийн шинжилгээний байгууллагад анх удаа гарч байгаа. Энэ асуудлыг манай байгууллагаас шалгасан боловч тогтоогдохгүй байсан. Хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын даргад 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 12/1218 гэсэн албан бичгээр миний өмнө ажиллаж байсан албан тушаалтан  хандсан байгаа. Энэ албан бичгийн дагуу хүсэлтийг хүлээж аваад шалгасан. Шүүхийн шинжилгээний албыг хохирогчоор тогтоох ёстой. Яагаад гэвэл манай байгууллагын албаны үйл ажиллагаа алдагдсаны улмаас манай байгууллагыг хохирогчоор тогтоож шалгах ёстой байсан болов уу гэж ойлгож байгаа. Гэтэл бид өнөөдөр иргэний хариуцагчаар татагдаад явж байгаа асуудал нь эргэлзээ төрүүлээд байгаа. Манай байгууллага цагдаагийн байгууллагад хандсанаас хойш иргэн А.Ж-г хохирогчоор тогтоож байцаалт авсан байдаг. А.Ж- энэ хэрэг дээр эрх ашиг нь зөрчигдсөн гэрч байж болзошгүй юм. А.Ж-г иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод сэтгэл санааны болон эд материалын бусад хохирлыг төлүүлж авах бололцоотой гэж үзэж байгаа. Шүүх шийдвэр гаргахдаа энэ асуудлыг анхаарч үзнэ үү гэсэн хүсэлт тавьж байна.” гэв.         

Гэрч Х.А- шүүхийн хэлэлцүүлэгт: “2017 оноос би А.Ж-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр миний охин А.Ж- нь Х.Ж-ын хүү А-ыг төрүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймагт өглөө 11 цагт аймгийн Шүүхийн шинжилгээний албанд А.Ж-, Х.Ж-, А- нар ДНК-ийн шинжилгээ өгсөн. Би өөрөө биеэрээ оролцож байсан. Шинжилгээний албанд уг шинжилгээ 3 хоног хоносон. Тэгээд Улаанбаатар хот руу явуулахгүй болохоор нь миний өмгөөлөгч С.А- бид олон удаа Шүүхийн шинжилгээний албаны дарга Сүхбат гэдэг хүнд очиж байсан. Тэгэхээр Сүхбат “Бидэнд бид нарын хэрэгт битгий оролц, бид нарт өөрсдийн дүрэм журам байдаг, хөлдөөгч байдаг, тэнд хатаагаад дүрэм журмын дагуу явуулна, та нар дахиж битгий ирээрэй” гэж явуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 12,13-ны өдөр явуулаагүй байсан. Дараа нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхээс М.М- гэдэг хүн авсан гэж бид нарт хэлсэн.  2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн дэслэгч Б.Г- гэдэг хүний гарт очсон байсан. Түүнээс нэг сарын дараа Х.Ж- нь А-ы эцэг байх боломжгүй гэх хариу ирсэн. Тэгээд С.А- өмгөөлөгчөөр өргөдлөө бичүүлээд дахин шинжилгээ хийлгүүлэхээр өргөдлөө бичсэн. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүх хурал болсон. Давтан шинжилгээ өгөхөөр С.А- өмгөөлөгч, А.Ж, А-, бид 4-үүлээ онгоцоор Улаанбаатар хот руу явсан. Я.С- өмгөөлөгч 1 дэх өдөр хотод очсон байсан. Бид 3 дахь өдөр очихдоо Я.С- өмгөөлөгч 4 дэх өдөр буцаад Баян-Өлгий рүү Х.Ж-ыг аваад явсан байсан. Би нар тэнд тэд нарыг 17 хоног хүлээсэн. Тэнд дэслэгч Баяраа гэдэг хүн бидэнд та нар явж болохгүй, одоо 3 хоног хүлээ, хэрвээ Х.Ж- ирэхгүй бол Х.Ж-ыг бид нар албадан авч ирнэ гэсэн. Х.Ж-аас 11 дүгээр сарын 29-ний өдөр бид нар луу залгаад хэдүүлээ уулзъя гэсэн. Түүний хажууд Б- гэдэг залуу байсан. Б- бол С.Х-ын найз нь буюу баруун гар  нь байгаа. Бид ямар ч гэсэн төв талбай дээр уулзсан. Наадахыг би мэдэхгүй, А.Ж-тай ярь, тэр мэднэ гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 29-ний өдрийн орой нь 19-20 цагийн хооронд Б- утасдсан. Яах гэж байгаа юм бэ гэхэд Х.Ж- зүгээр тантай уулзмаар байна гэж хэлсэн. Тэгээд би А.Ж-тай яриарай гэхэд Х.Ж- нь А.Ж-д би хүүгээ хармаар байна, уулзъя гэхээр нь бид нар оройн цагаар очиж уулзсан. Бид нар гарч ирэхэд гадаа хар машин зогсож байсан. Үүнд Б-, Х.Ж-ыг дагуулж ирсэн байсан. Яагаад Б- дагуулж ирсэн бэ гэвэл Б- намайг гаднаас нь таньдаг юм байна. С.Х- гэдэг хүн тантай уулзаарай гэсэн гэж хэлсэн. Тэгээд хоолны газар уулзахад нэг хар ууттай юм барьж ирсэн. Энэ юу юм бэ гэхэд энэ 10 сая төгрөг байгаа, би энэ 10 сая төгрөгийг А.Ж-, А- хоёрт өгч байгаа юм гэж Х.Ж- гаргаж өгсөн. Тэгэхэд би наадхаа байлгаж бай, та нар эндээс яв гэсэн. Тэгэхэд Х.Ж- энэ миний хүүхэд мөн гэж гарын үсэг зураад өгье гэсэн. Эхлээд гарын үсэг зураад өг гэнгүүт Х.Ж-аас А- миний хүүхэд мөн, цаашид асран хамгаална гэж цаасан дээр баримт бичиж өгсөн. Би бие засах гээд гараад явахад уг бичгийг Х.Ж-аас Б- авсан байсан. Б- болохоор чи Х.Ж-ын бичиж өгсөн баримтыг авна гэвэл 10 сая төгрөгийг А- буюу хүүхдийн тэтгэлэгт авсан гэж хэл, тэгэхгүй бол би энэ цаасыг урна шүү гэж хэлээд намайг бие засах гээд гараад явах хооронд 10 сая төгрөгийг А-ы хүүхдийн тэтгэлэгт авсан гэж бичүүлж авсан байсан. Тэгээд би уг бичгийг аваад бүгдээрээ буцаад явсан. Тэгээд хар ууттай мөнгө ширээн дээр үлдсэн байсан. Бид нарыг ирсэн машинтайгаар хүргэж өгсөн. Тэгээд Х.Ж- надад та гэртээ орж бай, би хүүхдээ жаахан тэвэрье гэхээр нь гэртээ орчихсон. Гэртээ ороод цонхоор харахад шар куртиктэй А-ыг Х.Ж- тэврээд зогсож байсан. Би А.Ж-д та нар одоо ор гэж хэлсэн. Тэгээд Х.Ж- А-ы куртикийг онгойлгоод 10 сая төгрөгийг авахгүй болохоор нь тэнд хийгээд зугтаагаад явчихсан байсан. Үүнийг би гадаа хаях биш гэж бодоод 10 сая төгрөгийг А.Ж- авч ирсэн болохоор үүнийг аваагүй биш авсан. Тэгээд маргааш өглөө нь шинжилгээний албаны үүдэн дээр Б-, Х.Ж- хоёр байсан. Нөгөө хоёр бид нарыг шинжилгээний албанд ирэхэд “Та нар одоо эндээс яв, та нар одоо юу авах вэ, та нарт хэрэгтэй мөнгө төгрөгийг чинь өгье, та нар битгий ор” гэж бид нарыг оруулахгүй байсан. Тэгээд би дээшээ гараад Баярааг дагуулж ирсэн. Тэгээд бид нар ороод бүгдээрээ шинжилгээ өгсөн. Цус авангуут Э-А- гэсэн дарга Х.А-, А.Ж-, А- та гурвыг дуудаж байна гэсэн.  Бид нар 2 давхарт гарсан. Тэгээд Э-А- гэдэг хүн бидэнд Х.Ж- бичиг бичиж өгсөн байна шүү дээ, энэ хүүхэд Х.Ж-ын хүүхэд болж гарвал манай байгууллагаас 40 хүн ажлаас гарна. Хэрвээ биш болж гарвал та нар асуудалд орно гэж хэлсэн. Э-А- гэдэг хүнтэй нэг эмэгтэй хошууч цолтой хүн дагуулж очсон. Тэгээд бид нар шинжилгээг өгөөд явдаг газраар явсан. Бид нарыг С.Х- 4 жил доромжилж ирсэн. Энэ хэрэг илрэхгүй байх боломж байсан. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байх, өглөө мөрдөгч Г- над руу залгасан. Залгахдаа чи хаана байна, нөгөө хэрэг олдохоо болилоо, тэрнээс болоод чамтай ярилцах гээд хотоос ганцаараа ирсэн гэсэн. Тэгээд Г-ийн дараа надад миний төрсөн эгч Г- залгасан. Г- надад цус өгсөн хүнийг чинь би олчихлоо гэсэн. Би чи яаж олсон бэ гэхэд Ж- гэдэг хүн  С.Х-ын төрсөн эгч Е- гэдэг хүнтэй уулзсан байна. Е- бол С.В-гийн ээж нь байсан байна. С.В- 09 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 06 цагт намайг гэрээс Б-, Я.С- өмгөөлөгч хоёр намайг гэрээсээ авч гарсан. Гадаа гарахад нэг хар өнгийн жийп машин байсан. Үүний дотор Х- байсан. Тэгээд намайг ууланд аваачиж надаас цус аваад явсан гэж ээждээ хэлснийг түүний ээ Е- гэдэг хүн Ж-д хэлсэн байна. Харин Ж- аптек ажиллуулдаг Г-д хэлсэн байна. Би тэгээд Г- мөрдөгчид хэлсэн. Тэгээд Г- эгчтэй уулзаад зөвшөөрөл аваад цагдаагийн газарт очоод байцаалт авсан. Тэгээд дараа нь Ж-гаас мэдүүлэг авсан, дараа нь С.В-гаас цус авсан байна. Тэнд би байгаагүй. Хэрвээ С.В- цус авсан талаар ээждээ хэлээгүй байсан бол энэ хэрэг илрэхгүй байх байсан. Энэ хэргийг үйлдэхэд хамт оролцсон хүмүүс нь Я.С-, Б- гэдэг хүмүүс байгаа.” гэв.

Гэрч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт:” Манай иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэгч А.Ж- нь Х.Ж-ад холбогдуулан хүүхдийн эцэх тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байгаа. Би тухайн үед А.Ж- шүүгчийн туслахаар ажиллаж байсан. Нэхэмжлэлийн хувийг хариуцагч Х.Ж-ад гардуулаад тайлбар ирүүлэх хугацаа загаад өгсөн. Нэхэмжлэгч А.Ж-гийн өмгөөлөгч нь С.А- байсан. А.Ж-гийн эцэг Х.А- гэх хүн, өмгөөлөгч С.А- нар  Х.Ж- хариу тайлбар өгсөн эсэхийг шүүхээс байнга асууж шаарддаг байсан.  Х.Ж-аас тайлбар ирүүлсэн үү, ирүүлсэн бол тайлбартай нь танилцъя гэдэг байсан. Бид Х.Ж-ыг арай гэж дуудаж аваад хариуцагчид нэхэмжлэгчийн хувийг гардуулж өгсөн. 14 хоногийн дотор хариу ирүүлээгүй байсан. А.Ж- өмгөөлөгчийн хамт шүүхэд эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүгч хянан шийдвэрлээд хүсэлтийг хангасан. Тэгээд шүүгчийн захирамж нь 2017 оны 07 дугаар сарын үед байх гарсан. Захирамж гарснаас хойш хариуцагч Х.Ж-, түүний өмгөөлөгч Я.С- нар 10 хоногийн дотор шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Уг гомдлыг 09 дүгээр сарын үед шийдсэн байх, гомдлыг нь эцэслэн хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгоод захирамжийг хэвээр үлдээсэн шийдвэр гаргасан байсан.  Тэгээд би шүүгчийн захирамжийн дагуу 09 дүгээр сарын 12-ны өдөр талуудыг дуудаж, тэднийг дагуулан А.Ж- шүүгчийн захирамжийг Шүүхийн шинжилгээний албанд аваачиж өгсөн. Шинжээч эмч Е.Б- өрөөндөө цусны шинжилгээний дээж авахад би оролцож, ерөнхийд нь тэмдэглэл хөтөлсөн. Би дагуулж очсон хүмүүсийг Е.Б- эмчийн өрөөнд үлдээгээд бусад хүмүүсийг өрөөнөөс гаргаад А.Ж-, Х.Ж-, А- нараас шинжээч эмч Е.Б- цусны дээж авсан. Тухайн үед хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулаад, тэмдэглэлийг би хөтөлсөн байгаа. Цусны дээж авах ажиллагаа дуусахад Е.Б- эмч уг дээжийг 24 цаг хатаагаад шүүхэд хүргүүлнэ гэсэн тул би тухайн дээжийг үлдээгээд ажил руу явсан. Тэгээд 09 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Шүүхийн шинжилгээний байгууллагаас нэг хүн шинжилгээг авч ирсэн. Гэхдээ яг ямар хүн авч ирснийг санахгүй байна. Бичгийн цаасны талдаа ч хүрэхгүй ганцхан дугтуй байсан. Би авч ирсэн дугтуйг нэн даруй албан бичгээр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ирсэн өдөр нь шууд явуулсан байгаа. Урьд өмнө нь шинжилгээний дээжийг мөн хүлээн авсан даруй явуулдаг, шүүх дээр нэг ч хонуулдаггүй  бас дандаа тэгж явуулдаг, хонуулдаггүй байсан. Шинжилгээний албанаас манайд ирүүлсэн цусны дээжийг яагаад бүртгэлээр хүлээж аваагүй вэ гэхээр тухайн дээжийг манайд ямар нэгэн албан бичгээр ирүүлээгүй, мөн дээжийг битүүмжилсэн байсан тул битүүмжлэлийг нь задлахгүйгээр шууд Ерөнхий шүүгчийн албан бичгээр тухайн өдөрт нь бичиг хүргэгчид өгч, шуудангаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн. А.Ж-, Ж.А-, Х.Ж- нарын цусны дээж шүүх дээр олон хоносон, шүүх дээр солигдсон асуудал огт байхгүй, шинжилгээний байгууллагаас, тэр тусмаа шинжээч эмч Е.Б-аас би өөрөө очиж аваагүй. Тэндээс манайд ирүүлснийг би тухайн өдөрт нь зохих байгууллагад нь хүргүүлсэн.”  гэв.     

Гэрч А.Е-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Е.Б-тай нэг өрөөнд сууж ажиллаж байгаа болохоос би тухайн дээж авах өдөр өрөөнд байгаагүй. Би мөрдөн байцаалтын шатанд дээжийг шүүхэд би хүргүүлж өгсөн гэж хэлсэн боловч дараа нь санасан чинь би дээжийг шүүхэд хүргэж өгөөгүй юм байна. Надад тухайн үед өрөөний нэг түлхүүр нь байсан. Нэг түлхүүр Е.Б-д байсан. Бид нарын өрөөний түлхүүр өөр хүмүүст байх ёсгүй. Би түлхүүрээ санаатай, санамсаргүй гээсэн, бусдад ашиглуулсан, хувилуулсан асуудал байхгүй. Шинжилгээ авахад би тэнд байх ёсгүй, гараад явдаг байсан. Тийм учраас дээжийг яаж авч, цусыг хаана тавьж хатаагаад байсан талаар мэдэх юм байхгүй гэв.

Шүүгдэгч С.Х- шүүхийн хэлэлцүүлэгт: “Х.Ж-ын цусны дээж солигдож, иргэний хэрэг 4 сараар хойшилсон хууль бус явдал болсондоо гэмшиж байна. Миний хүү 1990 онд төрсөн, тухайн үед 29 настай байсан. Хүүгээ том боллоо, эрийн цэнд хүрлээ гээд хүүгийнхээ хүмүүжилд дутуу анхаарсандаа би өнөөдөр харамсаж байна. Хүүгээсээ асуухад А.Ж- гэдэг охинтой ямар нэгэн асуудал байхгүй, хүүхдийн асуудал бүр ч байхгүй. Би цусны дээжээ зохих газарт журмын дагуу өгсөн, ямар нэгэн асуудал байхгүй гэж худлаа хэлсэнд нь би итгэсэндээ харамсаж байна. Би Х.Ж-ын аав нь өрхийн тэргүүн хүн. Энэ утгаараа мөрдөн байцаалтын шатанд төрүүлсэн хүүхэд болон хууль ёсны эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгч чадаагүй. Хүүгээ барьж өгөх, энэ асуудлыг би мэдэхгүй, манай эхнэр мэднэ гэж хэлэх ёс суртахуун надад үнэндээ алга. Гэхдээ “Шаварт суусан шарын эзэн хүчтэй” гэдэг. Би хувь заяатайгаа эвлэрч байна. Прокуророос намайг буруутгаж, зүйлчилж байгаа хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээхэд би гомдохгүй. Би 2 зүйлийг товчхон хэлье гэж бодож байгаа. Ялангуяа зарим өмгөөлөгч нар нэг талын тайлбар, нэг талын ойлголтоор дутуу дутмаг ойлголттой мэт ажиглагдсан. Монголчууд хэлдэг “Мах цусны тасархай” гэж. Энэ утгаараа би амьд сэрүүн байгаа цагт энэ хүүхдийг Х.Ж- хуулийн хүрээнд асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ бүрэн биелүүлэхэд хяналт тавина. Би өөрөө 63 настай. Монгол эрчүүдийн нас төдийлөн өндөр биш байдаг. Гэхдээ төрийн сүлдтэй танхимд би бас өөрөө энэ асуудал дээр анхаарлаа тавьж байна гэдгийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Бие биедээ хоосон хэлж байгаа асуудал байхгүй. Миний сэтгэл зүрх, итгэл үнэмшил болон бодол маань бодит байсныг хоёр жишээгээр дурдаад хэлье. Хүүхэд бол 2015 оны 05 сарын 31-ний өдөр төрсөн. Тэгээд янз бүрийн асуудал болж байгаад иргэний хэргийн шүүхээс 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Х.Ж-ыг А-ы эцэг нь мөн байна гэж тогтоосон. Энэ хугацаанд 31 сар болсон байна. Энэ хугацаанд Х.Ж- А.Ж-гийн гарын бичмэл баримтаар хүүхдийн тэтгэлэгт 10 сая төгрөг авлаа гэсэн баримтаа аваад мөнгө өгсөн байна. Бүх асуудал тодорхой болсны дараа хотод очсон Х.А- нарын замын зардал, шүүхийн шинжилгээний төлбөр 300 мянган төгрөг, нийтдээ 1 сая 200 мянган төгрөгийг Х.А-ийн дансанд миний хүүхэд шилжүүлсэн байгаа. Энэ тухай Х.А- гуай мөнгө ирсэн талаар мэдүүлсэн. Сүүлдээ Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Х.Ж-ыг шүүхийн шийдвэр гартал тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн байна, зарим зардлыг төлсөн байна гэж цэг тавьсан. Дээд шүүхийн шийдвэр 5 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудсанд байгаа. Өнөөдрийн мөрдөж байгаа нэг сарын тэтгэлгийн хэмжээгээр бодоход 94 сарын тэтгэлэг төлөгдсөн. Би илүү мөнгө төлчихлөө гэж хэлж байгаа юм биш. 31 сарын хугацаанд 94 сарын тэтгэлэг төлөгдсөн, цаашид бид анхаарна. Х.Ж- нь хүүгийн эцгээр тогтоогдсон үеэс эхэлж, өнөөдөр хүртэл тогтоосон тарифаар А-ы тэтгэмж бүрэн төлөгдөж байгаа. Х.Ж-ын өр төлбөр байхгүй гэсэн тодорхойлолт өгч байгаа нь ийм учиртай. Ковид ч нэг өдөр намдах байх, бид нарын маргаан ч сайхан нэг өдөр дуусах байх. Х.Ж- ч эх орондоо ирэх байх. Залуу хүмүүс хүүхдээ асран хамгаалах тал дээр бас ярьж хэлэлцэх асуудал байгаа гэдэгт би итгэл дүүрэн байгаа. Миний бие шүүхийг хүндэтгэж байна. Олон удаа шүүх хурал хуралдсан. Мэргэн ард түмэн хэлдэг “жаргалын удаан нь зовлонгийн хурдан нь дээр” гэж. Өнгөрсөн хугацаанд прокурорын болон цагдаагийн байгууллагуудын дуудсан цагт нь очиж байсан. Зөвхөн Улаанбаатар хотод Өлгийгөөс мэдүүлэг өгөх гээд 5-6 удаа очиж мэдүүлэг өгч байсан. Бас амаргүй хагалгаанд ороод хагархай гэдэстэй байхад 3 хоногийн дараа эмнэлгээс гараад тэсэхийн аргагүй өвдөж байхад мөрдөн байцаагчид очдог л байсан. Шүүхийн шатандаа шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй. Бүртгүүлэх цагтаа бүртгүүлээд явж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд урилгатай байсан боловч шүүхээс 3 хоногийн хугацаа асуухад шүүх боломжгүй гэхэд би очоогүй үлдэж байсан. Нуруу нугасны хөндийн хагалгаанд 5 сард орох ёстой байсан боловч одоо хүртэл хойшлогдоод байгаа. Энэ бас миний шүүхийн байгууллагад хандаж байгаа хандлага. Би өмгөөлөгч ирээгүй байхад өмгөөлөгчгүй оролцоно гэж хурал хуралдуулж байсан.  Би 38 жил төрдөө ажилласан. Парламентад суудалтай намын даргаар 12 жил, аймгийн Засаг даргаар 2 дахь удаа сонгогдоод ажилласан. Алдаа оноо аль алинд нь байсан байх. Би шүүхийн гарах шийдвэрт нөлөөлөх утгаар нь биш, би А.Ж- охиноос уучлалт гуйж байна. Баярлалаа.” гэв.

Шүүгдэгч Е.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би анх яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Одоо болохоор хүлээн зөвшөөрч байна.  Яагаад гэвэл 2017 оноос хойш энэ хэргийг мөрдөн шалгасан. Мөрдөн шалгаад үнэн зөв байдлыг тогтоох болов уу гэсэн боловч харамсалтай нь тийм юм болоогүй. Намайг буруутгаж байгаа зүйл ангиудыг хүлээн зөвшөөрч байна. Яагаад хүлээн зөвшөөрч байгаа юм бэ гэвэл цус авах, уг шинжилгээг хүргүүлэх, хадгалах хамгаалах үүрэг дээр алдаа гаргасан байна. Би цус авах  журмаа баримтлаад шүүхээр дамжуулахгүйгээр хүрээлэн рүү явуулсан бол цус солигдохгүй байх боломжтой байсан. Тэр журмаа баримтлаагүйгээс болоод цус солигдох нөхцөлийг бүрдүүлж өгсөн болов уу гэж өөрийгөө буруутгаад энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн 2017 оноос хойш байнга байцаагдаж явсны улмаас би сурч боловсрох, өөр газарт ажиллах зэрэг янз бүрийн боломжуудаа бүгдийг алдсан. Миний амьдрал доошилсоор байгаа. Сүүлдээ таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад түүнээс хойш ажил хийгээгүй. Одоо Өлгийгөөс хот руу, хотоос Өлгий руу явах замын зардал, хоол унааны мөнгө гээд надад үнэхээр хэцүү байна. Би хадгалах хамгаалах үүргээ биелүүлж чадаагүйн улмаас би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Мөн ажлаа сайн хангалттай хийж чадаагүйдээ хохирогчийн ар гэрээс уучлалт гуйя.” гэв.

Эрүүгийн 1813000951037 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч А.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2010 оноос эхлээд С.Х- овогтой Х.Ж-тай үерхсэн ба энэ үед Х.Ж- нь надад гэрлэхээр санал тавьж байсан юм. Тухайн үед би Х.Ж-ад итгээд жирэмсэн болсон юм. Тэгээд энэ тухай Х.Ж-ад хэлэхэд Х.Ж- нь “би өөр эмэгтэйтэй гэрлэхээр болсон, чи наад хүүхдээ авхуул" гэж хэлсэн боловч би хүүхдээ авахуулж чадаагүй. Тэгээд 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус аймгийн төрөх тасагт хүү А-ыг төрүүлсэн юм. ...тэгээд 2017 оны 06 дугаар сард шүүхэд хүү А-ыг эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Х.Ж- нь байгаа газар нь тодорхойгүй олдохгүй байсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр А.Ж- би, хүү А-, Х.Ж- бид ДНХ-ийн шинжилгээ өгөхөөр аймгийн ШША-ны байранд очсон юм. Энэ үед бид нартай цуг шүүхийн ажилтан М.М-, манай аав, ээж, Х.Ж-ын өмгөөлөгч Я.С- хөндлөнгийн 2 гэрч, шинжээч эмч Е.Б-, бас нэг зураг авдаг өндөр хар залуу бас тэнд явж байсан юм. Тэгээд бид нар цусны дээж өгөх гээд коридорт зогсож байхад Х.Ж- манай аав руу би шинжилгээг буруу гаргуулж чадна, ер нь хаана өгсөн ч гэсэн би шинжилгээг буруу гаргуулж чадна, та нар 2 жил юу ч хийж чадаагүй, одоо ч гэсэн юу ч хийж чадахгүй” гээд ханцуйгаа шамлаад орилоод дайрахад нь Я.С- өмгөөлөгч Х.Ж-ыг аваад цаашаа явчихсан юм. Тэгээд цус өгөхөөр болоод эхлээд А- бид 2 ороод түрүүлээд А-ы баруун гарнаас 1-2 грамм хэмжээтэй цус авсан ба дараа нь миний бас баруун гарын бугалганаас 2 грамм орчим цус авсан. Тэгээд Х.Ж- цус өгөхөөр орж ирээд зүүн гарын бугалга хэсэгт нь хатгачихсан цус авах гэж байх үед нь миний хүү А- уйлахаар нь би гаргаж ээжид өгчихөөд буцаж орж ирэхэд Х.Ж-ын цус авсан ба энэ үед би өөрөө хажууд нь байсан юм. Тэгээд байж байтал Е.Б- “бид нараас авсан цусаа маралд шингээж хатгаад хот руу явуулна гэж хэлсэн юм. Ингээд л бид нар гэр лүүгээ харьсан юм. Тэгээд байж байтал 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ШШҮХ-гээс гаргасан дүгнэлтэнд Х.Ж- А-ы эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гарч ирэхэд ахиад шүүхэд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтийг шүүх хүлээн аваад дахин шинжээч томилуулах шүүхийн шийдвэр гаргасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ШШҮХүрээлэн дээр Х.Ж-, Ж.А- бид 3 очиж ахиад цусны шинжилгээ өгсөн ба уг шинжилгээний хариу гарахдаа Х.Ж- нь Ж.А-ы эцэг мөн гээд шийдвэр гарчихсан байгаа. Одоо түрүүний өгсөн Х.Ж-ын цус яагаад солигдох болсон асуудлыг шалгуулахаар танайд хандаад байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101-р тал/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол /2-р хх-ийн 17-р тал/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 18-р тал/,

Хохирогч А.Ж-гаас Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Х.Ж-ад холбогдуулан гаргасан “Хүүхдийн эцэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн хуулбар /2-р хх-ийн 20-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1988 дугаартай, нэхэмжлэгч А.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ж-ад холбогдох нэхэмжлэлд “Иргэний хэрэг үүсгэх тухай” шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн 21-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч  Х.Ж-аас 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гаргасан “Хариуцагч Х.Ж- би нэхэмжлэгч Ш-  овогтой А-ийн Ж-гаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.Ж- би А.Ж-тай 5 жил үерхэж байгаагүй, өөр охинтой 10 жил үерхэж байгаад 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон юм. А.Ж-тай би ойр дотно харилцаатай байгаагүй, зүгээр энгийн таних хүмүүс байсан. Иймд хүү А- нь миний хүү биш гэж үзэж байна. Иймд А.Ж-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэх тайлбарын хуулбар /1-р хх-ийн 87-р тал/,

Хохирогч А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Ж-гийн хүсэлтээр “Эцэг тогтоох шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн 25-р тал/,

Эцэг тогтоох шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Ж-ын төлөөлөгч, өмгөөлөгч Я.С-ээс гаргасан гомдлоор шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж, өмгөөлөгч Я.С-ийн гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тухай Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаартай тогтоолын хуулбар /2-р хх-ийн 31-32-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах М.М-ийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн “ДНХ-ийн шинжилгээнд цусны дээж авсан явцыг бэхжүүлж, хөтөлсөн тэмдэглэл”-ийн хуулбар /2-р хх-ийн 74-р тал/,

Гэрч С.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай ажил Шүүхийн шинжилгээний албатай цуг нэг байранд үйл ажиллагаа явуулдаг юм. Тэр өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би ажил дээрээ байж байтал үдээс хойш байсан санагдаж байна, шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б- намайг дуудаад хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд 2 дугаар давхарт очиход шүүхээс явж байна гэсэн нэг эмэгтэй хүн, Е.Б- Г.Н- бид байж байхад гаднаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн оруулаад яг аль гарнаас гэдгийг би санахгүй байна нэг гарнаас цус авахад хүүхэд нь уйлж байсан юм. ... Шинжээч эмч Е.Б- тэр хүмүүсээс цус аваад маралд шингээгээд саванд хийж байсан. ...Е.Б- тэр хүмүүсээс цус аваад маралд шингээгээд тус тусад нь зориулалтын саванд хийгээд байсан ба яг хаана хадгалсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 102-103-р тал/,

Гэрч Г.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Шүүхийн шинжилгээний шинжээч эмч Е.Б- цусны дээж авахад С.А- бид хоёр хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тухайн өдөр Е.Б- эмчийн өрөөнд ороход шүүхийн нэг эмэгтэй, Е.Б- байсан ба С.А- бид хоёрыг хараад зогсож бай гэсэн. Тэгж байтал гаднаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй орж ирээд өөрийн болон хүүхдийнхээ баруун гарын тохойны урд хэсгээс цус аваад хүүхдийг нь гаргасан. Тэгээд эрэгтэй хүн орж ирээд цус өгөхөд нь нөгөө эмэгтэй би гарахгүй, харна гээд цуг байж байхад нь тэр эрэгтэй хүний мөн баруун гарын тохойны урд хэсгээс цус авсан. Е.Б- цус авахдаа тариураар соруулаад хуруу шилэн саванд хийгээд дараа нь цагаан  өнгийн марал шиг зүйл дээр дусаагаад цаасан уут шиг зүйлд хийгээд өрөөнийхөө цонхон дээр тавьж байсан. Тэгээд хүмүүс цус өгсний дараа тэмдэглэл дээр гарын үсэг зураад гараад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 106-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн Х.М-ийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 614 дугаартай “Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч А.Ж-, хүү Ж.А-, хариуцагч Х.Ж- нараас ДНХ-ийн шинжилгээнд зориулж, цусны дээжийг авч, шүүхэд ирүүлснийг холбогдох материалын хамт эцэг тогтоох шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлэв” гэх агуулга бүхий албан бичгийн хуулбар /2-р хх-ийн 33, 71-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай Шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээч Б.Г-гийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай “...1.Хүний геномын микросателлитын D3S1358, D21S11, Penta E, Penta D, VWA, FGA гэсэн локусын аллелиудаар Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх боломжгүй байна” гэх дүгнэлтийн хуулбар /2-р хх-ийн 36-р тал/,

Хохирогч А.Ж-гийн хүсэлтээр А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, дахин эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2591 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн 42-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2591 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хариуцагч Х.Ж-ын өмгөөлөгч Я.С-ээс гаргасан гомдлын хуулбар /2-р хх-ийн 45-р тал/,

Хариуцагч Х.Ж-ын өмгөөлөгч Я.С-ийн гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 836 дугаартай захирамжийн хуулбар, гомдол хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл /2-р хх-ийн 44, 46-47-р тал/,

Хариуцагч Х.Ж-ын өмгөөлөгч Я.С-ийн гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцээд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2591 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, өмгөөлөгч Я.С-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай “Гомдол шийдвэрлэх тухай”  тогтоолын хуулбар /2-р хх-ийн 48-49-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.М-ийн  2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 743 дугаартай “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд: Нэхэмжлэгч А.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ж-ад холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2591 дугаартай “Хүсэлтийг хангаж, дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу дахин шинжээч томилж, дүгнэлт гаргаж ирүүлнэ үү” гэх агуулга бүхий албан бичгийн хуулбар /2-р хх-ийн 50-р тал/,

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэх огноотой, БЮ........ регистртэй, Х.Ж- гэх гарын үсэг бүхий  “Ж- овогтой А- нь миний хүү гэдэг нь үнэн болно. Цаашдаа би А-ыг асарч, тусалж, дэм болоход татгалзахгүй болно” гэх баримтын хуулбар /1-р хх-ийн 86-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа С.Г-, ДНХ-ийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Т-, биологийн шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Ц.Б- нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 дугаартай:“...1.Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1FO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA гэсэн 15 локусын аллелиар Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх боломжтой байна (Хавсралт 1), 2. Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна. Шинжээч эмч Б.Г-гийн гаргасан 8843 дугаартай дүгнэлтээр Х.Ж-ын гэх цусанд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь 10749 дугаартай дүгнэлтийн Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой эрс зөрүүтэй байх тул 8843 дугаартай дүгнэлтээр гаргасан Х.Ж-ын гэх цус нь огт өөр эрэгтэй хүний цус байна” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 39-40-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12/1218 дугаартай “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух А.Ж-гийн гаргасан өргөдөлд дурдсан “ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр явуулсан цус солигдсон” гэх асуудалд албаны шалгалт хийхэд хүрээлэнгийн ажилтан нараас цус сольсон асуудал тогтоогдохгүй байх тул Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан, Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нарт холбогдолтой асуудлыг харьяаллын дагуу шалгаж, хариуг гомдол гаргасан иргэн болон манай байгууллагад ирүүлнэ үү” гэх агуулга бүхий Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хандаж үйлдсэн албан бичиг /1-р хх-ийн 44-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ТМ2018/00006 дугаартай “нэхэмжлэгч А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү болох А-ы эцэг нь Х.Ж- мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг төлүүлэхийг хүссэн” иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /2-р хх-ийн 55-58-р тал/,

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 00004 дугаартай шийдвэрийн хуулбар /2-р хх-ийн 59-61-р тал/,

Шүүхийн шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасныг тус тус баримтлан 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, БЮ.......... регистртэй, хүү А-ы эцэг нь М- овогтой Х-ын Х.Ж- мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, БЮ.......... регистртэй, хүү А-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байвал 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Ж-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна).

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3924 дугаартай шинжээчийн “Дээрх гар бичвэрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Е.Б-ы гэх гар бичвэрийн чөлөөт, туршилтын загваруудтай бичгийн хэвийн ерөнхий болон онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 174-197-р хуудас/,

Гэрч С.В-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2017 оны 09 сарын эхээр, өдрийг нь санахгүй байна, гэртээ амарч байтал өглөө 08 цагийн орчим манай хамаатны эгч Б- миний утас руу залгаад “чи хаана байна, чамд хэлэх зүйл байна” гэхээр нь гэртээ байна гэж хэлтэл за за чи гэртээ байж байгаарай, чамайг хүн очиж авна, тэр хүнтэй хамт хүрээд ирээрэй” гээд утсаа тасалсан. Удалгүй манай гэрийн гадаа нэг машин ирсэн бөгөөд жолооч нь танихгүй хүн байсан. Би тэр машинд суугаад С.Х- ахын гэрт нь ирсэн. Намайг гэрт нь ороход С.Х- ах, эхнэр Б-, хүү Х.Ж- нар хамт байсан. С.Х- ахтай мэндлээд яах гэж дуудсан талаар асуухад С.Х- ах “Америкт манай хоёр охин сурдаг юм, тэд нар нэг тэмцээн уралдаанд оролцох гээд цус хэрэгтэй байна. Чи архи тамхи хэрэглэдэггүй учир чиний цус цэвэр учраас авмаар байна. Надад туслаач” гэхээр нь за за үнэхээр миний цус хэрэгтэй байгаа бол надад татгалзах зүйл алга гэж хэлсэн. Тэгтэл С.Х- “чи сая ирсэн машиндаа суугаад хотын төв орчих, замаас чинь нэг эмч сууж чамаас цус авна. Тэр хүнд цусаа өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрээс гараад машинд суугаад төв замаар урагшаа явж байтал замын хажуугаас энгийн хувцастай эрэгтэй хүн суугаад цааш нь бага зэрэг яваад замаас гараад хажуугийн гудамж руу ороод машинаа зогсоосон. Тэгснээ замд суусан нөгөө хүн маань “чиний толгойноос хоёр ширхэг үс авъя” гээд миний толгойн орой хэсгээс 2 ширхэг үс зулгааж аваад гялгар жижиг уутанд хийж байсан. Дараа нь миний баруун талын гарын дээд хэсгийг спирттэй жижиг хөвөнгөөр арчаад судаснаас 5 мл хэмжээтэй тариураар цусыг минь соруулж авснаа “за одоо боллоо” гээд тэндээс манай гэрийн гадаа намайг буулгачихаад нөгөө 2 хүн маань яваад өгсөн. Ийм асуудал болсон.

   ....Би тухайн үед С.Х- ахын гуйснаар цусаа өгсөн. Тэр явдлаас хойш удалгүй 2,3 сарын дараа  С.Х- ахын хүү Х.Ж- нь гэр бүлийн маргаантай асуудалд холбогдож, аймгийн шүүх эмнэлэгт цусаа өгсөн гэж сонссон. Тэр өгсөн цус нь сүүлдээ солигдоод бөөн хэрүүл маргаан үүссэн байсан. Яг тэр үед надаас авсан цусыг Х.Ж-ын цустай сольсон юм шиг байна лээ. Би сүүлд энэ талаар мэдсэн... Хэрэв миний цусыг өөр зүйлд ашиглах гэж байсныг мэдсэн бол би хэзээ ч цусаа өгөхгүй байсан” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 224-225-р тал/,

Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:” А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл иргэний хэргийн шүүхийн шүүгч А.Ж-д хуваарилагдсан. Тус нэхэмжлэлд шүүгч А.Ж- иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал болох А.Ж-, өмгөөлөгч С.А- нараас хүүхдийн эцэг тогтоолгох зорилгоор ДНХ-ийн шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүгч А.Ж- хүлээн авч хангаж захирамж гаргаад хариуцагч болон нэхэмжлэгч талд хүргүүлсэн юм. Ингээд хариуцагч тал болох Х.Ж-ын тал эцэг тогтоох шинжилгээ хийлгэх захирамжид гомдол гаргасны дагуу шүүхээс уг гомдлыг шийдвэрлэж хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч болон хариуцагч талыг дуудсан юм. Ингээд хариуцагч тал болох Х.Ж- ирэхгүй нэлээн удаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ирэхээр нь шүүгчийн гаргасан захирамжийн дагуу Х.Ж-, А.Ж-, Ж.А- нарыг дагуулаад аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Е.Б-ы өрөөнд очсон. Ингээд зөвхөн цусны дээж өгөх Х.Ж-, А.Ж-, Ж.А-, хөндлөнгийн 2 гэрчийг оруулаад бусад хүмүүсийг гаргасан юм. Эхлээд нэхэмжлэгч А.Ж-гийн баруун гарын бугалгын венийн судаснаас цусны дээж аваад маралд шингээгээд цаасан дугтуйнд хийгээд дээр нь “А.Ж-” гэж бичээд авсан, яг хаана тавьсныг нь сайн санахгүй байна. Дараа нь Ж.А-ы баруун гарын бугалгын венийн судаснаас цусны дээж аваад мөн тусгайлан бэлдсэн маралд шингээж цаасан дугтуй дээр нэрийг нь бичээд цусны дээж авсан марлыг дугтуйнд хийгээд тавьсан. Дараа нь хариуцагч Х.Ж-ын баруун гарын бугалгын венийн судаснаас цусны дээж аваад мөн адил тусгайлан бэлдсэн маралд шингээж цаасан дугтуй дээр нэрийг нь бичээд уг дугтуйнд цус шингээсэн марлийг хийгээд хатгаад байх шиг байсан, би тэр үед сайн анзаараагүй юм. Тэгээд цус авч дууссаны дараа тэмдэглэл дээр оролцогч нараар гарын үсэг зуруулсан. Уг хүмүүсээс хэдэн грамм цусыг хэдэн граммын тариураар авсныг нь би мэдээгүй. Уг авсан цусны дээжийг ямар нэгэн саванд хийгээгүй шууд тусгайлан бэлдсэн маралд шингээгээд хатааж байсан. Шинжээч эмч Е.Б- цусны дээж аваад маралд шингээж, зориулалтын дагуу хатааж өгнө гэж хэлсэн. Тухайн үед би тэмдэглэлийг яагаад тэгж бичсэнээ сайн мэдэхгүй байна, гэхдээ ерөнхийд нь тэмдэглэл хөтөлсөн байна. Шинжээч эмч Е.Б- тодорхой зүйл хэлээгүй юм. Хэрэв Е.Б- тэмдэглэлд тусгуулах зүйлийг хэлсэн бол би бичих байсан ба тэмдэглэлийг дуусгаад танилцуулахад хөндлөнгийн гэрч болон бусад оролцогч нараас уг тэмдэглэлд өөрчлөлт оруулах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Цусны дээж шүүхийн шинжилгээний албанаас яг хэзээ ирснийг нь санахгүй байна. Би ирсэн өдөр нь шууд л шууданд хийгээд явуулсан. Тэр цусны дээжүүдтэй цуг цусны дээж авахад хөтөлсөн тэмдэглэл, шинжээчид эрх үүргийг нь танилцуулсан баримт, шүүгчийн захирамжийн хамт албан бичгээр шуудангаар хүргүүлсэн юм. Цусны дээжийг хэзээ манай шүүх хүлээн авсан талаар манайд бүртгэгдээгүй, яагаад гэхээр цусны дээжийг манайд албан бичгээр ирүүлээгүй болохоор бүртгэлд авагдаагүй.

....Би тухайн цусны дээжийг өөрөө очиж аваагүй, авахуулахаар ямар нэгэн хүн явуулаагүй. Намайг цусны дээж хүлээн авах үед 3 ширхэг цагаан өнгийн цаасан дугтуйнд хийж битүүмжилсэн байсан. Би уг дээжийг ирсэн даруйд нь Мейрамбек ерөнхий шүүгчид танилцуулж, тухайн өдрөө шүүгчийн захирамж, холбогдох материалуудыг ДНХ-ийн шинжилгээний цусны дээжийн хамт том дугтуйнд хийж битүүмжлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хаяглаж, бичиг хүргэгчид өгч шуудангаар явуулсан. Үүнийг би явуулсан бичгийн бүртгэлийн дэвтрээс харсан”  гэх мэдүүлэг /1-р хх-ийн 118-126-р тал/,

Гэрч А.Е-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч эмч а/д Е.Б- өрөөндөө Х.Ж-, А.Ж-, Ж.А- нарын цуснаас дээж авсан талаар мэдсэн. Тэр өдөр би ажил дээрээ байсан, харин цус авч байх үед бол байгаагүй. Тэр хүмүүсээс цус авч дууссаны дараа өрөөндөө ороод ажлаа хийгээд л явсан юм. Би шинжээч эмч Е.Б-тай цуг нэг өрөөнд суудаг юм. Манай өрөөний түлхүүр Е.Б- бид 2-оос өөр хүнд байдаггүй. Манай байгууллагад байнгын жижүүр гэж байдаггүй ба харин албан хаагчид дотроосоо ээлжээр хариуцлагатай жижүүр гаргаад тэр хүн нь өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Тэгээд орой 20 цагт буухдаа байгууллагыг гаднаас нь  цоожилчихоод явдаг юм. Гадна талын түлхүүр бол манай алба хаагч бүрт байдаг ба өрөөний түлхүүрийг ажилчид нь өөрсдөө л аваад явцгаадаг юм, жижүүрт үлдээнэ гэсэн ойлголт байхгүй. Тэр хүмүүсийн цусны дээжийг манай өрөөний цонхны тавцан дээр тавиад цаасан дээр маралд шингээж авсан цусны дээжээ тавьж хатааж байсан. Тэгээд маргааш нь шиг санаж байна, цус хатсаны дараа Е.Б- уг цусны дээжийг тус тусад нь цаасан дугтуйнд хийж битүүмжлээд дараа нь бүгдийг нэг том дугтуйнд хийгээд битүүмжилж хаяглаад надад өгөхөөр нь би аймгийн шүүхэд хүргэж өгсөн юм. Хэн гэж хүнд хүлээлгэж өгснөө одоо санахгүй байна. Би шүүхэд хүргэж өгсөн талаар ямар нэгэн бүртгэл дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй, харин шүүх дээр нэг бүртгэл дээр гарын үсэг зурсан шиг санаж байна. Манай байгууллага дээр ДНХ-ийн шинжилгээ хийсэн талаарх нэгдсэн бүртгэл байдаг юм. Тэр өдөр буюу Х.Ж-, А.Ж-, Ж.А- нарын цусны дээж манай өрөөнд хадгалагдаж байх үед өрөөний түлхүүрийг надаас өөр хүн авсан асуудал байхгүй. Миний түлхүүр надад л байсан, би 15 цаг гээд явчихдаг юм. Надтай цуг гадны ямар нэгэн хүн өрөөнд ороогүй. Надад хэн нэгэн Х.Ж-ын цусны дээжийг солих талаар юу ч яриагүй.

... Надад шинжээч эмч Е.Б- цусны дээжийг өгөхөөр нь шүүхэд хүргэж өгсөн нь үнэн. Гэхдээ Е.Б- надад өгөхдөө ямар нэгэн бүртгэл дээр гарын үсэг зуруулаагүй, шүүхэд хүргэж өгөхөд мөн ямар нэгэн бүртгэл дээр хүлээлгэж өгсөн талаар гарын үсэг зуруулаагүй. Ямар ч байсан би уг ДНХ-ийн шинжилгээ хийх цусны  дээжийг шүүхэд хүргэж өгсөн. ДНХ-ийн шинжилгээний цусны дээжийг Е.Б- 3 жижиг цаасан дугтуйд хийгээд ахиад бүгдийг нь нийлүүлээд нэг том дугтуйнд хийж битүүмжлээд надад өгөхөөр нь би хүргэж өгсөн юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-139-р тал/,

Гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай охин А.Ж- 2015 онд С.Х-ын хүү Х.Ж-аас жирэмсэн болоод хүү А-ыг төрүүлсэн юм. Ингээд энэ талаар Х.Ж-ад хэлэхэд А-ыг миний хүү биш гээд хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2017 оны 05 дугаар сард аймгийн шүүхэд эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр гомдол гаргасан юм. Тэгээд Х.Ж- олдохгүй байсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн үед байх ДНХ-ийн шинжилгээ өгөхөөр аймгийн Шүүх шинжилгээний албан дээр А.Ж-, А-, Х.Ж-, манай эхнэр А-, Х.Ж-ын өмгөөлөгч Я.С- бид нар очсон. Тэгээд 2 дугаар давхарт гараад шинжилгээ өгөх өрөөний үүдэнд очоод байж байтал Х.Ж- над руу “та нар 2 жил юу хийж чадсан юм бэ, А- миний хүүхэд биш, би шинжилгээнд нөлөөлж миний хүүхэд биш болгож гаргана” гээд дайрсан. Тэгтэл өмгөөлөгч Я.С- Х.Ж-ыг дагуулж авч яваад “чи яах гээд байгаа юм бэ боль” гээд байсан юм. Энэ үед шинжээч эмч Х- бид нарын хажууд ирээд манай эхнэрт “А- бол шинжилгээ өгсөн өгөөгүй ч Х.Ж-ын хүү мөн, аймаар төстэй адилхан байна шүү дээ” гэхэд Я.С- тэр үед бас хажууд байсан ба инээгээд “нээрээ адилхан ч юм уу” гэж байсан. Тэгээд шинжээч эмч Е.Б- болон танихгүй 2-3 хүнтэй цуг шинжилгээ өгөх өрөөнд орсон ба Х.Ж- над руу дайраад байхаар нь би буугаад явчихсан юм. Тэгээд байж байтал ойролцоогоор 20-30 орчим минутын дараа шинжилгээ өгчихлөө гээд гарч ирсэн. Тэгээд миний охин А.Ж-, түүний хүү Ж.А- миний эхнэр С.А- бид нар гараад харьцгаасан. Харин Я.С-, Х.Ж- нарыг Е.Б- эмч дуудаад өрөө рүүгээ оруулсан юм. Тэгээд байж байтал 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шиг санаж байна шинжээч эмч Х- 99429907 гэсэн утаснаас миний 99428300 дугаарын утас руу залгаад “манай гэрт хурдан хүрээд ирээч” гэхээр нь би Х-ын гэрт очиход Х- гарч ирээд миний машинд суугаад “Би чамд гэж хэлье, түрүүний өгсөн шинжилгээ солигдсон шүү, өөр хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд би Х-аас “шинжилгээг хэн сольсон юм бэ” гэхэд Х- ШША-ны бичиг хэргийн ажилтан С.Х-ын талын хамаатан гэсэн, Е.Б- тэр 2 сольсон байж магадгүй” гэж хэлсэн юм. Тэгээд л би явсан юм. Тэгээд байж байтал 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан дүгнэлтэнд Х.Ж- нь А-ы эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гарахаар нь А.Ж- дахин ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлт аймгийн шүүхэд гаргасан ба шүүх хүлээж авсан. Тэгээд Улаанбаатар хотод ШШҮХүрээлэн дээр шинжилгээ өгөхөөр очоод байж байтал 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр З.Б- гэдэг хүн над руу 14 цагийн үед залгаад “А- ахаа би Б- гэдэг хүн байна, та А.Ж-г Х.Ж-тай уулзуулаад өгөөч” гэхээр нь би “ямар ажлаар уулзах гээд байгаа юм бэ” гэхэд “Хабыл бол манай хуурай ах байгаа юм, Х.Ж- А-ы миний хүү мөн гэдэг бичиг хийж өгнө гэнээ” гэхээр нь би зөвшөөрөөд А.Ж-, А- бид гурав Х.Ж-, Б- 2-той 3 дугаар хороололд уулзсан. Тэгтэл Х.Ж- машинаас бууж ирээд А-ыг тэвэрч аваад “чи бид 3-ыг ийм байдалд оруулсан хүмүүс бол манай аав, ээж, өмгөөлөгч Я.С- нар шүү дээ” гээд “Ж- овогтой А- нь миний хүү гэдэг нь үнэн болно. Цаашдаа би А-ыг асарч, тусалж, дэм болоход татгалзах зүйлгүй болно” гэж бичиг хийж өгсөн. Тэгээд Х.Ж- хар өнгийн гялгар ууттай юм барьж ирэхээр нь Б- “энд 10.000.000 /арван сая/ төгрөг байна, үүнийг А-д Хабыл өгч явуулсан, 3 жил та нарыг жаахан зовоочихлоо гэж хэлүүлсэн юм” гэхээр нь би бид нар энэ мөнгийг авахгүй гээд нөгөө бичиж өгсөн баримтыг аваад гэртээ орохоор явж байтал манай охин А.Ж- “би А- Х.Ж- 2-той цуг гадаа агаарт жаахан зогсож байгаад орно” гэхээр нь би зөвшөөрөөд гэртээ орсон юм. Тэгээд би гэртээ ороод байж байтал 10-15 минут орчмын дараа А.Ж- орж ирээд “10.000.000 /арван сая/ төгрөгийг Х.Ж- хүүдээ өгч байгаа юм гэж хэлээд А-ы куртикны энгэр рүү хийчхээд явчихлаа, тэгэхээр нь гадаа орхиж чадсангүй” гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал орой 21-22 цагийн үед Б- над руу утсаар яриад “Баяраа гэдэг хүн бид нар луу залгасан, маргааш 11 цагт ирж шинжилгээ өг гэж байна, та нарт 10.000.000 /арван сая/ төгрөг өгсөн шүү дээ, одоо 2 талд гаргасан өргөдлийг аваад маргааш буц гэж С.Х- хэлүүлсэн, одоо С.Х- над руу 1.200.000 төгрөг шилжүүлнэ, тэгэхээр нь Х.Ж-ын данснаас таны данс руу шилжүүлчихнэ, та нар онгоцны билет аваад яв, бид нар та нарыг онгоцны буудал дээр хүргэж өгнө, таныг Өлгийд ирээд уулзаарай, А.Ж-, А- 2-ын бүх хэрэгцээг шийдэж өгнө, ийм байдалд хүргэсэн хүн бол манай эхнэр Б- гэж хэлүүлсэн гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ШШҮХүрээлэн дээр очиж шинжилгээ өгчихөөд А.Ж-, А- бид гурав Баян-Өлгий аймаг руу буцсан юм. Өлгийд ирээд дансаа шалгаж үзэхэд 1.200.000 төгрөг миний дансанд орсон байсан. Ингээд ДНХ-ийн шинжилгээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргахдаа Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх магадлал нь 99.99 хувь байна гэж гарсан юм. Мөн анхны шинжилгээнд Х.Ж-ын гэх цус нь огт өөр эрэгтэй хүний цус байна гэж гарсан нь цус солигдсон гэдгийг нотолж байгаа юм. Ингээд энэ цусыг хэн сольсон болохыг тогтоолгохоор танай байгууллагад хандаад байгаа юм. Х- надад хэлэхдээ “та нарын өгсөн цус солигдчихсон шүү, манай бичиг хэргийн ажилтан, Е.Б- хоёрыг сэжиглэж байгаа, бичиг хэргийн ажилтан С.Х-тай хамаатан шүү” гэж л хэлсэн, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би цус солигдоход Х.Ж- нөлөөлсөн гэж үзэж байна. Х.Ж- цус солиулна, нөлөөлнө гэж хашхирч, дайрч байсан тул би тэр үед аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргад “Х.Ж- гэдэг хүн цус солиулна гээд байна яаралтай энэ цусыг явуулаад өгөөч гэхэд” ШША-ны дарга “манайд зориулалтын сейф байгаа, тэнд нь хатааж байгаад би өөрөө хариуцаж маргааш шүүхэд хүлээлгэж өгнө” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь цус шүүх дээр очоогүй байсан болохоор би өмгөөлөгчөө дагуулаад ШША-ны даргатай очиж уулзаад “цус яагаад явуулахгүй байгаа юм бэ” гэхэд “бид нар өөрсдөө мэдэж байгаа, бид нар хадгалж, хамгаалаад хатуу хяналт тавьж байгаа гэж хэлсэн боловч цус солигдсон байсан” гэх мэдүүлэг 1-р хх-ийн 154-157-р тал/,

Гэрч С.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай охин А.Ж- 2010 оноос эхлээд Х.Ж-тай үерхэж байгаад гэрлэхээр болсон ба энэ үед А.Ж- жирэмсэн болсон. Тэгээд Х.Ж-ын ээж Б- бид 2 уулзаж хурим хийх асуудлаар ярилцаж байсан. Тэгтэл нэг өдөр Б- намайг утсаар дуудахаар нь би ажил дээр нь очиход Б- надад “би танай охинтой хүү Х.Ж-ыг гэрлүүлэхгүй, танай охины тээж байгаа хүүхэд өөр хүний хүүхэд байна, хэрэв Х.Ж-ын хүүхэд гэж бодож байгаа бол тэр хүүхдийг авхуул” гэхээр нь би “та өөрөө хүүхдийн байгууллагад ажилладаг байж ийм үг ярьдаг юм уу, би үүнээс хойш тантай уулзахгүй бас хүүхдийг ч гэсэн авхуулахгүй, би хэдий ядуу ч гэсэн энэ хүүхдийг өөрийн ганц хүүгийн адил төрүүлж өсгөнө, таны сүүлчийн шийдвэр энэ юм уу” гэж асуухад  Б- “тиймээ, тэр хүүхэд яаж өсөх нь надад хамаагүй, чи энэ асуудлыг хаана очиж хэлэхээ өөрөө мэд, би зарим хууль мэдэх хүмүүсээс зөвлөгөө авч байгаа” гэж хэлж байсан юм. Тэгээд л би буцаад явчихсан. Тэгээд байж байтал Б-, Х.Ж- нар бид нарт “та нар хаана очсон байсан ч наадах хүүхэд чинь миний хүүхэд биш, мөн байсан ч би бүх шинжилгээнд нөлөөлж, биш болгож гаргуулж чадна гэх мэтээр янз бүрээр хэлээд дарамталж эхэлсэн. Ингээд бид нар 2017 онд эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр аймгийн шүүхэд хүсэлт гаргасны дагуу шинжилгээ хийгдэхээр болсон юм. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн Шүүх шинжилгээний албаны байранд ДНХ-ийн шинжилгээ өгөхөөр Ж-, Х.Ж-, А- нартай хамт манай нөхөр А-, Х.Ж-ын өмгөөлөгч Я.С-, бид нар очсон юм. Тэгтэл Х.Ж- “та нар 2 жил юу хийсэн юм бэ, би бүх зүйлд нөлөөлнө гэж хэлсэн биз дээ, та нар юу ч хийж чадахгүй” гээд манай нөхөр А- рүү ханцуйгаа шамлаад дайрах үед тэндхийн ажилтан юм шиг байсан нэг өндөр залуу ирээд “та нарын зодоон хийдэг газар биш болиоч” гээд Х.Ж-ыг загнах үед өмгөөлөгч Я.С- Х.Ж-ыг боль гээд татаад аваад явчихсан юм. Тэгээд Ж-, А- 2 түрүүлж ороод цусаа өгчихөөд Ж- гарч ирээд А-ыг надад өгсөн ба энэ үед өмгөөлөгч Я.С- шинжилгээ авч байсан өрөө рүү ороход нь би араас нь ороод “Та орж болохгүй шүү дээ, гар” гэхэд Я.С- өмгөөлөгч тэр өрөөнөөс гарсан юм. Тэгээд Х.Ж- цусаа өгөх үед тэр өрөөнд манай охин Ж- цуг байсан юм. Тэгээд бид нар гараад явж байтал араас нэг хүн “Х.Ж- гэдэг хүнийг дуудаж байна” гэхэд Х.Ж- буцаад орсон ба бид нар тэр чигээрээ гэр рүүгээ явсан юм. Энэ үеэс эхлээд л Х.Ж-ын цус солигдох асуудал явагдаж байгаа юм байна гэж сэжиглэж эхэлсэн юм. Миний охин Ж- болон бид нар энэ асуудлаас болоод эрүүл мэндээрээ, нэр төрөөрөө хохирч байна. Ж- сэтгэлээр унаж татаж унадаг өвчтэй болсон, мөн Х.Ж- нь манай охины амьдралаар тоглочихоод Казакстан руу өөрийнхөө дураар явж байна. Тийм учраас Х.Ж-ыг энд авчирч мэдүүлэг авах шаардлагатай байна. Х.Ж- хуулийн байгууллагад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, өмнөөс нь өмгөөлөгч Я.С- ороод яваад байгаа юм. Эхний шинжилгээний хариуг хуурамчаар гаргасан асуудлаа өөрөө ирж хаана ямар асуудал гаргасан талаар хэлэхийг хүсэж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158-159-р тал/,

Гэрч Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Яг хэзээ гэдгийг нь нарийн санахгүй байна. Х.Ж-, А.Ж-, Ж.А- нар ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр ирж байх шиг байсан ба хажууд нь Х.А-, өмгөөлөгч Я.С- нар байсан шиг санаж байна. Тэгээд тэд шинжилгээ хийлгэхээр 2 давхар луу гараад явсан ба энэ үед би доор гадаа үүдэнд байсан юм. Тэгж байтал 2 давхарт хүмүүс хэрэлдээд байх шиг чанга чанга дуу гараад байсан. Маргалдаж хэлсэн үгнүүд нь сайн сонсогдохгүй байсан. Тэгтэл удалгүй Х.А- гарч ирээд Х.Ж- шинжилгээ өгчихөөд үр дүнд нь нөлөөлж чадна гэж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-153-р тал/,

Гэрч Х.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”Би А.Ж-тай зүгээр л танилууд юм. Үерхэж байгаагүй. ...Надад танилцуулснаар сар бүр хүүхдийн тэтгэлэг төлүүлэх шийдвэр гарсан. Би Казакстан явахаасаа өмнө хүүхдийн тэтгэлэгт А.Ж-д 10.000.000 төгрөг өгсөн. 2017 оны 9 дүгээр сард аймгийн шүүхийн шинжилгээний байрны 2 давхарт шинжээч эмч Е.Б- нь хөндлөнгийн гэрч байлцуулан надаас цусны дээж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-131-р тал/,

Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би уг шинжилгээний дээжийг авахуулахаар тухайн өдөр ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан шинжээч эмч Е.Б-д цохолт хийж, шүүгчийн захирамжийг түүнд өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 127-128-р тал/,

Гэрч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ, бүртгэлийн ажилтан А.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Иргэн Х.Ж-, А.Ж-, А- нарын ДНХ-ийн эцэг тогтоолгох цусны шинжилгээний дээж 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Монгол шуудангаар дамжиж манай байгууллагад ирсэн байна. Уг дээжийг Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхээс ирүүлсэн байсан. Манай шинжилгээний байгууллагад ирж шуудангууд дугтуйтай ирдэг. Ирсэн албан бичгийг аль шинжилгээний хэлтэст хүргүүлэхийг харахын тулд дугтуйг задалж хуваарилдаг. Дугтуйнд шүүгчийн захирамж, төлбөрийн баримт, хууль сануулсан баримт, мөн хатаасан цус байсан. Хамт ирсэн албан бичгийн дугаар нь 237 гэж байна. Тухайн ирсэн бичиг нь тусгай шинжилгээний хэлтэст хамаарч байсан тул тусгай шинжилгээний бүртгэлийн ажилтан Н-д 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142-р тал/,

Гэрч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүртгэлийн ажилтан Н.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бүртгэлээс үзэхэд А.Ж-, А-, Х.Ж- нарын ДНХ-ийн эцэг тогтоолгох шинжилгээний дээжийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шуудангийн ажилтан А.Х-гээс хүлээж авсан байна. Ингээд мөн өдрөө буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ахлах мэргэжилтэн Б-д хүлээлгэн өгсөн. Ирсэн бичиг болон шинжилгээний дээжийг бид тухай бүрт нь хариуцсан хүнд нь өгдөг. Тухайн шинжилгээний дээжийг хүлээн авсан бүртгэлд 3 хатаасан цус, төлбөрийн баримт хүлээж авсан гэж бүртгэгдсэн байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 144-146-р тал/,

Гэрч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээ, бүртгэл мэдээллийн ахлах мэргэжилтэн Р.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А.Ж-, Х.Ж-, А- нарын эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээний дээжийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэлийн ажилтан Н- шуудангийн ажилтнаас хүлээж аваад бүртгэлд оруулаад надад өгсөн. Би 3 ширхэг хатаасан цус, шүүгчийн захирамж, төлбөрийн баримтыг хүлээж аваад шинжээч Д.Гантуяад хүлээлгэн өгсөн. Шинжээчийг нууцалдаг учраас хэн нэгнээр дамжуулахгүйгээр шууд өөрт нь тухайн өдөртөө буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн. Х.Ж-, А.Ж-, А- нарын дээжийг манай байгууллагад анх ирүүлэхдээ гадна талдаа цагаан өнгийн дугтуйнд битүүмжилж ирүүлсэн байсан. Гадна дугтуй дотор нь шинжилгээ хийлгэх шүүгчийн захирамж, шинжилгээ авсан тухай тэмдэглэл байсан тул шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу ДНХ-ийн шинжээч Б.Г-д доторх дугтуйг нь задлахгүйгээр хүлээлгэн өгсөн. Битүүмжилсэн дээжийг шинжилгээ хийх шинжээч өөрөө задалж шинжилгээ хийдэг.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147-151-р тал/,

Шинжээч Б.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэл мэдээллийн мэргэжилтэн Б-гаас Х.Ж-, А.Ж-, Ж.А- нарын эцэг тогтоолгох шинжилгээний дээжийг хүлээж авсан. Ирсэн дээжийн сав, баглаа, боодлыг санахгүй байна. Эцэг тогтоох шинжилгээг 202 тоот ДНХ-ийн лабораторийн битүүмжилсэн, хамгаалалттай өрөөнд хийсэн. Шинжилгээ хийхэд надаас өөр хүн оролцоогүй, оролцох шаардлага байхгүй. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Х.Ж-ын ирүүлсэн цусны дээжийг Ж.А-ы цусны дээжтэй харьцуулж шинжлээд Х.Ж- нь А-ы биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шинжилгээ хийж дууссаны дараа дүгнэлтийг шинжилгээний объектыг нэр хаяг бичсэн жижиг цаасан уут, нэр хаяг бичсэн цусны бэлдэц 3 ширхэг, шүүгчийн захирамж, шинжээчид хууль сануулсан тэмдэглэл, цусны дээж авахад хөтөлсөн тэмдэглэлийн хамт шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэст хүлээлгэн өгсөн байдаг. Дүгнэлт гаргасны дараа А.Ж- гэх хүнээс надад шуудангаар захидал ирсэн. Тухайн захидал нь цус солигдсон байж магадгүй гэсэн агуулгатай байсан. Шинжилгээний объект муудсан, хадгалалтын буруугаас муудсан тохиолдолд шинжилгээний үр дүн өөрчлөгдөх боломжгүй. ДНХ-ийн шинжилгээг манайд 16 үзүүлэлтээр хийдэг. Эдгээр нь физик, химийн үзүүлэлтээс болоод 16 үзүүлэлтээс зарим нь гарахгүй байж болно.   Шинжилгээний дээжийг хүлээж аваад байж байх үед манай шинжилгээний хүрээлэнгийн дотоод аудитын хэлтэст нэхэмжлэгч талаас хүсэлт ирсэн юм шиг байсан. Тэгээд тус хэлтсийн мэргэжилтэн, хошууч Энхчимэг “наад дүгнэлтээ хурдан гаргаж явуулаарай, хэл ам ихтэй юм шиг байна гэж хэлж байсан. Тухайн шинжилгээнд ирүүлсэн объект одоо манай бүртгэл мэдээллийн хэлтэст хадгалагдаж байгаа. Тухайн үед би шуудангаар ирсэн цаасан дугтуйг хэрэг болохгүй гээд хаясан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 228-229, 239-241-р тал/,

Шинжээч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”Миний бие шинжээч С.Г-, Б.Т- нарын бүрэлдэхүүнтэй ДНХ-ийн шинжилгээ хийж, А-ы биологийн эцэг нь Х.Ж- байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж хадгалалтын буруугаас болон муудсанаас эцэг тогтоох шинжилгээний хариу зөрүүтэй гарах ойлголт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 234-235-р тал/,

Шинжээч Б.Т-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие шинжээч С.Г-, Ц.Б- нарын бүрэлдэхүүнтэй ДНХ-ийн шинжилгээ хийж, А-ы биологийн эцэг нь Х.Ж- байх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тус шинжилгээний дээжийг бага эмч Ж.Л- хүлээж аваад битүүмжлэн хүлээлгэн өгсөн. Шинжилгээнд  А.Ж-, Х.Ж-, Ж.А- нарын цус, шүлсний дээжийг ирүүлснийг үндэслэн дүгнэлт гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж хадгалалтын буруугаас болон муудсанаас эцэг тогтоох шинжилгээний хариу зөрүүтэй гарах ойлголт байхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 236-237-р тал/,

Гэрч Х.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед төв бараан захын хажууд байрлах эмийн сангаас даралтын эм авах гэж ортол тус эмийн сангийн ажилтан Ж- нь “Танай дүү Ж-гийн хүүхдийн шинжилгээг хэн сольсон талаар мэдэх үү” гэхээр нь үгүй гэж хэлтэл чиний худалдаа хийж зогсдог талбайн хажууд байрлах “Хос терек” худалдааны төвийн дотор худалдаа хийдэг нэг залуу байгаа, тэр залуу нь С.Х-ын төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Тухайн үедээ тэр залууг өмгөөлөгч Я.С-, Б-, Х-, мөн өөр нэг цагдаа хувцастай хүн ууланд дагуулан очоод хүнд цус хэрэг болсон гэж хэлээд Х- цусыг нь авсан байна лээ. Тэр залуу цусаа өгсний дараахан бие нь өвдөж, ээжийгээ зовоосон гэж хэлэхээр нь Ж-гаас чи энэ асуудлыг хэнээс мэдсэн юм гэхэд цусаа өгдөг залуугийн ээж Е- надад хэлсэн. Е- нь С.Х-ын төрсөн эгч байгаа юм. Энэ асуудлыг цааш нь хүнд хэлж болохгүй шүү гэж Ж-д захисан байсан. Би Ж-тай ойрын омгийн хамаатан байгаа юм. Ж- надад хэлэхдээ “танай ахын охиныг бодохоор өрөвдөөд байх юм, тэр хүмүүс та нарыг дарамталж тоохгүй байгааг хараад зэвүү хүрээд хэлж байгаа юм шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 227-228, 5-р хх-ийн 1-р тал/,  

Гэрч К.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би төв талбай дээр салхилж явахад танил Е-тэй таарсан юм. Тэгээд бид хоёр ойр зуурын ахуй амьдралынхаа талаар ярьж суусан юм. Тэгтэл Е- нь надад ингэж хэлсэн “Манай хүүг нэг өдөр Б-, өмгөөлөгч Я.С-, өөр бас цагдаагийн нэг хүн гэрээс нь дагуулж авч яваад уулан дээр аваачиж машин дотор суулгаж байгаад биеэс нь цус авсан. Цусыг нь авахдаа өвчтэй хүнд хэрэг болоод гэж хэлээд авсан гэж хэлсэн. Цусыг нь хэзээ авсан талаар надад хэлээгүй, нэг өглөө 07 цагийн үед гэртээ амарч байхад нь Б-, өмгөөлөгч Я.С-, цагдаагийн хувцастай хүн ирээд дагуулаад явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг / 4-р хх-ийн 229-230-р тал/,

Гэрч С.Е-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.В- миний төрсөн хүү, С.Х- миний төрсөн дүү юм. Би Ж-н гэх хүнийг хэвийн танина, манай хамаатан биш. Би Ж-д хүү С.В-г Б-, өмгөөлөгч Я.С-, бас өөр цагдаагийн хүн гэрээс дагуулж, яваад ууланд аваачаад машинд суулгаж байгаад цус авсан гэх зүйл огт хэлээгүй. Ж-н худлаа хэлсэн байна. Би хүүгийн цус өгсөн  асуудлыг огт мэдээгүй, сүүлд С.В-г цагдаагаас дуудаж мэдүүлэг авах үед мэдсэн. Чухам хаана, ямар шалтгаанаар яах гэж цус өгснийг мэдээгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 249-250-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1254 дугаартай  шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт: / 5-р хх-ийн 7-15-р тал /,

“1. шинжилгээнд ирүүлсэн Х- овогт Ж-, 27 нас, эр /аав нь/, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “3” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх “А”, “Б” нүх цаасны үдээсээр гарсан байна. Уг нүхнүүд болон “А- овогт Ж-, 24 нас, ээж нь, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуй дотор байх “Эх 2” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээр төмөр үдээс, Ж- овогт А-, 2 нас, эр, хүү, 2017.09.12, цус /ДНХ/” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “Хүү” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээсийг нэг төрлийн үдээсээр үдэгдсэн байна. Харин Х- овогт Ж-, 27 нас, эр /аав нь/, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “3” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээс нь “А- овогт Ж-, 24 нас, ээж нь, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуй дотор байх “Эх 2” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээс, “Ж- овогтой А-, 2 нас, эр, хүү, 2017.09.12, цус /ДНХ/” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “Хүү” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээсийг нэг төрлийн үдээсээр үдээгүй байна. 2. С.Х- овогт Х.Ж-, 27 нас, эр, /аав нь/ цус ДНХ 2017.09.12 гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “3” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх 4 мм, 3 мм, хэмжээтэй гэмтлүүд хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан цооролтууд байна. Уг цооролтууд нь цаасны үдээсээр гарсан байна. 3. “А” болон “Б” нүхний зах ирмэг жигд цоорсон байгаа нь цаасны үдээсний нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2996 тоот шинжээчийн “1. Шинжилгээнд ирүүлсэн С.В-агийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. С.В-гийн гэх цусны ДНХ-ийн тогтцоороо 2017 оны №8843 дугаартай шинжилгээний объект болох Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /5-р хх-ийн 26-27-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1756 дугаартай шинжээчийн “...Х.Ж-ын гэх цус нь ДНХ тогтцоороо 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Х.Ж-ын гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 дугаартай дүгнэлтийн шинжилгээний объект болох Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт / 5-р хх-ийн 13-20-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн а/59 дугаартай тушаал “Журам батлах тухай”, “Эцэг, эх тогтоох шинжилгээнд ДНХ-ийн дээж авах, битүүмжлэх, хүргүүлэх журам” /2-р хх-ийн 146-148-р тал/,

Гэрч Х.А-, З.Б- нарын ярианы бичлэгийг хуулбарлан авсан CD хуурцаг, түүний орчуулга /2-р хх-ийн 76-91-р тал/,

Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ДНХ-ийн сангийн бүртгэлийн хуулбар /2-р хх-ийн 102-104-р тал/,

Е.Б-ыг ажилд томилсон тушаал, шинжээч эмчийн албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 115-118-р тал/,

Гэрч М.М-ээс шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж болгон гаргаж өгсөн нотлох баримт болох Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 онд явуулсан бичгийн бүртгэлийн хуулбар /2 хуудас/,

Шүүгдэгч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 52-55-р тал/,

Шүүгдэгч Е.Б-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 70-73-р тал/,  зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.Х-ын гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар /5-р хх-ийн 192-193-р тал/,

Шүүгдэгч С.Х-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-ийн 78-р тал/,

Шүүгдэгч С.Х-ын эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт,тээврийн хэрэгслийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй тухай лавлагаа,  /5-р хх-ийн 82-85-р тал/,

Шүүгдэгч С.Х-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /5-р хх-ийн 86-р тал/,

Шүүгдэгч С.Х- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсныг нотлох баримт болох Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1374 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /5-р хх-ийн 90-142-р тал/,

Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/484 дугаартай “Шүүгдэгч С.Х-ыг Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай“  тушаалын хуулбар, албан тушаалын тодорхойлолт, ажлын байрны тодорхойлолт,  /5-р хх-ийн 145-156-р тал/,

Монгол Улсын Ерөнхий сайдын 2007 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 81 дугаартай шийдвэрээр С.Х-ыг Баян-Өлгий аймгийн засаг даргаар томилж, 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаартай шийдвэрээр чөлөөлсөн, мөн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай шийдвэрээр С.Х-ыг Баян-Өлгий аймгийн засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай захирамжийн хуулбар /5-р хх-ийн 160-162-р тал/,

Шүүгдэгч С.Х-ын ажил байдлын тодорхойлолтын хуулбар, төрийн алба хаасан хугацааг тогтоох тухай албан бичгийн хуулбар, шагнал авч байсан талаарх баримтууд, магистрын дипломын хуулбар, төрийн албан хаагчийн анкетын хуулбар, төрийн албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай тогтоолын хуулбар,  /5-р хх-ийн 163-182-р тал/

Шүүгдэгч Е.Б-ы бакалаврын  боловсрол эзэмшсэн дипломын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /2-р хх-ийн 107-114-р тал/,

Шүүгдэгч Е.Б-ыг ажилд томилох тухай, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар /5-р хх-ийн 183-186-р тал/,

Шүүгдэгч Е.Б-ы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй тухай тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, /5-р хх-ийн 187-197-р тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч С.Х-, Е.Б- нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Хэргийн үйл баримт: Хохирогч А.Ж- нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Х- овогтой Х.Ж-ад холбогдуулан “Хүү Ж.А-ы эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл[1] гаргаж, шүүхээс уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн[2], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба хариуцагч Х.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Хариуцагч Х.Ж- би нэхэмжлэгч Ш- овогтой А-ийн Ж-гаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х.Ж- би А.Ж-тай 5 жил үерхэж байгаагүй, өөр охинтой 10 жил үерхэж байгаад 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон юм. А.Ж-тай би ойр дотно харилцаатай байгаагүй, зүгээр энгийн таних хүмүүс байсан. Иймд хүү А- нь миний хүү биш гэж үзэж байна. Иймд А.Ж-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэх хариу тайлбар[3]-ыг гаргаж байжээ.

Улмаар хохирогч А.Ж- нь хүү Ж.А-ы эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжаар[4] А.Ж-гийн хүсэлтийг хангаж, Эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийх шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, зохих журмын дагуу эх А.Ж-, хүү Ж.А-, эцэг Х.Ж- нараас цусны дээж авч өгөхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албанаас хүсэж шийдвэрлэсэн байна.

Эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Ж-ын өмгөөлөгч Я.С- эсэргүүцэж, гомдол гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдож байх ба гомдлыг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэж, захирамжийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байжээ[5].

Шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шүүгчийн туслах М.М- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч А.Ж-, хүү Ж.А-, хариуцагч Х.Ж- нарыг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны байранд дагуулан очиж, шүүгчийн захирамжийг тухайн өдөр ээлжтэй байсан шинжээч эмч Е.Б-д гардуулан өгснөөр шинжээч эмч Е.Б- нь өөрийн албаны өрөөнд хөндлөнгийн гэрч С.А-, Г.Н- нарыг байлцуулан, шүүгчийн туслах М.М-ээр тэмдэглэл хөтлүүлж[6], хохирогч А.Ж-, түүний хүү Ж.А-, хариуцагч Х.Ж- нараас цусны дээж авч, цагаан өнгийн самбай (марль)-д шингээн, өрөөнийхөө цонхны тавцан дээр хатааж тавьсан болох нь гэрч М.М-[7], А.Е-[8], С.А-[9], Г.Н-[10] нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.  

            Үүнээс хойш  2 хоногийн дараа буюу 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шинжээч эмч Е.Б- нь А.Ж-, Ж.А-, Х.Ж- нараас авсан цусны дээжийг битүүмжлэн, нэг өрөөнд хамт суудаг А.Е- гэгчид өгч, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь гэрч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг[11], гэрч А.Е-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр[12] тус тус нотлогдон тогтоогджээ.

            (Гэрч А.Е-ий 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр анх удаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байх тул шүүх уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзсэн болно).

            Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжлэн ирүүлсэн нэхэмжлэгч А.Ж-, хүү Ж.А-, хариуцагч Х.Ж- нарын цусны дээжийг шүүгчийн туслах М.М- нь хүлээн авч, мөн өдрөө Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хаяглан шуудангаар хүргүүлсэн болох нь тус шүүхийн Ерөнхий шүүгч Х.М-ийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 614 дугаартай албан бичгийн хуулбар[13], Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 онд явуулсан бичгийн хуулбар зэрэг баримтуудаар тус тус  нотлогдож байна.

            Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Г- нь А.Ж-, Ж.А-, Х.Ж- нарын цусны шинжилгээний дээж, холбогдох баримтуудыг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шинжилгээ хийж, “1.Хүний геномын микросателлитын D3S1358, D21S11, Penta E, Penta D, VWA, FGA гэсэн локусын аллелиудаар Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх боломжгүй байна” гэх 8843 дугаартай дүгнэлтийг гаргаж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснээр шүүхээс А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулж байсан байна.

            Шинжээч Б.Г-гийн гаргасан 8843 дугаартай дүгнэлтийг хохирогч А.Ж- эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулж, шинжилгээ хийлгэх хүсэлтийг гаргасныг иргэний шүүх хүлээн авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Ж.А-ы эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээг дахин  хийлгэхээр захирамж гаргаж байжээ[14].

            Дахин шинжээч томилж, шинжилгээ хийх шүүгчийн захирамжийг мөн хариуцагч Х.Ж-ын өмгөөлөгч Я.С- эсэргүүцэж, гомдол гаргаж байсан[15] байх ба гомдлыг шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэж, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 48 дугаартай “Гомдол шийдвэрлэх тухай” тогтоолоор[16] шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Ж-ын өмгөөлөгч Я.С-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна.

   Үүний дараа Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчид Ж.А-ы эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээг дахин хийж, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 дугаартай дүгнэлт[17] гаргасан байх ба уг дүгнэлтээр Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг мөн болохыг 99.99 хувийн магадлалаар тогтоож, шинжээч эмч Б.Г-гийн гаргасан 8843 дугаартай дүгнэлтийн шинжилгээний объект болох Х.Ж-ын гэх цусанд илэрсэн ДНХ-ийн тогтоц нь бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 10749 дугаартай дүгнэлтийн Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой эрс зөрүүтэй буюу 8843 дугаартай дүгнэлтээр гаргасан Х.Ж-ын гэх цус нь огт өөр эрэгтэй хүний цус болохыг тогтоожээ.

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1756 дугаартай шинжээчийн “...Х.Ж-ын гэх цус нь ДНХ тогтцоороо 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн объект болох Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. Х.Ж-ын гэх цус нь ДНХ-ийн тогтцоороо 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 дугаартай дүгнэлтийн шинжилгээний объект болох Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт[18] болон,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 1254 дугаартай” шинжилгээнд ирүүлсэн С.Х- овогт Ж-, 27 нас, эр /аав нь/, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “3” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх “А”, “Б” нүх цаасны үдээсээр гарсан байна. Уг нүхнүүд болон “А- овогт Ж-, 24 нас, ээж нь, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуй дотор байх “Эх 2” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээр төмөр үдээс, Ж- овогт А-, 2 нас, эр, хүү, 2017.09.12, цус /ДНХ/” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “Хүү” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээсийг нэг төрлийн үдээсээр үдэгдсэн байна. Харин Х- овогт Ж-, 27 нас, эр /аав нь/, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “3” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээс нь “А- овогт Ж-, 24 нас, ээж нь, цус, ДНХ 2017.09.12” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуй дотор байх “Эх 2” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээс, “Ж- овогтой А-, 2 нас, эр, хүү, 2017.09.12, цус /ДНХ/” гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “Хүү” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх төмөр үдээсийг нэг төрлийн үдээсээр үдээгүй байна. 2. С.Х- овогт Х.Ж-, 27 нас, эр, /аав нь/ цус ДНХ 2017.09.12 гэсэн гар бичвэртэй цагаан өнгийн дугтуйн дотор байх “3” гэж бичсэн гар бичвэртэй цаасан дээрх 4 мм, 3 мм, хэмжээтэй гэмтлүүд хатуу мохоо зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан цооролтууд байна. Уг цооролтууд нь цаасны үдээсээр гарсан байна. 3. “А” болон “Б” нүхний зах ирмэг жигд цоорсон байгаа нь цаасны үдээсний нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна” гэх дүгнэлт[19] зэрэг нотлох баримтуудаар Ж.А-ы эцэг тогтоолгох ДНХ-ийн цусны шинжилгээний дээж болох Х.Ж-ын цусны дээж солигдож, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Х- зохион байгуулж, Е.Б-тай бүлэглэн үйлдсэн болох нь дараах байдлаар нотлогдож байна.

Тодруулбал: Шинжээч эмч Б.Г-гийн гаргасан 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний объект болох Х.Ж-ын гэх цус нь огт өөр эрэгтэй хүнийх буюу С.В- гэгчийнх болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2996 тоот шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн С.В-гийн гэх цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. С.В-гийн гэх цусны ДНХ-ийн тогтцоороо 2017 оны №8843 дугаартай шинжилгээний объект болох Х.Ж-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт[20]-ээр нотлогдсон, гэрч гэх С.В- нь шүүгдэгч С.Х-ын төрсөн эгч С.Е-ий хүүхэд болох нь шүүгдэгч С.Х-, гэрч С.В-[21], С.Е-[22] нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон байна.

Гэрч С.В- мөрдөн байцаалтын шатанд: ” 2017 оны 09 сарын эхээр, өдрийг нь санахгүй байна, гэртээ амарч байтал өглөө 08 цагийн орчим манай хамаатны эгч Б- миний утас руу залгаад “чи хаана байна, чамд хэлэх зүйл байна” гэхээр нь гэртээ байна гэж хэлтэл за за чи гэртээ байж байгаарай, чамайг хүн очиж авна, тэр хүнтэй хамт хүрээд ирээрэй” гээд утсаа тасалсан. Удалгүй манай гэрийн гадаа нэг машин ирсэн бөгөөд жолооч нь танихгүй хүн байсан. Би тэр машинд суугаад С.Х- ахын гэрт нь ирсэн. Намайг гэрт нь ороход С.Х- ах, эхнэр Б-, хүү Х.Ж- нар хамт байсан. С.Х- ахтай мэндлээд яах гэж дуудсан талаар асуухад С.Х- ах “Америкт манай хоёр охин сурдаг юм, тэд нар нэг тэмцээн уралдаанд оролцох гээд цус хэрэгтэй байна. Чи архи тамхи хэрэглэдэггүй учир чиний цус цэвэр учраас авмаар байна. Надад туслаач” гэхээр нь за за үнэхээр миний цус хэрэгтэй байгаа бол надад татгалзах зүйл алга гэж хэлсэн. Тэгтэл С.Х- “чи сая ирсэн машиндаа суугаад хотын төв орчих, замаас чинь нэг эмч сууж чамаас цус авна. Тэр хүнд цусаа өгчихөөрэй” гэж хэлсэн. Тэгээд би тэдний гэрээс гараад машинд суугаад төв замаар урагшаа явж байтал замын хажуугаас энгийн хувцастай эрэгтэй хүн суугаад цааш бага зэрэг яваад замаас гараад хажуугийн гудамж руу ороод машинаа зогсоосон. Тэгснээ замд суусан нөгөө хүн маань “чиний толгойноос хоёр ширхэг үс авъя” гээд миний толгойн орой хэсгээс 2 ширхэг үс зулгааж аваад гялгар жижиг уутанд хийж байсан. Дараа нь миний баруун талын гарын дээд хэсгийг спирттэй жижиг хөвөнгөөр арчаад судаснаас 5 мл хэмжээтэй тариураар цусыг минь соруулж авснаа “за одоо боллоо” гээд тэндээс манай гэрийн гадаа намайг буулгачихаад нөгөө 2 хүн маань яваад өгсөн. ....Би тухайн үед С.Х- ахын гуйснаар цусаа өгсөн. Надаас цус авсан хүмүүсийн царайг нь сайн санахгүй байна. Одоо харвал таних эсэхээ мэдэхгүй байна”[23] гэж маш тодорхой мэдүүлжээ.

Түүнчлэн гэрч К.Ж-н мөрдөн байцаалтын шатанд “...Би төв талбай дээр салхилж явахад танил Е-тэй таарсан юм. Тэгээд бид хоёр ойр зуурын ахуй амьдралынхаа талаар ярьж суусан юм. Тэгтэл Е- нь надад ингэж хэлсэн “Манай хүүг нэг өдөр Б-, өмгөөлөгч Я.С-, өөр бас цагдаагийн нэг хүн гэрээс нь дагуулж авч яваад уулан дээр аваачиж машин дотор суулгаж байгаад биеэс нь цус авсан. Цусыг нь авахдаа өвчтэй хүнд хэрэг болоод гэж хэлээд авсан гэж хэлсэн. Цусыг нь хэзээ авсан талаар надад хэлээгүй, нэг өглөө 07 цагийн үед гэртээ амарч байхад нь Б-, өмгөөлөгч Я.С-, цагдаагийн хувцастай хүн ирээд дагуулаад явсан гэж хэлсэн” гэж мэдүүлжээ.[24]

Ийнхүү шүүгдэгч С.Х- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр С.В-гаас цусны шинжилгээний дээж авах хууль бус ажиллагааг зохион байгуулж, өөрийн төрсөн хүү Х.Ж-ын цусны дээжийг С.В-гийн цусны дээжээр сольсон нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2996 тоот шинжээчийн дүгнэлт[25], гэрч С.В-[26], К.Ж-н[27] нарын мэдүүлгээр нотлогдсон, түүнчлэн С.Х- нь С.В-д “чи сая ирсэн машиндаа суугаад хотын төв орчих, замаас чинь нэг эмч сууж чамаас цус авна, тэр хүнд цусаа өгчихөөрэй” гэж  хэлсний дагуу С.В- уг машинд суугаад явахад замаас нь нэг хүн сууж, машин дотор  С.В-гийн толгойноос 2 ширхэг үс,  баруун гарын судаснаас 5 мл хэмжээтэй цус авсан зэргээс дүгнэж үзэхэд энэ гэмт хэргийг С.Х- удирдан зохион байгуулж үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

С.В-гаас цусны шинжилгээний дээж авсан этгээд нь түүний баруун гарын судаснаас шинжилгээнд тэнцэх хэмжээний 5 мл цус, мөн толгойноос нь  2 ширхэг үс тасалж авснаас үзэхэд эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээний дээж авах тодорхой мэдлэг, чадвартай  эмч, эмнэлгийн мэргэжилтэн байж болзошгүй байх бөгөөд энэ нь тус гэмт хэрэг зохион байгуулалттай үйлдэгдсэнийг нотолж байна.

Түүнчлэн хохирогч А.Ж- нь С.Х-ын хүү Х.Ж-ад холбогдуулан эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеэс эхлэн хариуцагч С.Х-ын Х.Ж- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байсан, А.Ж-гаас иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэсэн 2 удаагийн шүүгчийн захирамжийг Х.Ж-ын өмгөөлөгч гэх Я.С- эсэргүүцэж удаа дараа гомдол гаргаж байсан байх бөгөөд хохирогч А.Ж-[28], гэрч Х.А-[29], гэрч Ж.А-[30], гэрч Х.Б-[31] нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч С.Х-ын гэмт хэрэг үйлдэх сэдэлт, зорилго хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөн шүүгдэгч С.Х- нь хохирогч А.Ж-, Ж.А- нарыг эцэг тогтоолгох дахин шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хот явах үед шинжээч Б.Г-гийн гаргасан 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний объект болох Х.Ж-ын цусны дээж солигдсон гэмт хэрэг нь илэрхий болохыг урьдаас мэдэж, хохирогч А.Ж-, түүний эцэг Х.А- нартай З.Б- гэгчээр дамжуулан холбоо тогтоохыг оролдож, улмаар гэрч С.Х-ын Х.Ж- нь З.Б-ийн хамт хохирогч А.Ж- болон түүний эцэг Х.А- нартай Улаанбаатар хотод уулзан, Х.Ж- нь Ж.А-ыг өөрийн хүү мөн болохыг хүлээн зөвшөөрч, баримт бичиж өгч, хүүхдийн тэтгэлэгт 10.000.000 (арван сая) төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон,

 Шүүгдэгч С.Х- нь А.Ж-, Ж.А- нарыг дахин шинжилгээ өгүүлэхгүйгээр Баян-Өлгий аймагт буцан ирж, Х.А-ийг өөртэй нь уулзахыг хүсэж,  замын зардалд 1.200.000 төгрөг шилжүүлж байсан нь гэрч З.Б-, гэрч Х.А- нарын мэдүүлэг болон тэдний хооронд өрнөсөн тухайн үеийн харилцан яриаг буулгасан CD бичлэг, түүний орчуулга зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд эдгээр үйл баримтууд нь Х.Ж-ын цусны шинжилгээний дээжийг сольсон үйл баримттай шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Дээрхээс дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Х- нь өөрийн хүү Х.Ж-ыг хохирогч А.Ж-тай гэрлүүлэхээс татгалзаж, ач хүү Ж.А-ыг Х.Ж-ын хүү биш болгож тогтоолгохын тулд Х.Ж-ын цусны дээжийг, төрсөн эгчийн хүү болох С.В-гийн цусны дээжээр сольж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г-гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зориуд өөрчилсөн гэмт хэргийг зохион байгуулсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Е.Б- нь С.Х-тай бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн нь дараах байдлаар нотлогдож байна.

Тодруулбал: Шүүгдэгч Е.Б- нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээр эмчээр ажиллаж байхдаа[32] Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай шүүгчийн захирамжид[33] заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч А.Ж-, түүний хүү Ж.А-, хариуцагч Х.Ж- нараас эцэг тогтоолгох ДНХ-ийн цусны дээж авч, улмаар шинжилгээний объектыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллага болох Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд битүүмжлэн хүргүүлэх явцдаа Х.Ж-ын гэх цусны дээжийг С.В-гийн цусны дээжээр сольж, иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг өөрчилсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар мөн нотлогдон тогтоогджээ.

Тухайн үед Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1993 дугаартай “Ж.А-ы эцэг тогтоолгох ДНХ-ийн шинжилгээ хийлгэх тухай“ шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах М.М-ийн танилцуулснаар тус шинжилгээний албаны дарга Д.С- нь шинжээч эмч Е.Б-д цохолт хийж, шинжилгээнд зориулж цусны дээжийг авахыг үүрэг болгосны дагуу[34] шүүгдэгч Е.Б- нь хууль, журам, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр А.Ж-, Ж.А-, Х.Ж- нараас эцэг тогтоох ДНХ-ийн цусны шинжилгээний дээж авч, уг дээжийг хадгалах, хамгаалах үүргийг хүлээсэн болох нь тогтоогдож байна.

Шинжээч Е.Б- нь эрх бүхий албан тушаалтнаас үүрэг болгосны дагуу хөндлөнгийн гэрч оролцуулан, шинжээч томилсон  эрх бүхий байгууллагын төлөөлөл болох шүүгчийн туслах М.М-ийг байцуулан тэмдэглэл хөтлүүлж, А.Ж-, Ж.А-, Х.Ж- нараас эцэг тогтоох ДНХ-ийн цусны шинжилгээний дээжийг авч, уг шинжилгээний объектыг шинжилгээ авсан өдрөөс хойш 2 хоногийн дараа шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллагад (шүүхэд) хүргүүлсэн  үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаартай тушаалаар батлагдсан  “Эцэг, эх тогтоох шинжилгээнд ДНХ-ийн дээж авах, битүүмжлэх, хүргүүлэх журам[35] -ын 4.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр ДНХ-ийн шинжилгээний дээжийг тухайн аймаг нийслэлийн шүүхийн шинжилгээний шинжээч эмч авна”, 4.4-д “дээж авах ажиллагаанд шинжээч томилсон албан тушаалтан заавал байлцана”, 5.4-д “Шинжээч эмч дээжийг цаасан дугтуйд хийж, битүүмжлэн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан, тээвэрлэлтийн явцад эвдэрч гэмтэх эрсдэлээс хамгаалсан боодол, савлагаа хийж, шинжилгээнд илгээх хүртэл хөргөгчид (+60-аас +80 хэм) түр хадгална”, 6.1-д “Дээжийг шүүхийн шинжилгээний албанаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шууд хүргүүлнэ” гэж нарийвчлан зохицуулжээ.

Дээрх журамд зааснаас үзэхэд А.Ж-, Ж.А-, Х.Ж- нараас шинжилгээний дээж авах ажиллагаанд шүүгчийн туслах М.М- байлцаж, тэмдэглэл хөтөлснийг буруутгах үндэслэлгүй байх ба харин шинжээч Е.Б- нь шинжилгээний дээжийг зохих журмын дагуу авч, цаасан дугтуйд хийж, битүүмжлэн гарын үсэг, тэмдгээр баталгаажуулан, шинжилгээнд хүргүүлэх хүртэл зориулалтын хөргүүрт хадгалж, бэлэн болсны дараа шууд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлэх үүрэгтэй байсан нь нотлогдож байна.

Гэтэл шүүгдэгч Е.Б- нь Ж.А-, А.Ж-, Х.Ж- нараас шинжилгээнд зориулж авсан дээжийг зохих журмын дагуу хадгалж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шууд хүргүүлэх үүргээ зөрчиж, цусны дээжийг шалтгаангүйгээр өөрийн албан өрөөнд 2 хоног байлгах явцад Х.Ж-ын цусны дээж солигдсон болох нь гэрч М.М-[36], Х.А-[37], А.Е-[38] нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогджээ.

Тэрээр мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Шинжилгээнд дээж авсны маргааш А.Ж-, Ж.А-, Х.Ж- нараас авсан цусны дээжийг зохих журмын дагуу  битүүмжлэн шүүгчийн туслах М.М-эд хүлээлгэн өгсөн, уг шинжилгээний дээжийг шүүгчийн туслах М.М- өөрөө ирж авсан” гэж мэдүүлсэн боловч түүний энэ мэдүүлэг гэрч Х.А-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Цусны шинжилгээний дээж авсны маргааш би шүүхээс очиж асуусан боловч шинжилгээний байгууллагаас дээжийг ирүүлээгүй гэж хэлсэн. Би 2017 оны 9 сарын 12,13,14-ний өдрүүдэд шүүхээс асуусан боловч цусны дээж ирээгүй байсан ба 2017 оны 9 сарын 14-15-ны үед цусны дээж шүүхэд хүргэгдэж, тэндээс шуудангаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд явуулсан байсан“ гэх мэдүүлэг[39], гэрч М.М-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шинжээч эмч Е.Б- Ж.А-, А.Ж-, Х.Ж- нараас авсан цусны дээжийг маралд шингээж, цонхон дээр тавьж, 24 цаг хатаасны дараа шүүхэд хүргүүлнэ гэж хэлэхээр нь би үлдээгээд явсан. Тухайн үед манайх ачаалал ихтэй байсан тул би тухайн цусны дээжийг шүүхийн шинжилгээний байгууллагаас очиж аваагүй. Харин шинжилгээний дээжийг 2017 оны 9 сарын 14-ний өдөр манайд ирүүлснийг би битүүмжлэлийг нь огт задлахгүйгээр тухайн өдөрт нь ерөнхий шүүгчид танилцуулан, албан тоот төлөвлөж, холбогдох баримтуудын хамт бичиг хүргэгчид өгч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шуудангаар хүргүүлсэн. Үүнийг би бүртгэлийн дэвтрээс харсан. Шүүхийн шинжилгээний албанаас цусны дээжийг манай байгууллагад ирүүлэхэд бүртгэлээр хүлээн аваагүй, учир нь Ж.А-, А.Ж-, Х.Ж- нарын дээжийг цаасан уутанд битүүмжилж хаягласан байсан тул битүүмжлэлийг задалж, бүртгэлийн дэвтэрт бүртгэх боломжгүй байсан” гэх мэдүүлэг[40], гэрч А.Е-ий “А.Ж-, Ж.А-, Х.Ж- нарын цусны шинжилгээний дээжийг шинжилгээ авсны маргааш  шинжээч эмч Е.Б- надад өгөөд аймгийн шүүхэд хүргээд өгчих гэж хэлсний дагуу би өөрөө шүүхэд аваачиж өгсөн. Чухам хэнд өгснөө санахгүй байна” гэх мэдүүлэг[41] зэргээр үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Е.Б- нь тухайн үед гэрч А.Е-тэй хамт нэг өрөөнд сууж ажилладаг байсан нь тогтоогдож байх ба Е.Б-, А.Е- нар өрөөний түлхүүрээ өөр хүнд өгч байгаагүй, тус байгууллагад жижүүр, харуул хамгаалалт байхгүйгээс өрөөний түлхүүрийг байгууллагын жижүүрт үлдээх ойлголт байхгүй тул тэдний ажлын өрөөнд А.Е-, Е.Б- нараас өөр хүн нэвтрэх боломжгүй,  А.Х.Ж-, Ж.А-, Х.Ж- нараас цусны дээж авсны дараа ажилдаа ирэхэд хэн нэгэн хүн тэдний өрөөний хаалганы цоожийг онгойлгохоор оролдсон шинж тэмдэг байгаагүй талаар гэрч А.Е-[42], шүүгдэгч Е.Б- нар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн, Х.Ж-ынх гэх цусны шинжилгээний дээж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон, шүүх, шуудангийн байгууллагад солигдоогүй болох нь гэрч М.М-[43], Н.Н-[44], Р.Б-[45], Б.Г-[46] нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс албаны шалгалт хийсэн баримтуудаар нотлогдсон, гэрч А.Е- энэ гэмт хэрэгт холбоотой талаар мөрдөн байцаалтын явцад тогтоогдоогүй бөгөөд А.Ж-, Ж.А-, Х.Ж- нарын шинжилгээний дээжийг битүүмжилсэн дугтуй болон шинжилгээ тус бүрт бичигдсэн гар бичвэр нь шинжээч эмч Е.Б-ы бичгийн хэвтэй тохирч байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3924 дугаартай “Дээрх гар бичвэрүүд нь харьцуулах загварт ирүүлсэн Е.Бауржаны гэх гар бичвэрийн чөлөөт, туршилтын загваруудтай бичгийн хэвийн ерөнхий болон онцлог шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр[47] тус тус тогтоогджээ.

Түүнчлэн гэрч Х.А- мөрдөн байцаалтын шатанд “Тэгээд байж байтал ойролцоогоор 20-30 орчим минутын дараа А.Ж-, Ж.А- нар нь шинжилгээ өгчихлөө гээд гарч ирэхээр нь охин А.Ж-, түүний хүү Ж.А- миний эхнэр С.А- бид нар гараад харьцгаасан, харин Я.С-, Х.Ж- нарыг Е.Б- эмч дуудаад өрөө рүүгээ оруулсан юм” гэж[48], гэрч Ж.А- мөрдөн байцаалтын шатанд “2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний охин А.Ж-, хүү Ж.А- нар Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний албаны байранд очиж, эцэг тогтоолгох цусны шинжилгээ өгсөн. Цусны шинжилгээг шинжээч эмч Е.Б- авсан ба А.Ж-, Ж.А- нар шинжилгээ өгч дуусаад гараад ирэхэд нь би харихаар гараад явж байтал араас нэг хүн “Х.Ж- гэдэг хүнийг дуудаж байна” гэхэд Х.Ж- буцаад орсон ба бид нар тэр чигээрээ гэр рүүгээ явсан юм. Энэ үеэс эхлээд л Х.Ж-ын цус солигдох асуудал явагдаж байгаа юм байна гэж сэжиглэж эхэлсэн юм” гэж[49] тус тус мэдүүлсэн байна.

Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Е.Б- нь нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагчаар ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч С.Х-тай бүлэглэн, Ж.А-ы эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээний объект болох Х.Ж-ын цусны дээжийг, түүний төрсөн эгчийн хүү болох С.В-гийн цусны дээжээр сольж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г-гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зориуд өөрчилсөн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1,2-д заасан үндсэн болон хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.

Тодруулбал: Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, өөрчлөх, устгах гэмт хэрэг нь нотлох баримтыг цуглуулах талаар хуульд заасан журам, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт гэх ойлголтод хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, аливаа баримтат мэдээллийг хамруулан ойлгох ба А.Ж-гийн нэхэмжлэлтэй, Х.Ж-ад холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт шүүгчийн захирамжийн дагуу хийгдэж байгаа Ж.А-ы эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээний объект болох Х.Ж-ын цусны дээж нь тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг бий болгох гол хүчин зүйл учраас Х.Ж-ын гэх цусны дээж нь шинжилгээний объект гэхээсээ илүү нотлох баримт гэх ойлголтод хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн үндсэн шинжийг нийтлэг субъекттэй, хүндрүүлэх шинжийг тусгай субъекттэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэргийн оролцогчид болон иргэн үйлдэж болох бол гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан хаагч, ажилтан үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын эх сурвалж болох Х.Ж-ын цусны дээжийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр өөрчилж, Ж.А-ы эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээ хийсэн шинжээч Б.Г-гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 8843 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотолгооны ач холбогдолгүй болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1, 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Прокуророос шүүгдэгч Е.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дугаар зүйлийн 2-д заасан “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйлчилж ирүүлснийг тохирсон гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Е.Б- нь хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр Ж.А-, А.Ж-, Х.Ж- нараас эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээний дээж авах үүрэг хүлээсэн этгээд болох нь тогтоогдсон учраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан “нотлох баримтыг хадгалах хамгаалах үүрэг бүхий албан хаагч” гэж үзнэ.

Иймд С.Х-, Е.Б- нарт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.м овогтой С- Х-ыг “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,

Шүүгдэгч  М.х- овогтой Е-ы Б-ыг “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг гарахад шүүхийн шинжилгээний байгууллагад тухайн цаг хугацаанд  шинжилгээний дээжийг хадгалах зориулалтын техник тоног төхөөрөмж байгаагүй, ажлын байрны харуул хамгаалалтын систем байхгүй, хараа хяналтгүй, ажилтан, албан хаагчид нь шинжилгээний байгууллагад мөрдөх холбогдох хууль журмыг мөрдөж ажилладаггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.

Иргэний хариуцагч У.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ гэмт хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг хохирогчоор тогтоох ёстой. Яагаад гэвэл манай байгууллагын албаны үйл ажиллагаа алдагдсаны улмаас манай байгууллагыг хохирогчоор тогтоож шалгах ёстой байсан болов уу гэж ойлгож байгаа. Гэтэл бид өнөөдөр иргэний хариуцагчаар татагдаад явж байгаа асуудал нь эргэлзээ төрүүлээд байгаа. Манай байгууллага цагдаагийн байгууллагад хандсанаас хойш иргэн А.Ж-г хохирогчоор тогтоож байцаалт авсан байдаг. А.Ж- энэ хэрэг дээр эрх ашиг нь зөрчигдсөн гэрч байж болзошгүй юм. Үүнийг хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарч үзэхийг хүсье” гэж мэдүүлснийг үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь шүүгдэгч С.Х-, Е.Б- нарын үйлдсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн гэмт хэрэг нь давхар объекттой гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах талаар хуульд заасан журам гэмт хэргийн үндсэн объект болох бөгөөд уг үндсэн объектод халдсаны улмаас хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж гэмт хэрэг үйлдэгддэг. Иймээс хүний эрх, ашиг сонирхол гэмт хэргийн нэмэгдэл объект болно.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах журмыг хууль бус, идэвхтэй үйлдлээр зөрчсөний улмаас хохирогч А.Ж-, түүний хүү Ж.А- нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн нь тогтоогдож байх тул энэ гэмт хэрэгт А.Ж-г хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн бодитойгоор шинжлэн судалж үзэхэд энэ гэмт хэрэгт шүүгдэгч С.Х-ын хүү Х.Ж-, түүний эхнэр н.Б-, шинжээч эмч К.Х-, Х.Ж-ын өмгөөлөгч Я.С- нар хамтран оролцсон байж болзошгүй талаар гэрч Х.А-[50], С.В-[51], Х.Г-[52], К.Ж-н[53] нар мэдүүлжээ.

Тухайлбал гэрч С.В-” 2017 оны 09 сарын эхээр, өдрийг нь санахгүй байна, гэртээ амарч байтал өглөө 08 цагийн орчим манай хамаатны эгч Б- миний утас руу залгаад “чи хаана байна, чамд хэлэх зүйл байна” гэхээр нь гэртээ байна гэж хэлтэл за за чи гэртээ байж байгаарай, чамайг хүн очиж авна, тэр хүнтэй хамт хүрээд ирээрэй” гээд утсаа тасалсан. Удалгүй манай гэрийн гадаа нэг машин ирсэн бөгөөд жолооч нь танихгүй хүн байсан. Би тэр машинд суугаад С.Х- ахын гэрт нь ирсэн. Намайг гэрт нь ороход С.Х- ах, эхнэр Б-, хүү Х.Ж- нар хамт байсан. С.Х- ахтай мэндлээд яах гэж дуудсан талаар асуухад С.Х- ах “Америкт манай хоёр охин сурдаг юм, тэд нар нэг тэмцээн уралдаанд оролцох гээд цус хэрэгтэй байна. Чи архи тамхи хэрэглэдэггүй учир чиний цус цэвэр учраас авмаар байна. Надад туслаач” гэхээр нь за за үнэхээр миний цус хэрэгтэй байгаа бол надад татгалзах зүйл алга гэж хэлээд С.Х- ахын хэлснээр цусаа өгсөн” гэж мэдүүлснээс үзэхэд энэ гэмт хэрэгт шүүгдэгч С.Х-ын хүү Х.Ж-, түүний эхнэр н.Б- нар хамтран оролцсон байж болзошгүй байх бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгч нараас Х.Ж-, н.Б- нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгуулахаар хэргийг нэмэлт ажиллагаанд буцаалгах хүсэлт гаргаж байсан.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд мөн хуулийн 2-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох зохицуулалттай байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 4 жилийн хугацаа өнгөрснөөр яллагдагчаар татагдаагүй байгаа хамтран оролцогчдын хувьд хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол“ бий болсон байх тул гэрч Х.Ж-, н.Б- нарын оролцоог тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

Түүнчлэн энэ хэрэгт гэрч Х.Г-ы мэдүүлгээр С.В- гэгчийг олж тогтоосноор шүүгдэгч С.Х-ын үйлдсэн гэмт хэргийг илрүүлсэн байх ба гэрч Х.Г- мөрдөн байцаалтын шатанд: “Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 11 цагийн үед төв бараан захын хажууд байрлах эмийн сангаас даралтын эм авах гэж ортол тус эмийн сангийн ажилтан Ж- нь “Танай дүү Ж-гийн хүүхдийн шинжилгээг хэн сольсон талаар мэдэх үү” гэхээр нь үгүй гэж хэлтэл чиний худалдаа хийж зогсдог талбайн хажууд байрлах “Хос терек” худалдааны төвийн дотор худалдаа хийдэг нэг залуу байгаа, тэр залуу нь С.Х-ын төрсөн эгчийнх нь хүүхэд байгаа юм. Тухайн үедээ тэр залууг өмгөөлөгч Я.С-, Б, Х-, мөн өөр нэг цагдаа хувцастай хүн ууланд дагуулан очоод хүнд цус хэрэг болсон гэж хэлээд Х- цусыг нь авсан байна лээ. Тэр залуу цусаа өгсний дараахан бие нь өвдөж, ээжийгээ зовоосон гэж хэлэхээр нь Ж-гаас чи энэ асуудлыг хэнээс мэдсэн юм гэхэд цусаа өгдөг залуугийн ээж Е- надад хэлсэн. Е- нь С.Х-ын төрсөн эгч байгаа юм. Энэ асуудлыг цааш нь хүнд хэлж болохгүй шүү гэж Ж-д захисан байсан. Би Ж-тай ойрын омгийн хамаатан байгаа юм. Ж- надад хэлэхдээ “танай ахын охиныг бодохоор өрөвдөөд байх юм, тэр хүмүүс та нарыг дарамталж тоохгүй байгааг хараад зэвүү хүрээд хэлж байгаа юм шүү” гэж хэлсэн” гэж[54],

Гэрч К.Ж-н мөрдөн байцаалтын шатанд“...Би төв талбай дээр салхилж явахад танил Е-тэй таарсан юм. Тэгээд бид хоёр ойр зуурын ахуй амьдралынхаа талаар ярьж суусан юм. Тэгтэл Е- нь надад ингэж хэлсэн “Манай хүүг нэг өдөр Б-, өмгөөлөгч Я.С-, өөр бас цагдаагийн нэг хүн гэрээс нь дагуулж авч яваад уулан дээр аваачиж машин дотор суулгаж байгаад биеэс нь цус авсан. Цусыг нь авахдаа өвчтэй хүнд хэрэг болоод гэж хэлээд авсан гэж хэлсэн. Цусыг нь хэзээ авсан талаар надад хэлээгүй, нэг өглөө 07 цагийн үед гэртээ амарч байхад нь Б-, өмгөөлөгч Я.С-, цагдаагийн хувцастай хүн ирээд дагуулаад явсан гэж хэлсэн” гэж[55],

Гэрч Х.А- “2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр байх, миний төрсөн эгч Г- над руу залгасан. Г- надад цус өгсөн хүнийг чинь би олчихлоо гэсэн. Би чи яаж олсон бэ гэхэд Ж- гэдэг хүн  С.Х-ын төрсөн эгч Е- гэдэг хүнтэй уулзсан байна. Е- бол С.В-гийн ээж нь байсан байна. С.В- 09 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 06 цагт намайг гэрээс Б-, Я.С- өмгөөлөгч хоёр намайг гэрээсээ авч гарсан. Гадаа гарахад нэг хар өнгийн жийп машин байсан. Үүний дотор Х- байсан. Тэгээд намайг ууланд аваачиж надаас цус аваад явсан гэж ээждээ хэлснийг түүний ээж Е- гэдэг хүн Ж-д хэлсэн байна. Харин Ж- аптек ажиллуулдаг Г-д хэлсэн байна. Би тэгээд Г- мөрдөгчид хэлсэн. Тэгээд Г- эгчтэй уулзаад зөвшөөрөл аваад цагдаагийн газарт очоод байцаалт авсан. Тэгээд дараа нь Ж-гаас мэдүүлэг авсан, дараа нь С.В-гаас цус авсан байна. Тэнд би байгаагүй. Хэрвээ С.В- цус авсан талаар ээждээ хэлээгүй байсан бол энэ хэрэг илрэхгүй байх байсан. Энэ хэргийг үйлдэхэд хамт оролцсон хүмүүс нь Я.С-, Б- гэдэг хүмүүс байгаа” гэж тус тус мэдүүлжээ.

Тодруулбал гэрч Х.Г-, К.Ж-н, Х.А- нар нь энэ гэмт хэрэгт Х.Ж-ын өмгөөлөгч Я.С-, шинжээч эмч К.Х- нар холбоотой талаар мэдүүлсэн боловч тэдний мэдүүлэг нь шүүгдэгч С.Х-ын төрсөн эгч гэх гэрч С.Е-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “С.В- миний төрсөн хүү, С.Х- миний төрсөн дүү юм. Би Ж-н гэх хүнийг хэвийн танина, манай хамаатан биш, Би Ж-д хүү С.В-г Б-, өмгөөлөгч Я.С-, бас өөр цагдаагийн хүн гэрээс дагуулж, яваад ууланд аваачаад машинд суулгаж байгаад цус авсан гэх зүйл огт хэлээгүй. Ж-н худлаа хэлсэн байна. Би хүүгийн цус өгсөн  асуудлыг огт мэдээгүй, сүүлд С.В-г цагдаагаас дуудаж мэдүүлэг авах үед мэдсэн. Чухам хаана, ямар шалтгаанаар яах гэж цус өгснийг мэдээгүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж, мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй,  

Х.Г-, К.Ж-н, Х.А- нарын мэдүүлэгт дурдсан асуудлуудыг шалгуулахаар  хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч гэрч С.Е- нь төрсөн дүү С.Х-ын эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй субъект учраас мөрдөн шалгах ажиллагааны үр дүн гарахгүй, гэрч Х.Г-, К.Ж-н, Х.А- нарын мэдүүлэг нь өмгөөлөгч Я.С-, шинжээч К.Х- нарыг энэ гэмт хэрэгт хамтран оролцсоныг шууд нотлох баримт биш тул тэдний мэдүүлгээр Я.С-, К.Х- нарыг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гэрч С.В- нь мөрдөн байцаалтын шатанд “Надаас цус авсан хүмүүсийн царайг сайн санахгүй байна, одоо харвал таних эсэхээ мэдэхгүй байна” гэж мэдүүлснээс үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийг тогтоолгохоор С.В-гаар таньж олуулах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн,

Гэрч Х.А- нь “Тэгээд байж байтал 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шиг санаж байна шинжээч эмч Х- 99429907 гэсэн утаснаас миний 99428300 дугаарын утас руу залгаад “манай гэрт хурдан хүрээд ирээч” гэхээр нь би Х-ын гэрт очиход Х- гарч ирээд миний машинд суугаад “ Би чамд гэж хэлье, түрүүний өгсөн шинжилгээ солигдсон шүү, өөр хүнд битгий хэлээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд би Х-аас “шинжилгээг хэн сольсон юм бэ” гэхэд Х- ШША-ны бичиг хэргийн ажилтан С.Х-ын талын хамаатан гэсэн, Е.Б- тэр 2 сольсон байж магадгүй” гэж хэлсэн гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтын шатанд Х.А-, К.Х- нарыг нүүрэлдүүлэн байцааж, мөн К.Х-аас мэдүүлэг авахад К.Х- нь Х.А-эд дээрх байдлаар хэлээгүй гэж үгүйсгэсэн,

 Тухайн үед үүрэн телефоны Мобиком корпорацаас К.Х-ын 99429907, Х.А-ийн 99428300 дугааруудын 2017 оны 9 дүгээр сарын дуудлагын түүхийг гаргуулан авч, Х.А-ийн дээрх мэдүүлэг үнэн зөв эсэхийг тогтоох боломжтой байхад мөрдөн байцаалтын шатанд энэ ажиллагааг гүйцэтгээгүй, одоо үүрэн телефоны Мобиком корпорацаас 2017 оны дуудлагын түүхийг гаргуулах боломжгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон болно.

Дээрх үндэслэлүүдээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч тодорхой үр дүн гарахгүй гэж шүүх үзсэн учраас хохирогч, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын энэ талаар шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэж байсан, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Б.Б нар нь хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж байсан хүсэлтүүдээсээ бүрэн татгалзаж, С.Х-, Е.Б- нарт холбогдох хэргийг нотлогдсон хэмжээнд нь эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзэн хүлээн авсныг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон хэмжээнд шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт холбогдох эрүүгийн 1813000951037 дугаартай хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж анхан шатны шүүх үзсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9,  Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус зааснаар хохирогч А.Ж- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд хохирогч А.Ж- нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршигт нийтдээ 311.873.400 (гурван зуун арван нэгэн сая найман зуун далан гурван мянга дөрвөн зуу)-н төгрөг нэхэмжилжээ.

Тэрээр иргэний нэхэмжлэлдээ: ”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдэгдэн, уг хэрэгт С.Х- нарыг холбогдуулан шалгаж дуусгаад шүүхэд хэргийг шилжүүлэн тэдний гэм бурууг тогтоох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.

Энэ гэмт хэргийг зохион байгуулсан хүн, хэргийн “эзэн” бол шүүгдэгч С.Х- юм. Энэ хүн өөрийн хамаатан өмгөөлөгч н.С- болон бусад хамсаатнуудынхаа туслалцаа дэмжлэгээр энэ хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааг санаатай гацааж, удаашруулж, биднийг хохироож өнөөдрийг хүргэснээс гадна өөрийн хүү болох Х.Ж-ыг огт шалгуулалгүйгээр зугтаалган улсын хилээр гаргаж, оргуулсан хүн гэж бид үздэг юм.

2015 оны 05 сарын 31-ний өдөр хүү А-ыг төрсөн цагаас нь хойш би асран хамгаалж байсан ба өнөөдрийг хүртэлх хугацаанд хүү маань эцгийн асрамж, хайр халамж, эд хөрөнгө дутсанаас болж өвчин зовлонд өртөж өсөлт хөгжил нь хоцрогдсон бөгөөд хүүгээ асран хамгаалахын эрхээр би ажиллах хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулж, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Хундымура” хадгаламж зээлийн хоршоонд зээлийн мэргэжилтнээр ажилд орох хүртэлх хугацаанд хөдөлмөрийнхөө үр шимээр олох байсан ашиг орлогоо бүрэн алдсан билээ. Энэ бүх хохирлыг бидэнд, надад учруулсан хүн бол энэ хэргийг үйлдсэн этгээд болох М- овогт шүүгдэгч С.Х- юм.

Иймээс өөртөө учирсан гэм хорын хохирлыг сарын цалингийн хэмжээгээр бус, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2015 оны 04 сараас 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх 21 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгөөр бодож 4,032,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 24 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240,000 төгрөгөөр бодож 5,760,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 3 сарын орлогыг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 320,000 төгрөгөөр бодож 960,000 төгрөг, баримт бичгийн зардалд 171,600 төгрөг, шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу очиж ирсэн зардалд 649,800 төгрөг, шинжилгээ хийлгэсэн 300,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 300,000,000 төгрөг, нийт 311, 873, 400 төгрөгийн хохирол, хор уршиг надад учирсан байгаа тул С.Х- болон иргэний хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хохирогч А.Ж- болон түүний эцэг Х.А- нар нь гэмт хэрэг гарсан үеэс буюу 2017 оны 9 дүгээр сараас 2020 он хүртэлх хугацаанд  хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэргийг үйлдсэн хүнийг олж тогтоолгох, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Монгол Улсын Их хурал, Их Хурлын гишүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хуульчдын холбоо, Гаалийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг 10 гаруй төрийн байгууллага, албан тушаалтанд давхардсан тоогоор нийт 45 удаа өргөдөл гомдол, хүсэлт гаргаж, Монгол Шуудан ТӨХК-д 171.600 төгрөгийн шуудангийн төлбөр төлсөн болох нь Монгол шуудан ТӨХК-ийн төлбөрийн баримтуудаар[56] тус тус нотлогджээ.

Энэ гэмт хэргийг үйлдсэн эзэн холбогдогчийг түргэн шуурхай олж илрүүлэх мөрдөн шалгах ажиллагаа туйлын хангалтгүй явагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаа удааширч, хэргийг 3 жил гаруй хугацаанд шалган, оролцогчдыг чирэгдүүлж байсны улмаас хохирогч А.Ж- болон түүний эцэг Х.А- нар нь хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэхээр холбогдох хууль хяналтын байгууллага болон төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан нь тогтоогдож байна.  

Иймд хохирогч А.Ж-, түүний эцэг Х.А- нарын шуудангийн зардалд төлсөн 171.600 төгрөгийг  шүүгдэгч С.Х-, Е.Б- нар гэмт хэрэг үйлдсэний улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцож гэм буруутай этгээдүүдээс гаргуулж, хохирогч А.Ж-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Ж-, түүний эцэг Х.А-, хүү Ж.А- нар нь дахин шинжилгээ өгөх зорилгоор  2017 оны 11 сарын 15-наас 2017 оны 12 дугаар сарын 05-ны хооронд Улаанбаатар хот руу “Хүннү эйр” ХХК-ийн нислэгээр Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот хооронд зорчиж[57], хохирогч А.Ж- нь эцэг тогтоох дахин шинжилгээ хийлгэх төлбөрт 300.000 төгрөг төлсөн нь А.Ж-, Х.А- нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байх тул эдгээр зардлыг мөн гэмт хэргийн улмаас хохирогч А.Ж-д учирсан бодит хохирол, хор уршиг гэж үзэж, гэм буруутай этгээдүүдээс гаргуулж олгох нь зүйтэй.

Шүүгдэгч С.Х- шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн үед хүүгийн данснаас Х.А-ийн дансанд  1.200.000 төгрөг шилжүүлж өгсөн” гэж мэдүүлснийг гэрч Х.А- хүлээн зөвшөөрсөн боловч, үүнийг замын зардал, шинжилгээний төлбөрт өгөөгүй гэж тайлбарласан, А.Ж- нь дээрх зардлуудыг гэм буруутай этгээдүүдээс гаргуулахаар нэхэмжилсэн, энэ гэмт хэргийн хохирогчоор А.Ж- тогтоогдсон байх тул шүүгдэгч С.Х-аас гэрч Х.А-ийн дансанд шилжүүлсэн гэх 1.200.000 төгрөгийг хохирогч А.Ж-гийн нэхэмжилж байгаа унааны зардал, шинжилгээний төлбөрт шилжүүлэн тооцох үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хохирогч А.Ж-гаас гэмт хэргийн хохирол, хор уршигт нэхэмжилсэн 311.873.400 төгрөгөөс баримт бичгийн зардал 171,600 төгрөг, дахин эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу ирж, буцсан зардал 649,800 төгрөг, шинжилгээний төлбөрт төлсөн 300.000 төгрөг, нийт 1.121.400 төгрөгийг гэмт хэргийн бодит хохирол, хор уршигт тооцож, гэм буруутай этгээд болох С.Х-, Е.Б- нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 560.700 төгрөг гаргуулан хохирогч А.Ж-д олгохоор шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийг иргэний хариуцагчаар тогтоогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс биш гэм буруутайд тооцогдсон этгээд болох С.Х-, Е.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч А.Ж- нь шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 300.000.000 (гурван зуун сая) төгрөг нэхэмжилснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нэрлэн заасан “амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд”-ийг эдийн бус хохиролд хамааруулан үздэг.

Эдийн бус гэм хор” гэх ойлголтод сэтгэл санааны хохирлыг хамааруулж үзэх боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай зохицуулалтад  хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг  төлөх тухай тусгасан ба харин хохирогчийн сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх талаар тусгаагүй байна.

Иймд хохирогч А.Ж-гаас сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 300.000.000 (гурван зуун сая) төгрөгийг шүүгдэгч нараар төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч А.Ж- нь гэмт хэргийн улмаас цалин орлогогүй байсан үеийн олох байсан орлогоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нийт 10.752.000 төгрөг нэхэмжилсэн боловч, нэхэмжлэлдээ ямар нэгэн нотлох баримт хавсарган ирүүлээгүй тул иргэний нэхэмжлэлийн энэ хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.     

Гэм буруугийн шүүх хуралдаанаас гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршиг болох 1.121.400 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 560.700 төгрөг гаргуулан хохирогч А.Ж-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч С.Х-, Е.Б- нар хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө шүүхээс төлүүлэхээр тогтоосон бодит хохирол 1.121.400 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Х-, Е.Б- нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Е.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Х- нь хувийн байдлын хувьд 1959 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 61 настай, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, одоо Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 119 дүгээр зарлигаар[58] төрийн дээд одон медаль болох “Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1374 дугаартай шийтгэх тогтоолоор  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж байсан гэх нөхцөл байдлууд,

Шүүгдэгч Е.Б- нь хувийн байдлын хувьд 1986 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Баян-Өлгий Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо резидент эмчээр суралцаж байгаа гэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь гэм буруугийн шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 1.121.400 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүр 560.700 төгрөгийг хохирогч А.Ж-д төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Харин шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Е.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь түүний урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар[59], шүүгдэгч С.Х- нь урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1374 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2-д зааснаар “албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилээр тэнсэгдэж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[60], шийтгэх тогтоолын хуулбар[61] зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-д “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу С.Х- нь урьд 2014 онд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Эдгээрээс дүгнэж үзэхэд шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч тэдний үйлдэлд “тохиолдлын шинжтэй” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул С.Х-, Е.Б- нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь шүүхийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн ба шүүгдэгч С.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би Х.Ж-ын аав нь өрхийн тэргүүн хүн. Энэ утгаараа мөрдөн байцаалтын шатанд төрүүлсэн хүүхэд болон хууль ёсны эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгч чадаагүй. Хүүгээ барьж өгөх, энэ асуудлыг би мэдэхгүй, манай эхнэр мэднэ гэж хэлэх ёс суртахуун надад үнэндээ алга. Гэхдээ “Шаварт суусан шарын эзэн хүчтэй” гэдэг. Би хувь заяатайгаа эвлэрч байна. Прокуророос намайг буруутгаж, зүйлчилж байгаа хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хуулийн хариуцлага хүлээхэд би гомдохгүй. Иймд миний Монгол Улсын Үндсэн хуульд заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг эдлүүлж өгөхийг хүсье” гэж мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Х- нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн боловч Х.Ж-ын цусны дээжийг хэн, хэрхэн яаж сольсон, гэмт хэрэгт ямар хүмүүс хамтран оролцсон талаар мэдүүлэхээс татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”,

Арванзургаадугаар зүйлийн (1) Монгол Улсын Иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, (14) “........өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасны дагуу С.Х-ын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон суурь эрхийг хангаж, түүний “Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг гэж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

            Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч С.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял,

            Шүүгдэгч Е.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 (найман сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргасан.

            Хохирогч А.Ж- нь шүүгдэгч С.Х-д хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх санал гаргасныг тэдний өмгөөлөгч нар дэмжиж оролцсон,

            Шүүгдэгч С.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэх хүсэлтийг, түүний өмгөөлөгч Б.Булгантамир “С.Х-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

            Шүүгдэгч Е.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү гэх хүсэлт гаргасныг түүний өмгөөлөгч Б.Дашдорж нь дэмжин оролцож, “Шүүгдэгч Е.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон хохирлыг хохирогчид бүрэн төлж барагдуулсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, резидент эмчээр суралцаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан торгох ялын доод хэмжээ болох 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч С.Х-, Е.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас Ж.А-ы эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээний цусны дээж солигдсоноор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Г- 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  “Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх боломжгүй байна” гэх 8843 дугаартай дүгнэлт гаргасан нь нотлогдож байгаа ч уг дүгнэлтийг үндэслэж, хохирогч А.Ж-, түүний хүү Ж.А- нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй,

Шинжээч Б.Г-гийн гаргасан 8843 дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 10749 дугаартай “1.Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх боломжтой байна 2. Х.Ж- нь Ж.А-ы биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай байна” гэх дүгнэлтээр зөвтгөгдөж, Баян-Өлгий аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай шийдвэрээр 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, БЮ.......... регистртэй, хүү А-ы эцэг нь М- овогтой Х-ын Х.Ж- мөн болохыг тогтоож, Ж.А-ыг эцэг Х.Ж-аар тэжээн тэтгүүлэх шийдвэр гарснаар хохирогч А.Ж-, Ж.А- нарын зөрчигдсөн эрх сэргээгдсэн байна.

Түүнчлэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн шүүгдэгч С.Х-ын хүү Х.Ж- нь хүү Ж.А-ы тэтгэлгийг төлж байгаа, одоогоор ямар нэгэн өр төлбөргүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтоор нотлогдож байгааг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Е.Б-ы үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй зүйлчилж ирүүлсэн ч түүнд уг гэмт хэргийг зохион байгуулсан этгээдээс хөнгөн ял шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч С.Х-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо буюу гэмт хэргийг зохион байгуулсан зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-д 9000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Е.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсоны дараа өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, резидент эмчээр үргэлжлүүлэн суралцаж байгаа зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар 6500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Х-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 9000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд,

Шүүгдэгч Е.Б-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил, 5 (таван) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав)-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 (арван таван мянга)-н төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Х-ын өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “С.Х-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Х-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх бөгөөд мөн хуулийн 2-д зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох зохицуулалттай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийн заалтууд нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд уг зүйл, хэсгийг хүчингүй болгосон тухай Монгол Улсын Их хурлын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гараагүй тул шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан заалтуудыг хэрэглэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Х- нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба түүнийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1813000951037 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан[62] байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Х-ыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааны дотор яллагдагчаар татсан нь тогтоогдож байх тул түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.м овогтой С-н С.Х-ыг “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд,

Шүүгдэгч  М.х овогтой Е-ы Б-ыг “Нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан хаагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д  9000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар Е.Б-д 6500 (зургаан мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-д оногдуулсан 9000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд,

Шүүгдэгч Е.Б-д оногдуулсан 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил, 5 (таван) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав)-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 15.000 (арван таван мянга)-н төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Ж-гаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 311.873.400 (гурван зуун арван нэгэн сая найман зуун далан гурван мянга дөрвөн зуу) төгрөгөөс бичиг хэргийн зардал 171.600 төгрөг, замын зардал 649.800 төгрөг, шинжилгээний төлбөр 300.000 төгрөг, нийт 1.121.400 (нэг сая нэг зуун хорин нэг мянга дөрвөн зуу) төгрөгийг бодит хохиролд тооцож,  хувь тэнцүүлэн шүүгдэгч С.Х-аас 560.700 (таван зуун жаран мянга долоон зуу) төгрөг, шүүгдэгч Е.Б-аас 560.700 (таван зуун жаран мянга долоон зуу) төгрөг тус тус гаргуулан хохирогч А.Ж-д олгож шийдвэрлэснийг шүүгдэгч С.Х-, Е.Б- нар нь төлснийг дурдаж, хохирогчоос сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 300.000.000 (гурван зуун сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олох байсан ашиг орлогод нэхэмжилсэн 10.752.000  (арван сая долоон зуун тавин хоёр мянга) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн CD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Х-, Е.Б- нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БОЛОРМАА

 

 

 

[1] 2-р хх-ийн 20-р тал

[2] 2-р хх-ийн 21-р тал

[3] 1-р хх-ийн 87-р тал

[4] 2-р хх-ийн 25-р тал

[5] 2-р хх-ийн 31-32-р тал

[6] 2-р хх-ийн 74-р тал

[7] 1-р хх-ийн 118-126-р тал

[8] 1-р хх-ийн 136-139-р тал

[9] 1-р хх-ийн 102-103-р тал

[10] 1-р хх-ийн 106-р тал

[11] 1-р хх-ийн 118-126-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[12] 1-р хх-ийн 136-137-р тал

[13] 2-р хх-ийн 33, 71-р тал

[14] 2-р хх-ийн 36-р тал

[15] 2-р хх-ийн 45-р тал

[16] 2-р хх-ийн 48-49-р тал

[17] 2-р хх-ийн 39-40-р тал

[18] 5-р хх-ийн 13-20-р тал

[19]5-р хх-ийн 7-15-р тал

[20] 5-р хх-ийн 26-27-р тал

[21] 4-р хх-ийн 224-225-р тал

[22] 4-р хх-ийн 249-250-р тал

[23] 4-р хх-ийн 224-225-р тал

[24] 4-р хх-ийн 229-230-р тал

[25] 5-р хх-ийн 26-27-р тал

[26] 4-р хх-ийн 224-225-р тал

[27] 4-р хх-ийн 229-230-р тал

[28] 1-р хх-ийн 100-101-р тал

[29] 1-р хх-ийн 154-157-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[30] 1-р хх-ийн 158-159-р тал

[31] 1-р хх-ийн 152-153-р тал

[32] 2-р хх-ийн 115-118-р тал, 5-р хх-ийн 183-185-р тал, 191-р тал

[33] 2-р хх-ийн 25-р тал

[34] 1-р хх-ийн 127-128-р тал

[35] 2-р хх-ийн 146-148-р тал

[36] 1-р хх-ийн 118-126-р тал

[37] 1-р хх-ийн 154-157-р тал

[38] 1-р хх-ийн 136-139-р тал

[39] 1-р хх-ийн 154-157-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл

[40] 1-р хх-ийн 118-126-р тал шүүх хуралдааны тэмдэглэл

[41] 1-р хх-ийн 136-139-р тал

[42] 1-р хх-ийн 136-139-р тал, шүүх хуралдааны тэмдэглэл,

[43] 1-р хх-ийн 118-126-р тал

[44] 1-р хх-ийн 144-146-р тал

[45] 1-р хх-ийн 147-151-р тал

[46] 1-р хх-ийн 228-229-р тал

[47] 1-р хх-ийн 174-197-р тал

[48] 1-р хх-ийн 154-157-р тал

[49] 1-р хх-ийн 158-159-р тал

[50] 1-р хх-ийн 154-157-р тал

[51] 4-р хх-ийн 224-225-р тал

[52] 4-р хх-ийн 227-228-р тал

[53] 4-р хх-ийн 229-230-р тал

[54] 4-р хх-ийн 227-228, 5-р хх-ийн 1-р тал/, 

[55] 4-р хх-ийн 229-230-р тал/,

[56] 6-р хх-ийн 236-250-р тал

[57] 7-р хх-ийн 1-4-р тал

[58] 5-р хх-ийн 168-р тал

[59] 5-р хх-ийн 187-р тал

[60] 5-р хх-ийн 78-р тал

[61] 5-р хх-ийн 90-142-р тал

[62] 5-р хх-ийн 41-45-р тал