Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/923

 

 

 

 

 

 

 

   2021        08          18                                  2021/ШЦТ/923

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

    Иргэдийн төлөөлөгч Н.Саранчимэг,  

Улсын яллагч Д.Уянга /томилолтоор/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Анхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхзул, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг

Шүүгдэгч Х.О түүний өмгөөлөгч Н.Энхтүвшин нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хунчааны От холбогдох эрүүгийн 2006 04103 1216 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 4-54 тоот гэртээ Э.Анхжинг 13 нас 5 сартайд нь хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон,

Мөн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 08 дугаар 07-ны өдрүүдэд 2 удаа, нийт 3 удаа хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Анхжин мэдүүлэхдээ: “...Анх 2017 оны 05 дугаар сарын эхээр бэлгийн хүчирхийлэл үйлдэж байсан. Тэр үед ээж, аавдаа хэлбэл ална шүү гэж хэлээд намайг зодож байсан. 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяраар эгч маань найзуудтайгаа уулзахаар гарсан байсан. Би хоёр хүүхэдтэй нь хэвтэж байхад миний хажуугаар орж ирээд намайг хүчирхийлж зодсон. Гурван дахь хүүхдийнх нь төрсөн өдөр буюу 2019 оны  08 дугаар сарын 07-ны өдөр согтуу гэртээ хүрч ирээд хүүхдэдээ бэлэг өгсөн. Би явсан болов уу гэж бодож байтал эгчийн арын гэрт хэвтэж байсан. Намайг дуудаад тэр гэр рүү ортол намайг хүчирхийлээд зодсон. Манай гурван дүү хойд гэрийн үүдэнд ирээд эгээ дэлгүүр явъя гэхэд нь хувцсаа өмсөөд дүү нараа хар дэлгүүр яв гэж хэлсэн. Би гурван дүүгээ аваад дэлгүүр явсан. Тэр үед О ах яваад өгсөн. Би энэ хүний хариуцлагыг нь хүлээлгэмээр байна. Сэтгэл санааны хохирол надад гарсан. Үүнийг мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй учраас хариуцлагыг нь хүлээлгэмээр байна..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Э.Анхжингийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхзул мэдүүлэхдээ: “...Би энэ хэргийн талаар 2020 оны 09 дүгээр сард мэдсэн. Манай охин коллежид сурдаг байсан. Нэг өдөр оройтож ирэхээр нь иймээ тиймээ юм болбол яах юм бэ гэж хэлээд загнасан. Гэртээ ирээгүй өдрийнх нь маргааш нь сургууль дээр нь очтол байсан. Нөхөр бид хоёр гэр рүүгээ авч яваад хамаагүй гэдгэнэж яваад иймээ тиймээ юм болбол яах юм бэ гэж асуугаад хороо орсон. Хороо руу ороод гаргаад иртэл аавтайгаа машин дотор үлдсэн охин минь уйлчихсан сууж байсан. Яасан бэ гэхэд “Жижгээ” ингэсэн тэгсэн гэж байна гэж хэлээд бид нар цагдаад хандсан. Удаа дараа ийм үйлдэл гаргасан учраас маш их гомдолтой байна. Өөрийнх нь охиноос хэдэн насаар эгч байхад ийм үйлдэл гаргасан. Хуулийн хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-13-15/, хэргийн харьяаллын дагуу тогтоолгосон тухай албан бичиг /16-21/, насанд хүрээгүй хохирогч Э.Анхжингийн мэдүүлэг /хх-31-34, 35-36/, гэрч Б.Отгонзулын мэдүүлэг /хх-42-43, 37-39/, гэрч Б.Энхзулын мэдүүлэг /хх-42-43/, яллагдагч Б.Оын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-46-47/, гэрч Т.Солонгын мэдүүлэг /хх-50-53/, гэрч М.Эрдэнэгомбын мэдүүлэг /хх-56-58/, гэрч Д.Баярмаагийн мэдүүлэг /хх-61-64/, гэрч А.Одонгэрэлийн мэдүүлэг /хх-67-68/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-105-106/, насанд хүрээгүй хохирогч Э.Анхжингийн төрсний гэрчилгээ /хх-112/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №4061 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-70-71/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №26 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-74-75/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №355 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-89-90/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Ээж хайрханы 4-54 тоот гэртээ Э.Анхжинг 13 нас 5 сартайд, мөн 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр, 2019 оны 08 дугаар 07-ны өдрүүдэд 2 удаа, нийт 3 удаа хүсэл зоригийнх нь эсрэг хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-13-15/,

 

  Насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-13-15/,

 

  Хэргийн харьяаллын дагуу тогтоолгосон тухай албан бичиг /16-21/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.Анхжингийн өгсөн: Би Би одоо он сар өдрийг нь сайн санахгүй байна. Би тэр үед 8 ангиа төгсөж байсан юм. Манай сургуулийн урлагийн үзлэг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болсон юм. Харин би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо ээж хайрханы 4-54 тоотод эгч Отгонзулын гэрт О болон 2 хүүхдийнх нь хамт амьдардаг байсан. 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Отгонзул эгч өглөө Нарантуул зах руу ажилдаа явахаар ганцаараа гараад явсан. Харин гэрт нь О болон 2 хүүхэд нь бид 4 хамтдаа үлдсэн. Харин Отгонзул эгчийг ажилдаа гараад явсны дараа 2 хүүхэд нь унтаж байх үед О нь газар 2 хүүхэдтэйгээ унтаж байснаа миний унтаж байсан оронд орж ирээд миний дээрээс дараад өмдийг маань тайлаад турсикийг маань мөн тайлаад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний эрхтэн рүү хийж намайг хүчиндсэн. Би хоёр хөлөөрөө тийчлээд жийсэн боловч миний нүүр рүү алгадаад чимээгүй байгаарай ална шүү гэж хэлсэн. Тэгээд миний хоёр гарыг нэг гараараа толгой хэсэг дээр маань бариад дарсан. Тэгээд надтай 20 минут орчим бэлгийн харьцаанд орсон. Би одоо нарийн сайн цагийг нь мэдэхгүй байна. О намайг хүчиндэж байхад хоёр хүүхэд нь газар унтаж байсан. О нь бэлгийн харьцаанд орж дууссаны дараа эгч болон аав ээждээ хэлээд үзээрэй гэж хэлж байсан. Чамайг хэлэх юм бол эгчтэй  чинь нийлүүлээд алчихна шүү гээд намайг айлгаад байсан. Тэр өдөр О нь согтуу байсан. О нь өмнөх өдөр архи уучхаад согтуу шөнө гэртээ ирсэн. Би одоо хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Би өмнөх өдөр нь 2 охинтойн хамт 22 цаг өнгөрч байхад унтсан. Тэгэхэд О ах гэртээ ирээгүй байсан. Харин өглөө нь намайг сэрэхэд О ахын архи нь гараагүй орондоо хэвтэж байсан. Би Отгонзул эгчийг ажилдаа 08 цаг өнгөрөөгөөд явах гэж байх үед нь сэрсэн юм. Би энэ талаар ямар нэгэн хүнд хэлээгүй. Отгонзул эгчийн ажилдаа явсныхаа дараа ийм зүйл болсон. Үүнээс хойш 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Отгонзул эгчийн гэрт нь 2 хүүхэд болон О ахын хамт байж байсан. Харин Отгонзул эгч тэр өдөр эмэгтэйчүүдийн баяр болж байгаа гээд ажлынхантайгаа баярлана гээд орой 20-21 цагийн гэрээсээ гараад явсан. Харин О ах болон 2 хүүхдийнх нь хамт бид 4 гэрт нь үлдсэн. Би Отгонзул эгчийг явсны дараа би найзынхаа гэр рүү орчхоод ирье гэж хэлээд гэрээс гарч яваад 23 цаг болж байхад гэртээ буцаад орж ирэхэд 2 хүүхэд нь газар унтчихсан. О ах хажууд нь цугтаа унтаж байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод хувцсаа тайлаад орон дотроо ороод хэвтэж байтал О ах миний хажуугаар орж ирж хэвтээд зурагт асаагаад DVD залгаж байгаад порно бичлэг тавиад надад үзүүлсэн. Намайг энийг үз гээд байсан. Тэгэхээр нь би хөнжлөө толгойн дээгүүрээ нөмрөөд буруу хараад хэвтэж байсан чинь хөнжлийг маань сөхөөд миний дотуур хувцсыг маань тайлсан. Миний дээр гарч хэвтээд амыг маань зүүн гараараа дараад, баруун гараараа миний хоёр гарыг маань дээр холбож дараад миний бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ хийгээд намайг хүчиндсэн. Тэр үед О ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Учир нь тэр өдөр эмэгтэйчүүдийн баярын өдөр байсан болохоор Отгонзул эгчтэй хамт пиво ууж байсан. Надтай О ах бэлгийн харьцаанд орж дууссаны дараа бэлэг эрхтнээс нь шингэн цагаан зүйл гарч байсан. Тэгээд О ах бэлгийн харьцаанд орж дууссаны дараа орондоо ороод унтаад өгсөн. Харин Отгонзул эгч шөнө ирсэн. Би тэр үед Отгонзул эгч болон гэрийнхэндээ энэ талаар хэлээгүй. Үүнээс хойш 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр О, Отгонзул эгч хоёр хүүхэд болох Энхмөрөнгийн төрсөн өдрөөр О ах хүүхдүүддээ бэлэг өгөх гэж ирсэн. Учир нь О, Отгонзул эгч хоёр 2018 онд салсан юм. Би яг хэзээ салсныг нь бол мэдэхгүй байна. Тэгээд О ах Энхмөрөнгийн төрсөн өдөр болж байгаа гээд хүүхдүүддээ бэлэг авчирч өгсөн. Харин Отгонзул эгч 2019 оны 08 дугаар сарны 06-ны өдөр найзуудтайгаа голын эрэг орж зугаалсан юм. Тэр өдрөө их архи уусан учир учир 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өглөө нь шал согтуу гэртээ ирээд унтаж байхад нь О нь ганцаараа гэртээ ирсэн. О ах гэрт ирээд Энхмөрөнд бэлэг өгөөд 2 охиндоо мөнгө өгөөд дүүгээ дагуулаад явчих гэж хэлсэн. Тэгсэн хоёр охин нь дүүгээ дагуулаад дэлгүүр лүү явсан. Тэгсэн О ах хойд гэр лүү ороод байж байснаа намайг дуудаад ус оруулаад ирээч гэж гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс ус аваад хойд гэр болох эмээ Солонгоогийн гэрт нь яваад орсон. Намайг гэрт яваад орсны дараа О гэрийн хаалга түгжсэн. Би харин гэрт байсан шанагатай усаа ширээ нь дээр тавьтал намайг гэрийн баруун талын ор руу түлхээд хувцсыг маань тайлах гээд байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь орилоод гарыг түлхээд нь эсэргүүцэл үзүүлтэл миний нүүр рүү 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би айгаад чимээгүй болоод хэвтэж байтал миний дээр О ах гараад шорт дотуур хувцас хоёрыг маань зэрэг тайлаад хоёр гарыг маань орны толгойн дээр бариад намайг хүчиндсэн. Надтай тухайн үед 5-6 минут бэлгийн харьцаанд ороод байж байтал 3 хүүхэд нь хүрээд ирсэн чинь болиод намайг хувцсаа өмсөөд гараад 3-н дүүтэйгээ тогло гэж хэлсэн. Би тэгж хэлэхээр нь 3-н хүүхэдтэй нь хамт гараад хашааны гадаа худаг дээр тоглож байсан чинь гэрээс гараад ганцаараа явж байсан. Тэр өдөр О ах эрүүл байсан. Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Намайг ээж аавдаа хэлэх юм бол хохь чинь шүү гээд байсан. Мөн манай эгч Отгонзулыг аймар зоддог байсан. Тэгснээ чамайг эгч шиг чинь зодно шүү гээд байсан...” /1хх-31-36/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонзулын өгсөн: “...Надаас салсны дараа 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай ар талын эзэнгүй гэр дотор хүчиндсэн гэж хэлсэн. Үүнээс гадна 2 удаа хүчиндсэн талаар ярьсан. Х.О нь надаас салснаас хойш архи уусан үедээ 3,4 удаа ирж байсан. Манай хүү Энхмөрөнгийн төрсөн өдрөөр буюу 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Х.О согтуу ирээд байж байгаад орой нь явсан. Би хүүгийн төрсөн байсан учраас сайн санаж байна. /хх-37-39/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхзулын өгсөн “...Манай охин Анхжин 2020 оны 09 дүгээр сарын эхээр байх Кино үйлдвэрийн коллежид элсэн суралцаж эхэлсэн. Тэгсэн хичээлдээ явж эхлээд 2020 оны 09 дүгээр сарын эхээр байх гэртээ ирж хоноогүй алга болчихсон юм. Тэгэхээр нь сургууль дээр нь очсон чинь сууж байсан. Сүүлийн цаг чөлөө аваад эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж үзүүлнэ, дөнгөж нэгдүгээр курс юм байж гадуур хонолоо гэж хэлсэн. Би хороо руу ганцаараа ороход 5-10 минут болоод буцаад гараад ирсэн чинь Анхжин хойд суудал дээр уйлчихсан сууж байхаар нь юм болсон талаар асуухад Отгонзул эгчийн нөхөр Жижгээ намайг хүчиндсэн гэж хэлсэн...” /хх-37-39, 42-43/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Х.Оын гэрчээр өгсөн: “... Миний санаж байгаагаар одоогоос 3 жилийн өмнө буюу 2018 оны зун санагдаж байна. Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Би гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гэртээ харьж амарсан. Тэр өдөр манай гэрт Анхжин болон эхнэр Отгонзул, хоёр хүүхэд байсан. Миний салсан эхнэр өглөө ажилдаа явахаар 07 цагийн үед гэрээс гараад явсан, гэрт манай хоёр хүүхэд үлдсэн. Тэр үед манай том хүүхэд 7 настай, бага хүүхэд 5 настай байсан. Би нэг мэдсэн чинь Анхжингийн оронд ороод, Анхжингийн хөх болон биеийг оролдчихсон хэвтэж байгаад гэнэт сэргээд болиод хажуугаас боссон. Би тэр өглөө нь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд орж амарсан болохоор хийсэн үйлдлээ санахгүй байна. Тэр үед Анхжинг оролдож, гэнэт сэргээд хажуугаас холдсон...” /хх-37-39/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Солонгын өгсөн: “...Манай охин Отгонзул нь нөхөр Оаас 2019 онд салаад тэрнээс хойш надтай 3 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа юм. Миний одоо санаж байгаагаар Отгонзул нь нөхөр Оаас 2019 оны 05 дугаар сард салсан. Учир нь манай охин тэр үед жирэмсэн байсан ба 6 сартай болчихсон. О нь эхнэр Отгонзулыг жирэмсэн болгочихсон байхад орхиод явсан ба О нь өөр хүнтэй хамт амьдраад тэр хүн нь мөн жирэмсэн болоод 2019 оны 12 дугаар сард төрсөн гэж байсан. Би тэр талаар огт мэдээгүй. Харин сая 2021 оны 01 дүгээр сард Анхжингийн ээж болон Отгонзул нар надад хэлээд цагдаагийн байгууллагад От гомдол гаргасан байгаа талаар хэлсэн. Х.Оын эхнэр Отгонзулаас салснаас дараа хүүхдүүд дээрээ баяраар ирдэг байсан. Намайг хүүхдүүдийг нь харж байхад О голдуу согтуу ирдэг байсан. Отгонзул нь Отай хамт амьдарч эхэлснээс хойш би энэ хоёртой нэг гэрт амьдарч байгаа...” /хх-50-53/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Эрдэнэгомбын: “...Би энэ талаар мэдээгүй. Харин сүүлд нь 2020 оны 09 дүгээр сарын эхээр байх Анхжин нь хичээл эхлээд удаагүй байхад гэртээ ирэхгүй алга болчихсон. Тэгэхээр нь маргааш өдөр сургууль дээр нь яваад очтол Анхжин нь хичээлдээ сууж байсан. Хичээлдээ сууж байхаар нь ангийнх нь багшаас түр чөлөө аваад Анхжинтай хаагуур явсан талаар асуухад тодруулахад ангийнхаа нэг охиныд очиж хоносон гэж мэдүүлсэн. Би Анхжинг чамайг одоо гэртээ ирэхгүй гадуур хоносон учир хороо орж эмэгтэйчүүдийн эмнэлэг орж үзүүлнэ гэж хэлэхэд Анхжин ааваа би танд нэг зүйл хэлчих үү гэхээр нь тэг тэг гэж хэлсэн чинь Отгонзул эгчийн нөхөр О ах намайг хүчиндсэн гэж хэлсэн..” /хх-56-58/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баярмаагийн өгсөн: “...Миний одоо санаж байгаагаар 8 дугаар ангид байхдаа О нь найзтайгаа нийлж байгаад хулгайн хэрэгт холбогдож байсан. Тэр цуг хулгайн хэрэг хийсэн хүүхдүүд нь тухайн үедээ маш олон хулгайн хэрэг хийж байсан. Харин миний хүү их итгэмтгий учир тэр хоёр хүүхэдтэй нийлж байгаад нэг хулгайн үйлдэлд хамтран оролцож байсан. Тэр байнга хэрэгт холбогдож байсан зүйл байхгүй. От өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. ..” /хх-61-64/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Одонгэрэлийн өгсөн: “...Х.О нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 2017 онд гэр бүл болоод дундаасаа 2 хүүхэд төрүүлсэн хамт амьдраад 4 жил болж байна албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Манай нөхөр Улаанбаатар хотод Өгөөмөр зах дээр машин засдаг юм. Манай нөхөр надтай суухаасаа өмнө зодооны асуудлаас болоод эрүүжүүлэхэд нэг удаа орж байсан гэж өөрөөс нь сонссон..” /хх-67-68/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №11644 дугаартай шинжээчийн “...Э.Анхжингийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Э.Анхжингийн охин хальсанд шинэ хуучин урагдал тогтоогдсонгүй. Э.Анхжингийнн охин хальс нь урагдалгүйгээр бэлгийн харьцаанд орж болох төрөлхийн бүтэц онцлогтой байна. Бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл байна. Цусны бүлэг BIII бүлэгтэй байна. Үтрээ, шулуун гэдэснээс эр бэлгийн эс үрийн шингэн илрүүлэх боломжит хугацаа нь өнгөрсөн тул шинжилгээ авсангүй. Э.Анжингийн бэлгийн бойжилт олсон байна..” /хх-83-84/ гэх дүгнэлт,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №355 дугаартай: “...Х.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.О нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Х.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Х.О нь хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-89-90/ гэх дүгнэлт,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-105-106/,

Насанд хүрээгүй хохирогч Э.Анхжингийн төрсний гэрчилгээ /хх-112/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Х.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Хохирогч Б.Анхжин түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхзул нь энэ гэмт хэрэгтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй. Хохирогч нь гэм хорын бусад хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Х.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Оын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал бага насны хүүхдийн эсрэг чиглэсэн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ их, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, дахин гэмт хэрэг үйлдэж, засарч хүмүүжээгүй хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүдэгчийн өмгөөлөгч зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.От 18 /арван найман/ жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт .”..Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт...” тооцсон тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд  хамрагдах  үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Х.О нь бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийг үргэлжилсэн үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От 18 /арван найман/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.От оногдуулсан 18 хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Оын цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Насанд хүрээгүй хохирогч Э.Анхжин, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Энхзул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                    Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                     Х.САНЖИДМАА