Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 718

 

 

 

 

 

 

 

 

 

 

   Д.Нд холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Н.Ундрах,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Т.Отгонтөгсийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3 дугаартай дүгнэлтээр Д.Нд холбогдох 1811001200068, 18080084100249 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хөх Ядамжав овгийн Дашцэрэнгийн Д.Н, Улаанбаатар хотод 1977 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2; дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 29-19 тоотод оршин суух хаягтай,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгүүлсэн,

2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял шийтгүүлсэн, /регистрийн дугаар: ХМ77042673/;

 

 Д.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1132 тоот, С.Эын байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Sharp” загварын зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлс хулгайлж, 287.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Нн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Нг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Нд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Отгонтөгс бичсэн дүгнэлтдээ: “Д.Н нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Ж.Энхбаатарын байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдсоныг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, 1123 дугаар шүүгчийн захирамжаар “яллагдагч Д.Н нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь 2018 оны 2 дугаар сард үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг бөгөөд нэг төрлийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн, нэг яллах дүгнэлт үйлдэх шаардлагатай үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Учир нь Д.Н Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрсэн байна. Иймд Д.Нн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалган нэг яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх шаардлагатай байх тул дүгнэлт бичсэн...” гэжээ.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Нд холбогдох хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх Чингэлтэй дүүрэгт яллагдагч нь гэмт хэрэгт шийтгүүлсэн байх тул уг хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь үндэслэлтэй гэж буцаасан. Прокуророос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн. Д.Нг 5 дугаар сарын 29-ний өдрийн 144 дүгээр шүүгчийн захирамжаар хорих байгууллагаас шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Шийдвэр гарах үед мэдэгдээгүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шинээр илэрсэн. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан Д.Нг цагдан хорих байгууллагад шилжүүлсэн асуудал байгаа учраас анхан шатны шүүхэд цагдан хорих хугацааг сунгуулахаар саналыг 2018  оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан боловч хэргийн материал байхгүй учраас хэлэлцэх боломжгүй талаар шүүх албан бичгээр хариу өгсөн. Иймд Д.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн 1811001200068 дугаартай хавтаст хэргээс үзэхэд Д.Н нь 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1132 тоот, С.Эын байшингийн цонхыг хагалан нэвтэрч “Sharp” загварын зурагт, 2 ширхэг хивс зэрэг эд зүйлийг хулгайлж, 287.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлжээ.

 

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 15-06 тоот Ж.Энхбаатарын гэрт нэвтэрч, “DVD” тоглуулагч, ууттай мах, хайруулын таваг, каблийн телевизийн хүлээн авагч зэрэг эд зүйлийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогдсон нь дээрх шүүхийн тогтоол гарсны дараа мэдэгдсэн байна.  

 

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл байдал буюу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болжээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг зохицуулсан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байна.

 

Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зохицуулалгүй орхигдуулснаас тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэгдэн, шүүхээр шийдвэрлэгдэж, хэд хэдэн шийтгэх тогтоол гарсан нөхцөлд шүүх ялуудыг нэгтгэж, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох хууль зүйн боломжгүй болсон.

 

   Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Нд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

   Хэрэг шүүхэд очтол Д.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Нд холбогдох эрүүгийн хэргүүдийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Хэргийг прокурорт очтол Д.Нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                     

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                                   Л.ДАРЬСҮРЭН

 

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН