Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 970

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Жаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00663 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Жаргал нь хариуцагч Б.Мэндбатад холбогдуулан,

Зээлийн гэрээний үүрэгт 4 147 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Жаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Мэндбаттай 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлүүлж, мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд 340 000 төгрөгийг миний дансаар төлсөн. Уг зээлээс үндсэн төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийн төлбөр дутуу байгаа. Мөн бизнес сайн байгаа, дахин 2 000 000 төгрөг зээлээч гээд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Өмнөх зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 60 000 төгрөг өгөх байсныг нь хасч тооцож, 1 940 000 төгрөгийг Б.Мэндбатын дансанд мөн өдөр шилжүүлсэн.

Хариуцагч Б.Мэндбатын ээж Ц.Дашжаргал 7 000 000 төгрөг зээлсэн ба хариуцагч нь нэхэмжлэгчийн бусдад өгсөн зээлийн эргэн төлөлттэй хольж хутгаж байгааг үндэслэлгүй. Хэрэв Ц.Дашжаргалын хувь илүү мөнгө төлсөн бол шаардах эрх нь нээлттэй. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлэхэд 3 050 000 төгрөг байсан. Улмаар зээлийн гэрээний эргэн төлөлтөд 1 946 000 төгрөгийг Б.Мэндбат миний дансанд шилжүүлсэн, уг төлбөрийг хасч үндсэн зээл 365 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 382 500 төгрөг, нийт 1 147 500 төгрөг өгөх ёстой.

Иймд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээний үндсэн зээл 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үндсэн үээл 365 000 төгрөг, хүү 400 000 төгрөг, алданги 382 500 төгрөг, нийт 1 147 500 төгрөг, дээрх хоёр гэрээний нийт төлбөрт 4 147 500 төгрөгийг хариуцагч Б.Мэндбатаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний ээж Ц.Дашжаргал өдрийн зээл гаргадаг Н.Уранчимэгээс 2014 оноос зээл авч, дараа нь охин Х.Жаргалаас мөнгө зээлдэг байсан. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж хугацаанд нь төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж миний бие төлж дуусгасан. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж төлсөн. 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөн 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж миний бие төлсөн. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлж ээж Ц.Дашжаргал төлсөн.

Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөг, 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж үндсэн мөнгө, хүүгийн хамт өдөрт 40 000 төгрөгийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 2 160 000 төгрөг төлсөн. Х.Жаргалаас дахин 2 000 000 төгрөг зээлэхийг хүсэхэд таны зээл бараг төлөгдсөн, зээлээс 60 000 төгрөг л үлдсэн, зээл авч болно гэхээр нь дахин 2 000 000 төгрөгийн зээл авах болж 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 60 000 төгрөгийг хасаад 1 940 000 төгрөг авсан. Тухайн өдөр 260 000 төгрөг шилжүүлж, 60 000 төгрөг өгөөд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээл хугацаанаасаа өмнө бүрэн дууссан. 2015 оны 03 дугаар сарын 26-ны зээлийн хувьд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 560 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 500 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 200 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөг төлөх байснаас 2 060 000 төгрөг төлсөн, одоо 340 000 төгрөг төлөх ёстой гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Жаргалаас 3 050 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлээгүй. 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийг бүрэн төлж, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр цөөхөн хэдэн төгрөг байгаа. 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам 31-720 тоот, 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай газрын гэрчилгээг барьцаанд тавьсан. 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Х.Жаргал 3 050 000 төгрөг өгөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн учир 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, газрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн хувьд маргахгүй, уг гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй тул барьцааны зүйлийг буцаан өгөхөд татгалзахгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Мэндбатаас 681 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 466 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Жаргал, хариуцагч Б.Мэндбат нарын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2265 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хожуулын ам 31-720 тоот 18654322463149 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч Х.Жаргалд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 255 төгрөгийн 81 310 төгрөг, хариуцагч Б.Мэндбатын төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 8 945 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Мэндбатаас 20 894 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Жаргалд олгож, нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Мэндбатад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Тухайлбал, иргэний эрх зүйн тус тусдаа үүссэн харилцааг нэгийг нөгөөд хамааруулан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 3 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үүрэгт 1 147 500 төгрөг, нийт 4 147 500 төгрөг нэхэмжлэхдээ Х.Жаргалын Хаан банкны дансаар Б.Мэндбатаас гэх утгаар орж ирсэн гүйлгээний төлбөрийг хасч тооцсон.

Гэтэл шүүх Х.Жаргал, Ц.Дашжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн дүнг нэгтгэн тооцож илүү төлсөн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ц.Дашжаргалын авсан зээлийг 5 000 000 төгрөг гэж буруу тогтоож, 5 удаагийн гүйлгээгээр 7 000 000 төгрөг зээлсэн нь баримтаар тогтоогдсон байхад илүү төлөлт 960 000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй.

Б.Мэндбат Х.Жаргал нар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж, 2015 оны 01 дүгээр сарын 31, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дүгнэж, төлвөл зохих дүнг 3 555 000 төгрөг гэж гарын үсэг зурж баталгаажуулсан нь Б.Мэндбат зээлийн үлдэгдэл төлбөрийг Х.Жаргалд төлөхөө ойлгож түүнийгээ хүлээн зөвшөөрч байсныг харуулж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3 358 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

Нэхэмжлэгч Х.Жаргал нь хариуцагч Б.Мэндбатад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 4 147 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг шаардлагаа 2015 оны 01 дүгээр сарын 31, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ тус бүрт үндэслэсэн байна.

Хариуцагч Б.Мэндбат нь дээрх шаардлагын 340 000 төгрөгөөс бусад хэсгийг эс зөвшөөрч, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 2265 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр зээлдэгч Б.Мэндбат нь зээлдүүлэгч Х.Жаргалаас 2 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,4 хувиар алданги тооцох тохиролцоог хийж, мөнгөн хөрөнгийг Хаан банкны дансаар шилжүүлсэн байна. /хх 37,38 тал/

Талууд 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дахин 2 000 000 төгрөгийг дээрх нөхцлөөр, алданги 0,5 хувь байхаар тохиролцож, зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгчийн дансаар 1 940 000 төгрөгийг зээлдүүлэгч Х.Жаргал шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй болно. /хх 36, 43 тал/

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хуулийн дээрх заалт болон талуудын байгуулсан гэрээгээр зээлдэгч тал зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн үндэслэл болох юм.

Хариуцагч Б.Мэндбатын хувьд 2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 400 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба хүүд 340 000 төгрөгийг төлсөн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул үндсэн төлбөр 2 000 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

Мөн 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг ёсоор үндсэн зээлдүүлэгчээс бодитоор шилжүүлсэн 1 940 000 төгрөг, хүү 388 000 төгрөг, нийт 2 328 000 төгрөг төлөхөөс Хаан банкны дансаар буцаан нэхэмжлэгчид буцаан төлсөн 1 635 000 төгрөгийг хасч тооцвол 693 000 төгрөг, үүнд алдангийг гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 50 хувиар хязгаарлаж 346 000 төгрөг, нийт 1 039 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тооцогдож байна. /хх 39-43 тал/

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэвэл дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Мэндбат нь нийт 4 039 500 төгрөгийг нэхэмжлэгч Х.Жаргалд төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж, 108 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдов.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг болон нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хэргийн оролцогч бус этгээдийн зээлийн төлөлтийг нэг бүрчлэн дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагчийн төлөх төлбөрийн дүнгээс хасч тооцсон атлаа нэхэмжлэгч Х.Жаргал, иргэн Ц.Дашжаргал нарын зээлийн харилцааг дүгнээгүй гэсэн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй болжээ.

Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл буюу 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ/2265 Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Өөрөөр хэлбэл, уг гэрээг тухайн өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон байгуулсан гэх боловч зээлийн гэрээний зүйл болох 3 050 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч бодитоор шилжүүлээгүй, зээлдэгч хүлээн аваагүй нь тогтоогдсон, зохигчид үүнд маргаагүй.

Иймээс нэгэнт үүрэг үүсээгүй гэрээний гүйцэтгэлийг барьцааны зүйлээр баталгаа болгон гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэлцэл гэх агуулгаар дүгнэж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээж байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/00663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “681 000” гэснийг “4 039 500” гэж, “3 466 500” гэснийг “108 000” гэж,

3 дахь заалтын “Б.Мэндбатаас 20 894” гэснийг “79 582” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА