| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2016/01538/И |
| Дугаар | 183/ШШ2017/01229 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2017/01229
| 2017 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2017/01229 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 30 дугаар гудамжны 624 тоотод оршин суух Батхаан овогт Баттулгын Мөнхгэрэл /РД:УЧ88070220/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хөдөлмөрийн ордон байранд байрлах Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/204 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Баттулга овогтой Мөнхгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал гарч ажлаас халагдсан ба энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие тус байгууллага (хуучин нэр нь: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв)-д анх Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний албаны Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтнээр 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр орж хөдөлмөрийн гэрээний үндсэн байнгын ажлын байранд ажиллаж байсан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 08 сарын 24 өдрийн 55 тоот тогтоол гарч манай байгууллагыг татан буулгасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Улмаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 31 хоногийн дараа тушаал гарч үүрэгт ажлаас чөлөөлсөн. Миний бие 8 сар гарантай жирэмсэн бөгөөд уг тушаал гарахаас өмнө хөдөлмөрийн тухай хуулийн дагуу жирэмсний амралт авах хүсэлтээ гаргасан байсан боловч жирэмсэн намайг ажлын байр хадгалагдаж байхад ажлаас халсан ба энэхүү шийдвэр хүндээр тусч байна. Нөгөө талаас Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон зохицуулалт өнөөдрийг хүртэл хэвээр мөрдөгдөж байгаа ба намайг ажлаас үндэслэлгүйгээр, хууль бусаар халсан гэж үзэж байгаа болно. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд минь эргүүлэн томилох шийдвэр гарган, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газар нь шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Б.Мөнхгэрэл нь 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний албаны Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон байх бөгөөд 2015 оны 07 сарын 01- ний өдөр тус төвийн захирал Г.Билэгсайхантай хөдөлмөрийн гэрээ байгуулж Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэсд Архивын эрхлэгч гэсэн албан тушаалд томилогдсон байна. Ингээд ажиллаж байх хугацаанд нь Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гарч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь ажлаас чөлөөлөгдөх үедээ 8 сартай жирэмсэн байсан гэсэн боловч жирэмсний амралт авахаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд хүсэлт ирүүлж байсан баримт, өргөдөл байхгүй байна. Манай газрын зүгээс зөвхөн Засгийн тогтоол, шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэн Б.Мөнхгэрэлийг ажлаас чөлөөлсөн, уг ажиллаж байсан байгууллага нь татан буугдаж байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Нэхэмжлэгч тал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016.10.03-ны өдрийн Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх” тухай тушаал гарч, шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн доорхи дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж мөн ихэсгэж байна. Хөдөлмөрийн тухай хуулинд жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон зохицуулалт өнөөдрийг хүртэл хэвээр мөрдөгдөж байгаа ба нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр, хууль бусаар халсан гэж үзэж байгаа болно. Миний бие Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллаж байгаад ажил олгогч талын гаргасан шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нярай хүүхдээ асарч байгаа ба эдийн засгийн хүндрэлтэй үед сэтгэл санаа, санхүүгийн хувьд ажил олгогчийн шийдвэр хүндээр тусч байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд минь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гарган зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15.3, 9.5 дахь хэсэгт заасны дагуу ажиллаж байсан улсын төсөвт үйлдвэрийн газар нь Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдсан. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч байгууллага нь ажилтнуудад мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлөх ёстой байтал Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дарга С.Чойноров нь ажилтнуудаа манай байгууллагад шилжүүлэхээр хууль зөрчсөн, тамга тэмдэг байхгүй тушаал гаргасан байсан. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай ерөнхий газарт албан тоот явуулж Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажилтнуудад мэдэгдэл өгч ажлаас чөлөөлөхийг үүрэг болгосон. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.1, 8.3.1 дэх заалтад заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр, Засгийн газрын тоггоолыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй тул Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтнуудад мэдэгдэл өгч, ажпаас чөлөөлсөн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1-д зааснаар ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлэх тул нэхэмжлэгчийн ажил олгогч талын гаргасан шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн гэж нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага зөвхөн дээд шатны захиргааны төв байгууллагын өгсөн үүрэг, Засгийн газрын тогтоолыг биелүүлж ажилласан бөгөөд нэхэмжпэгч Б.Мөнхгэрэлтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цалин хөлс олгож байгаагуй тул ажил олгогч биш. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд хэрэгжүүлэгч чиг үүрэгтэй байгуулагдсан Засгийн газрын тусдаа бие даасан агентлаг бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчид үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь Улсын төсөвт үйлдвэрийн газар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хэрнээ ямар хуулийн үндэслэлээр манай агнетлагийг ажил олгогч гэж үзэн шүүхэд хариуцагчаар татсан нь ойлгомжгуй, нэхэмжпэлийн үндэслэлдээ дурдаагүй, нотлох баримтууд гаргаж өгөхгуй байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор татан буугдахаас өмнө манай агнетлаг Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан бөгөөд ямар нэг төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газраас эрх залгамжилсан, ажлын чиг үүрэг, албан тушаал шилжиж ирсэн зүйл байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөх, татан буулгах, эрх залгамжлуулах асуудлыг гагцхүү Засгийн газар тогтоол гаргаж шийдвэрлэх бөгөөд ийм тогтоол шийдвэр гараагүй байна. Нэхэмжлэгч тал үндэслэлдээ жирэмсэн байсан гэдгээ дурдсан боловч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв татан буугдсан, эрх залгамжлаагүй, түүнчлэн жирэмсэний амралт олгосон ажил олгогчийн тушаал байхгүй байсан тул манай байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Б.Мөнхгэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч, ажил олгогч байгуулллага нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар биш зөвхөн дээд шатны төрийн захиргааны төв байгууллагын үүрэг даалгавар, Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг биелүүлж ажилласан, ажилтнуудын тушаалыг гаргаж, цалин тэтгэмжийг олгож эрх ашгийг нь хамгаалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь 2016 оны 01 дүгээр 23-ны өдрөөс Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн ажиллах хүчний шилжих хөдөлгөөний албаны гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын №55 дугаар тушаал гарч тухайн ажиллаж байсан байгууллагыг нь татан буулгасан үндэслэлээр ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/204 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгч нь ажлаас халагдах үедээ 8 сартай жирэмсэн байсан ба жирэмсний амралтаа авах гэж байсан. Ажил олгогчоос бид дээд шатны байгууллагын тушаалыг гүйцэтгэж ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1, мөн хуулийн 40.1-т заасны дагуу таныг халсан хэмээн мэдэгдсэн байдаг. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой, гэтэл мэдэгдээгүй. Мөн Засгийн газрын №55 дугаар тогтоолоор тухайн байгууллагын зарим чиг үүргийг нэгтгэсэн гэж ярьж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн эрхэлж байсан мэргэжилтний чиг үүрэг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт байж байна. Тэгэхээр хуульд заасан чиг үүрэг өөрчлөгдөөгүй гэсэн үг. Мөн энэ байгууллага улсын бүртгэлийн ерөнхий газарт татан буугдсан гэсэн мэдээлэл огт байдаггүй. Цаашаа эрх залгамжлаад явсан байна. Засгийн газрын №55 дугаар тогтоолд заасны дагуу эрх үүрэг нь шилжсэн, зарим нь хуваагдсан. Өөрөөр хэлбэл судалгааны ажилчид институт руу шилжсэн байдаг, харин нөгөө газарт нь ямар эрх үүрэг шилжсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Манайх хариуцагч биш гэж байгаа боловч Хөдөлмөрийн хуулийг баримтлаад тушаал гаргаад ажлаас чөлөөлсөн учир хариуцагч мөн. Иймд нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/204 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд минь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Б.Мөнхгэрэл нь Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №55 тоот тогтоолоор түүний ажиллаж байсан байгууллага татан буугдсан. Төрийн өмчийн хувьцаат компани нь татан буугдах эсэх асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэнэ гэсэн байдаг. Гэтэл Засгийн газрын тогтоолыг зөрчиж тус байгууллагын даргаар ажиллаж байсан Чойноров 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ажилтнуудыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн шийдвэрийг гаргасан. Энэ нь эрх зүйн үр дагаваргүй тушаал болсон. Чойноров нь 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тамга тэмдэгээ хураалгачихсан байсан мөртлөө ямар ч тамгагүй тушаал гаргасан байдаг. Засгийн газрын 57 дугаар тогтоолыг биелүүлж ажилла гэж мэдэгдсэн байдаг. Иймд 10 дугаар сарын 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эдгээр хүмүүсийг ажлаас нь халсан. Бид эдгээр хүмүүсийн эрхийг зөрчөөгүй харин ч эрхийг нь хамгаалсан. Учир нь тухайн газар нь 8 сард татан буугдсан ба 9, 10 дугаар сард ажил хийхгүй мөртлөө цалин бодогдоод явж байсан л даа. Татан буугдсаны дараа гэнэт н.Чойноров 89 хүнийг шилжүүлээгүй бол эдгээр хүмүүсийн цалин бодохгүй, үндэслэлгүйгээр цалин олгогдохгүй байсан. Эрх залгамжлах асуудлыг зөвхөн Засгийн газрын тогтоолоор шийддэг. Ажлын байрны нэр, орон тоо адилхан байгаа учир эрх шилжсэн байна гэж байгаа боловч нэг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт ажилладаг төрийн захиргааны албан хаагч юм. Гэтэл энэ хүний ажил нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан. Татан буулгасан бол жирэмсэн гэсэн зохицуулалт үйлчлэхгүй. Улсын бүртгэлийн лавлагааг харахад эдгээр хоёр газар нь хоёулаа төрийн өмчит компани юм. Мөн манай нэрийг буруу бичсэн байсан тул архивын газарт очиж алдааг нь засуулж авсан. Агентлаг гэж явдаггүй л дээ. Нэхэмжлэгч нь Төрийн үйлчилгээний алба гэх зэрэглэлээр цалинждаг, ажлын байрны нэр адилхан байж болно, гэхдээ нэг нь одоо бол төрийн захиргааны алба болсон, хуучин төрийн үйлчилгээний алба гэх статустай байсан. Татан буугдсанаас хойш 1 сарын дараа үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн байдаг. н.Чойноров даргын тамгагүй тушаалыг бариад хууль зүйн үндэслэлгүй зүйл ярьж байна. Нэхэмжлэгч нь нярай хүүхэдтэй хүндэтгэн үзэх шалтгаан мөн, гэхдээ манайд ямар ч хамааралгүй хүнийг ажилд авна гэдэг нь боломжгүй зүйл. Бид 45 хоногийн өмнө хуучин энэ байгууллагын ажилтнуудыг бөөнөөр нь халсан зүйл байхгүй, судалгааны ажилчид нь институт рүү шилжсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/204 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулахыг хүссэн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хангах үндэсгүй гэж шүүх үзлээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/204 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийг Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Төрийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтсийн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх ба уг тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-5-7/
Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгож өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд уг тогтоолын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвд ажиллаж байсан судалгааны ажилчид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт руу шилжиж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн хэрэгжүүлж байсан бусад чиг үүргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжсэн, эрх залгамжлан авсан байдал тогтоогдохгүй байна. /хх-22-29/
Нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийн ажиллаж байсан “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буулгасан атал тус төвийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар зарим чиг үүрэг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн үндэслэлээр нэр бүхий 88 ажилчдыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна. /хх-122/
Учир нь Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол гарч “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгах шийдвэр гарсанаар тус төвийн захирлын эрх хэмжээ дуусгавар болсон байхад эрх зүйн үр дагавар бүхий тушаал гаргасан нь хууль зөрчжээ.
Иймд хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийн чиг, үүргийг залгамжлуулаагүй, хариуцагч нь нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулж байгаа ажил олгогч биш атлаа нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгч Б.Мөнхгэрэл нь 8 сар гарантай жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн эсэхийг шалгавал жирэмсэн эмэгтэйг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-т зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглосон байх ба Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор түүний ажиллаж байсан “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв” татан буугдсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ. /хх-51-53/
Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Засгийн газрын хэрэгжлүүлэгч агентлагийн эрх хэмжээтэйгээр байгуулсан байх бөгөөд байгууллагын орон тоо, ажлын байрын чиг үүргийг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/15 дугаар тушаал болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар баталсан байна. /хх-43-47, 60-88, 129-131/
Тус байгууллагын бүтцэд ажиллах хүчний шилжих хөдөлгөөний хэлтэс байгуулагдаж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан 3 мэргэжилтэн ажиллах бөгөөд тэдгээр нь төрийн захиргааны албан хаагч байхаар батлагдсан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын орон тоо, бүтцэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаал мөн л хэвээрээ батлагдсан учир гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах төрийн чиг үүрэг өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлгүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж мэтгэлцсэн боловч “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийн харьяалал, өмчлөгч өөрчлөгдөөгүй харин татан буугдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Хэдийгээр улсын бүртгэлд татан буугдсан талаарх мэдээлэл бүртгэгдээгүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байгаа боловч “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгасан Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар зохигчид маргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д зааснаар Засгийн газар нь төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна. /хх-153/
Иймд нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэлсэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын Б/204 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэгч Б.Мөнхгэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдддөг тул түүний төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР