Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/941

 

 

 

 

 

 

 

   2021        08          25                                  2021/ШЦТ/941

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэй,

   нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

    иргэдийн төлөөлөгч Н.Хишиг-Орших,  

          улсын яллагч А.Сайнбаяр,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэл, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

          шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Б.Манлайжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Лд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1142 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч П.Л нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Түмэн төмөр” ХХК-ний хашааны баруун талын гудамжинд 22 цагийн орчим иргэн Р.Энхбаатартай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой руу нь цохих өшиглөх зэргээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Би гэм буруу дээрээ маргахгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэл мэдүүлэхдээ: “...2021 оны 05  дугаар сарын 21-ний өдөр Л нөхөр хоёр маань зэвсэгт хүчний 032 дугаар ангиас дотоодын цэргийн 805 дугаар анги руу шилжих гэж байсан. Энэ хоёрын тушаал гарсан байсан. Энэ хоёр хоорондоо байнга ярьдаг, дотно найз, он жавууд. Би Лтой цуг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан. Тэр өдөр манай нөхөр тойрохоо зуруулах гэж яваад гэртээ буцаж ирээгүй. Явах гэсэн манай он жавууд уулзаад явуулахгүй байна. Ингэс хийж байгаад харина гэж 19 цагийн үед устаар ярьсан. 23 цаг 30 минут болж байхад нөхрийгөө ирж байна уу гэж асуух гээд залгатал утсаа авахгүй байсан. Би хэд хэдэн удаа залгасны дараа Л утсыг нь аваад найзаа маш том хэрэг тарьсан. Энхбаатар ухаан алдаад унасан амьсгалахгүй байна гэж хэлсэн. Би яваад очиход манай нөхөр машиныхаа хажууд дээшээ хараад хэвтсэн, Л цагдаагийн машинд сууж байсан. Л найз нь ямар ч буруугүй шүү гэж хэлсэн. Би түүнд нь итгэсэн. Гэтэл дараа нь камерын бичлэг шүүгээд үзэхэд ийм зүйл болсон байна. Би өнөөдрийг хүртэл итгэхгүй байна. Л миний ханийн хамгийн сайн найзуудын нэг нь юм. Хамгийн их гомдож байгаа зүйл нь тэнд ямар ч харилцан зодоон болоогүй. Л миний нөхрийг өөртөө хүргээгүй байсан. Би хэргийн талаар үүнийг л мэдэж байна. Бид хоёр өмнө жилийн 09 дүгээр сард байрны урьдчилгаа өгөөд улсын онцгой комисс хүлээж аваагүй байранд орсон. Түүнийг хүлээж байна. Манай хүн цалингаараа лизинг хийгээд би батлан даана гэсэн бодолтой байсан. Одоо ганц хүнд ямар ч байрны зээл гарахааргүй болсон байна. Би тийм ийм хэмжээтэй гэж  мөнгө төгрөг Лтой ярихгүй. Миний ханийг ямар ч хүн хэчнээн зуун тэрбум төгрөг өгсөн ч орлохгүй. Би ийм тийм хэмжээ гэж хэлэхгүй. Гэхдээ өөрийнх нь ухамсарт орхино. Би нөхрийнхөө амь насыг тэдэн төгрөг гэж мөнгөөр үнэлэхгүй ...Маш их гомдолтой байна. 10 жилээс бага ял өгөхийг зөвшөөрөхгүй ...” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-03/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17-38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэлийн мэдүүлэг /1хх-85-89/, гэрч Б.Мөнгөн-Одын өгсөн мэдүүлэг /1хх-101-102/, гэрч Д.Хурцгэрэлийн мэдүүлэг /1хх-104-105/, гэрч Ч.Энхтүвшингийн мэдүүлэг /1хх-164-166/, гэрч Ш.Түвшинбаатарын мэдүүлэг /1хх-111-114/, гэрч А.Одмаагийн мэдүүлэг /1хх-129-131/, гэрч Б.Наранбаатарын мэдүүлэг /1хх-120-123/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /хх-142-145/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №958 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-197-201/, шүүгдэгч П.Лгийн ажил байдлын тодорхойлолтууд /1хх-202, 3хх-3-4, 14-19, 97-147/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэлийн данс руу 20.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч П.Л нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Түмэн төмөр” ХХК-ний хашааны баруун талын гудамжинд 22 цагийн орчим иргэн Р.Энхбаатартай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгой руу нь цохих өшиглөх зэргээр зодож алсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-03/, 

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17-38/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэлийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа явсан амь хохирогч Р.Энхбаатар хоёр хүүхдийн хамтаар гэртээ үлдсэн. Намайг ажил дээр байж байхад 08 цаг 36 минутын орчим над руу чат бичсэн. 805 дугаар ангиас тушаал гарсан тойрохоо зуруул гэж байна гэж хэлсэн. Түүнээс хойш 12 цагийн орчим над руу утсаар залгаад тойрохоо зуруулах гэсэн чинь тушаал гарсан хэр нь Жанжин штабаас тушаал ирээгүй байна би гэртээ хариад хоёр хүүхдэдээ хоол хийж өгчхөөд буцаад ирье гэж хэлсэн. Дахиад байж байгаад цагийн дараа над руу залгаад тушаал анги дээр ирчихсэн байна явж тойрохоо зурууллаа гэж хэлээд утсаа салгасан. 16 цагийн орчим амь хохирогчийн 88012081 гэсэн дугаарын утас руу залгасан хүүхдийн чинь зуны даалгаврыг багш нь өгч байна очоод авчих гэсэн чинь тойрохоо зуруулаад талдаа явж байна. П.Лгоор үлдсэнийг нь зуруулаад би очоод хүүхдийн даалгаврыг авчъя гэж хэлсэн. 17 цагийн орчим над руу утсаар залгаад хүүхдийнхээ даалгаврыг авчихлаа буцаад анги дээр ирж байна гэсэн. 17 цаг 50 минутын орчим шиг санагдаж байна. Амь хохирогчийн утас руу залгасан чинь нэвтрэх үнэмлэхээ гэртээ орхичихсон болохоор нууцын дарга гарын үсэг зурсангүй бусад нь болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би “одоо харих гэж байна уу” гэсэн чинь “одоо харилаа” гэж хэлсэн. Ингээд би 19 цагийн орчим дахиад залгасан амь хохирогчийг ангиас гараад явж байна одоо гарлаа гэж хэлсэн. Түүнээс хойш 19 цаг 50 минутын орчим утас руу нь залгаад хаана байгаа нь гэсэн чинь хань нь энэ ангид 14 жил болсон хүн болгон явах гэж байгаа юм уу гаргаж өгье гээд байна хань хүнээс зугтааж байгаа юм шиг алба хаагаагүй захирагч надад 10 жилийн медаль гардуулж өглөө гэсэн би хоёр хүүхэд хүнгүй байхад хүүхэд рүүгээ харихгүй гээд уурлаад утсаа салгасан. Түүнээс хойш минутын дараа би өөрөө буцаагаад залгасан би нөхрийгөө өрөвдөөд олон жил алба хаасан юм чинь за за миний хань тайван яв би хоёр хүүхэд рүүгээ явлаа гэсэн. Хэн хэнтэй байгаа нь гэсэн чинь он жавууд нь гаргаж өгч байгаа юм байна гэж бодоод хань нь дахиад залгахгүй гэсэн чинь за за ханиа хайртай шүү ханиа баярлалаа гэж хэлээд дахиж залгаагүй тэгээд би гэр рүүгээ явсан. Би өөрөө залгахгүй гээд хэлчихсэн учраас араас нь нэг ч удаа залгаагүй. 23 цаг 30 минутын орчим амь хохирогчийн утас руу залгасан чинь утсаа авахгүй салгаад байсан. 23 цаг 32 минутад залгасан чинь амь хохирогч биш П.Л утсыг нь авсан. Найз нь том хэрэг тарьсан танай хүн амьсгалахгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ яг хаана байна юм бэ гэсэн чинь ангийн ард талд Түмэн төмрийн ар талд байна. Тэгээд би гэрээсээ гараад яваад очсон чинь гудамжинд миний ханийн машин хажуу талд амь хохирогч газар дээшээ харсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Би тухайн үед хэн хэн байсан гэдгийг мэдээгүй яг хэргийн газар намайг оруулахгүй байсан би итгэхгүй ухаан алдчихсан байх гэж бодоо тэнд байсан хүмүүст сайн чагнаж үзээд гэж хэлсэн чинь сувилагч хувцастай эмэгтэй нас барсан байна гэж хэлсэн. Харахад дух болон нүүрэн хэсэг нь цус болчихсон байдалтай байсан. Цагдаагийн машин байхаар нь хаалгыг нь татсан чинь П.Л сууж байсан миний ханийн барьж байсан гар утсыг нь өгсөн. Юу болсон талаар асуусан чинь бид хоёр том хэрэг тарьчихлаа гэж хэлсэн өөр юм хэлээгүй. Миний таньдгаас Хурцгэрэл байсан бусад хүмүүсийг нь танихгүй намайг тайван байгаараа гэж хэлсэн бусад нь ямар нэгэн юм хэлээгүй. Манай ах дүү нар намайг машинд суулгаад амь хохирогчийн байсан газар руу нь ойртуулаагүй ерөнхийдөө тиймэрхүү зүйл болсон. Өдөр намайг ярихад эрүүл байсан. Харин орой 19 цаг 52 минутад залгахад жаахан архи уусан бололтой мэдэгдэж байсан. Машинтай явж байсан учраас машинаа яах гэж байгаа юм бэ гэсэн чинь хүнээр бариулаад очсон...” /1хх-85-89/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнгөн-Одын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр би ажлын газрын Энхбаатар, Баасанжаргал, Алтантөр, Наранцэцэг гэх хүмүүстэй хамт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Бид нар хамтдаа архи ууж байгаад 19 цагийн орчимд манай ажил тарна гэхээр нь ажил тарах цагаар ажил дээр хувцсаа солиод гараад явсан би гарч явахдаа хэнтэй хамт явсан гэдгээ мэдэхгүй байна тухайн үед би их хэмжээний согтолттой байсан. Тухайн үед Энхбаатар, Л, Бат-Эрдэнэ, Л Түвшинбаатар гэх хүмүүстэй архи хувааж ууж байснаа санаж байна. Би машин дотор тасарсан байсан ба намайг нэг хүн бос бос гэж босгоод шууд цагдаагийн хэлтэс дээр аваад ирсэн..” /хх-101-102/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Хурцгэрэлийн өгсөн: “...Би тухайн үед нилээн согтсон байсан ба намайг нэг харахад Энхбаатар Л хоёр маргалдаад барьцалдаж аваад нэг нэгнийхээ дээр гараад зодолдоод байсан. Би очоод салгах гэсэн боловч хүчрээгүй. Манай бусад хүмүүс Л Энхбаатар хоёрыг салгасан. Бид нар дээр 032 дугаар ангийн тасгийн дарга Батбаяр ирээд намайг аваад явсан. Намайг шалган дээр ирэхэд цагдаа нар чи Бат-Эрдэнэтэй зодолдсон байна. Одоо ямар нэгэн гомдол санал байна уу гэхэд надад гомдол байхгүй гэсэн...” /1хх-104-106/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Энхтүвшингийн өгсөн: “...П.Лгийн утас руу залгахад архи уусан шинжтэй байсан гэхдээ айхтар согтуу байгаагүй би согтчихсон бол дууг нь мэддэг ярьсан чинь одоо тарах дөхөж байна гэж хэлсэн. Би очоод авах уу гэсэн чинь Энхбаатарын машинтай явж байгаа хүргэж өгөхгүй бол болохгүй Энхбаатар ирээд авчих гэж хэлсэн. Чи согтуу байгаа бол машин барьж болохгүй шүү гэсэн чинь ангиас хүн дуудчихсан байгаа одоо ирж байгаа гэж хэлсэн. Түүнээс хойш 22 цаг өнгөрч байхад утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь Энхбаатар гэх хүний утасны дугаарыг нь олоод залгасан чинь утсаа авахгүй байж Л утсыг авсан яг цагийг нь хэлж мэдэхгүй байна. Л надад хэлэхдээ хамт архи ууж байсан нэг хүн маань өнгөрчихлөө гэж хэлсэн...” /1хх-163-166/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Түвшинбаатарын өгсөн “...Бид нар нэг шил архи хуваагаад ууж байж байгаад Бат-Эрдэнэ, Хурцгэрэл хоёр хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь бид нар салгаад байж байхад Л, Энхбаатар хоёр хоорондоо маргалдсан. Тэр хоёр маргалдахдаа зодолдсон асуудал байхгүй бид нар салгасан. Тэд нарыг салгаад Наранбаатар бид хоёр үлдсэн архиа хоёулаа хуваагаад ууя наад хэд чинь ууж чадахгүй юм байна гээд нэг нэг татаад байж байхад цагдаагийн машин ирсэн. Бичиг баримт байна уу гээд миний бичиг баримтыг шалгаж үзээд наад хүмүүсээ 10 минутын дараа ажлын үүдэн дээр яваад оч гэсэн тэгэхээр нь тэнд байсан хүмүүсийг булан тойруулаад дараагийн гудамжинд аваачсан. Ангийн үүдэн дээр цагдаагийн алба хаагчийг ирэхийг хүлээгээд байж байхад 032 дугаар ангийн харуулын даргаар гарч байсан ахлагч Батбаяр гэх залуу бид нарын байсан газарт очоод ирлээ Энхбаатар өнгөрсөн байна ш дээ та нар наанаасаа битгий яваарай гээд түргэн тусламж болон ангийн эмчийг дуудсан гэж хэлсэн. Тэгээд бид нар ангийн үүдэнд байж байгаад Энхбаатарын байсан гэх газарт эргээд ирэхэд цагдаагийн албан хаагч нар ирсэн байсан...” /1хх-111-114/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Одмаагийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Миний бодож байгаагаар 23 цагийн орчимд манай шалганы жижүүр ахлагч Д.Содномцэрэн манай өрөөний хаалгыг хүчтэй тогшоод тэнд хүн ухаан алдсан байна яаралтай цүнхээ аваарай гэхээр нь би цүнхээ аваад 032 дугаар ангийн шалганы хашаанаас гараад Хангай дэлгүүрээр тойроод гэр хорооллын гудамж руу орсон. Гэр хорооллын гудамжинд нэг машины хажууд манай 032 дугаар ангид харуулын даргаар ажиллаж байсан ахлах ахлагч Энхбаатар нь цээж хэсэг нь ил гараад шаварт зууралдсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би Энхбаатарын шууны судаснаас зүрхний цохилтыг тэмтрэх гэсэн боловч тэмтрэгдэхгүй байсан учир гүрээний судсыг тэмтрэхэд мөн мэдэгдэхгүй байсан тул өөрийнхөө гар утасны гэрлийг асаагаад хүүхэн харааг шалгаж үзэхэд хүүхэн хараа өргөссөн байсан учир цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийг дуудсан. Түргэн тусламж дуудахад цэргийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн эмч Баярхүү гэх эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн..” /1хх-129-131/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранбаатарын өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Цэргийн цагдаагийн ротын ахлах ахлагч Р.Энхбаатар /амь хохирог/, ахлах ахлагч П.Л, ахлах ахлагч Ш.Түвшинбаатар нарын шилжих тушаал гарсан. Р.Энхбаатар, П.Л хоёр Дотоодын цэргийн 805 дугаар анги руу, Ш.Түвшинбаатар нь дотоодын цэргийн 809 дүгээр анги руу шилжих ажиллах тушаал гарсан. Манай цэргийн цагдаагийн рот 19 цагийн орчимд ажил тараад гэр рүүгээ явах гэж байхад ахлах ахлагч Р.Энхбаатарын саарал өнгийн /дугаарыг нь сайн санахгүй байна/ приус-20 загварын тээврийн хэрэгсэл Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах Хангай захын зогсоол дээр байсан. Намайг очиход тээврийн хэрэгсэл дотор ахлагч Д.Хурцгэрэл, ахлагч Э.Бат-Эрдэнэ, ахлагч Ш.Түвшинбаатар нар архи ууж байсан. Надад Ш.Түвшинбаатар 7000 төргөн өгөөд Хангай зах руу ороод 1 шил архи авад ир гэсэн. Би Хангай зах руу ороод 0.75 литрийн Экс нэртэй архи, 2,5 литрийн Панда ундаа авсан. Буцаж ороод бид 7 нөгөө архиа хувааж ууж байгаад архиа дуусгаагүй үлдээсэн. Ш.Түвшинбаатар согтуу Р.Энхбаатарын тээврийн хэрэгслийг унаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо өлгийн 4 дүгээр гудамжинд зогссон. Тээврийн хэрэгсэлтэйгээ гудамжинд зогсоод үлдсэн архиа бүгдийг нь хувааж уусан. Тэгтэл Бат-Эрдэнэ, Хурцгэрэл хоёр машинаас буугаад маргалдсан. Маргалдахдаа би чамаас түрүүлж ирсэн. Чи миний хойно Зэвсэгт хүчний 032 дугаар ангид томилогдож ирсэн гээд оны ялгаа гарах гээд муудалцаад нэг нэгнийгээ заамдаад байсан. Эхлээд Хурцгэрэл Бат-Эрдэнийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон ба Бат-Эрдэнэ буцаад Хурцгэрэлийг цохиод зодоон болсон. Тэгэхээр нь Түвшинбат бид хоёр Бат-Эрдэнэ, Хурцгэрэл хоёрыг салгасан. Тухайн үед Хурцгэрэлийн хамраас Бат-Эрдэнийн уруулаас цус гоожоод байсан. Мөнгөн-Од нэлээд согтуу машинд унтчихсан байсан ба Энхбаатар машинд сэрүүн сууж байсан. Харин П.Л бид дөрвийн хажууд зогсож байсан. Удалгүй Энхбаатар машинаас бууж ирээд Хурцгэрэлийг аваад гудамжны баруун тийшээ ойролцоогоор 6-8 метр явсан. П.Л, Хурцгэрэл, Энхбаатар хоёрын араас очсон. Намайг нэг харахад П.Л Энхбаатарыг гудамжны тогтоол ус руу түлхээд унагасан. Энхбаатар тогтоол уснаас гарч ирээд П.Лтой барьцалдаж аваад хоёулаа тогтоол ус буюу шавхайны хажууд унацгаасан. Л дээр нь гарчихсан. Энхбаатар доор нь хэвтэж байхаар нь би очоод П.Лг Энхбаатарын дээрээс татаад авсан. Бат-Эрдэнэ, Түвшинбаатар хоёр хажууд байсан. Удалгүй цагдаагийн алаг тэрэг хүрээд ирсэн ба дүрэмт хувцастайгаараа Түвшинбаатар, Бат-Эрдэнэ хоёр очиж уулзсан. Удалгүй Түвшинбаатар, Бат-Эрдэнэ хоёр ирээд бид хоёрыг бичиг баримтыг авчихлаа, цагдаа нь анги дээр хүрээд ир гэж байна гэсэн. Түвшинбаатар, Бат-Эрдэнэ хоёр Зэвсэгт хүчний 032 дугаар анги руу явсан. П.Л, Энхбаатар, Хурцгэрэл бид дөрөв Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 04-54 тоот манай хашаа руу явсан. Мөнгөн-Од машинд унтаж байсан учир тээврийг хэрэгслийг гаднаас нь түгжээд түлхүүрийг нь би авсан. Удалгүй манай ангийн харуулын дарга ахлагч Батбаяр бид нар дээр ирээд цагдаа нар Хурцгэрэлийг авч ир гэж байна гэсэн. Тэгэхээр нь Хурцгэрэл, Түвшинбаяр бид гурав Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн шалган нэвтрүүлэх байранд очсон. Харин П.Л Р.Энхбаатар хоёр Өлгийн 04 дүгээр гудамжинд манай хашааны гадна үлдсэн. Би харуулын дарга ахлагч Батбаярт Энхбаатарын тээврийн хэрэгслийн түлхүүрийг Энхбаатар. П.Л хоёр руу явуулсан. Би 032 дугаар ангийн замын эсрэг талын Хас банкны АТМ орчхоод араас очтол Энхбаатар тээврийн хэрэгслийнхээ баруун талд дээшээ хараад хэвтчихсэн. Манай ангийн сувилагч ирчихсэн. Энхбаатарыг үзэж байгаад ямар пульс байхгүй байна. Яаралтай түргэн тусламж дууд гэсэн. Энхбаатарын үзэж байгаад хажууд П.Л Батбаяр хоёр зогсож байсан. Удалгүй яаралтай түргэн тусламжийн эмч ирээд Р.Энхбаатарын нас барчихсан байна гэсэн. Цагдаа нар хэрэг болсон газар хамгаалалтын тууз татаад үзлэг хийсэн...” /хх-120-123/ гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №958 дугаартай шинжээчийн “...Талийгаачийн биед тархины битүү гэмтэл буюу их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зулайн, хуйх, зүүн нүдний алимны салст, доод уруул, хүзүү, зүүн мөр, зүүн суга, баруун суга, зүүн бугалга, цээжинд цус хуралт зүүн нүдний гадна булан баруун хацар зүүн хацар эрүү хүзүү баруун тохой баруун шуу баруун бугуй зүүн тохой зүүн шуу, зүүн сарвууны чигчий хуруу, цээж, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөгт баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь амьд үед үүснэ. Дээрх их, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Духанд шарх, зөөлөн эдийн няцрал, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь тархины хоёр тал бөмбөлгийн аалзан халтсан дотор тархмал цус харваж нас баржээ...” /1хх-197-202/ гэх дүгнэлт,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаярын өгсөн: “...Хурцгэрэлийг шалган нэвтрүүлэх байранд аваад ирээрэй гэсэн. Түвшинбаатар миний араас хүрээд ирсэн байсан. Түвшинбаатарыг Л талийгаач Энхбаатар нартай үлдчих гээд шалган нэвтрүүлэх байрандаа ирсэн. Тэгтэл удалгүй араас Хурцгэрэл, Наранбаатар, Түвшинбаатар нар нь шалган нэвтрүүлэх байранд ирчихсэн байсан. Энхбаатар, Л хоёрыг согтуу хашаа налаад байж байсан болохоор Энхбаатарын тээврийн хэрэгслийн түлхүүрийг Наранбаатараас аваад буцаад нөгөө гудамжиндаа очсон. Намайг очиход Энхбаатарын тээврийн хэрэгслийн ойролцоох хэсгээс Л гараад баруун тийшээ алхаж байсан. Би очоод нэрээр нь дуудтал хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгэхээр нь хацар руу нь зөөлөн алгадаад Энхбаатар сэрээрэй гэсэн. Тэгтэл толгой нь хажуу тийшээ унахаар нь би хүзүүний гүрээний судас болон гарын бугалганы дотор судасны цохилтыг тэмтэрч үзэхэд цохилохгүй байсан. Тэгтэл Л ирээд яасан хө гэхээр нь үхчихсэн байна ш дээ. Л тэгтэл яасан гэнэ гээд сандарсан байдалтай, үгүй байлгүй дээ гэсэн. Би буцаж 032 дугаар анги руугаа гүйгээд шалган нэвтрүүлэх байрны жижүүр Дэлгэрмөрөнд /холбоо барих утасны дугаар 88064632/ хандаад Энхбаатар үхчихсэн байна ш дээ. Дэлгэмөрөнгийн хажууд ахлагч Д.Содномцэрэн /89111748/-ийн хамт хэрэг болсон газарт очсон. Би өөрөө цаашаа гүйгээд жижүүрийн байранд очиж хэлээд ахлагч дэслэгч Цогтбилэг /80140032/ очсон. Бид хоёрыг очиход Л ганцаараа байсан. Цогтбилэг Энхбаатарын хажууд суугаад босож ирэхдээ өнгөрчихсөн юм шиг байна гэсэн. Удалгүй араас Содномцэрэн, ангийн сувилагч Одмаа нар ирсэн. Одмаа ирээд Энхбаатарыг үзээд нас барчихсан юм шиг байна яаралтай түргэн тусламж дуудаарай гэсэн. Би тэгээд буцаад анги руугаа яваад хариуцсан дарга буюу ротын захирагчдаа болсон явдлын талаар танилцуулахад буцаад ирэхэд госпиталийн түргэн ирчихсэн. Цагдаа нар хамгаалалтын тууз татаж байсан. Би цагдаад нь талийгаач Энхбаатарын тээврийн хэрэгслийн түлхүүрийг өгсөн ба энэ тээврийн хэрэгсэлд Мөнгөн-Од унтаж байгааг мэдсэн. Энэ тухай надад Наранбаатар хэлсэн. Би тэгээд жижүүртэй байсан учир анги руугаа буцаад явсан...” /1хх-142-145/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч П.Лгийн ажил байдлын тодорхойлолтууд /1хх-202, 3хх-3-4, 14-19, 97-147/,

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэлийн данс руу 20.000.000 төгрөг төлсөн баримт зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч П.Лгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох эрсдэл буюу хүн нас барах боломжтойг мэдсэн, мэдэх боломжтой байсан үед хүсэж үйлдсэн, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч П.Лгийн ар гэрээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэлийн данс руу 20.000.000 төгрөг төлсөн тул шүүгдэгч энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэл нь цаашид  гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч П.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа “...Шүүгдэгч П.Л тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар  ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-ыг хэлсэн.

 

Эрүүийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 1 дэх заалтад “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..” л гэж заасан болохоос заавал шинжтэй биш. Мөн шүүгдэгч П.Лгийн холбогдсон гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Хэдийгээр оршуулгын зардал гэх мэт хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх боловч Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд: “...Хүн бүр амьд явах эрхтэй...” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй..” гэж зааснаар хүний амь насыг хохироосон нь төлж баршгүй хохирол юм. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.

  

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Лгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ их, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улс эх орондоо дотоодын цэргийн ангид ажиллаж хувь нэмрээ оруулж байсан хувийн болон ар гэрийн байдал хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, шүүдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 12 /арван хоёр/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Лгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт .”..Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт...” тооцсон тул Өршөөл Үзүүлэх тухай  хуульд хамрагдахааргүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флаш байгаа болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар П.Лд 12 /арван хоёр/ жил хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лгийн цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ариунгэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг флэшийг  хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                    Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                     Х.САНЖИДМАА