| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00664/И |
| Дугаар | 00664 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00664
| 2017 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 155/ШШ2017/00664 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж 4, Төрийн банкны 2 дугаар байранд байрлах, “Хадгаламж банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 16-06 тоотод оршин суух, РБ86101518 дугаар регистртэй, эрэгтэй, Цэцэнбаатарын Лхагвадоржид холбогдох
Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 1.456.804,39 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2017/00500/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компанид банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай” А153 дугаар тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д “банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкны нэрийн өмнөөс оролцох” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Зээлдэгч Ц.Лхагвадорж, М.Дэлгэрмөрөн нар нь Хадгаламж банктай 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зээлийн болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 2.000.000 төгрөгийг сарын 2.0 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 16 дугаар гудамжны 06 тоотод орших зурагт, угаалгын машин, нөөтбүүк, таван ханатай иж бүрэн гэр, гэрийн бусад эд хогшил болон 85-57ХӨА, 73-87ХӨА улсын дугаартай эксел маркын автомашинууд, бусад санхүүгийн эх үүсвэрээ бүхэлд нь барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1.321.180,24 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 498.387,07 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 26.452.09 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Ц.Лхагвадорж, М.Дэлгэрмөрөн нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийг өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, сураггүй алга болж банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд:
Үндсэн зээлийн үлдэгдэл 678.819,16 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 608.997,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 168.987,34 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 1.456.804,39 төгрөг байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Ц.Лхагвадорж, М.Дэлгэрмөрөн нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1.456.804,39 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурьдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Цэцэнбаатарын Лхагвадорж, Мижиддоржийн Дэлгэрмөрөн нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох “хариуцагч Ц.Лхагвадорж, М.Дэлгэрмөрөн нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1.456.804,39 төгрөгийг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурьдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгайлан зааж өгнө үү” гэсэн шаардлагаас “зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурьдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэсэн шаардлагаас татгалзаж, мөн хариуцагч М.Дэлгэрмөрөнг хамтран хариуцагчаас тус тус татгалзаж байна. Нэхэмжлэлийн бусад шаардлага хэвээр байгаа болно гэжээ.
Хариуцагч Ц.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: Би үндсэн зээлдэгчээр 2011 оны 10 сарын 17-ны өдөр 2.000.000 төгрөгийг тэр үеийн Хадгаламж банкнаас авсан нь үнэн. Хамтран зээлдэгч нь М.Дэлгэрмөрөн юм. Одоо тус Хадгаламж банк хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл 678.819,16 төгрөг, хүүний үлдэгдэл 608.997,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 168.987,34 төгрөг, нийт 1.456.804,39 төгрөгийг миний бие Ц.Лхагвадорж ганцаараа төлж барагдуулна. Зөвшөөрч байна. Харин хамтран зээлдэгч М.Дэлгэрмөрөнд хамааралгүй тул түүнийг хариуцагчаас хасуулах саналтай байна гэжээ.
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа Ц.Лхагвадорж, М.Дэлгэрмөрөн нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага нийт 1.456.804,39 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Ц.Лхагвадоржийн тайлбартай танилцлаа. Хариуцагч Ц.Лхагвадорж нь нэхэмжлэлийн шаардалага 1.456.804,39 төгрөгийг ганцаараа төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хадгаламж банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ц.Лхагвадоржид холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 1.456.804,39 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурьдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэсэн шаардлага болон М.Дэлгэрмөрөнг хариуцагчаас тус тус татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба мөн хариуцагч Ц.Лхагвадорж нэхэмжлэлийн шаардлага болох 1.456.804,39 төгрөгийг зөвхөн өөрөө хариуцан төлөх тухай тайлбар гаргасан байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн болон бүхэлд нь татгалзах эрхтэй, мөн хариуцагчаар оролцуулах этгээдийг өөрөө сонгодог бөгөөд зөвхөн түүний зөвшөөрлөөр хариуцагчийг солих болон хасах боломжтой тул М.Дэлгэрмөрөнг хариуцагчаас хасах нь зүйтэй.
Хариуцагч Ц.Лхагвадорж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1.456.804,39 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1.456.804,39 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 38.259 төгрөгийн тал хувь 19.130 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк” хязгаарлагдмал хариуцлагатай компани дахь банкны эрх хүлээн авагч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 1.456.804,39 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга найман зуун дөрөв/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Лхагвадорж хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтад дурьдсан хөдлөх эд хөрөнгүүдээс болон бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, тэдгээрийн эрхүүд, санхүүгийн эх үүсвэрээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага болон хариуцагч М.Дэлгэрмөрөнгөөс тус тус татгалзсан болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Лхагвадоржоос улсын тэмдэгтийн хураамж 19.130 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА