Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр                          Дугаар 2021/ШЦТ/104                                        Ханбогд сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч: Б.Ө,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2029002300089 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Ө нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрт явдаг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэхдээ “Коал транс тийм” ХХК-тай урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, “Коал транс тийм” ХХК-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 32-06 УБХ улсын дугаартай бичиг баримтыг “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэдэг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сольж зүүн бичиг баримтыг нь ашиглан “Синчи Ойл” шатахуун түгээх станцаас 1.230 литр түлш залилан мэхэлж аван нийт 2.927.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ө, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2029002300089 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ:

87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл бөгөөд “Таван толгой шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрт явдаг. 32-06 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ашиглаад “Синчи ойл” ХХК-иас түлш авахад Б.Б-тай хамт 1 удаа очсон, дараа нь авсан гэдгийг нь мэдэж байсан. Хохирогчид хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“Коал транс тийм” ХХК-ийн 32-06 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Б.Ө надад өгсөн. Тэр бичиг баримтыг нь ашиглаад 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Синчи ойл” ХХК-иас түлш авч ашигласан нь үнэн. Хохирогчид хохирлоо бүрэн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд “Коал транс тийм” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Т.Гүенбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гантөгсийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №ТХҮ-821/1356 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-66/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Ө-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 81/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /83-84/,

 

-Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр олгосон бүртгэл, “Синчи ойл ХХК болон “Коал транс тийм” ХХК-ийн хооронд хийсэн гэрээний дагуу УБХ 32-06 автоамшинд олгосон Дизель түлш шатахууны тооцоо нийлсэн акт /хх-ийн 86-94/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Ө нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрт явдаг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэхдээ “Коал транс тийм” ХХК-тай урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, “Коал транс тийм” ХХК-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 32-06 УБХ улсын дугаартай бичиг баримтыг “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэдэг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сольж зүүн бичиг баримтыг нь ашиглан “Синчи Ойл” шатахуун түгээх станцаас 1230 литр түлш залилан мэхэлж аван нийт 2.927.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “Коал транс тийм” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Гүенбаатарын өгсөн: “...Б гэх хүн манай компани дээр байдаг 32-06 УБХ улсын дугаарыг өөр тээврийн хэрэгсэлд зүүгээд Синчи ойл шатахуун түгээх газраас удаа дараа зөвшөөрөлгүй түлш авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Гантөгсийн өгсөн: “... Манай “Коал транс тийм” ХХК нь “Синчи ойл”-тай  түлшний гэрээтэй юм. Тэгээд манай компанийн нэр дээр явдаг байсан жолооч Б.Буянбатад түлшний гэрээгээр өгдөг байсан юм. Тэгээд энэ жолооч манай компаниас гараад түлш авсан мөнгөө өгөлгүй өдийг хүртэл явж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,

 

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-821/1356 дугаартай шинжээчийн “дизель түлш 1 литр нь 2380 төгрөгийн үнэ бүхий 1230 литр дизель түлшний үнэ 2.927.400 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-65-66/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Ө яллагдагчаар өгсөн: “...уг нь бол “Таван толгой шин” ХХК нь түлш хийж өгдөг байсан юм. Тэгээд “Таван толгой шин” ХХК нь жижиг таван толгойгоос нүүрс ачих гэрээ нь дуусаад ачаагүй болсон байсан юм. Тэгээд “Коал транс тийм” ХХК-ийн 32-06 УМХ улсын дугаартай нүүрс тээврийн машины номер ашиглаж өөрийн 87-47 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машинд зүүж Синчий ойл шатахуун түгээгүүр дээрээс түлш авдаг байсан. Би тухайн үед авсан түлшний мөнгөө барагдуулж өгнө гэж бодож байсан юм. Тэгээд мөнгөний боломжгүй болсон болохоор барагдуулж өгч чадаагүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: “...би Таван толгой шин ХХК-ийн 87-47 ӨМӨ улсын дугаартай нүүрс тээврийн машин барьж байгаад нүүрс тээвэрт явж байгаад “Коал транс тийм” ХХК-ийн тээвэрт явахдаа би номероо сольж зүүгээд түлшээ аваад тээвэрт явдаг байсан юм. Мөнгөгүй болсон үедээ номероо сольж зүүгээд би Синчий ойл шатахуун түгээгүүр дээрээс түлш аваад нүүрс тээвэрт явдаг байсан. Би яг хэдэн удаа авснаа сайн санахгүй байна ойролцоогоор 6-7 удаа авч байсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

 

-Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр олгосон бүртгэл /хх-86-94/,

-”Синчи ойл” ХХК болон “Кола транс тийм”-ийн хооронд хийсэн гэрээний дагуу УБХ 32-06 автомашинд олгосон Дизель түлш шатахууны тооцоо нийлсэн акт /хх-97/,

-“Коал транс тийм” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-112/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Б, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах зорилгоор шунахай сэдэлттэй, шууд санаатайгаар гэмт үйлдэлдээ хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Ө нь “Коал транс тийм” ХХК-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 32-06 УБХ улсын дугаартай бичиг баримтыг өөрийн жолооч болох Б.Б-д өгсөн, Б.Б нь тухайн бичиг баримтыг ашиглан “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэдэг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сольж зүүн “Синчи Ойл” шатахуун түгээх станцаас дизель түлш удаа дараа авсан, мөн шүүгдэгч Б.Б нь урьд “Коал транс тийм” ХХК-ийн 32-06 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байхдаа ”Синчи ойл” ХХК болон “Коал транс тийм” ХХК-ийн хооронд газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр олгох гэрээний дагуу ”Синчи ойл” ХХК-иас түлш авдаг байснаа ашигласан нь “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг хангасан, мөн шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь дээрх үйлдэлд санаатай нэгдсэнийг бүлэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Ө, Б.Б нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч “Коал транс тийм” ХХК-д учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч “Коал транс тийм” ХХК-д 2.927.400 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-821/1356 дугаартай шинжээчийн “дизель түлш 1 литр нь 2380 төгрөгийн үнэ бүхий 1230 литр дизель түлшний үнэ 2.927.400 төгрөг болно” гэх дүгнэлт, ”Синчи ойл” ХХК болон “Кола транс тийм”-ийн хооронд хийсэн гэрээний дагуу УБХ 32-06 автомашинд олгосон Дизель түлш шатахууны тооцоо нийлсэн актаар тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Коал транс тийм” ХХК-ийн тээвэр зохицуулагч Э.Гүенбаатараас хохирогчоор мэдүүлэг авсан байна. /хх-43-44/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй мөртлөө хууль ёсны төлөөлөгч Э.Гүенбаатараас хохирогчоор мэдүүлэг авсан байсан тул зөвтгөж, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар “Коал транс тийм” ХХК-ийг хохирогчоор тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Хохирогч “Коал транс тийм” ХХК нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай компани нь “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нүүрсний уурхайгаас Цагаан хад Гашуун Сухайт боомтоос БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэн Б.Ө, Б.Б нар нь Цогтцэций сумын Сийрст багийн засмал замын 24 дэх км-т байрлах “Синчи Ойл” ХХК-ийн ШТС-аас манай компанийн нэрийг ашиглан 2.936.000 төгрөгийн дизель түлшийг авсан байна. Бидний зүгээс дээрх асуудлаар холбогдох байгууллагад гомдол гарган итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Гүенбаатарыг томилон ажиллаж ирсэн ба Б.Ө, Б.Б нар нь манай компанид учруулсан хохирол болох 2.936.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болно. Манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улаанбаатар хотод байгаа ба улс оронд тархаад буй Ковид-19 цар тахлаас шалтгаалж тус хэргийн материалтай очиж танилцах мөн шүүх хуралд оролцох боломжгүй байна. Бидний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй” гэх тайлбар /хх-ийн 112/-аар тогтоогдож байна.

 

Иймд хохирогч “Коал транс тийм” ХХК нь шүүгдэгч Б.Ө, Б.Б нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

 

 

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Ө нар нь бүлэглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрт явдаг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэхдээ “Коал транс тийм” ХХК-тай урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, “Коал транс тийм” ХХК-ын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 32-06 УБХ улсын дугаартай бичиг баримтыг “Таван Толгой Шин” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэдэг 87-47 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сольж зүүн бичиг баримтыг нь ашиглан “Синчи Ойл” шатахуун түгээх станцаас 1230 литр түлш залилан мэхэлж аван нийт 2.927.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээж, чин санаасаа гэмшиж байгаа. Залуу хүмүүс цаашид амьдралд алдахгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байхаар хичээхээ амлаж байгаа, ковид цар тахлын үед ажил олдохгүй хүнд нөхцөл байдал байна. Иймд улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээг багасгаж 600.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ө нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар, шүүгдэгч нар хохирогчид хохирлоо бүрэн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авч, улсын яллагчийн шүүгдэгч нарт оногдуулахаар гаргасан торгох ялын хэмжээг багасгаж, шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Б-ийн Ө, Ц овогт Б-ын Б нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Б нарыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Ө, Б.Б нар нь хохирогч “Коал транс тийм” ХХК-д хохиролд 2.936.000 төгрөг төлсөн, хохирогч нь шүүгдэгч Б.Ө, Б.Б нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

6. Шүүгдэгч Б.Ө, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН