Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

 

 

2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр                          Дугаар 2021/ШЦТ/105                                       Ханбогд сум

       

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: М.Т /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, М.Т-д холбогдох эрүүгийн 2129000590049 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч М.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Бага булгийн 9-10 тоотод хамтран амьдрагч Б.Номинзулыг гараараа цохин  эрүүл мэндэд нь хүндрүүлэх шинжтэйгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-д холбогдох эрүүгийн 2129000590049 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ:

Би гэртээ орж ирчихээд байж байсан чинь Б.Номинзул өөрөө пиво уусан байсан. Би хөдөө явж байгаад ирсэн. Тэгээд маргалдаад миний өөдөөс гэр интернэт аваад шидэхээр нь боль гээд алгадаад авсан чинь зуух руу ойчсон. Тэгээд дараа нь авирлаад байхаар нь алгадаад авсан чинь шкаф руу ойчсон. Би гэм буруугаа ойлгосон, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр маань намайг уучилсан, гэр бүлийн харьцаа хэвийн үргэлжилж байгаа, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/,

 

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7-9/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Номинзулын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Номинзулын өгсөн мэдүүлэг /хх-ийн 23/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Туяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-35/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэдэндамбын өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №140 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд М.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54, 57-61, 62-63/,

 

-М.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт,  /хх-ийн 79,  80, 81/,

 

-Хохирогч Б.Номинзулын амбулаториор эмчлүүлэгсдийн карт, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Номинзулын өгсөн тайлбар /хх-ийн 92-94, 99/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч М.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Бага булгийн 9-10 тоотод хамтран амьдрагч Б.Номинзулыг гараараа цохин  эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн мөр, зүүн гарын 1-р хуруу, баруун гарын алга, баруун мөр, суга, шуу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун далны түлэгдэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7-9/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Номинзулын өгсөн: “Т бид хоёр хамтран амьдраад 8 жил болж байна. Бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2-ын дундаас манай бага охин Нандин-Эрдэнэ 2019 онд төрсөн. Сүүлийн 3 сар Т бид хоёр намайг зодож шүүхээр баривчлагдсанаас хойш тусдаа амьдарч байгаа. Бага охин Нандин-Эрдэнэтэй уулзах гэж Т хааяа холбогддог тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны үдээс хойш орой болж байхад Т намайг болон охин Нандин-Эрдэнийг гэрээс ирээд авч, Ханбогд сумын Багабулагт байдаг аав, ээжийнхээ гэрт аваачсан...шөнийн 00 цагийн үед Т хамт согтуу үл таних залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд би Т руу хандаж хүн авчирчхаад хаагуур яваад ирж байгаа гээд уурласан. Тэгээд над руу Т далайхаар нь чи дандаа намайг доромжилж байдаг гээд гэр интернэтийн утас аваад шидсэн оноогүй. Тэгтэл Т гэрийн эд хогшил эвдлээ гээд гараараа нэг удаа алгадаж унагаагаад үснээс зулгаагаад татаж босгож ирээд гараараа миний зүүн гарын шуу толгойны ар хэсэг рүү цохисон тэгээд цохилтод  нь унахдаа галын пийшэн дээр унаад баруун далан дээрх 2 хайрагдсан, дал ил гарсан майктай байсан болохоор түлэгдсэн. Тэгээд цуг байсан үл таних залуу, манай найз охин Энхтуяа хоёр салгах гэж оролдоход зайлцгаа бүгдийг чинь ална шүү гэж хашхирахад тэр 2 гэрээс гараад явсан. Тэгээд манай бага охин Нандин-Эрдэнэ уйлахад Түмэнжаргал охиноо өвөр дээрээ авч суугаад дахиад толгой руу гараа зангидаж байгаад 1 удаа цохиод, 1 удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Туяагийн өгсөн: “...2021 оны 02 дугаар  сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед босож би бие зассан. Тэгээд утсаа хартал Т-аас мессеж ирсэн байсан. Ээжээ цагдаа дууд охин зодуулаад үхлээ гэж байсан. Тэгээд би цагдаа дуудсан төд удалгүй 2 цагдаа охиныг зээтэй хамт гэрт авчирсан. Тэгээд охин Номинзулыг харахад нүүр хавдчихсан, 2 гар нь хавдсан байсан. Бас гал зуух руу түлхэж унагаасан гээд баруун мөр хавдаж хөхөрсөн, түлэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Энхтуяагийн өгсөн: ”....Номинзул Т-ыг хаагуур явдаг юм гээд ярьж байгаад хэрүүл болсон. Тэгээд Т гараа зангидаж байгаад цээжин хэсэг рүү нь цохисон. Тэгээд Номинзул гэрийн зуух руу унаад зууралдсан. Би боль гээд салгах гэсэн чадаагүй. Тэгээд Т-тай ирсэн залууг салгаад өг гэсэн чинь ерөөсөө хөдлөөгүй. Тэгээд байж байтал Т холд зайл гээд хөөгөөд гаргасан. Тэгээд гараад гэр лүүгээ явсан чинь утсаа мартсан байсан. Тэгээд бас яаж байгаа бол гэж санаа зовоод буцаад очсон тэгэхэд Номинзул зодуулсан байдалтай уйлсан, нуруу нь хөхөрсөн байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэдэндамбын өгсөн: “...тэр хоёр яг юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би Т-ын араас нь гэрт орж очсон. Намайг ороод очсон чинь хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан...тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №140 дугаартай шинжээчийн “1.Б.Номинзулын биед тархины доргилт, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн мөр, зүүн гарын 1-р хуруу, баруун гарын алга, баруун мөр, суга, шуу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун далны түлэгдэл гэмтэл үүсчээ. 2. Баруун далны түлэгдэл гэмтэл нь халуун хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-43/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.Т-ын яллагдагчаар өгсөн “...гэртээ согтуу орж ирээд эхнэр Номинзултай үл ялих зүйлээс болж маргалдан бие эрх чөлөө эрүүл мэндэд нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Би Номинзулын нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, үснээс нь зулгааж газар унагаахад хувцасны шкаб мөргөж унагаж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Т нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж ...энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж хуульчилсан байна.

 

Шүүгдэгч М.Т нь хохирогч Б.Номинзултай хамтран амьдардаг, дундаасаа нэг охинтой болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Номинзулын өгсөн: “Т бид хоёр хамтран амьдраад 8 жил болж байна. Бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2-ын дундаас манай бага охин Нандин-Эрдэнэ 2019 онд төрсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Т-ын гэрчээр өгсөн “Би Номинзултай хамтран амьдраад 8 жил болж байна. Дундаасаа 1 охин, 1 дагавар охинтой 4-лээ хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж нь хүчирхийлэл үйлдэгч хохирогчийг эдийн засгийн болон бусад байдлаар өөрийн эрхшээлд байгааг далимдуулан хүний эрхэм чанарыг үл хүндэтгэн зүй бусаар харьцаж, өөрийн хүсэл зоригийг тулган, үл ялих зүйлээр шалтаглан бие махбодод нь халдсанаар тодорхойлогдоно.

 

Шүүгдэгч М.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 116 дугаартай шийтгэвэрээр “2020 оны 10 дугаар сарын 19-ний шөнийн цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд “Саруул” төвийн бааранд хамтран амьдрагч Б.Номинзулыг гэртээ харьсангүй гэх шалтгаанаар үснээс нь зулгааж мөр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж бие эрх чөлөөнд нь халдсан” зөрчил гаргасан гэж 15 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх ба тэрээр гэм буруугаа ухамсарлахгүйгээр дахин 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Бага булгийн 9-10 тоотод хамтран амьдрагч Б.Номинзулыг гараараа цохин  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгааг шүүгдэгч М.Түмэнжаргал нь хохирогчийг гэр бүлийн гишүүн гэдэг үүднээс өөрийн хүсэл зоргоор байлгах зорилгоор хувь хүний халдашгүй байдал, бие махбодод нь халдсан байна. Өөрөөр хэлбэл хохирогчид бие махбод, сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэж, өөрийн эрхшээлд байлгах зорилготой, амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар халдсан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Б.Номинзулын эрүүл мэндэд “биед тархины доргилт, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн мөр, зүүн гарын 1 дүгээр хуруу, баруун гарын алга, баруун мөр, суга, шуу, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №140 дугаартай” дүгнэлт /хх-42-43/-ээр тогтоогдож байна.   

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Номинзулыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-10/

 

Хохирогч Б.Номинзул нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан “Б.Номинзул миний бие М.Т-тай үл ойлголцох шалтгаанаас болж гэр бүлийн маргаанаас хөнгөн гэмтэл авсан. Одоо М.Т-аас ямар нэгэн гомдол саналгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байна. /хх-99/

 

Иймд хохирогч Б.Номинзул нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч М.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд 2 дугаар баг Бага булгийн 9-10 тоотод хамтран амьдрагч Б.Номинзулыг гараараа цохин  эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний доод зовхи, хамар, зүүн мөр, зүүн гарын 1-р хуруу, баруун гарын алга, баруун мөр, суга, шуу, дээд уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун далны түлэгдэл гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар санал гаргасан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

 

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-03 шилжих шөнө буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ үйлчлэлд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба хохирогч Б.Номинзул нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж заасны дагуу шүүгдэгчид ял оногдуулж, ялаас өршөөн хэлтрүүлэхээс илүүтэй эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч М.Түмэнжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч М.Т нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт М-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч М.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хохирогч Б.Номинзул нь шүүгдэгч М.Т-аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН