Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00499

 

    Ц ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2372 дугаар магадлалтай,

            Ц ийн нэхэмжлэлтэй,

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Эд хөрөнгө хураах, битүүмжлэх, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр н.Энхзулаас 2014 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 149,021,766 төгрөгийг “Пүре финанс” ББСБ-нд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл тус шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан заалт байна. Энэ нь 2014 оны 08 сарын 17-ны өдөр хийгдсэн 014013 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж шүүхээс тогтоосон байтал тухайн н.Мөнхтуяа болон Ц  нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот 40 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгө гэж шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. Үндэслэл нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд барьцаа хөрөнгө байхгүй тохиолдолд яаж хийх, барьцаа хөрөнгөтэй тохиолдолд яаж хийх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг журамласан байдаг. Гэтэл тус журмыг зөрчсөн. 629 тоот шийдвэр дээр “Пүре финанс” ББСБ нь 2013 онд Б.Энхзултай зээлийн гэрээ байгуулж мөн барьцааны гэрээ байгуулсан. 2014 онд дахин зээлийн, барьцааны гэрээ байгуулсан. 2013 онд байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, Б.Энхзул төлбөрийг төлсөн. Тэгэхээр 2013 онд байгуулсан зээлийн гэрээнд барьцаалагдсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн Улсын бүртгэлийн лавлагааны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийсэн нь буруу. Энэ бол 2014 онд хийсэн зээлийн гэрээний дагуу дахин шинээр гэрээ хийх ёстой байтал тэр гэрээг шүүхээс хүчин төгөлдөр бусад тооцсон учраас барьцаа хөрөнгө гэж хийж байгаа нь хууль бус тул Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоот орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн бид нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн. 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор хийсэн Ц ийн өмчлөлийн байрыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байна. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9/309 дугаар анхны албадан дуудлага худалдаатай холбогдуулан н.Энхзул болон өмчлөгч нар огт шүүхэд маргаан гаргаж байгаагүй. Гэтэл анхны албадан дуудлага худалдаа 2 удаа болсон. 2017 оны 11 сард дахин болсон. 2016 оны 09 сарын 02-ны өдөр нэг удаа болсон. 2 дахь удаа хийж байгаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1 гэсэн заалтуудыг зөрчөөд байна. Тийм учраас 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2-ыг үндэслэн тус үл хөдлөх эд хөрөнгөд үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах болон битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9/309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор анхны албадан дуудлага худалдаанд тус үл хөдлөх эд хөрөнгийг оруулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбарт: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Энхзулаас 148,123,200 төгрөгийг гаргуулж “Пүре финанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Энхзулын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц , Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр 84 тоот 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 171/01 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 171/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураан талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу эд хөрөнгийн үнийн санал авахад үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг 88,000,000 төгрөгөөр тогтоосон байна. Эд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Б.Энхзул өмчлөгч Ц , Д.Мөнхтуяа нарт 2016 оны 08 сарын 11-ний өдрийн 3/25469 тоот албан бичгээр хүргүүлж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан. Төлбөр төлөгч Б.Энхзул нь эд хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 05 сарын 04-ний өдрийн 00564 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Б.Энхзул нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион явуулсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа болон үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 47 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 04 сарын 03-ны өдрийн 001/ХГ2018/00522 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэр, 1592 дугаар гүйцэтгэх баримт бичгийг хүчин төгөлдөр бусд тооцсон эрх зүйн акт гараагүй байна. Нэхэмжлэгч тал 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 629 тоот шийдвэрт гомдол гаргаад байгаа юм шиг харагдаж байна. Нэхэмжлэлийн үндэслэх хэсэг болоод байгаа зүйл энэ шийдвэрийн 2 дахь заалтад байгаа 2014 оны зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгосон гэдэг байна. Шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр гомдол гаргах хугацаа дууссан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг одоо, өнөөдөр энд яриад байгаа нь зохимжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллагаас 2 удаа анхны албадан дуудлага худалдаа зарласан. 2016 оны 08 сарын 19-ний өдрийн дуудлага худалдааны тогтоол гарсан боловч дуудлага худалдаанаас өмнө шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж гарч анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа түдгэлзсэн. Мөн дуудлага худалдаа болоогүй учир дуудлага худалдааны тэмдэглэлд гарахгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны түдгэлзүүлсэн захирамжийг манайх захирамж гарсан тэр өдөрт нь хүлээж авсан байдаг. Хэрэгт түдгэлзүүлэх захирамж байгаа. Бичилт нь захирамж дээр хийгдсэн байдаг. Иймд Ц ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                                                  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2372 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/02882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 ...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/02882 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2372 тоот магадлалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Энхзулаас 149,021,766 төгрөг гаргуулж, “Пүре финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 629 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дах хэсэгт Б.Энхзул болон “Пүре финанс” ББСБ-ын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шийдвэрлэсэн байхад Б.Мөнхтуяагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр, 84 тоот, 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж байгааг мэдсэн. Шүүхийн шийдвэрээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдсэн байхад яагаад миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаа хийгээд байгааг ойлгохгүй байна. Би “Пүре финанс” ББСБ-аас зээл аваагүй, Б.Энхзул гэж хүн зээл авсан. Энэ төлбөрийг Б.Энхзул төлөх нь зүйтэй. Мөн 2013 онд Б.Энхзул гэрээ байгуулж 90 сая төгрөгийн зээл авч, тус зээлийг төлж дууссан. Тухайн зээлийг авахад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, барьцаалсан байдаг. 2014 онд хийсэн шинэ зээлийн гэрээнд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй, барьцаалсан тухай ямар нэгэн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө гэж үзэж Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцад хийж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн надад дуудлага худалдааны талаар огт мэдэгдээгүй, мэдэгдэл тогтоол хүргүүлээгүй нь ШШГТХуулийн 66 дугаар зүйл 66.3, мөн хуулийн 70 дугаар зүйл 70.2.2-т зааснаар мэдэгдэж тус худалдаанд оруулах байтал оруулаагүй. Иймд Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9\309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Ц ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаа надад мэдэгдэлгүй оруулсан болохыг мэдлээ. Уг албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч болон гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр миний өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан бөгөөд уг тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн \2002 оны\ 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг зөрчсөн байна. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот, орон сууцыг 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9\309 дугаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан болно. Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/02882 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2372 тоот магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Ц  нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан, шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Энхзулаас 148,123,200.00 төгрөг гаргуулан “Пүре финанс ББСБ” ХХК-д олгож, мөн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 84 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 дугаар эд хөрөнгийг хураах тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

Ц ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоот 3 өрөө орон сууцыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2016/00629 дугаар шийдвэр, 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1592 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 171/01 дугаар эд хөрөнгийг битүүмжлэх, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171/03 дугаар эд хөрөнгийг хураах тогтоол гарган эд хөрөнгө битүүмжилж, хураан авах ажиллагааг явуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрт тусгагдаагүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2 удаа явуулсан гэж буруутгасан бөгөөд хариуцагч байгууллага нь  Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 51 дүгээр байр 84 тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаар тогтоол гарган дуудлага худалдааг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр явуулахаар товлосон боловч төлбөр төлөгч Б.Энхзул үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Б.Энхзул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2016/03390 дугаар захирамжаар хангасан баримт хэрэгт авагджээ.

Дээрх захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзэж, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа явагдаагүй, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчсөн байдал тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 51 дүгээр байр 84 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн хураах, битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9/309 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах   нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтад 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2017 оны хуулийг баримталсан нь алдаатай болжээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байна.  

            Нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд “...шүүхийн 629 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах хэсэгт “... барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн байхад ... үл хөдлөх хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль бус” гэжээ. Хэрэгт авагдсан шүүхийн дээрх шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад дээрх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай заасан байх тул энэ гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Түүнчлэн “...орон сууцыг 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 9\309 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Ц ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 51 дугаар байр 84 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан тогтоолоор анхны албадан дуудлага худалдаагаа надад мэдэгдэлгүй оруулсан” тухай гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2372 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ц ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400.00 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                        Д.ЦОЛМОН