Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Улсын яллагч: Н.Мөнгөнсүх;

Нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг;

Иргэдийн төлөөлөгч: Т.Удвал;

Шүүгдэгч Х.Билгүүн, түүний өмгөөлөгч: Ш.Оюумаа;

Хохирогч: О.Хосбаяр;

Гэрч: Х.Отгоннаран, Ц.Гансүлд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэл овогт Хүрэлбаатарын Билгүүнд холбогдох эрүүгийн 201625020547 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Алтайн 10-279 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар УЦ91031410, Дэмбэрэл овогт Хүрэлбаатарын Билгүүн.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Х.Билгүүн нь согтуугаар 2016.02.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өлзий төв гэх нэртэй караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах явцдаа иргэн О.Хосбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Билгүүн мэдүүлэхдээ: 2016.02.10-ны өдөр төрсөн ах Отгоннарангийн хамт Өлзий төвийн караокед орсон. Намайг ороход 4 залуу нилээн согтолттой сууж байсан. Ах бид хоёр 2, хоёр шил пиво захиалаад суухад манай ширээний дууны захиалга ирсэн. Би дуугаа дуулахад эсрэг талын ширээнээс Батхуяг гэх залуу ингэж дуулдаг юм уу гээд орилоод байсан. Тэгэхээр нь Батхуягтай маргалдахад цаанаас найзууд нь босож ирсэн. Тэр үед манай ах намайг хана руу түлхээд хүнтэй битгий маргалд гэж хэлэхэд Хосбаярын найзууд ирээд намайг цохисон. Батхуяг гэх залуу шил бариад ирэхээр нь сандарсандаа барьж байсан пивоныхоо шилээр Хосбаярыг цохисон. Бүгд над руу дайраад байсан. Цагдааг иртэл Хосбаярын найзууд гэх Амарсанаа, Батхуяг нарт би маш их цохиж зодуулсан. Цагдаагийн газар очоод эдгээр хүмүүст гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Би тухайн үед эрүүл байсан, зүв зүгээр байсан хүнтэй очиж маргалдахгүй. Намайг пизда гээд байсан учир би очиж маргалдсан гэв.

           

Шүүх хуралдаанд хохирогч О.Хосбаяр мэдүүлэхдээ: Миний зүгээс гомдол, санал байхгүй. Х.Билгүүнийг дуулж байхад хажуугаар нь орж дуулаад уурыг нь хүргэсэн. Бид нарын буруу бас байгаа гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Хосбаяр /хх-ийн 12-13/, гэрч Ц.Гансүлд /хх-ийн 14/, гэрч Ю.Отгон /хх-ийн 15/, гэрч Б.Батхуяг /хх-ийн 16/, гэрч Б.Энхтөгөлдөр /хх-ийн 17/, гэрч Х.Отгоннаран /хх-ийн 42/, яллагдагч Х.Билгүүн /хх-ийн 28-31/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2236 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, шүүгдэгч Х.Билгүүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 33/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Билгүүн нь согтуугаар 2016.02.10-ны өдөр Сүхбаатар дүүргийн               6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өлзий төв гэх нэртэй караокед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах явцдаа иргэн О.Хосбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Прокуророос шүүгдэгч Х.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан танхайрсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч танхайн гэмт хэргийн субъектив талын шинж буюу гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл танхайн гэмт хэргийн субъектив тал нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байх бөгөөд бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг. Энэ төрлийн гэмт хэрэг нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэх, ямар шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, доромжлох, айлган сүрдүүлэх, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрдэг онцлогтой.

 

Шүүгдэгч Х.Билгүүний үйлдсэн дээрх хэрэгтэй холбон авч үзвэл “Өлзий төв” нэртэй нийтийн караокед Х.Билгүүн болон түүний төрсөн ах Х.Отгоннаран нарыг үйлчлүүлж байхад хохирогч талаас тэдний дуулж буй дууг дагаж дуулах, зориуд буруу дуулах буюу “…ингэж дуулдаггүй юм, наад дуугаа боль пизда минь…” гэх зэрэг зохисгүй үг хэллэг хэрэглэн, тодорхой үнэ өртөг бүхий үйлчилгээг нь тасалдуулах, болиулах гэх мэт үйлдлийг өдөөн турхирч, уг үйлдлийн улмаас харилцан маргаан үүссэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Х.Билгүүний хувьд 1989 оны 02 дугаар сарын 10-ны өдөр /гэмт хэрэг гарсан сар, өдөр тохирч байгаа/ төрсөн ахдаа төрсөн өдрийн бэлэг болгон дуулж байхад нь архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн хохирогч тал хэрүүл, маргаан үүсгэсэн бөгөөд тэдний буруутай үйл ажиллагаа энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзнэ.

Түүнчлэн танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог онцлогтой бөгөөд шүүгдэгч Х.Билгүүний хувьд тодорхой доромжлол, хэрүүл маргааны  эсрэг хийсэн үйлдэл нь танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй гэж шүүх дүгнэв.

 

Харин шүүгдэгч Х.Билгүүн нь хувийн сэдэлттэй буюу хохирогч талын хууль бус үйл ажиллагааны улмаас тодорхой сэдэлттэй, маргааны үндсэнд хохирогч О.Хосбаярт хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч О.Хосбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай найз Батхуяг дуудаад хүнсний 4-р дэлгүүрийн хажууд байх Өлзий гэх нэртэй караокед хүрээд ир гэсэн. Тэгээд би найз Гансүлдийн хамт 21 цагийн орчим уг газар нь очсон. Тэгээд очтол Батхуяг нэг найзын хамт пиво уугаад, ширээн дээрээ архи тавьсан байсан. Тэгээд бид нар суугаад дөрвүүлээ нэг шил архи аваад уусан. Би тэр архинаас нь 100 грамм орчим уусан. Тэгтэл гаднаас хоёр залуу орж ирээд эсрэг талын ширээнд суусан. Тэгээд тэр хоёр залуу дуу дуулаад байсан. Тэгээд бид дөрөв ч гэсэн тэр хоёр залуугийн дуулж байсан дууг дагаад хамт дуулсан. Тэгтэл Батхуяг уг залуучуудын дуулж байсан дууг дагаж дуулахдаа үгийг нь буруу дуулаад байсан. Тэгээд дуулахаа болиод бид нарын ширээн дээр микрофон ирээд дуулах гээд байж байтал нөгөө хажуу талд сууж байсан нэг намхан залуу ирээд шууд миний нүүр лүү цохитол миний хамарнаас цус гараад эхэлсэн. Тэгээд би босоод нөгөө хоёр залуугийн сууж байсан ширээн дээр очоод уурлаад хэрэлдтэл манай найзуудтай нөгөө хоёр залуутай зууралдаад авсан. Тэгтэл намхан залуу ширээн дээр байсан пивоны шилээр миний толгойны ар хэсэг хүү цохисон. Тэгээд манай найз цагдаа дуудсан…” /хх-ийн 12-13/,

 

Гэрч Ц.Гансүлд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 10-ны орой 20 цагийн орчимд Хосбаяр бид хоёр 19 үйлчилгээний төвийн буудал дээр уулзсан. Тэгээд хүнсний 4 дэлгүүрийн хажууд байх “Өлзий төв” нэртэй караокед манай найз Батхуяг дуудсан. Тэгээд тэнд нь явж очоод Хосбаяр бид хоёр нэг нэг шил пиво захиалаад уусан. Тэгээд архинаас нь Хосбаяр бид хоёр бас нэг нэг аяга уугаад юм яриад сууж байсан ба бидний хажууд хоёр залуу дуу дуулаад сууж байсан. Нийтийн караоке байсан болохоор бид хараад сонсоод юм яриад сууж байтал манай найз Батхуяг тэр хоёр залуугийн дуулж байсан дууг дагаад чангаар дуулаад байсан. Тэгтэл тэр дуу дуулж байсан хоёр залуугийн нэг нь болох хар өнгийн пальто өмссөн намхан туранхай залуу ирснээ шууд Хосбаярын хамар луу цохиод цус гаргасан. Тэгээд би босоод салгаад “яаж байнаа” гээд болиулсан. Тэгээд караокений хамгаалагч ирээд салгаад биднийг тус тусын ширээн дээр нь суулгасан. Тэгээд Хосбаяр нөгөө цохисон залуу дээр очоод “чи яагаад хамар луу цохиж байгаа юм бэ” гэж асуутал тэр залуу үг хэлэлгүй “би өвчтэй хүн шүү” гэснээ шууд толгой руу нь ширээн дээр байсан пивоны шилийг аваад Хосбаярыг цохисон. Тэгээд караокены зөөгч хамгаалагч нар ирж салгаад би цагдаа дуудсан. Бид нар тэдгээр залуучуудтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэр залуу бага зэргийн согтолттой байсан. Хосбаяр ширээний захад сууж байсан болохоор ирээд шууд цохиод авсан...” /хх-ийн 14/,

 

Гэрч Ю.Отгон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас дөрвөн залуу нилээн согтсон орж ирсэн. Тэгээд удалгүй араас нь бас л хоёр залуу орж ирсэн. Тэгээд сүүлд орж ирсэн хоёр залуу манай караокенээс хоёр хоёр пиво захиалаад уусан. Тэгээд сүүлд орж ирсэн залуугийн нэг нь болох намхан туранхай, судалтай алаг пиджактай залуу дуу захиалаад дуулж байсан шиг санагдаж байна. Тэгтэл гэнэт караокены талбайд хүмүүс шуугилдаад эхэлсэн. Тэгээд би дээрээс буугаад иртэл эхэлж гаднаас орж ирсэн дөрвөн залуугийн нэгнийх нь толгойг сүүлд орж ирээд дуу дуулаад сууж байсан хоёр залуугийн намхан, туранхай залуу шилээр цохичихлоо гээд цус гоожоод зогсож байсан. Ямар ч байсан хоорондоо хэрэлдээд зууралдаад зогсож байсан. Пивоны шил унаад хагарсан цус нөж болчихсон л байсан...” /хх-ийн 15/,

 

Гэрч Б.Батхуяг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Тэр хоёр залуугийнх нь нэг нь гоё дуулдаг байсан. Бид нар дуулж байсан дууг нь дагаад дуулсан ба тэр залуу дуугаа дуулаад дууссан. Тэгээд бид нар юм яриад сууж байтал тэр хоёр залуугийн нэг нь болох намхан туранхай, судалтай эрээн алаг цамцтай залуу босож ирээд Хосбаярыг бидний ширээн дээр байсан пивоны шилээр цохиод авсан. Тэгээд бид нар яаж байнаа гээд босоод Гансүлд бид 2 тэр хоёр залуутай маргалдсан. Тэгтэл Хосбаяр толгойгоо дараад нөгөө шилээр цохисон залуу дээр ирээд яаж байнаа гэтэл дахин Хосбаяр луу шил аваад шидсэн. Гэхдээ тэр шил оноогүй. Тэгээд хамгаалагч ирж салгаад цагдаа дуудсан. Тэр залуу нэг дууг их гоё дуулж байхад нь бид нар дагаж дуулсан асуудал байгаа. Тэрнээс бид нарын хэн нь ч тэр залууг хэл амаар доромжилж элдвээр хэлсэн зүйл байхгүй. Тэгээд бид нар “чи яаж байгаа юм бэ” гэж хэлтэл тэр залуу “би та нарт өвчтэй гэдгээ хэлээ биз дээ” гэхээр нь бид нар гайхаад цагдаа дуудсан…” /хх-ийн 16/,

           

Гэрч Б.Энхтөгөлдөр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Тэгээд 19 цагийн орчимд гаднаас 4 залуу орж ирээд 0,75 литрийн экс нэртэй архи авсан. Тэгээд найз нарыгаа дуудаад байх шиг байсан. Тэгээд тэд нар 1, 2 дуу дуулаад байж байтал гаднаас 2 залуу орж ирээд эхэлж орж ирсэн залуучуудын хажуугийн ширээн дээр суусан ба суугаад 2 шил пиво захиалсан. Тэгээд би угаалгын өрөөнд ороод гараад иртэл сүүлд гаднаас орж ирсэн 2 залуугийн нэг нь болох хар өнгийн пальтотой намхан залуу нь шууд босож ирээд нэг залуугийн толгой руу пивоны шилээр цохичихоод “би өвчтэй хүн шүү” гэх зэргээр орилоод байсан. Тэгтэл тэр цохиулсан залуугийн найз нар нь “одоо больцгоо аль аль нь согтуу байна ш дээ” гээд салгах гээд л байсан. Нээх маргалдаад хэрэлдээд байсан зүйл байхгүй л байсан. Би угаалгын өрөө орохоосоо өмнө сүүлд орж ирсэн 2 залууд дуу тавьж өгчихөөд гараад явсан ба эргээд ороод иртэл ийм асуудал болсон байсан. Би яг шалтгааныг нь мэдэхгүй байна...” /хх-ийн 17/,

            Гэрч Х.Отгоннаран мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг ороход Билгүүн 3 залуутай маргалдаж байсан. Тэгээд би очоод сууж байхад Билгүүн дуу дуулаад сууж байтал нөгөө маргалдаад байсан залуучуудын нэг нь босч ирээд “наад дуугаа боль” гээд орилоод байсан. Тэгтэл манай дүү Билгүүн пивоны шил бариад тэр залууг цохисон...” /хх-ийн 42/,

           

Яллагдагч Х.Билгүүн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 02 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд Хүнсний 4 дэлгүүрийн ард байх Өлзий төв нэртэй караокед орсон. Тэгээд тэндээ 2 пиво захиалаад уусан. Тэгээд нийтийн караоке байсан ба дуугаа захиалаад дуулаад байж байтал миний хажуу талын ширээн дээр сууж байсан 4 залуугийн нэг нь намайг “ингэж дуулдаггүй юм, пизда минь дуугаа боль” гээд орилоод байсан. Тэгээд би очоод “чи дуугүй байж чадахгүй байна уу” гээд муудалцсан. Тэгтэл тэр 4 залуу дөрвүүлээ ирээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би ууж байсан пивоны шилээр нэг залууг нь толгой руу нь цохисон. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би хохирогчоос уучлалт гуйж, учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Дахин алдаа дутагдал гаргахгүй. Өөрийн гэм буруугаа бүрэн ухамсарлаж байна...” /хх-н 28- 31/,

 

            Шүүгдэгч Х.Билгүүний буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хосбаярын биед “…дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2236 дугаартай дүгнэлт /хх-н 20/, шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Билгүүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй юм.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Билгүүнд ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Х.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Дэмбэрэл овогт Хүрэлбаатарын Билгүүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Билгүүнийг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Билгүүн нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Х.Билгүүн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Билгүүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

ШҮҮГЧИД                                                                 С.ОЮУНЧИМЭГ

 

                                                                                    Х.ИДЭР