| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00263/И |
| Дугаар | 337 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 337
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Багш нарын байрны 5-4 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ77111172, Бөөгөд овогт Лхамын Хүслээд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.220.702 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 1.228.202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах харилцааны менежер Э.Амарбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Лхам овогтой Хүслээ нь Төрийн банктай анх 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 162200052728 тоот зээлийн гэрээ байгуулан 1.850.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2.0 хувь /жилийн 24/ хувийн хүүтэй лизингийн зээл авсан. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 3-р баг , Багш нарын байрны 5-4 тоотод байрлах Led 42 инч зурагт, буйдан, Тоуоtа Кluger маркын, 60-70 УВХ улсын дугаартай, аралын АСU200009706 дугаартай суудлын автомашины хамт зээлийн барьцаанд тавьсан. Уг зээлдэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдрөөс хойш зээлээ төлөхгүй байгаа бөгөөд уг зээлийг төлөхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтгаан хэлж зээл болон хүүгээ төлөхгүй байна. Иймд дараах зээл, зээлийн хүүг төлүүлэхээр нэхэмжлэх гаргаж байна. Зээлдэгч нь 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 881.680 төгрө, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 293.483 төгрөг, зээлийн торгуулийн хүүгийн үлдэгдэл 45.539 төгрөг болно. Зээлдэгч Л.Хүслээ нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул зээл, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 1.220.702 төгрөг, нотариатаар гэрчлүүлсний төлбөр 7.500 төгрөг, нийт 1.228.202 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 34.027 төгрөгийг зээлдэгч Л.Хүслээгээс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Уг зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 3-р баг, Багш нарын байрны 5-4 тоотод байрлах Led 42 инч зурагт, буйдан, Тоуоtа Кluger маркын, 60-70 УВХ улсын дугаартай, аралын АСU200009706 дугаартай суудлын автомашины хамт зээлийн барьцаанд тавьсан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Л.Хүслээ шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас нэхэмжилж байгаа 1.228.202 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Л.Хүслээгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.220.702 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 1.228.202 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Хүслээ нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.220.702 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 1.228.202 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Л.Хүслээ нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Л.Хүслээ нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.220.702 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 1.228.202 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.027 төгрөгийн тал хувь болох 17.014 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 17.014 төгрөг, хариуцагч Л.Хүслээгээс 17.014 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.Хүслээ зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.220.702 /нэг сая хоёр зуун хорин мянга долоон зуун хоёр/ төгрөг, нотариатын зардал 7.500 /долоон мянга таван зуу/ төгрөг, нийт 1.228.202 /нэг сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун хоёр/ төгрөгийг Төрийн банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 17.014 /арван долоон мянга арван дөрөв/ төгрөг, хариуцагч Л.Хүслээгээс 17.014 /арван долоон мянга арван дөрөв/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 17.014 /арван долоон мянга арван дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Хүслээ сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ