| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00613/И |
| Дугаар | 00623 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 00623
| 2017 оны 06 сарын 15 өдөр | Дугаар 155/ШШ2017/00623 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод байрлах, “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рашаант сумын 3 дугаар багт оршин суух, РЗ86022208 дугаар регистртэй, Зайсан овогт Тунгалагийн Баяржаргалд холбогдох
NP10 төхөөрөмжийн үнэ, алданги, нийт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2017/00495/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дэд захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Баяржаргал нь “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240.000 төгрөгийн NP10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьдчилгаа 20.000 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20.000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Т.Баяржаргал нь одоогийн байдлаар манай компанид NP10 төхөөрөмжийн 140.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Т.Баяржаргалаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140.000 төгрөг, зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөгийг гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Баяржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: NP10 төхөөрөмж /модем/ -ийн үнэ 210.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би тус модемийг Рашаант суманд замын хүмүүсээс авсан бөгөөд авсанаас хойш уг модем ажиллаагүй, интернет ороогүй учир ашиглаагүй. Иймд 210.000 төгрөгийг төлөхгүй, уг модемийг нь буцааж өгнө. Ажиллахгүй байгаа талаар утсаар холбогдож мэдэгдсэн боловч авч хэлэлцээгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Баяржаргал төхөөрөмжийн төлбөр 210.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Т.Баяржаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 210.000 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн болно. Иймд “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Т.Баяржаргалд холбогдуулан NP10 төхөөрөмжийн үнэ, алданги, нийт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа нэхэмжлэлийн шаардлага болох 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг хариуцагч Т.Баяржаргал нь төлж барагдуулсан учир нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 төгрөгийн тал хувь 3.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 3.475 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, хариуцагч Т.Баяржаргал нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-т зааснаар тэдний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи мобайл” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нэхэмжилсэн NP10 төхөөрөмжийн үнэ, алданги, нийт 210.000 /хоёр зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Т.Баяржаргал нэхэмжлэлийн шаардлага биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.950 төгрөгийн тал хувь 3.475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Т.Баяржаргалаас улсын тэмдэгтийн хураамж 3.475 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА