| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01879/И |
| Дугаар | 102/ШШ2017/01667 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2017/01667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, 5-р байрны 27А тоотод оршин суух, БНСУ-ын иргэн, эрэгтэй, 1962-03-26 өдөр төрсөн, Шин Хён Хугийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч –Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, 34А байрны 44 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЛ82042670, Боржигон овогт Энхбаасангийн Ганболдод холбогдох
5.000.000 төгрөгийг гаргуулах болон хариуцагчаас 4 970 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан, хариуцагч Э.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол /үнэмлэхний дугаар-0289/ шүүх хуралдааны нарийн бичиг Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлдүүлсэн 5.000.000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч нэхэмжлэгчээс машины үнийн зөрүүд 3 000 000 төгрөг, ажлын хөлс 290 000 төгрөг, машины дулаан зогсоолын хөлс 1 700 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Аялал жуулчлалын менежер мэргэжилтэй Э.Ганболд нь аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг, солонгос хэлээр маш сайн ойлголцдог бгөөд нэхэмжлэгчтэй танилцаж, жуулчин хүлээн авахаар ажиллаж боломжтойгоо ойлгуулсан тул нэхэмжлэгч түүнийг дэмжиж, БНСУ-аас жуулчин явуулах, хариуцагч өөрийн машинаа зарж, жуулчинд үйлчлэх боломжтой том машин болгох, Шин Хён Ху нь түүнтэй амаар тохирсон зээлийн гэрээгээр 5 сая төгрөгийг үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор зээлдүүлэх, хариуцагч жуулчдад үйлчилсэн үйлчилгээний хөлснийхээ 50 хувиар түүнээс зээлсэн 5 000 000 төгрөгөө төлж дуусгахаар тохирч, Шин Хён Ху 2016 оны 08 сарын 20 өдөр Э. Ганболдын /3635102104/ дансанд 5 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Түүнээс түүний жуулчинд үйлчлэх үйл ажиллагаанаас олсон орлогоос хуваалцахаар, хамтран ажиллахаар тохирсон зүйл байхгүй.
Э.Ганболд нь зээлээ төлөөгүй, зээлдүүлсэн мөнгөө буцааж авахын тулд нэхэмжлэгч аялал жуулчлалын ажил санал болгоход гүйцэтгэхээс татгалзсан, утсаа авахаа больсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээнээсээ татгалзсан тул хариуцагчаас 5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч тайлбартаа: Би Шин Хён Хутай тохирч, 2016 оны 06 сарын 02- ноос 2016 оны 09 сарын 02 хүртэл “Хүннү Ти Энд Ти” ХХК-д аялал жуулчлалын менежерийн ажилд орж, Э.Долгортой хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Би Шин Хён Хуг ерөнхий захирал гэж боддог.2016 оны 08 сард Шин Хён Ху унаж яваа машинаа зарж томруул гэсэн. Би бодож бага үнээр зарахаас болгоомжилсон. Би мөнгө нэмж томруулья гэсэн. Хойшид хамтран ажиллана гэсэн. Иймд 16 сая төгрөгийг үнэтэй Toyota Crown машинаа 9 сая төгрөгөөр зарж, Шин Хён Хугаас 5 сая төгрөг шилжиж ирсэн тул 2016 оны 08 сарын 20 өдөр Toyota Alphard машиныг 14 сая төгрөгөөр худалдаж авсан. Би жуулчдыг тээвэрлэх үүрэг хүлээсэн. 1 саяас багагүй орлого олох ажлаар хангана гэсэн. Олсон орлогын 50% -иар 5 сая төгрөгийг буцааж төлөхөөр тохирсон. 2016 оны 08 сарын 09 өдөр намайг ажлаас халсан. Шин Хён Ху 2 сарын дараа холбогдож, ажлаа үргэлжлүүлье гэсэн боловч би ажилласан хугацааны цалин хөлс, үйлчилгээний хөлсөө аваагүй байсан. Үүнийгээ шаардсан. Иймд би 5 сая төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ: 2016 оны 08 сарын 09 өдөр өөрийн 12 сая төгрөгийг үнэ бүхий машиныг 9 сая төгрөгөөр зарсан тул би 3 сая төгрөгөөр хохирсон. Шин Хён Ху надад ажлын хөлс 290.000 төгрөгийг өгөөгүй тул үүнийг нэхэмжилж байна. Ажлаас халагдаж, том машинаа дулаан гараашид 2016 оны 10 сарын 01-нээс 2017 оны 04 сарын 30 хүртэл байршуулсан 7 сарын хөлсөнд 1 670 000 төгрөгийг төлсөн тул нийт 4 970 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү?
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч өөрийн хөрөнгөө өөрөө мэдэж захиран зарцуулсан байх. Үүнд нэхэмжлэгч хариуцагчид нөлөөлөх боломжгүй Иймд үнийн зөрүү гэх 3 сая төгрөгийг шаардах эрхгүй. Шин Хён Ху түүнтэй хамтарч ажиллаагүй. Ажлын хөлс 290.000 төгрөгийг шаардаж байгааг ойлгохгүй байна. Өөрийн хөрөнгөө гараашид өөрөө хадгалсан байх. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан итгэмжлэл, дансны хуулга, гүйлгээний баримт, худалдаж авсан машины зураг, дулаан гарааш хөлслөх гэрээ, автомашин худалдсан гэрээ, машин худалдахаар тавьсан зар, хөдөлмөрийн гэрээ, Хүннү Ти энд Ти ХХК-ийн захирлын тушаал, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагчид машинаа томруулахад зориулж зээлдүүлсэн 5 сая төгрөгөө буцаан гаргуулахаар шаардаж байгаа байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохирсон гэж үзэж, уг 5 000 000 төгрөгийг буцаан төлөхөөс татгалзаж, нэхэмжлэгчээс машинаа зах зээлийн үнээс бага үнээр худалдсаны хохиролд 3 000 000 төгрөг, ажлын хөлс 290 000 төгрөг, машины дулаан зогсоолын хөлс 1 700 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг шаардаж маргасан байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн мэтгэлцээнээс дүгнэхэд аялал жуулчлалын мэргэжилтэй хариуцагч Э.Ганболд ганц гишүүнтэй Хүннү Ти энд Ти ХХК-д аялал жуулчлалын менежерээр 2016-06-02 өдрөөс 3 сарын хугацаатайгаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан байх бөгөөд гэрээний хугацааг дуусгаж, тус компанийн захирлын 2016-09-05 өдрийн тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг Хүннү Ти энд Ти ХХК-ийн ерөнхий захирал гэж ойлгодог гэж тайлбарласан боловч түүний тайлбар нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Шин Хён Ху БНСУ-ын иргэн байх бөгөөд Хүннү Ти энд Ти ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай компани болох нь тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч жуулчинд үйлчлэх үйл ажиллагаагаа эрхлэх зорилгоор өөрийн эзэмшлийн автомашинаа зарж, нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг зээлж, уг мөнгийг нэмж, жуулчин тээвэрлэх боломжтой автомашин худалдаж авсан, нэхэмжлэгч БНСУ-аас жуулчин ирүүлэх, хариуцагч худалдаж авсан машинаараа БНСУ-аас нэхэмжлэгч ирүүлж байхаар амласан жуулчинд үйлчилж, үйлчилгээнээс олсон орлогын 50 хувиар тооцон, нэхэмжлэгчээс зээлсэн 5 000 000 төгрөгийг буцааж нэхэмжлэгчид төлж дуусгахаар тохирсон болох нь тогтоогдож байна.
Хариуцагч энэ үйл баримтыг нэхэмжлэгчтэй жуулчинд үйлчлэхээр хамтран ажиллахаар тохирсон гэж тайлбарлаж байгаа байх боловч зохигч Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулсан болон ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохирсон нь тогтоогдохгүй байна.
Харин нэхэмжлэгч хариуцагчид машинаа томруулахад нь зориулж зээл олгосон, олгосон зээлээ хэрхэн ямар замаар буцаан төлөх талаар зохигч харилцан тохирсон байна.
Нэхэмжлэгч хариуцагчид 5 000 000 төгрөгийг түүний дансанд шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн хооронд болзол тавьж хийсэн бодит зээлийн гэрээ байгуулсанд тооцон үндэслэлтэй байна.
Хариуцагчийг Хүннү Ти энд Ти ХХК-д эрхэлж байсан ажлаасаа чөлөөлөгдсөний дараа нэхэмжлэгч нь БНСУ-аас жуулчин ирүүлэхээр түүнтэй утсаар ярихад хариуцагч түүний ирүүлэх жуулчинд үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан байна.
Хариуцагч нэхэмжлэгчтэй тохирсны дагуу жуулчинд үйлчлэх үүргээс татгалзсан буюу тохирсон болзлыг биелүүлэхээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу татгалзсан байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийг буцаан шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг нэмж, шинээр худалдаж авсан автомашинаа хариуцагч өмчилдөг учраас Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу автомашинаа өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болохыг уг машиныг барьцаалан бусдаас зээл авч, фидуцийн гэрээний дагуу бусдын өмчлөлд шилжүүлэх эрхээ хэрэгжүүлсэн үйл баримт нотолж байна.
Аливаа өмчлөгч өөрийн хөрөнгөө бусдад их, бага аль ч үнээр болов худалдах, шинээр авсан хөрөнгөө хадгалах, хамгаалах үүрэгтэй тул өөрийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд гарсан алдагдал, дулаан зогсоолд автомашин тавьсан хөлс болон Хүннү Ти энд Ти ХХК-д эрхэлж байсан ажлын хөлс 290.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрх, үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 95 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 94 470 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 95 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,