Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106  

 

 

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр                             Дугаар 2021/ШЦТ/106                                           Ханбогд сум

        

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ж.Г /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.Г-т холбогдох эрүүгийн 2129000000009 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч.Наранцогтыг гараараа цохиж биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн 2129000000009 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ:

Тухайн хэрэг болсон өдөр шланзын 2 дахь километрт засвар хийгээд байж байсан. Надтай хамт халамцуу нөхөр байсан. Тэгээд нутгийнх нь таньдаг мэддэг барилддаг залуучуудаас асуусан. Тэгээд асуугаад байж байхад тэр залуу чи наад үгээрээ юу хэлэх гээд байгаа юм бэ? гээд эхлээд Ганаа гэх залууг барьж аваад зодоод унасан. Тэр залуугийн хөмсөг нь язралттай. Эмнэлгийн дүгнэлт нь хүртэл гарсан байсан. Тэгээд би зодож байхад нь салгасан чинь намайг барьж аваад уруул сэтлээд шанаа зулгараад одоо сорви нь хүртэл байгаа. Би хоёр дахь хохирогч нь байгаа юм. Тэгээд бид хоёр зууралдаж өнхөрч ойчоод босож ирээд би ганц цохисон. Тэгээд бөөнөөрөө гэрчийн мэдүүлэг өгөөд намайг гэрчлэх хүн байхгүй болсон байна. Би Наранцогтыг цохиод гэмтэл учруулсан нь үнэн гэв. 

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Наранцогтоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 11-13/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гэрэлбадрахаас мэдүүлэг авсан  тэмдэглэл /хх-ийн 14-16 /,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гантөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 20-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бат-Эрдэнээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 25-26/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 20 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ж.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний гэрлэлтийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 47, 52, 55, 56-58/,

 

-Хохирогч Ч.Наранцогтын тайлбар /хх-ийн 117/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч.Наранцогтыг гараараа цохиж биед нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:   

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Наранцогтын өгсөн “...Г гэх хүн намайг барьж аваад газар унагаагаад миний дээрээс цохиод байхаар нь би үснээс нь зулгаагаад өөр лүүгээ татахад уруул  нь бага зэрэг сэтэрчихсэн тэгсэн тэр Ганбаатар чи намайг түрүүлж цохисон гэж хэлээд намайг босгоод хоёулаа ийшээ гарч уулзана хоёулхнаа халзагнан гэж хэлээд хамт алхаж юм ярьж байгаад гэнэт миний нүд рүү цохиод унагачихсан тэгэхэд би нэлээн манараад нүүрээ үзэхэд хамраас цус гарсан байсан. Миний баруун нүд хавдаж цус урсаж байсан. Мөн миний зүүн шанаа хавдсан зүүн аарцаг хэсэгт хүндэвтэр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Гэрэлбадрахын өгсөн: “...Г гэдэг залуу Наранцогт ахыг газар унагаагаад доороо хийчихсэн толгой нүүр лүү нь цохиж байсан. Тэгээд би Бат-Эрдэнэтэй хамт салгаад байж байтал Г, Наранцогт ах 2 муудалцаад  зогсож байснаа Г Наранцогт ахын нүүр лүү цохиж унагаагаад нүүр толгой руу өшиглөөд гараараа цохисон тэгээд би дахиж очиж салгаад Наранцогт ахыг машиндаа суулгаад тэндээс холдуулсан. Г гэдэг залуу Наранцогт ахыг нэлээн зодсон. Наранцогт бараг өөдөөс нь цохиж чадаагүй байх намайг очиход Г Наранцогт ахыг газар унагаагаад дээр нь суучихсан нүүр рүү нь гараараа нэлээн олон удаа цохиж байсан дараа нь Г Наранцогт ахыг шууд нүүр рүү нь цохиж унагаагаад толгой руу нь гараараа 2-3 удаа цохиод нүүр рүү нь хөлөөрөө 2-3 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Бат-Эрдэнийн өгсөн: “...Наранцогт, Г хоёр зодолдсон  бололтой Гэрэлбадрах тэр хоёрыг салгаад зогсож байсан.Тэгээд очсон чинь Наранцогтын баруун нүд хөхрөөд хавдчихсан хамар амнаас нь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 20 дугаартай “1.Ч.Наранцогтын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцралт, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Ч.Наранцогтын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-рт/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ж.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч Ч.Наранцогтын эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцралт, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 20 дугаартай” дүгнэлт /хх-28-29/-ээр тогтоогдож байна.    

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ч.Наранцогтыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-9/

 

Хохирогч Ч.Наранцогт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “миний бие Ч.Наранцогт нь Ж.Г-т зодуулж эрүүл мэндэд хөнгөн хохирол авсан. Ж.Г-аас цаашид өмнө нь мөнгөний авлага болох 500.000 төгрөг, энэ хэргээс шалтгаалан нааш цааш явах зардал болох зүйлс, эмчилгээний зардлыг гаргуулаад хуулийн хүрээнд шийдэж өгнө үү. Би гомдолтой байгаа тул цаашид эрүүл мэндээ үзүүлж оношлуулна. Одоогоор миний нүдний хараанд өөрчлөлт орсон. Энэ бүгдийг харж үзэж нээлттэй үлдээнэ үү” гэсэн тайлбарыг гаргасан байна. /хх-117/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь дээрх тайлбарыг гаргасан боловч өөрт учирсан хохирлоо нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Наранцогт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч.Наранцогтыг гараараа цохиж биед нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар санал гаргасан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

 

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны/ үйлчлэлд хамаарч байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба шүүгдэгч нь хохирогч Ч.Наранцогтод шүүхийн шийдвэрээр төлөх төлбөргүй байх тул  нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамруулна” гэж заасны дагуу шүүгдэгчид ял оногдуулж, ялаас өршөөн хэлтрүүлэхээс илүүтэй эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж үзэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ж.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно.     

 

          Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ж.Г нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ж.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Наранцогт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН