Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/01774

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 4-р байрны 2 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧВ73031211, Арвин овогт Жамбалдоржийн Гүндсамбуугийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч - Баянгол, 11-р хороо, НААҮ-ний 12 айлын орон сууцны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД- ЦГ69012401, Боржигон овогт Колягийн Ханд,

 

хариуцагч- БГД, 11-р хороо, , НААҮ-ний 12 айлын орон сууцны 02 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УК89110721, Боржигон овогт Батаагийн Баярсайхан нарт холбогдох,

 

НААҮ-ний 12 айлын байрны 03 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс, өмгөөлөгч Б.Баттөмөр/үнэмлэхийн дугаар 0552/, хариуцагч К.Ханд, өмгөөлөгч Н.Батбаатар/үнэмлэхийн дугаар 1842/, шүүх хуралдааны нарийн бичиг Б.Туул нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Ж.Гүндсамбуу нь 2017 оны 03 сарын 31 нд Г.Батаатай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 11-р хороо, Нийтийн аж ахуйн үйлчилгээний 1 гудамж, 12 айлын орон сууцны 03 тоот, 23,75 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 15 сая төгрөгөөр худалдан авч, өмчлөгч болсон. Орон сууцыг Б. Баярсайхан, К.Ханд нар чөлөөлж өгөхгүй байгаа тул эдгээр хүмүүсийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү? гэв.

Хариуцагч К.Ханд тайлбартаа: Би Г.Батаатай гэр бүл болж, гэр бүлээр амьдарч байгаад Г.Батаа 2000 онд БНСУ руу ажил хийхээр явсан. 2007 онд баригдаж ирсэн гэсэн. Энэ үеэс сураггүй байгаа. Гэр бүл байх хугацаанд бид хамт хөдөлмөрлөж байгаад энэ орон сууцыг манай эгч К.Болормаагаас 1994 онд худалдаж авсан. Надад өөр амьдрах газар байхгүй. Ж.Гүндсамбууд би энэ тухай утсаар хэлсэн. Г.Батаатай уулзъя гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би энд охин, зээ хүүтэйгээ амьдардаг гэв.

Хариуцагч Б.баярсайхан шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:Энэ байшинд миний л мэдэхийн манайх амьдарч байсан. Миний хувьд аавд үнэхээр их гомдож байна. Яалаа гэж бидэнд ингэж хандаж байгаа юм бол. Энэ байр гэр бүлийн дундын хөрөнгө, хэн нэг нь зүгээр ингээд зараад биднийг гудамжинд гаргаж болдог юм байхдаа гэж гайхаад л байж байна. Аавдаа гомдох, гайхах зэрэгцээд байж байна гэжээ.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, орон сууц өмчлөгчийн гэрчилгээ, төлбөрийн баримтууд, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Б.Баярсайханд шүүх хуралдааны товыг шүүхээс оршин суугаа хаягаар нь хүргэсэн боловч тэрээр хуралдаанд ирээгүй, ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Баярсайханы эзгүйд, түүнээс бичгээр ирүүлсэн тайлбарыг уншин сонсгож, хэлэлцүүлж хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Г.Батаатай хувийн сууц худалдах, худалдан авах гэрээг 2017-03-31 өдөр байгуулан, Баянгол дүүрэг, 11-р хороо, НААҮ-ний 12 айлын орон сууцны 1-р давхар, 03 тоот хаягт байрлах, 23,75 кв.м талбайтай, 2 өрөө орон сууцыг 15 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, үнийг төлж, уг орон сууцны өмчлөгчөөр 2017-03-31 өдөр бүртгүүлж, 000574636 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

Уг орон сууцыг нэхэмжлэгчид худалдсан Г.Батаа нь энэ орон сууцыг дангаар өмчлөх эрхтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан болохыг улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанд үндэслэн дээрх худалдах худалдан авах гэрээг байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд Г.Батаа нь хариуцагч К.Хандтай 1986-05-13 өдөр гэр бүл болсныгоо 1989-12-05 өдөр Найрамдлын районы гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн, уг орон сууцыг гэрлэгчид хариуцагчийн эгчээс худалдаж авсан тэр үеэс Г.Батаагийн гэр бүл амьдарч ирсэн боловч Г.Батаа дангаар өмчлөх эрхтэйгээр бүртгүүлсэн, одоо орон сууцанд Г.Батаагийн хууль ёсны эхнэр К.Ханд, түүний охин Б.Баярсайхан, хүүхдийн хамт оршин сууж байгаа болох нь хариуцагч нарын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзаж, маргаж байгаа боловч уг орон сууцыг өмчлөх, эзэмших эрхтэй болохоо нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах хэлцлийг Г.Батаатай байгуулж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасанчлан өмчлөгч болж, орон сууцны өмнөх өмчлөгч болох Г.Батаагийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Ж.Гүндсамбуу нь улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл буруу ташаа болохыг мэдэж байсан болох нь тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 232 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 232 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,