Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/01501

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/01501

Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                                      

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Газар бизнес төвийн 1 дүгээр давхарт оршин байгаа “Газар капитал партнерс ББСБ” ХХК /РД-2844907/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, 76 дугаар байрны 51 тоотод оршин суух, Урианхан овогт Саруулбуянгийн Сайн-Ерөөлт /РД-ЧМ84110917/-д холбогдуулан гаргасан  

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 45,367,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр, хариуцагч С.Сайн-Ерөөлт, түүний өмгөөлөгч А.Нарантуяа /шүүхэд төлөөлөх эрх-0039/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Сайн-Ерөөлт нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр  манай ББСБ-ын Баянзүрх дүүрэг дэх салбартай зээлийн гэрээ байгуулан, 28 сая төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, Герман Улсаас бараа оруулж ирэх зориулалтаар зээлсэн.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-76 дугаар байрны 51 тоот, 2 өрөө 57,5 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан, холбогдох газарт бүртгүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаанд эхний гурван сард гэрээнд заасны дагуу зээлийн хүүгээ төлж байгаад 8 сараас эхлээд хүү болон үндсэн зээлээ төлөхөө больсон бөгөөд хариуцагч нь шалтгаанаа “ирж байгаа бараа маань саатсан, бараагаа ирэхээр нь борлуулаад зээлээ төлнө, өөр газраас зээл авах гэж байгаа, эсвэл байраа зарж төлнө” гэж манайд хэлдэг байсан.

Хариуцагч С.Сайн-Ерөөлт нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 11 удаа үндсэн зээлд 2,800,000 төгрөг, хүүд 3,548,000 төгрөг буюу 6,348,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

С.Сайн-Ерөөлт зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2015 оны 7 дугаар сарын 03-наас эхлэн сар бүр 2,800,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү хуримтлагдах үндэслэл болсон.

Хариуцагч нь гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээлийн хүүд 7,477,000 төгрөг төлөх ёстой байсан боловч үүнийгээ зөрчсөний улмаас хүү өөрчлөгдсөн.

Иймд үндсэн зээлд 25,200,000 төгрөг, зээлийн хугацааны хүүд 7,421,467 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10,025,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,701,533 төгрөг, шүүхэд материал бүрдүүлэхтэй холбоотой нотариатын төлбөрт 19,000 төгрөг, нийт 45,367,400 төгрөгийг хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс гаргуулж өгнө үү.

Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-76 байрны 51 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч тал Санхүүгийн зохицуулах хорооны 2008  оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолыг ярьж байна. Энэ тогтоолоор баталсан журам нь ББСБ-ын нягтлан бодох бүртгэл буюу балансаар хугацаа дууссан хүүгийн авлагыг хэрхэн бүртгэх талаарх заасан зааварчилгаа болохоос энэ зээлийн гэрээнд ямар ч хамааралгүй, хүүг зогсооно, хүүг тооцохгүй гэсэн үг биш юм.

Зээлдэгч төлбөрөө хуваарийн дагуу төлөхгүй байсан учир манай зүгээс удаа дараа сануулан шаардсан боловч С.Сайн-Ерөөлт бидэнд итгэл үнэмшил төрүүлэн, эхлээд “би төслийн зээл хөөцөлдөж байгаа” гэж байснаа 2017 оны 3 сард “би байраа зарах гэж байгаа” гэсэн тайлбар өгч байгаад сүүлдээ “би зээлээ төлж чадахгүй нь та нар шүүхээрээ яв” гэсний дагуу шүүхэд хандсан. Хариуцагч нь манайд зээлийн гэрээг сунгах хүсэлт тавьж байгаагүй бөгөөд гэрээг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд гэрээг цуцлах нөхцөл бий болдог. Ийм нөхцөл бий болоогүй. Гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 03-нд дууссан. Барьцаа хөрөнгийг бид шууд борлуулан үүргийг хангуулах боломжгүй учир шүүхэд хандсан гэв.

Хариуцагч С.Сайн-Ерөөлтийн өмгөөлөгч А.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Сайн-Ерөөлт нь тус ББСБ-аас 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 28 сая төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авч орон сууцаа барьцаалсан.

Манай хувьд үндсэн зээл болон зээлийн гэрээний хугацааны хүүг төлнө энэ талаар маргахгүй.

Уг зээлийг жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зорилгоор авсан боловч бизнес нь бүтэлгүйтэн зээлээ төлж чадахгүй болж энэ талаараа удаа дараа мэдэгдэж байсан. Үндсэн зээл 28 сая төгрөг, үндсэн хүү 7,477,400 төгрөг, нийт 35,477,400 төгрөг төлөх ёстой байсан, үүнээс 11 удаагийн төлөлтөөр 6,348,00 төгрөг төлсөн учир 29,129,400 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.

С.Сайн-Ерөөлт нь зээлээ төлж чадахгүй байгаа шалтгаанаа нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан байдаг.

Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь 2 өрөө байраа барьцаалсан, нэхэмжлэгч зээлээ шаардаж авах эрх нь байхад зээлийн хүүгээ бүтэн жил өсгөсний дараа нэхэмжилж байгаа. Иймээс гэрээний хугацаанаас хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгөхийг хүсч байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.4, 2.5, 2.11, 5.1.1, 8.5-д заасан нөхцлийг биелүүлээгүй өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхээ эдлээгүй, барьцаа хөрөнгөөр зээлийг хаагаагүйн гадна гэрээний хугацааг сунгаагүй, мөн бусад зүйлд заасан арга хэмжээг авах эрхээ хэрэгжүүлээгүй. Хэрвээ гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол хариуцагч нь ийм байдалд хүрэхгүй байсан. Санаатайгаар гэрээний хугацаа дууссанаас хойш бүтэн жил явж байгаад шүүхэд нэхэмжлэл гарган их хэмжээний хүү шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолоор баталсан Банк бус санхүүгин байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-3.2-т “зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулж бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлуулсан хүүг буцаана” гэж заасан. Үүний дагуу зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи 90 хоногийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй.

Данс бүртгэлийг энэ зааварт заасны дагуу бүртгэх ёстой гэж үзэж байна. Иймд уг заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү. Бидний тооцоогоор төлөх ёстой үндсэн зээл, хугацааны хүү, Санхүүгийн зохицуулах хорооны зааварт заагдсан 3 сарын хүүд нийлээд 32,069,400 төгрөг болж байгаа тул илүү нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК нь С.Сайн-Ерөөлтөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,367,400 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгийг худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

          Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээл болон гэрээний хугацааны хүүд 32,069,400 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, хэтэрсэн хугацааны хүүг төлөхгүй гэж марган үндэслэлээ “... төлбөр төлөх боломжгүй байгаагаа мэдэгдсэн, ... Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолд зааснаар гэрээний хугацаа дууссанаас хойшхи 90 хоногийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзахгүй, ... хүүг хуримтлуулан бүртгэж нэхэмжлэх эрхгүй, .... гэрээний дагуу хяналт тавьж, зээл төлүүлэх арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй ...” гэж тайлбарладаг. /хх-70 дугаар хуудас/

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд С.Сайн-Ерөөлт нь “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ0103150051 зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 28,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ХД-76 байрны 51 тоот 2 өрөө орон сууцаа барьцаалан, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталгаажуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх-14-23 дугаар хуудас/

Зохигчид дээрх үйл баримтын болон зээлийн эргэн төлөлтийн талаар маргаагүйн гадна хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг гэрээний 2.4, 2.5, 2.11, 5.1.1, 8.4-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй, зээл төлөх боломжгүй тухайгаа хэлж байсан гэж мэтгэлцэх боловч нэхэмжлэгч талаас С.Сайн-Ерөөлтөд зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. /хх-70-71 дүгээр хуудас/

Түүнчлэн хариуцагч нь “Газаркапитал ББСБ” ХХК-д зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргаагүй, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлээ төлж чадахгүй болсон тухай албан ёсоор мэдэгдэж байгаагүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний хугацаа сунгаагүй, зээлийн хүүг зогсоох арга хэмжээ аваагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй юм.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж буй “...Зээлдэгч төлбөрөө хуваарийн дагуу төлөхгүй байсан учир манай зүгээс удаа дараа сануулан шаардаж байсан боловч С.Сайн-Ерөөлт нь бидэнд итгэл үнэмшил төрүүлэн, эхлээд “би төслийн зээл хөөцөлдөж байгаа” гэж байснаа 2017 оны 3 сард “би байраа зарах гэж байгаа” гэсэн тайлбар өгч байгаад сүүлдээ “би зээлээ төлж чадахгүй нь та нар шүүхээрээ яв” гэсний дагуу шүүхэд хандсан” гэх тайлбарыг үгүйсгэж, няцаахгүй байна. /хх-70-71 дүгээр хуудас/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан мөнгөн хөрөнгөө буцаан төлөх, гэрээний хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн үндсэн зээл болон зээлийн хүүд төлсөн 9,148,000 төгрөгийг суутган, төлөгдөөгүй үндсэн зээлд 25,200,000 төгрөг, үндсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүүд 17,446,866 төгрөгийг С.Сайн-Ерөөлтөөс нэхэмжилж байгаа үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрээс тооцон нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад нийцээгүй гэж үзлээ.

Учир нь үндсэн хүү гэдэг бол зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр бөгөөд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцох ёстой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчийн төлөх ёстой гэрээний хугацааны хүүг 7,421,467 төгрөг гэж тодорхойлсон тул уг дүнгээс зээлийн гэрээний 1.2.3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг 0,7 хувиар тооцон гаргуулах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардал буюу нотариатын зардал болох 19,000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцох боломжгүй байна.

Хариуцагч тал шүүх хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05 тоот тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үлгэрчилсэн зааврын Б-3.2-т заасны дагуу зээлийн хүүг бүртгэн, зогсоох ёстой гэж мэтгэлцэх боловч уг тогтоолын хавсралтаар баталсан үлгэрчилсэн журам нь зээлдэгчээс зээлийн хүүг тооцон шаардах эрхийг хязгаарласан зохицуулалт биш байх тул хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42,669,130 /дөчин хоёр сая зургаан зуун жаран есөн мянга нэг зуун гучин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,698,270 /хоёр сая зургаан зуун ерэн найман мянга хоёр зуун далан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д нийцэх тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч С.Сайн-Ерөөлтийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах, улсын бүртгэлийн Ү-2205034345 дугаарт бүртгэгдсэн ХД-76 байрны 51 тоот 2 өрөө бүхий, орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс 371,296 төгрөг гаргуулан “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д буцаан олгох нь зүйтэй байна.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс 42,669,130 /дөчин хоёр сая зургаан зуун жаран есөн мянга нэг зуун гучин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,698,270 /хоёр сая зургаан зуун ерэн найман мянга хоёр зуун далан/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч С.Сайн-Ерөөлтийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах, улсын бүртгэлийн Ү-2205034345 дугаарт бүртгэгдсэн ХД-76 байрны 51 тоот 2 өрөө бүхий, орон сууцыг албадан худалдаанд оруулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 384,787 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сайн-Ерөөлтөөс 371,296 төгрөг гаргуулан “Газаркапитал партнерс ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД