Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01538

 

     2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01538

               Улаанбаатар хот

 

                                                                 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далан баг, 16 дугаар байрны 41 тоотод оршин суух, Цорос овогт Дүгэрээгийн Шараа /РД-КЮ54062217/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Старс центр, 4-28 тоотод оршин суух, Тахал овогт Даваагийн Дуламцоо /РД-ЖЮ59063061/-д холбогдуулан гаргасан,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,741,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Шараа, түүний өмгөөлөгч Ч.Ням /шүүхэд төлөөлөх эрх-0097/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, гэрч О.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Шараа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Дуламцоогийн хүсэлтээр 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ хийж, 10 сая төгрөгийг бэлнээр, 10,000 ам.доллар буюу 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ханшаар 13,256,900 төгрөг, нийт 23,256,900 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаагаар зээлсэн.

Хариуцагч нь 2011 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын хооронд зээлийн хүүгийн төлбөрт 5 сая төгрөг бэлнээр төлсөн бөгөөд зээлийн хүүгийн үлдэгдэл 1,512,000 төгрөг болон үндсэн зээлээ төлөлгүй алга болсон.

Тэгээд 2013 оны 10 сард хариуцагчийг таньдаг хүнээр дамжуулан олсон бөгөөд тухайн үед нотариатын эрхээ түдгэлзүүлсэн, хүнд өвчтэй амьдрал хүнд байгаа, 2014 онд эрхээ сэргээлгээд таны мөнгийг өгнө гээд үндсэн зээлээс 400,000 төгрөг төлөөд дахин сураггүй алга болсон.

Ингээд дахин түүнийг ТБД андуудын замын урд нотариатын үйл ажиллагаа явуулж байхад нь олж аваад тэрээр зээлээс төлж байгаад төлөхөө больсон.

Иймд Д.Дуламцоогоос 44,741,750 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны үеэр бид эвлэрч, гэрээ байгуулж байна гэв.

Хариуцагч Д.Дуламцоо, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Шараа нь төлсөн төлбөрүүдийг орхигдуулан тооцсон байна.

Бид нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчтэй эвлэрэх саналтай байгаа.

Шүүх хуралдааны үеэр бид ярилцаад 15 сая төгрөгийн үнийн дүн дээр эвлэрч эвлэрлийн гэрээ байгууллаа гэв.

          Талууд эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Д.Шараа, нөгөө талаас хариуцагч Д.Дуламцоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд нар дараах үндэслэлээр эвлэрэв. Үүнд: нэхэмжлэгч Д.Шараа нь нэхэмжлэлийн үнийн дүн 44,741,750 төгрөгөөс 29,741,750 төгрөгөөр багасган татгалзаж, хариуцагч тал 15 сая төгрөгийг 2017 оны 6, 7 дугаар сарын 31-ний дотор төлж дуусгахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

Шүүх зохигчдын хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Шараа нь Д.Дуламцоогоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,741,750 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

          Шүүх хуралдааны үеэр зохигчид эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 44,741,750 /дөчин дөрвөн сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийн 29,741,750 /хорин есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хариуцагч Д.Дуламцоо нь 2017 оны 6, 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

          Талуудын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дуламцоогоос 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Шараад буцаан олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Д.Дуламцоо нь өмгөөлөгч М.Бадамхандад эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-18 дугаар хуудас/

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          1.Д.Шараагийн нэхэмжлэлтэй, Д.Дуламцоод холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 44,741,750 /дөчин дөрвөн сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийн 29,741,750 /хорин есөн сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгөөс татгалзаж, үлдэх 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг хариуцагч Д.Дуламцоо нь 2017 оны 6, 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Д.Шараад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 479,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Дуламцоогоос 232,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Шараад буцаан олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ЦЭНД