| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/43 |
| Огноо | 2021-04-19 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/43
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Eрөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, улсын яллагч А.Баясгалан, шүүгдэгч Н.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2131000130049 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 052 тоотод гэртээ мэдээллийн технологи ашиглан “Фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Azaz Azaz” нэртэй хаягаас дүрстэй дуу дамжуулалт буюу Live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан “Texas poker” буюу үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 052 тоотод гэртээ мэдээллийн технологи ашиглан “Фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээнд “Azaz Azaz” нэртэй хаягаас дүрстэй дуу дамжуулалт буюу Live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан “Texas poker” буюу үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ийн өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],
2.Гэрч Э.Лхагважаргалын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын дундуур фэйсбүүкээр “Техас Покер” гэх тоглоомын live явж байх үед 5000 төгрөгөөр бооцоо тавьж нэг удаа тоглоод буцаж 10.000 төгрөгийг өөрийнхөө 5751247017 дугаарын дансанд авсан. Мөнгө шилжүүлсэн хүнийхээ дансыг санахгүй байна. Би мөрийтэй тоглоом хууль бус гэдгийг мэднэ. Тухайн тоглуулж байсан хүнийг танихгүй учир ороод тоглочихсон юм...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Ц.Бат-Эрдэний 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар сумын 5 дугаар хэсгийн байцаагчаар сүүлийн 2 жил ажиллаж байна. Н.*******ийг танина. Манай багийн иргэн. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Том охин нь асаргаанд байдаг....” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Г.Батжаргалын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар сумын 5 дугаар багийн нийгмийн ажилтангаар ажилладаг. Н.******* нь манай багт нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. 8 настай хөгжлийн бэрхшээлтэй охинтой. Тухайн иргэн, айл өрхийн талаар санал гомдол ирж байгаагүй...” гэх мэдүүлэг[4],
5.Яллагдагч Н.*******ийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр бид 2, 2-лаа ажилгүй байгаа. 3-аас 8 насны 3 хүүхэдтэй. Том охин маань төрөлхийн бамбай булчирхайн дутагдалтай, асаргаанд байдаг. Тийм учраас мөнгө хэрэг болоод дээрх хэргийг үйлдсэн. Би тухайн үедээ гэмт хэрэг гэж мэдээгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[5], 6.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол[6], 7.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[8] 9.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[9], 10.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], 11.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[11]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь бусдад хохирол учруулаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүхээс шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” болон “Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай” өрх, иргэнээр бүртгэлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, байнгын асаргаанд байдаг охиноо асардаг, эрхэлсэн ажилгүй, нийгмийн халамжийн сангаас хүүхдээ асарч байгаа мөнгөн тэтгэмж авдаг зэрэг хувийн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Н.*******ийг чөлөөлж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Н.*******ийг чөлөөлсүгэй.
4.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ