Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ,

 улсын яллагч Г.Энхмаа,

 шүүгдэгч Х.*******,

 шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2728/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******н *******ид холбогдох эрүүгийн 2031000000171 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Хултай овогт *******н *******, РД:/*******/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.Гантөмөрийн өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хөрөө 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.Гантөмөрт 70,000 төгрөгийн хохирол учруулсан;

-мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.Мөнхбаатарын эзэмшлийн 14-92 УБӨ улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Мөнхбаатарт 310,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Энхталын 6-3 гудамжны 01 тоотод оршин суух иргэн Г.Гантөмөрийн өмчлөлийн эд зүйлээ хадгалах зориулалттай амбаарын хаалганы уяаг тайлж, нэвтрэн орж цахилгаан хөрөө 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Г.Гантөмөрт 70,000 төгрөгийн хохирол учруулсан;

-мөн 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт иргэн Д.Мөнхбаатарын эзэмшлийн 14-92 УБӨ улсын дугаартай “Тоёота Приус” маркийн авто машинаас гагнуурын аппарат 1 ширхэг, гагнуурын холбогч уртасгагч утас 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.Мөнхбаатарт 310.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[1],

 2.Хохирогч Г.Гантөмөрийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр өглөө 07 цагийн үед Ерөө сумын 2-р багийн нутагт байх гэрээсээ гарч Дархан-Уул аймаг руу өөрийн эхнэр Ш.Оюуны хамт гэрээ түгжээд явсан юм. Тэгээд Дархан-Уул аймагт ажил төрлөө зохицуулаад 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ерөө суманд гэртээ ирэхэд манай байшингийн хаалга нь онгорхой байдалтай, амбаарын хаалга онгорхой байдалтай байсан юм. Тэгээд байшин руугаа орж унтлагын өрөө хэсэг рүү ороход ор хөнжлийн гудас сөхсөн байдалтай, мөнгө төгрөг хайсан юм уу гэмээр байдалтай, байшингийн хаалганы түгжээг мулталж онгойлгосон байдалтай байсан юм. Байшин дотроос эд зүйл хулгайлаагүй байсан. Харин байшинтай залгаа амбаарын хаалга онгорхой байсан ба амбаараас 1 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн цэнхэр тагтай, хар маниултай 1 ширхэг дружба хөрөө алдагдсан байсан юм. Тэгээд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Миний хулгайд алдсан хөрөө нь хар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн үрдэсний хамгаалалт нь цэнхэр, бусад зүйл нь хар өнгөтэй, бариул хэсгийг даавуугаар боосон байдалтай байсан юм. Тухайн хөрөөг 2017 онд 150,000 төгрөгөөр Дархан-Уул аймгаас худалдаж авч байсан юм. Би өөрийн хулгайд алдсан хөрөөг буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Х.Цогтбатын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн үед намайг гэртээ байхад Х.******* манай урдуур мод хөрөөдчихөөд явж байна гэж хэлээд хар өнгийн цахилгаан хөрөөг үүрсэн байдалтай явж байсан юм. Тэгээд тухайн хөрөөгөө манай амбаарт үлдээсэн юм. Тэгээд Х.******* сумын төв рүү миний машинтай Адууч гэх айлд очно гэж хэлээд машинаас буусан юм. Тэрнээс хойш Х.*******той уулзаагүй. Тухайн хөрөөг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Х.*******ийн өөрийнх нь гэж бодсон юм. Тухайн үед Х.******* нэлээн согтуу байдалтай явж байхаар нь “хөрөөгөө энд үлдээчихье” гэж хэлэхээр нь би хашаандаа оруулж тавьсан юм. Х.******* нь тухайн үед надаас мөнгө нэхээд байсан юм. Х.******* нь тухайн үед шар, саарал өнгийн куртиктэй, хөрөөний бензин асгарсан байдалтай, саравчтай цэнхэр малгайтай байсан. Өмд, гутлыг нь анзаараагүй...” гэх мэдүүлэг[3],

4.Хохирогч Д.Мөнхбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний бие 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Приус 20 маркийн 1942 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Ерөө сумын 2 дугаар багийн нутагт 22 цагийн үед Уугий гэх айлд очсон юм. Тухайн айлдаа ороод 23 цагийн үед машинтайгаа гэртээ ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь машинаас цэнхэр өнгийн гагнуурын аппаратаа авах гээд хойд багаж хэсгийг онгойлгоод харсан чинь миний гагнуурын аппарат байхгүй болсон байсан юм. Мөн гагнуурын аппаратны 2 ширхэг, 4 метрийн урттай массын утас алга болсон байсан юм. Би Уугийгийн гэр лүү орохдоо машинаа түгжихээ мартаад орсон байна лээ. Миний гагнуурын аппарат машины арын багааж хэсэгт байсан юм. Би өөрөө гагнуурын аппаратаар энд тэнд ажил хийдэг учраас машиндаа хадгалдаг юм. Би өөрийн гагнуурын аппаратаа Дархан-Уул аймгаас аваад удаагүй шинээрээ байгаа юм. Гагнуурын аппарат нь 280.000 төгрөгөөр, 2 ширхэг, 4 метрийн урттай массын утас тус бүр нь 15000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Би өөрийн хулгайд алдсан гагнуурын аппарат болон 2 ширхэг 4 метрийн урттай массын утас зэргийг бүрэн бүтэн буцааж хүлээн авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч З.Аюушийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын дундуур санаж байна, яг он сарыг нь сайн санахгүй байна. Намайг Ерөө сумын 1 дүгээр багт гэртээ байж байхад өглөө 10 цагийн үед Х.******* манай хашаанд ганцаараа явган орж ирээд бид хоёр сайн муугаа мэндлэхэд Х.******* “...би ажилд явах гэж байгаа юм, надад явах зардал байхгүй болчихоод байна ах, таньд нэг гагнуурын аппарат зарах гэсэн юм..." гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би “...надад гагнуурын аппарат хэрэггүй...” гэж хэлэхэд Х.******* гуйгаад байхаар нь би тухайн гагнуурын аппаратыг авахаар өөрийн Портер машинтай Ерөө сумын 2 дугаар баг нэлээн урагш яваад нэг ногоон хашаатай айлын гадна зогсоход Х.******* нь надад шинэ цэнхэр өнгийн гагнуурын аппарат 2 ширхэг урт залгуур зэрэг эд зүйлтэйгээ байсан. Тэгээд би Х.*******ид зардлын мөнгө 40.000 төгрөг өгөөд тухайн газарт нь үлдээгээд явсан юм. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй. Таньдаг хүүхэд гуйгаад байхаар нь 40.000 төгрөг өгөөд авсан юм...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Х.Баярсайханы 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Х.******* нь 1983 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд манай аав, ээжийнхээ 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Айлаас 5-лаа бөгөөд дээрээ 2 ах, 1 эгчтэй, доороо 1 дүүтэй. Х.******* нь аав, ээжийн гар дээр өсөөд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 10 жилийн сургуулийн 9 дүгээр ангийг төгсөж байсан. Тэгээд илгээлтээр трактор комбайнчаар Ерөө суманд ажиллаж байсан. Цэргийн албыг дүйцүүлэхээр хааж байсан бөгөөд 2006 оноос эхлэн БТЕГ ХХК-нд ажиллаж байгаад 2015 онд ажлаасаа гарсан. Тэрнээс хойш хувиараа ажил хөдөлмөр эрхэлж ажилласан. Х.******* нь 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхдүүдийг нь ээж Цэцэгээ хардаг. Эхнэр Баярмаа нь гэр бүлийн асуудлаас болоод салсан. Х.******* зан аашны их даруухан, нийтэч, олондоо нэр хүндтэй, машин механизм, техникт сайн, ямар нэгэн ажил төрөлд мундаг сайн ажилладаг юм. Ойрын хэдэн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа болохоос биш ямар нэгэн элдэв муу зуршил байхгүй. БТЕГ ХХК-наас олон шагнал авч байсан. Урьд өмнө санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдож одоогоор тэнсэн харгалзах ялтай байсан. Тэрнээс өөрөөр санаатайгаар гэмт хэрэг хийгээд, үйлдээд байдаггүй юм. Х.*******ийн зүрх, бөөр нь их өвддөг, өөрөөр ямар нэгэн өвчин байхгүй, эмнэлгийн байгууллагын хяналтад байдаггүй...” гэх мэдүүлэг[6],

7.2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний №ТХҮ/518-126 дугаартай үнэлгээний тайлан[7]

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

БНХАУлсад үйлдвэрлэгдсэн модны гар хөрөө

 

ш

 

1

 

70.000

 

70.000

 

Хуучин

 

Нийт дүн

 

 

 

70.000

 

Хүснэгт1 Үнэлгээний тайлан 8.Шүүгдэгч Х.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн орчим Гантөмөр гэдэг айлд очтол эзэнгүй, байшин цоожтой байсан. Цоожийг татаж хугалаад хаалгыг онгойлгоод гэрт нь орж гудсыг сөхөөд ус уугаад хажууд байх амбаар луу орсон. Амбаарын хаалгыг цэнхэр өнгийн уяагаар уясан байсныг тайлаад ортол цахилгаан хөрөө газар байхаар нь аваад гарсан. Тэгээд тэндээс гараад Цогтбат гэдэг хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би ганцаараа байсан. Иргэн Гантөмөрийн байшин, амбаарт хууль бусаар орсноо хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг[8], 9.2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ний №ТХҮ/518-125 дугаартай үнэлгээний тайлан[9],

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ, төгрөгөөр

Тайлбар

1

220W хүчин чадалтай  гагнуурын аппарат

 

ш

 

    1

 

280.000

 

280.000

БНХАУлсад үйлдвэрлэсэн шинэ

2

Гагнуурын холбогч уртасгагч утас

 

ш

   

2

 

15.000

 

30.000

 

Шинэ

Нийт дүн

 

 

 

310.000

 

Хүснэгт 2 Үнэлгээний тайлан

10.Яллагдагч Х.*******ийн 2020 оны 09 дүгээр сарын сарын 21-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны 22 цагийн орчим хуучин хөрөө рам ажиллуулдаг байсан Уугий гэдэг айлын хашаанд ороод цонхоор нь хартал Мөнхбаатар, Уугий, бас нэг залуутай архи уугаад байж байхаар нь оролгүйгээр буцаад гараад Мөнхбаатарын “Приус-20” маркийн машин зогсож байхаар нь жолоочийн эсрэг талынх нь хаалгыг таттал онгорхой байсан. Тэгээд гагнуурын аппарат байхаар нь аваад явсан. Тэгээд хүүхдийн тоглоомын саад дээр өглөө болтол унтсан. Гагнуурын аппарат хажууд байсан. Өглөө босоод Аюуш гэдэг айлд очоод 40.000 төгрөгөөр зараад архи авч уусан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг[10], 11.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол[11], 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[12], 13.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл[13], 14.Эд зүйл хураан авсан,хүлээлгэн өгсөн тэмдэглэл[14], 15.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[15], 16.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17. Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[17] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Гантөмөр, Д.Мөнхбаатар нар нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

 Шүүх шүүгдэгч Х.*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг нотлогдсон, хохирогч нар өөрсдийн алдсан зүйлээ биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд эхнэр, 4 хүүхэд, өндөр насны ээжтэйгээ хамт амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Шүүгдэгч нь өөрөө ажил хөдөлмөр эрхэлж байхдаа “Ерөө сумын засаг даргын өргөмжлөл, уул уурхайн салбар хөгжсөний шагнал” зэргийг авч байсан. Мөн амьжиргааны доод түвшнээс доогуур айл өрхийн тоонд хамаардаг болохыг Засаг даргын тодорхойлолтоор нотолсон байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс “Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэргийг 2 удаа үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй...” гэсэн ялын саналыг гаргаж хуульд заасан дарааллын дагуу харилцан мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Учир нь шүүгдэгч Х.******* нь өмнө нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдон, өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн ба тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан ялыг хөнгөрүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.

Иймд шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч Х.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 158 хоногийг хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хултай овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн байнга амьдрах, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Х.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосугай.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 03 /гурав/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******ийн энэ гэмт хэргийн улмаас 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 158 хоногийг хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

9.Шүүгдэгч Х.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

10.Шүүгдэгч Х.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.АМАРГЭРЭЛ