Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01541

 

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/01541

                 Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчний 68 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Есөн-Эрдэнэ овогт Амарын Доржготов /РД-ЧБ69071213/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд оршин байгаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан,

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Доржготов, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Доржготов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би суудлын вагон депод илчит тэрэгний туслах машинчаар ажилладаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажлаа гүйцэтгэх явцад тус депогийн хашаанд төмөр замын гарам дээр ЗИЛ-130 маркийн 7910 УБК улсын дугаартай машины жолооч сэлгээ хийж байгаа бүрэлдэхүүний өмнүүр гарч ирсэн. Бид дуут дохио өгсөн бөгөөд би машинчид хэлж, яаралтай тормоз авсан боловч машиныг мөргөөд зогссон.

Зүтгүүрийн бригадын зүгээс авах ёстой бүх арга хэмжээ зөв явагдсан мөн гэм буруугүйг Төмөр замын цагдаагийн хэлтсийн шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа.

Шуурхай хурал дээр уг ослын талаар ярьж байснаас шийдвэр гаргаагүй. Мөн надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг танилцуулаагүй, гардуулаагүй бөгөөд 12 дугаар сарын 01-ний өдөр цалингаа авахад дутуу байсан учир нягтлан бодогчтой очиж уулзахад сахилгын шийтгэл гэсэн. Тэгээд тушаалтай танилцах гэхэд ирээгүй байсан.

Би 2016 оны 12 дугаар сард н.Эрдэнэдалай даргатай уулзаж гомдлоо өгсөн. Маргаан таслах комисст хандсан боловч үр дүнд хүрээгүй.

Уг сахилгын шийтгэл нь үр дагавартай юм байна. Намайг өөр ажилд томилох гэтэл чи сахилгын шийтгэлтэй юм байна гэсэн, мөн нэр хүндэд хүртэл сэвтэй байна.

Иймд Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шуурхай хуралд А.Доржготов өөрөө орсон байгаа. Үүнээс харахад нэхэмжлэгч нь сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гарсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гарсан, шинжээчийн дүгнэлт нь 12 дугаар сард гарсан.

А.Доржготов нь маргаан таслах комисст гомдол гаргасан гэх боловч тус байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороонд нэхэмжлэгчийг гомдол гаргаагүй гэсэн албан бичиг ирсэн. Түүнчлэн уг маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар шууд шүүх харьяалан шийдвэрлэх маргаан байх тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Доржготов нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдол гаргаж, тус газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, үр дагаврыг арилгуулах буюу цалин хөлснөөс суутгасан 700,000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсчээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “...уг маргаан нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэж тайлбарладаг. /хх-28, 49 дүгээр хуудасны ар тал/

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д заасан хөдөлмөрийн гэрээний үүргийн харилцаа үүссэн асуудлаар маргаагүй.

Харин хариуцагч Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалын 2 дахь заалтаар А.Доржготовыг  Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 2.4 дүгээр заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр түүний үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдлуулсны улмаас талуудын хооронд маргаан үүсч, тэрээр шүүхэд гомдол гаргаж “... гэм буруугүй гэдэг нь шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон ..., ... надад тушаалыг танилцуулж гардуулахгүйгээр цалингаас суутгал хийсэн ...” гэж мэтгэлцэж байна. /хх-24,27, 49 дүгээр хуудасны ар тал/

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 15 тоот дүгнэлтэд “... сэлгээний ТГМ23Б-2648 дугаартай галт тэрэгний машинч Р.Нарандэлгэр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалтыг зөрчөөгүй байна” гэж, мөн Тээврийн прокурорын газрын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3301 дүгээр тогтоолоор “... иргэн Б.Баатарсүх нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн 37 дугаар зам дээр 2648 дугаар галт тэрэг явах үед ЗИЛ-130 маркийн 7910 УБК улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 дэх заалтыг зөрчсний улмаас ... галт тэрэгтэй мөргөлдөж Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид 671,000 төгрөгийн хохирол учруулсан ... болох нь тогтоогдсон ...” гэснээс уг ослын улмаас нэхэмжлэгч А.Доржготов ямар сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. /хх-6 дугаар хуудас/

Ажилтны гаргасан зөрчил нь заавал тогтоогдсон байхаас гадна сахилгын шийтгэл ногдуулахдаа гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх юм.

Гэтэл хариуцагч тал, нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй байхад түүнд сахилгын шийтгэлийг буруу ногдуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтыг зөрчжээ.

Гэхдээ уг маргааны талаар гомдол гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтаас харахад хөдөлмөрийн гэрээний талууд нь эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч А.Доржготов, өөртөө сахилгын шийтгэл ногдуулсан тухай 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “... 12 дугаар сарын 01-ний өдөр цалингаа авдаг, ... цалин авахад дутуу орсон байсан учир нягтлан бодогчтой уулзахад сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн” гэх тайлбараар нотлогддог. /хх-27-28, 51 дүгээр хуудас/

Түүнчлэн А.Доржготов нь сахилгын шийтгэлийн талаарх гомдлоо тус байгууллагын Хөдөлгөөний аюулгүй байдал, хамгаалалт хариуцсан  замын орлогч дарга асан гэрч Ч.Эрдэнэдалайд гаргаснаас маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Улаанбаатар төмөр замын маргаан шийдвэрлэх комисс, эсвэл шүүхэд гаргаагүй болох нь гэрчийн мэдүүлэг, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Улаанбаатар дахь вагон депогийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-37, 38, 50 дугаар хуудас/

Хөдөлмөрийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч А.Доржготов нь гомдлоо шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байдаг.

Иймээс нэхэмжлэгчийг хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд маргаан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаагүйгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр түүний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Тус маргаан нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг учир нэхэмжлэгчээс илүү төлсөн 21,350 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан А.Доржготовт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Доржготовын, Улаанбаатар төмөр замын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б-II-169 дүгээр тушаалыг хүчингүй болгож, үр дагаврыг нь арилгуулах буюу цалин хөлснөөс суутгасан 700,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Доржготовыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн  58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 21,350 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан А.Доржготовт буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД