Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2018/01119/И |
Дугаар | 001/ХТ2019/00404 |
Огноо | 2019-03-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2019/00404
Б.Э, Д.Д нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаар шийдвэр,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалтай,
Б.Э, Д.Д нарын нэхэмжлэлтэй,
Х.Ж-д холбогдох,
“Даниста-Од” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах, гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Ж-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-оргил, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбалпэлжээ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Энхболд, Д.Дамбапэлжээ, Х.Ж- нар 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Даниста ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар Даниста ХХК-ийн оноосон нэрийг Даниста од ХХК болгон өөрчилж, 2006 оны 12 дугаар сарын 20-ны улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Энхболд нас барсан тул өв залгамжлалын дагуу эхнэр Б.Эрдэнэнцэцэг компанийн хувьцаа эзэмшигчээр орж, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. “Даниста-од” ХХК-ийн дүрэмд тусгагдсан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 288.491.612 төгрөг бөгөөд Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ нар тус бүр 44 хувийг, Х.Ж- 12 хувийг эзэмшдэг. Тус компани Орхон аймагт худалдаа, үйлчилгээний Даниста зах-ыг шинээр барьж, ашиглалтанд оруулж, тус захаараа байнгын үйл ажиллагаа явуулсаар байна. Х.Ж- нь өнгөрсөн хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж, компанийн үүсгэн байгуулах баримт бичгүүд болон тамга, тэмдгийг эзэмшиж, компанийн эд хөрөнгө, мөнгийг захиран зарцуулж, банк санхүүгийн холбогдолтой бүхий л баримтад гарын үсэг зурж, баталгаажуулж байсан. Тэрээр эхэндээ компанийн гүйцэтгэх удирдлагын ажлыг хэл амгүй, зөрчилгүй хийж байсан боловч 2008 оноос эхлэн удирдлагын болон ажлын зөрчил дутагдал гаргаж, компанийн хөрөнгө мөнгийг үрэлгэн, замбараагүй захиран зарцуулж, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалт хийлгэхгүй, саад хийж, ажилчдынхаа цалин хөлсийг олгохгүй тасалдуулах, татвар, нийгмийн даатгалын байгууллагуудад өр төлбөр үүсгэж, хувьцаа эзэмшигч нарын санал, шаардлагыг үл тоож, эрх барих байгууллагын шийдвэр, тогтоолыг үл биелүүлж, тэднийг хэл амаар доромжлох зэрэг ёс зүйгүй, хууль бус үйлдэл, эс үйлдэл гаргах болсон. “Даниста од” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 88 хувийг эзэмшигч хувьцаа эзэмшигч нарын зүгээс удаа дараа Хувь нийлүүлэгчдийн хурлыг зохион байгуулж, улмаар гүйцэтгэх удирдлага Х.Ж-д 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот бичгээр шаардлага хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авч, биелүүлэхээс татгалзсан. Тиймээс Даниста од ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол (хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар)-оор Х.Ж-г компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд тус компанийн 44 хувийн хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэцэцэгийг томилсон. Иймд Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Ж-гаас гаргуулж, Б.Э, Д.Д нарт олгуулж, Даниста од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Ж-д даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа: Би анх 2002 онд өөрийн найз Ц.Энхболдтой хамтарч Даниста-Од ХХК-ийг үүсгэн байгуулж бүтэн 16 жил удирдаж ирсэн бөгөөд Орхон аймгийн Эрдэнэт хотод том хэмжээний үйлчилгээний зориулалттай барилга бариулж одоо үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Миний бие өөрийн үүсгэн байгуулсан компанидаа ямар ч хохирол учруулаагүй. Хөрөнгө мөнгийг буруу зүйлд захиран зарцуулсан юм байхгүй. Нэхэмжлэгч нар нь компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, зүгээр хувь хүртээд сууж байдаг хүмүүс. Хувь хүний орлогын албан татваруудыг Б.Э, Д.Д нар төлөх ёстой. Хөрөнгө оруулалтын талаар ярилцъя, хувь хүний орлогын албан татварыг компани төлөхгүй гэж хэлсэн. Д.Дамбапэлжээд 3 сарын ашгийг нь өгөхгүйгээр 5 сая гаран төгрөгийг нь төлсөн. 78.000.000 төгрөгний хувьцааны мөнгө авчхаад 15.000.000 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлөх ёстой байтал компаниар төлүүлнэ. Д.Дамбапэлжээ 350.000.000 төгрөг аваад бүгдийг нь авсан. Орлогын албан татварт 35.000.000 төгрөг өгөх ёстой. Б.Эрдэнэцэцэгийг урвуулж миний эсрэг болгож байгаа. Улаан толгойд байсан хэдэн хавтангуудыг Дамбапэлжээгийн хөрөнгө гээд биччихсэн. Би энэ компанийг үүсгэн байгуулсан цагаас эхлэн санхүүг барьсан. Д.Дамбапэлжээ нь өөрийнхөө таньдаг аудит хийдэг хүнийг авчирч шалгуулсан. Талийгаач Энхболд бид хоёр нэг анги байсан. Д.Дамбапэлжээ надаас Даниста-Од ХХК-нийг булааж авах ажиллагаагаа явуулж байна гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаар шийдвэрээр: Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарын хариуцагч Х.Ж-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Ж-гаас албадан гаргуулж, Б.Э, Д.Д нарт олгуулж, Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Ж-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны 142/ШШ2018/00913 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “Компаний тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10, 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарын хариуцагч Х.Ж-д холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн 20110066111 дугаартай, регистрийн 2668009 дугаартай, Даниста-Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга тэмдгийг Х.Ж-гаас албадан гаргуулж, Б.Э, Д.Д нарт олгуулж, Даниста-Од ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Б.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгөхийг Х.Ж-д даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч Х.Ж-гаас улсын бүртгэлийн 20110066111 дугаартай регистрийн 2668009 дугаартай Даниста Од ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарт олгож, гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэхийг хариуцагч Х.Ж-д даалгасугай” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтанд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Х.Ж-гаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалыг Компанийн тухай хуулийн 59 болон 61 дүгээр зүйл, Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.3 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.10 дахь хэсэг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэг, Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6.1 дэх заалт, Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйл, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 44 дүгээр зүйл, 49, 50 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэг, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиудын хэд хэдэн зүйл, заалтыг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх “...“Даниста Од” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ж-д ажил сайжруулах тухай шаардлага хүргүүлж байжээ.” гэж 2017 оны 10-р сарын 12-ны өдрийн 01 тоот “Даниста-Од” ХХКийн гүйцэтгэх захирал Х:Жанцансамбуу-д ажил сайжруулах шаардлага”-ыг нотлох баримтаар үнэлсэн атлаа: Тэрхүү шаардлага нь тодорхой хугацаатай буюу хамгийн наад талаар бодоход 11-р сарын 22-ны өдөр хүртэл үйлчлэх, цаашилбал сар бүрийн 9-ний өдөр бүр үйлчилж байх шаардлага байсан. Гэтэл хариуцагч Жанцансамбууг Гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн гэх 02 тоот тогтоол нь тэр өдрөө буюу 2017 оны 10-р сарын 12-ны өдөр гарсан, үүний шалтгаан, учир холбогдлын талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Туул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...гүйцэтгэх удирдлага Х.Ж-д 2017.10.12-ны өдөр 01 тоот албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч тэрээр хүлээн авч, биелүүлэхээс татгалзсан. Тиймээс “Даниста од” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2017.10.12-ны өдрийн хурлын 02 тоот тогтоол (хувьцаа эзэмшигчдийн 88 хувийн саналаар)-оор Х.Ж-г компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж,...” гэж хүлээн зөвшөөрсөн зэрэг баримтыг харьцуулан судалж, хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний болон түүнээс гарах шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйд харамсаж байна.Түүгээр ч зогсохгүй “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоо улсын бүртгэлд бүртгүүлсэн, эсхүл бүртгүүлэх оролдлого хийсэн нэг ч баримт байхгүй, харин ч Улсын бүртгэлийн лавлагаа дээр нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу Гүйцэтгэх удирдлага нь Х.Ж- хэвээрээ байхад, өөрөөр хэлвэл улсын бүртгэлийн өнөөдрийн бүртгэл хүчин төгөлдөр хэвээрээ, энэ талаар ямар нэгэн маргаан гараагүй байхад давж заалдах шатны шүүх “Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн санал өөрийнх нь зөвшөөрлөөр гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж компанийн гүйцэтгэх захирлаар Б.Эрдэнэцэцэгийг томилж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар/компанийн дүрэм, хурлын тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хурлын тогтоол зохигчдын тайлбар зэрэг/ нотлогдон тогтоогдсон байна." гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ хурал гэгч нь гүйцэтгэх удирдлагын талаар хэлэлцэхээр зарлагдаагүй, өдөр тутмын ажил төрлийн талаар өөр асуудал яригдаж байгаад зарим нэг зүйлтэй нь санал зөрсөн, түүгээр ч барахгүй хувь хөрөнгийн оролцоо, хувьцаа Ээзэмшигчдийн эзэмших хувийн талаар хариуцагчийн зүгээс 2018 оны 03-р сараас эхлэн асуудал хөндөөд ирэхээр буюу хагас жилийн дараа гэнэт Гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн талаар сөргүүлэн тавьсан болохоор энэ хууль бус хуурамч баримтын талаар ямар нэгэн маргаан гаргах шаардлага байхгүй болно.
Иймд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11-р сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 25-ны өдрийн 142/ШШ2018/00913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
“Даниста-Од” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулах, гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Э, Д.Д нарын нэхэмжлэлийг хариуцагч Х.Ж- эс зөвшөөрч, маргажээ.
Б.Эрдэнэцэцэг, Д.Дамбапэлжээ, Х.Ж- нар нь “Даниста-Од” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч бөгөөд Б.Э, Д.Д нар тус бүр 44 хувийн, Х.Ж- нь 12 хувийн хувьцааг эзэмшдэг, энэ талаар маргаагүй байна /хэргийн 7, 15-18 дугаар тал/.
Тус компанийн хувьцаа эзэмшигчид 2017 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хуралдсан, хурал 12-ний өдөр үргэлжлэн компанийн гүйцэтгэх удирдлага, бизнес төлөвлөгөө, цалин, хамгаалалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, улмаар хувьцаа эзэмшигчдийн хурлын 02 дугаар тогтоолоор Х.Ж-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Эрдэнэцэцэгийг томилжээ /хэргийн 19-26 дугаар тал/.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дээрх хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоолыг дурдаж, хариуцагч нь уг тогтоолыг биелүүлээгүй гэжээ.
Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т “хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит болон ээлжит бус байна”, 59.4.-т “хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна”, 59.5.-т “энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно” гэж тус тус зохицуулсан.
“Даниста-Од” ХХК-ийн дүрмийн 6.1-т “компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж заасан ба компанийн гүйцэтгэх захирлыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр сонгож, өөрчлөхөөр дүрмийн 6.3-т заасан.
Хариуцагч Х.Ж- нь компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 02 тоот тогтоолоор түүнийг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлж, Б.Эрдэнэцэцэгийг томилсон нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэхүү үйл ажиллагаа Компанийн тухай хууль болон дүрмийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хууль, дүрэм, журмын дагуу зарласан эсэх, хурлаар хэлэлцэхээр товлосон асуудлыг хэлэлцэж баталсан байдлын талаар баримт авагдаагүй, хурлын шийдвэр хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл зохигчийн маргаагүй, мэтгэлцээгүй зүйлийн талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэж хариуцагч маргаж буй боловч дээрх хуралд оролцож тодорхой санал гаргаж байснаа үгүйсгээгүйгээс гадна хурал түүний шийдвэрийн талаар Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд гомдол гаргаж байгаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3.-т зааснаар компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ба хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.-т “хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж байгаа асуудлыг санал хураалтаар шийдвэрлэхэд энгийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 34 дүгээр зүйлд, давуу эрхийн хувьцаа эзэмшигч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан саналын эрх эдэлнэ” гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг компанийн гүйцэтгэх захирлаар томилох асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, улмаар гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлгэн өгөхийг Х.Ж-д даалгасан хууль зөрчөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан нь зөв боловч хэрэглэвэл зохих Компанийн тухай хуулийг хэрэглээгүй байна.
Дээрх үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн “...шийдвэрийг хэвээр үлдээх” талаарх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 130 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар...” гэснийг “Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3., 63 дугаар зүйлийн 63.1.-т заасныг баримтлан...” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ