Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 720

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Т.От холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            яллагдагч Т.Оийн өмгөөлөгч С.Пүрэвдорж,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтээр Т.От холбогдох 1706038640211, 201625012353 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Төмөрхүүгийн Т.О, Улаанбаатар хотод 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29-493 тоотод оршин суух хаягтай,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан. /регистрийн дугаар: ......................./;

 

Т.О нь Б.Оюунтуяатай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их Дэлгүүрийн урд талд Б.Эгийн цүнхнээс “Huawei Lite P-9” загварын гар утас хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Т.О, Б.Оюунтуяа нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.О, Б.Оюунтуяа  нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.От 1 жил хорих ял, Б.Оюунтуяад 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О, Б.Оюунтуяа нарт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, тэдгээрт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар Т.О, Б.Оюунтуяа нарыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор И.Ариунсанаа бичсэн дүгнэлтдээ: “Яллагдагч Т.О нь бусадтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвд иргэн Б.Амаржаргалын халааснаас “Samsung Galaxy-G5” загварын гар утас хулгайлж, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагч Т.О нарын өмнөх шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудыг прокурорын дүгнэлт бичүүлж хянуулахаар буцаасан.

Яллагдагч Т.О нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, энэ үед 324 дүгээр шийтгэх тогтоолоор тэнсэгдсэн хорих ялыг хэрхэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Яллагдагч Т.О нь урьд өмнө удаа дараагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн болох  нь тогтоогдож, тус бүрт нь шүүхээр ял шийтгүүлсэн бөгөөд шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийг өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон өмнө шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн болохыг мэдэх боломжгүй байсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар энэ талаар шүүх хуралдаанд мэдүүлээгүйн улмаас тус тусад нь ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Иймд Т.Оийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар дүгнэлт бичсэн...” гэжээ.

 

Яллагдагч Т.Оийн өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна. Би урьдчилсан хэлэлцүүлэгт анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор хорих ялыг тэнссэн асуудлыг, 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр анхан шатны шүүхийн 290 дүгээр шийтгэх тогтоол гаргахдаа шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хоёр шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож байж нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж ярьсан. Гэхдээ прокурор дүгнэлт бичихдээ 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна. Шүүгчийн захирамжид тогтоолуудыг гэж заасан байсан. 2 шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх нь зүйтэй байна гэж заасан байсан. Прокурор ял хойшлуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байсан.” гэв.

 ХЯНАВАЛ:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаа нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар дүгнэлт бичихдээ энэ шийдвэртэй холбоотой шүүгдэгч Т.От холбогдох 201725031051 тоот эрүүгийн хавтаст хэргийг ирүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг хэлэлцэх боломжгүйд хүргэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор шинэ нөхцөл байдалд тооцох үндэслэлүүдийн аль нэг нь байвал хэрэг үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай хэргийн оролцогчдод мэдэгдэж, уг байдлыг хянаж, шалгах ажиллагаа явуулахаар хуульчилсан байхад прокурор энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Т.О өмнө нь хоёр удаа шүүхээр ял шийтгүүлсэн байх тул гэмт хэрэг гарсан цаг хугацаануудыг нарийн тооцож, аль нь шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байгаа талаар дүгнэлтээ тодорхой, хууль зүйн үндэслэлтэйгээр бичих нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 02 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзсугай.

 

2. Энэ шийдвэрийн талаар прокурорт мэдэгдсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                М.ПҮРЭВСҮРЭН