Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 120/2022/0022/З |
Дугаар | 221/МА2023/0481 |
Огноо | 2023-07-26 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2023/0481
“Ш” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Нарангарав
Гомдол гаргагч: “Ш” ХХК
Хариуцагч: Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч М.Т
Гомдлын шаардлага: “Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын /хуучин нэрээр/ улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШШ2023/0006 дугаар шийдвэр
Хэргийн индекс: 120/2022/0022/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Ш” ХХК-иас Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч М.Тт холбогдуулан “Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын /хуучин нэрээр/ улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШШ2023/0006 дугаар шийдвэрээр: Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.3.1, 11 дүгээр зүйлийн 1161, 11.1.7, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “Ш” ХХК-ийн “Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын /хуучин нэрээр/ улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 0001865 дугаар Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Өмгөөлөгч Н.Нарангарав миний бие Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотлох баримт цуглараагүй бөгөөд шүүх өөрийн санаачилгаар маргаан бүхий акт гаргасан улсын байцаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Н байцаагчийг гэрчээр шүүх хуралдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаан Б.Н байцаагчийг оролцуулаагүй. Шүүх гэрч оролцуулах шийдвэрээ хүчингүй болгоогүй байсан. Шүүх өөрийн санаачилгаар гэрч оролцуулах болсон тул нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй.
Гомдлын үндэслэл нь “Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан процессын хэм хэмжээг зөрчсөн буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг холбогдох журмын дагуу явуулаагүй, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн” гэж маргасан. Гэтэл шүүх гол хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтныг гэрчээр орголцуулна гэж шийдвэрлэсэн атлаа тодорхойгүй шалтгаанаар оролцуулаагүй нь нэхэмжлэгчийн мэтгэлцэх боломжоор хангаагүйн зэрэгцээ шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлэх улмаар гомдлыг хангахгүй орхих үндэслэл болсон гэж үзэж байна.
3.2. Б.Н байцаагчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хяналт тавьж, нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тогтоол гаргасан Ханбогд сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Дөлгөөнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч хангаагүй орхисон тул нэхэмжлэгчийн маргах, мэтгэлцэх эрх хангагдаагүйн зэрэгцээ анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх, хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй болсон гэж үзэж гомдол гаргаж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:
2.1. Хэргийн үйл баримтаас үзвэл Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч нь иргэн Б.Энх-Амгалангаас гаргасан гомдлын дагуу “Ш” ХХК-ийн “Сэнтий” бөөний төв, “Хишиг” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 29-ний өдрийн хооронд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
2.2. Уг шалгалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрших “Сэнтий” бөөний төвийн “Хишиг” хүнсний дэлгүүр нь хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн төрөл бүрийн ундаа, жүүс, жигнэмэг, талх, гурилан бүтээгдэхүүн, шоколад, гоймон, хиам, зайдас, лаазалсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн гэх мэт 152 нэр төрлийн, 5371 ширхэг, нийт 12,592,430 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илрүүлсэн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих”, 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдсон байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасны дагуу “Ш” ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “Сэнтий” бөөний төвийн “Хишиг” хүнсний дэлгүүрт худалдаалагдаж байсан хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч битүүмжилсэн байна.
3. Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна”, 8.5-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 8.2-т заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ татан авсан тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрийг гартал хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авсан он, сар, өдрийг тэмдэглэн тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг тусгаарлан битүүмжилж хадгална”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь дараах үүргийг хүлээнэ”, 10.1.6-д “хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох болон дотоод хяналт, шалгалтын бүртгэл, тэмдэглэл, тайлан тооцоо, лабораторийн шинжилгээний хариу зэрэг мэдээлэл болон баримт бичгийг хадгалах” гэж тус тус заасан.
3.1. Гэтэл нэхэмжлэгч “Ш” ХХК нь худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцах, өдөр тутмын үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх журам мөрдөж ажиллах, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаанаас буцаан татан авч, устгах, тусгай өрөө, агуулахад тусад нь хаяг, шошго нааж, огноог тэмдэглэн тусгаарлан түр хадгалж устгах үүрэгтэй байтал дээрх хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, хугацаа нь дууссан олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд худалдаалж байсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
3.2. Эрх бүхий албан тушаалтан болох Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний худалдааны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт цуглуулсны үндсэн дээр “хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан” зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих”, 3 дахь хэсгийн 3.1-д “хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн; ... эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцсэн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ ... улсын байцаагч М.Тийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Н байцаагчийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулаагүй буюу шүүх гол хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан албан тушаалтыг гэрчээр оролцуулаагүй нь нэхэмжлэгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүйн зэрэгцээ нотлох баримтыг буруу, дутуу үнэлэх үндэслэл болсон” гэж давж заалдах гомдол гаргасан.
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.10-т “Дараахь хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй”, 37.10.1-д “үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж заасны дагуу албан үүргээ гүйцэтгэх замаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Хүнсний чанар, стандартын хяналтын Улсын байцаагч Т.Нандин-Эрдэнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах боломжгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх гомдол үндэслэлгүй.
4.2. Анхан шатны шүүх “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 120/ШШ2023/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ