Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

Улсын яллагч: Э.Халиун,

Шүүгдэгч: М.Батчимэг /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Боржигон овогт Мөнхжаргалын Батчимэгт холбогдох эрүүгийн 201625021294 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995.09.28-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 3-р багт оршин сууж байсан, одоо Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 1 дүгээр байрны 6-213 тоотод түр оршин сууж байгаа,

урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.15-ны өдрийн 154 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийх ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ЙК95092812, Боржигон овогт Мөнхжаргалын Батчимэг.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Батчимэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016.05.08-ны өдрийн 20.00 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 11-р хорооллын 1-р байрны 6-р орцны 9 давхарт хохирогч Э.Гончигсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Батчимэг мэдүүлэхдээ: Гончигсүрэнтэй хувийн таарамжгүй байдлаас болж маргалдсан. Тэгээд эрх хүн шиг уулзъя гаад орцонд гарсан. Намайг дийлэхгүй дор орж унасан. Би дээр нь гараад нэг удаа алгадсан нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Гончигсүрэн /хх-ийн 6-8/, гэрч Ч.Цэвэлхорлоо /хх-ийн 15/, гэрч А.Алтанбагана /хх-ийн 17/, гэрч Д.Бямбадолгор /хх-ийн 19/, гэрч М.Дэлгэрбаяр /хх-ийн 25/, гэрч Н.Наранцэцэг /хх-ийн хх-ийн 27/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6388 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, шүүгдэгч М.Батчимэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч М.Батчимэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8-р хороо,                           11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 6 дугаар орцны 9 давхарт хохирогч Э.Гончигсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Э.Гончигсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016.05.08-ны орой 19.00 цагийн орчим өөрийн үеэл эгч болох Бямбадолгорын гэр рүү интернетийг нь ашиглах гэж орсон …Бямбадолгор эгч урд өрөөнд орчихоод буцаж гарч ирэхдээ “чамайг яагаад урд өрөө рүү орж ирэхгүй байгаа юм бэ авч өгсөн юмыг нь голоод байгаа юм уу” гэсэн. Тэгэхээр нь би “за, за одоо ингэсгээд орлоо” гэж хэлсэн. Тэгээд жаахан сууж байгаад би яваад орсон. Сүүлд гарсан хоёр хоёр том пивоо авчирсан байсан. Нэгийнх нь дээрээс нь жаахан уугаад байж байтал Баагий “чи нээрээ аягүй юм лээ тэ, би чиний фэйсбүүк рүү орж үзсэн” гэх мэтээр үг хаяж эхэлсэн... “дээр орой чи Бямбадолгорыг дуудаа биз дээ, согтчихоод ирээд ав гээд утасддаг том юм байна лээ. Очиход согтуу шавхайн дээр холилдчихсон байж байснаа гэртээ орж ирэнгүүт гэнэт сэхэж мэхээд, тэгэхэд чинь миний дургүй хүрсэн” гээд хэрүүл болсон... Тэгснээ Баагий намайг “хүний олон хүнээ барьж иддэггүй юм хоёулахнаа сайхан салхинд гаръя” гээд гарахаар болсон. ...Тэгсэн чинь намайг шууд заамдаж аваад арагш нь түлхээд хана мөргүүлсэн. Хана мөргүүлэнгүүтээ буцааж татаад баруун гараараа нүүр рүү цохьсон. Тэгэнгүүт нь би хоёр гарыг нь хориод “чи одоо яачихаад байгаа юм бэ, зүгээр байгаач гэсэн чинь би чамд багтаад байна уу, чи намайг ажмаар юм байна уу” гээд дахиад зүүн гараараа заамдаж татаад шатны бариул руу түлхээд дахиад цохих гэсэн. Тэр үед би арагшаа унах гэнгүүтээ өөрөөс нь тэвэрч аваад доошоо суусан. Тэгээд намайг суусан чигээр нь дээрээс өвдөглөж суугаад цохиж гарсан. Тэр үед би дахиад цохих гэхээр нь баруун гарыг нь зүүн гараараа барьж аваад “миний хөл эвгүй болчихлоо шүү дээ” гэсэн боловч сонсоогүй. Тэгээд тэр үед дотроос бүгдээрээ гарч ирээд Баагийг надаас салгаж авсан. Салгаж авах үед өвдөглөсөн байсан баруун хөлөөрөө миний эвгүй болсон байсан хөлөн дээр дэвсчихсэн. Тэр үед миний хөл шад гээд явчихсан. Тэгээд салахдаа мөн нүүр рүү нэг удаа өшиглөсөн... найз нь над дээр ирээд “чи манай найзыг эхлээд тонгорчихсон юм биш үү” гэхээр нь би “тийм юм байхгүй, найз чинь өөрөө эхэлж хана мөргүүлсэн шүү дээ” гэтэл Баагий гэх залуу хаалганы тэнд зогсож байснаа “би чамайг түлхээ биз дээ” гэсэн. Тэгтэл Баагий гэх залуу намайг “угаасаа чиний буруу биз дээ” гэхээр нь би “тиймээ миний буруу, намайг уучлаарай” гэтэл гар барихгүй өөдөөс агсраад суугаад байсан. Маргааш нь би нөгөө залуу руу яриад “миний хөл хугарчихаж яах вэ” гэтэл “одоо тэгээд яахав дээ” гээд утсаа салгасан...” /хх-ийн 6-8/;

 

Гэрч Ч.Цэвэлхорлоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Бямбадолгор, Гончигсүрэн нар нь манай хамаатнууд бөгөөд Батчимэгийг Бямбадолгорын найз залуу гэдгээр нь л мэднэ... Гончиг, Батчимэг хоёр манай өрөөнөөс тамхи аваад хоёулаа хамт гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Бямбаа орж ирээд “Батчимэг, Гончиг хоёр хоорондоо зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгээд тэд нар гарч салгасны дараа би орж ирэх үед нь зөрөөд гарсан. Гончиг өрөөнд орж “хөл жаахан эвгүй болчихлоо” гэж байсан...” /хх-ийн 15/;

 

Гэрч А.Алтанбагана мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Батчимэг бид хоёр Өвөрхангай аймагт 10 жилдээ нэг сургуульд сурч төгссөн багын найзууд байгаа юм. ...Цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан оройн 20 цагийн орчимд Батчимэг, Мөнхбат, Гончигсүрэн, Цогтоо бид тав хамт архи ууцгаасан. Архи ууж байхад Батчимэг, Гончигоо хоёр хоорондоо хэрэлдсэн юм. Юунаас болж маргалдсан гэхээр өмнө нь Гончигоо согтчихоод Батчимэгийн найз охин Бямбадолгорыг “чи намайг ирээд аваадах” гэж дуудсан юм байна лээ. Тэгээд тэр хоёр тэрнээсээ болж маргалдаад эр хүн шиг гарч байгаад уулзъя гээд гарцгаасан. Тэгээд төд удалгүй Бямбадолгор “тэр хоёр чинь хоорондоо зодоон хийгээд байна шүү дээ, та нар гарч салга” гэхээр нь бид нар бөөнөөрөө гарч салгаад буцаад гэр рүү орсон. Гэр рүү орсны дараа Гончигоо “миний хөл эвгүй болчихлоо” гэхээр нь би “зүгээр биз дээ, одоо гэмтэл явж үзүүлэх үү, хөл рүү чинь өшиглөөгүй биз дээ” гэхэд “үзүүлэхгүй, миний хөл рүү өшиглөөгүй, зүгээрээ би ингээд явлаа” гэсэн...” /хх-ийн 17/;

           

Гэрч Д.Бямбадолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Орой 20 цаг өнгөрч байхад Батчимэг, Гончиг хоёр том өрөө рүү орж тамхи аваад гарахаар нь би тамхилах гээд гарсан юм болов уу гэж ойлгосон. Тэгээд удалгүй тэр хоёрын дуу нь гэнэт өндөрсөөд ирэхээр нь би гараад хартал Гончиг коридорын шалан дээр уначихсан Батчимэг нь дээр гарчихсан цохих гэж байхаар нь би “боль” гэж хэлчихээд буцаж ороод нөгөө хэдийг дуудаад салгаж оруулсан. Тэгээд буцаж орж ирэхдээ Гончиг “ хөл эвгүй болчихлоо унахдаа хөлөө эвгүй дараад уначих шиг боллоо” гэсэн ...Миний харсанаар шатны наахан талд шалан дээр хажуулдаад уначихсан дээрээс нь Батчимэг цохих гээд сууж байхаар нь болиулсан...” /хх-ийн 19/;

Гэрч М.Дэлгэрбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...М.Батчимэг 10 жилийн сургуульд байхдаа манайд амьдардаг байсан юм. Батчимэг нь их цэвэрч, нямбай байнга, хувцас хунараа өөрөө угаагаад өмсчихдөг, ямар ч зүйл хийсэн даацтай хийдэг, дахиж хийдэггүй тийм л хүүхэд байсан...” /хх-ийн 25 /;

 

Гэрч Н.Наранцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манайх энэ байранд амьдраад 4 жил гаруй болж байна. ...байнга гарч ороод шуугиад бие биенээ дуудаад байдаг болохоор тэр талаар мэдэхгүй. ...зодоон болсныг би мэдээгүй. ...орцонд хяналтын камер байхгүй...” /хх-ийн 27/;

 

Яллагдагч М.Батчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...пивоо ууж байгаад би Гончигтой өмнөх явдлаас болоод бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэгтэл найз нөхдийн дэргэд олон юм ярих гээд байхаар нь би “хоёулаа гарч байгаад эр хүн шиг хоёулахнаа уулзъя” гээд бид хоёр гал тогооны өрөөнөөс гарч том өрөөнөөс тамхи аваад гарцгаасан. Тэгээд бид хоёр гараад үүдний коридорт тамхи татаад юм ярьж байсан юм. Тэгэхээр нь би Гончигийг заамдаж аваад хана руу түлхсэн чинь “байж бай би тамхиа татаадахъя” гэсэн... Тэгээд тамхи татаж дуусаад шууд намайг суган доогуур гараа хийгээд тонгорох гэхээр нь зөрүүлээд тэвэрч автал намайг дийлэхгүй өөрөө өвдөглөөд ойчсон. Тэгээд нь би дээр нь гараад алгадсан чинь манай найз охин харсан бололтой дотор ороод найзуудад хэлээд тэд нар бүгд гарч ирээд “больцгоо” гээд намайг түрүүлээд аваад орсон...” /хх-ийн 33/;

 

            шүүгдэгч М.Батчимэгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Гончигсүрэнгийн биед  “…зүүн хөлийн дотор хавчаар ясны далд хугарал, уруулд язарсан шарх гэмтэл бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болохыг…” тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6388 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний дээрх гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч М.Батчимэгт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч М.Батчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

 

Учир нь шүүгдэгч М.Батчимэг нь  2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дүгээр  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийх ялаар шийтгэгдэж, уг ял бүрэн эдэлсэн байх бөгөөд ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн боловч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн, хохирогчийн зохих буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж албадан ажил хийлгэх ялын дээд хэмжээгээр оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзнэ.

 

            Хэрэгт шийдвэрлэвэл битүүмжлэгдсэн болон хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Батчимэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батчимэгийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан М.Батчимэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батчимэг нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

            6. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд                14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан М.Батчимэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР