Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 972

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Дахүрээ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00693 дугаар шийдвэртэй, “Дахүрээ трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Оюунгэрэлд холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 077 000 төгрөг гаргуулах, газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, О.Мягмарсүрэн,

Хариуцагч Н.Оюунгэрэл,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Оюунгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд төлөгдөөгүй төлбөр 1 350 000 төгрөг, алданги 675 000 төгрөг, нийт 2 025 000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаа дууссанаас хойш хугацааны газрын төлбөр 351 120 төгрөг, харуул хамгаалалтын төлбөрт 1 700 880 төгрөг, нийт 4 077 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манай компани иргэн А.Оюунгэрэлтэй 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 4-005 дугаартай түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, түрээслэгч нь худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байгууламж барихыг хүссэн тул 42 м.кв талбайг гарган өгч “Арвин зоос” цайны газрын зориулалтаар объект барьж ажиллагаа явуулсан. Талууд тохиролцсоноор нэхэмжлэгчийн талбайг эзэмшиж ашигласны нэг сарын түрээсийн төлбөр 270 000 төгрөг байх, үүнийг cap бүрийн 10-ны дотор дансаар болон бэлнээр төлөх болсон.

Гэрээнд зааснаар түрээсийн төлбөрт НӨАТ, орчны тохижилт сайжруулах болон хөрөнгө оруулалтын зардал, харуул хамгаалалт, хог үйлчилгээ, хэв журам сахиулалт, шөнийн гэрэлтүүлэг зэрэг үйлчилгээний хөлс, газар эдэлбэрийн төлбөр багтсан юм. Түрээслэгч А.Оюунгэрэл 2014 оны 06 сараас 2015 оны 01 cap хүртэл түрээсийн төлбөрийг тогтмол төлсөн боловч 2015 оны 05 cap хүртэл буюу гэрээний хүчинтэй хугацаа дуусах хугацааны 1 350 000 төгрөгийг төлөөгүй. Иймээс түрээсийн үлдэгдэл төлбөрийг төлж талбай чөлөөлөхийг удаа дараа шаардсан ч арга хэмжээ аваагүй.

Гэрээний 3.2-т зааснаар алданги 3 450 000 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 675 000 төгрөг төлөх үүрэгтэй. Тус компанийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүрэгт 133022/0014 нэгж талбарын дугаар бүхий 65143 м.кв газрыг эзэмшиж байгаа ба Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, улиралд 7 165 730 төгрөгийг төлдөг нь газрын төлбөрийн тооцоо нийлсэн актуудаар нотлогдоно.

Компанийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот тушаалаар батлагдсан “Дахүрээ трейд” ХХК-ийн хэмжээнд дагаж мөрдөх ажил үйлчилгээний түрээс, хураамжийн тарифт ёсоор түрээсийн сарын төлбөрийн 40 хувь нь харуул хамгаалалт, газар эдэлбэрийн төлбөр байх, давхар обьект түүнээс дээш давхарын түрээсийн төлбөрийг үндсэн түрээсийн 50 хувиар бодож тооцох журам үйлчилдэг. Иймээс түрээслүүлэгч гэрээнд зааснаар гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд түрээсийн төлбөрт багтсан газрын төлбөрийг төлж, гэрээний хугацаа дууссан 2015 оны 06 сараас 2016 оны 12 cap хүртэл нийт 19 capын хугацаанд 351 120 төгрөг, харуул хамгаалалтын 1 700 880 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлж хохирсон. Газрын болон харуул хамгаалалтын төлбөр нийлээд үндсэн түрээс 270 000 төгрөг, журамд заасан 40 хувь буюу 108 000 төгрөг болж байгаа.

Түрээслэгч А.Оюунгэрэл гэрээний хугацаа дуусгавар болоход талбайг бүрэн чөлөөлж өгөх үүрэг хүлээсэн боловч 2016 оны 6 сараас хойш талбай чөлөөлөөгүй. Тус компанийн хувьд өөрийн эзэмшил газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хууль болон гэрээнд зааснаар гаргах эрхтэй тул нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Дахүрээ трейд” ХХК иргэн А.Оюунгэрэлд холбогдуулан нийт 4 077 000 төгрөг гаргуулах, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй. 2013 оны 08 дугаар сарын 20-нд тус цайны газрыг бусдаас худалдан авсан боловч гэрээгээ өөрчлөхгүй байсаар 2014 оны 06 дугаар сарын 04-нд шинэчлэн байгуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч ашиг орлогогүй байгаа тул түрээсээ хөнгөлөх талаар ярьж байсан. Улмаар иргэн Г.Ганбатад 12 000 000 төгрөгөөр авсан цайны газрыг 10 500 000 төгрөгөөр 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зарсан. Тухайн үед захын захиргаанд хэлж байсан ч гэрээ ёсоор дамжуулан худалдах эрхгүй тул энэ талаар бичиг өгсөн. Ингээд 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс үүрэг дуусгавар болж 2015 оны 01 сар хүртэл Г.Ганбат түрээсийн төлбөр төлж, үүнээс хойш ашиггүй байсан гээд төлөөгүй байх.

Гэрээний эрх, үүрэг шилжсэн байхад гэрээг шинэчилж хийгээгүй нь нэхэмжлэгчийн буруу бөгөөд гэрээний 5.7-д түр барилгыг зарах, түрээслэх тохиолдолд түрээслүүлэгчид мэдэгдэх гэснээр бид мэдэгдсэн. Гэрээний хугацаанд удаа дараа мэдэгдэл өгсөн гэдэг ч бичгээр ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Гэрээний 4 дүгээр зүйлийн 15-д түр барилгыг буулгах шаардлага гарвал 3 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэнэ гэсэн боловч мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийн 4 077 000 төгрөгийг зөвшөөрөхгүй, цайны газар хариуцагчийн өмч биш тул газар чөлөөлөх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 496 дугаар зүйлийн 496.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч А.Оюунгэрэлээс 2 275 800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Дахүрээ трейд” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн эзэмшлийн 65,143 м.кв газарт багтаж буй “Арвин зоос” цайны газрын байрлаж буй 30 м.кв газрыг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 801 200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121 563 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсоор байтал шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж, нотлох баримтыг бүхэлд нь үнэлсэнгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2014 оны 8 дугаар сараас 2015 оны 1 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөр төлсөн баримтыг гаргуулах хүсэлт гаргасаар байтал шүүх нэхэмжлэгч уг хугацааны төлбөр төлснийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлээр хүсэлт хангалгүй шийдвэрлэснээр хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт бүрдэж чадаагүй.

А.Оюунгэрэл нэхэмжлэлийн шаардлагын обьект болох цайны газрыг 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр П.Оюунбямбаас худалдаж авсан баримт болон гэрээний нэрийг 2014 оны 6 дугаар сард шинэчлэн А.Оюунгэрэлийн нэр дээр шилжүүлсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч гэрээг шинэчлэхдээ тогтсон хугацаанд өөрчилдөг нь нотлогдож байна.  Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгчийн А.Оюунгэрэлтэй байгуулсан түрээсийн гэрээний дагуу хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн.

Түүнчлэн А.Оюунгэрэл 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр тус цайны газрыг Г.Ганбатад худалдсан нь мөнгө хүлээлцэж нотариатаар батлуулсан баримтаар тодорхойлогддог бөгөөд Г.Ганбатад өөрийн цайны газрыг хариуцуулж компанийн захиргаанд мэдэгдэж, уг баримтаа өгсөөр байтал А.Оюунгэрэлд холбогдуулж нэхэмжлэл гаргаж, шүүх түүнийг хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлэлгүй шийдвэр гаргасан болохыг харуулж байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр авдаг байснаар тус компанийн эзэмшлийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин зоос” цайны газар нь А.Оюунгэрэлийн хувийн өмч, хувийн эзэмшлийн хөрөнгө биш гэдэг нь тодорхойлогдож байхад уг цайны газрыг албадан нүүлгүүлэх шийдвэрийг түүнд холбогдуулан гаргасан. Дурдсан обьект нь хэний өмч болох нь тодорхойгүйгээс холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх, хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хууль бус шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл бусдад дамжин зарагдаж, эзэмшигч өмчлөгч тодорхойгүй, гэрчилгээгүй байхад А.Оюунгэрэлийг газар чөлөөл гэж шүүх шийдвэрлэсэн нь хууль бус тул шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Дахүрээ трейд” ХХК нь хариуцагч А.Оюунгэрэлд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 4 077 000 төгрөг гаргуулж, газар албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч А.Оюунгэрэл тухайн цайны газрыг 2013 оны 8 сард бусдаас худалдан авсан, түрээслүүлэгч гэрээг өөрчлөхгүй байсаар 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шинэчилж гэрээ байгуулсан боловч 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэн Г.Ганбатад худалдаж гэрээний үүрэг дуусгавар болсон, үүнийг түрээслүүлэгч талд бичгээр мэдэгдсэн, гэрээний үүрэг биелүүлэх талаар түрээслэгчид мэдэгдээгүй, тухайн обьект миний өмч биш гэх үндэслэл зааж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигчид 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлэгч “Дахүрээ трейд” ХХК өөрийн эзэмшлийн газарт цайны газар барих талбай олгож, худалдаа үйлчилгээ явуулах боломжоор хангах, түрээслэгч нэг жилийн хугацаанд 30 м.кв талбайд “Арвин зоос” цайны газар ажиллуулж, сарын 270 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх10-11 тал/

 

Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээслүүлэгч нь түрээслэгчээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч “Дахүрээ трейд” ХХК нь түрээсийн гэрээний зүйл болох “Арвин зоос” цайны газрыг хамарсан нийт 65143 м.кв талбайг 15 жилийн хугацаанд худалдаа, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, орон сууцны зориулалтаар эзэмших эрхтэй нь Нийслэлийн газрын албанаас олгосон Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000306076 дугаар гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр нотлогдсон тул өмчлөгчийн нэгэн адил эзэмшилийн зүйлээ бусдын эзэмшилээс шаардах эрхтэй талаар шүүхээс хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Түүнчлэн түрээсийн гэрээний үүрэг өөр этгээдэд шилжсэн буюу түрээслэгч солигдсон гэж үзэхгүйг шүүх хэрэгт авагдсан “Дахүрээ захын захиргаанд” 2014 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч А.Оюунгэрэл болон Г.Ганбатын гаргасан хүсэлтэд үндэслэжээ. Уг хүсэлтэд тухайн цайны газрыг дамжуулан түрээслэх болон худалдсан агуулга тусгагдаагүй, харин тодорхой шалтгааны улмаас гэрээг үргэлжлэх хугацаанд түрээслэгчийн үйл ажиллагааг Г.Ганбат хариуцах болсон талаар дурдагдсан байна. /хх 14, 15 тал/

 

Иймд түрээсийн гэрээгээр тохирсон 2015 оны 1 сараас мөн оны 6 сар хүртэл хугацаанд төлөгдөөгүй түрээсийн төлбөр 1 350 000 төгрөг, гэрээний 3.2-т зааснаар хэтэрсэн хугацааны алданги 675 000 төгрөг, газрын төлбөрийг тооцож 250 800 төгрөг, нийт 2 275 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, харуул хамгаалалтын зардал, гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон түрээсийн төлбөр гэх 1 801 200 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүх түрээслэгч тал гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөө төлөөгүйг өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих талаар зохицуулсан Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасантай холбон тайлбарласныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

 

Мөн хэрэгт авагдсан Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл нь тухайн цайны газрыг Г.Ганбат худалдан авсныг нотлох баримт гэж хариуцагч тайлбарлах боловч үүнийг шүүх эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үнэлэх боломжгүй. Нөгөө талаар, зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5.7-д түрээслэгч түр барилгаа бусдад шилжүүлэх буюу зарах тохиолдолд түрээслүүлэгчид заавал мэдэгдэж шийдвэрлүүлэхээр заасан нь түрээслэгч цайны газрын зориулалтаар ашиглаж байсан түр байгууламж, түүнд хамаарах эд хөрөнгийг худалдсан тохиолдолд түрээслэгч гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ зайлшгүй биелүүлэх учиртай.

 

Гэтэл түрээслэгч цайны газрыг худалдсан талаар түрээслүүлэгч талд мэдэгдэж шийдвэрлүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргах үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Иймд шүүх хариуцагчийн эзэмшилээс түрээсийн гэрээний зүйл болох 30 м.кв талбай бүхий газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, 2014 оны 08 сараас 2015 оны 01 сарыг хүртэл хугацааны түрээсийн төлбөр төлсөн баримтыг гаргуулах тухай хариуцагчийн хүсэлтийг хангаагүй, энэ нь зайлшгүй шаардлагатай нотлох баримт байсан гэж давж даалдах гомдолд дурджээ. Уг хүсэлтийг хариуцагч өөрөө гаргаж өгөх боломжтой бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нь тодорхойгүй, маргаангүй нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй” гэх үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 121 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Т.ТУЯА