Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01603

 

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01603

            Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Чонон бөртэ төвийн 309 тоотод оршин байгаа “Ди Эй Эм Өү Эй Банк бус санхүүгийн байгууллага” ХХК-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 148 тоотод оршин суух, Чонос овогт Галсандондогийн Дэмбэрэл /РД-ЧК74051215/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 148 тоотод оршин суух, Чонос овогт Дэмбэрэлийн Номуундарь /РД-ЧК97070311/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 148 тоотод оршин суух, Чонос овогт Цэрэндашийн Цэрэнпагма /РД-ЧК47030802/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,403,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэг, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа /шүүхэд төлөөлөх эрх-1971/, хариуцагч Г.Дэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, хариуцагч Ц.Цэрэнпагма, хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Ц.Цэрэнпагмын өмгөөлөгч Д.Алтантуяа /шүүхэд төлөөлөх эрх-2230/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Дэмбэрэл болон түүний охин Д.Номуундарь нь 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 09163 тоот зээлийн гэрээгээр 14,300,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлийн гэрээний хугацаандаа зээлийн хүү болон үндсэн зээлээс төлөөгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон учир гэрээний 2.1.2-т заасны дагуу хүүг 4.6 хувиар тооцсон.

Бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн.

Г.Дэмбэрэл болон түүний төрсөн охин Д.Номуундарь нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид тул тэдгээрээс үндсэн зээлд 14,500,000 төгрөг, зээлийн хүүд 5,174,693 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 928,546 төгрөг, нийт 20,403,239 төгрөг гаргуулж өгнө үү.

Бид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгчийн ээж болох барьцаалуулагч Ц.Цэрэнпагмын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байрны 148 тоот хаягт байрлах Ү-2205011543 тоот улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээний үндсэн дээр барьцаалж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Зээлдэгч нь харилцан тохиролцсон хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй учир зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Иймд хариуцагч Ц.Цэрэнпагмын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Дэмбэрэл нь 2015 оны 8 дугаар сарын 24-нд 16 сая төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр тус ББСБ-аас өөрийн хамтран ажиллагсдын цалинг өгөхөөр авсан бөгөөд АСЕМ-ын санхүүжилт орж ирэхээр буцааж өгөхөөр төлөвлөж, заавал барьцаа шаардлагатай гэхээр нь өөрийн эх болох барьцаалуулагч Ц.Цэрэнпагмыг ятгаж, хамтран зээлдэгч болцгоосон. Гэтэл санхүүжилт орж ирээгүй учраас уг мөнгийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч, 2016 оны 8 дугаар сарын 26-нд хүнээс мөнгө зээлж зээлийн үлдэгдэл 14,300,000 төгрөгөө төлж хаагаад дахин 14,300,000 төгрөгийн зээл авч, зээлдүүлсэн хүндээ буцааж өгсөн юм.

Ц.Цэрэнпагма, Д.Номуундарь нар энэ зээлийн мөнгөнөөс огтхон ч аваагүй бөгөөд зөвхөн ББСБ-ын шаардсанаар очиж гарын үсэг зурцгаасан. Түүнчлэн тус ББСБ нь сарын 3,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж зээлийн гэрээндээ бичсэн боловч барьцаат зээлийн эргэн төлөлтийн хуваарь гэх хүснэгтээр 3,7 хувийн хүүтэйгээр бодож 550,000 төгрөгөөр Г.Дэмбэрэлийн эрх ашгийг хохироосон байна.

Мөн Монгол Улсын хуульд зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, байгууллагууд зээлдүүлсэн мөнгийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зөвхөн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй байхад гэрээндээ хугацаандаа төлөөгүй бол дараагийн сараас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 4,6 хувийн хүү бодно гэж бичсэн нь манай улсын хуульд нийцэхгүй өөр орны хууль хэрэглэж байгаад гомдолтой байна. Иймд Монголын улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Дэмбэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Г.Дэмбэрэлээс үндсэн зээл 14,300,000 төгрөг, хүү 5,176,693 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 928,546 төгрөг, нийт 20,403,239 төгрөг нэхэмжилж байна гэж ойлголоо. Энэ нэхэмжлэлээс зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Зээлээс 10,906,326 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч тал 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа. Гэхдээ хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нартай байгуулсан энэ гэрээ нь өмнөх Г.Дэмбэрэлтэй байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний үүрэг юм.

Учир нь 2016 онд байгуулж зээлсэн 14,300,000 төгрөг нь Г.Дэмбэрэлийн 2015 оны зээлийн гэрээний үлдэгдэл бөгөөд 2016 оны зээлийн гэрээний үнэ болох 14,300,000 төгрөгийг зээлдэгч Г.Дэмбэрэл болон Д.Номуундарьд шилжүүлж өгөөгүй. Энэ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг зөрчиж байна.

Уг заалтад зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл авсанд тооцохоор заасан.

Гүйлгээ хийгдээгүй учраас энэ гэрээг байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус бол барьцааны гэрээ мөн хүчин төгөлдөр буст тооцогдоно.

Мөн 2016 оны гэрээ нь зөрчилтэй байна. Зээлийн гэрээгээр зээлийн хүүг 3,6 хувь болгон өсгөсөн. Өмнөх гэрээнд 3,5 хувь байсан. Гэрээний 2.1.2-т зааснаар гэрээний хугацаа дууссан ба цуцалсны дагуу нэг сарын 4,6 хувийн хүүгээр тооцно гэсэн нь хууль зөрчиж байна.

2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр 16 сая төгрөг зээлэхээр байгуулсан хирнээ Г.Дэмбэрэлийн дансанд 15,920,000 төгрөг шилжүүлэн, шимтгэлд 80,000 төгрөг авсан. Уг гэрээний эргэн төлөлтийн хуваариас харахад зээл, зээлийн хүүтэй нийт 20,445,762 төгрөг төлөхөөр заасан байдаг. Хариуцагч 23,175,416 төгрөг төлсөн байх ба 2,189,894 төгрөгийг илүү төлсөн байна. Ингээд хууль бус шимтгэлд авсан 80,000 төгрөгтэй нийлээд 2,269,894 төгрөгийг нэхэмжлэгч илүү авсан байна.

Иймээс хариуцагчийн төлсөн төлөлтийг хасахаар өмнөх зээлийн үлдэгдлээс 10,906,326 төгрөг үлдсэн байна. 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа уг үлдэх үнийн дүнгээр гэрээ байгуулах ёстой байхад зээлдэгч байгууллага нь өөрийн эрх мэдлийг ашиглаад харилцан адилгүй тэгш бус зээлийн гэрээ байгуулсан байх тул сүүлийн зээлийн гэрээг байгуулагдаагүйд тооцогдоно.

            Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3, 21.4, 22, 23, 26 дугаар зүйлийн зөрчсөн.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 10,906,326 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

            Хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Номуундарь энэ зээлийг аваагүй. “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-иас 2015, 2016 оны зээлийн гэрээний материалыг авч үзсэн. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээнд Д.Номуундарийг жинхэнэ зээлдэгчээр анкет бөглүүлж, Г.Дэмбэрэлийг батлан даагч гэж бичсэн байдаг. Д.Номуундарь уг зээлийг авах хүсэл байгаагүй.

            Мөн Д.Номуундарь нь 14,300,000 төгрөгийг хүлээж аваагүй. Г.Дэмбэрэл ч аваагүй. Тус банк бус санхүүгийн байгууллагаас ирүүлсэн материал дотор 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Г.Дэмбэрэлийн дансанд 15,920,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн харагддаг. Харин 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн гүйлгээ хийсэн дансны хуулга байхгүй байсан. Тийм учраас нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлэх гээд хадгаламжийн дэвтрийг Г.Дэмбэрэлээр авчруулаад цаг алдсан. Г.Дэмбэрэл нь Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарыг дуудаад 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийг сунгах гэж байгаа, сунгалт хийхийн тулд бичих шаардлагатай гээд гэрээнд бичүүлсэн байсан учир 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү. Д.Номуундарь энэ хэргийн хариуцагч биш гэв.

            Хариуцагч Ц.Цэрэнпагма шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байгууллага надад энэ талаар ямар ч ойлголт өгөөгүй. Хүү маань ажлын шаардлагаар мөнгө зээлэх гээд очсон. Ганц үл хөдлөх хөрөнгө болох байраа барьцаалаад 2015 оны 8 дугаар сард зээл авсан. Зээлтэй холбоотой ахиж утсаар яриагүй. Хүүгээ зээлээ төлөөрэй гэхэд төлж байгаа гэж байсан. Дахин 2016 оны 8 дугаар сард Г.Дэмбэрэл нь надтай болон охинтойгоо банк бус санхүүгийн байгууллага дээр очъё гэсэн. Тэр үед би зээлийнхээ хугацааг сунгаж байна гэж бодоод гарын үсэг зурсан. Очиход надад ямар ч юм танилцуулаагүй, тэгээд би хүүгээсээ асуухад хамтарч ажиллаж байгаа компаниас мөнгө авах ёстой гэсэн учир төлчих юм байна гэж бодсон. Энэ гэрээнд хүүг ихэсгэсэн байсан бөгөөд нэмэгдүүлсэн хүү нэхэж байна. Би энэ зээлийн мөнгийг төлөхгүй бол болохоо байлаа, байргүй болох нь гэж бодсон. Тэгээд намайг амралтад яваад ирэхэд манай байрыг 62 сая төгрөгөөр авна гэж хүн орж ирсэн. Тэр хүнийг К.Уранчимэг явуулсан гэж бодож байна. Захиралтай уулзая гэж хэд хэдэн удаа очиход уулзуулаагүй, тэгэхээр нь зээлийн гэрээ, гэрээ сунгасан баримтуудыг авъя гэхэд Солонгос руу шалгуулахаар явуулсан гээд өгөөгүй.

            Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

           

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК нь Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,403,239 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Г.Дэмбэрэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 10,906,326 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж, бусад хариуцагч нар дээрх шаардлагыг эс зөвшөөрч, тэд үндэслэлээ “... өмнөх зээлийн гэрээний үлдэгдлээс 10,906,326 төгрөгийг төлнө, ... зээлийн гэрээг сунгасан ..., ... 14,300,000 төгрөг хариуцагч нарын дансаар орж ирээгүй учир хүчин төгөлдөр бус гэрээ, ... Г.Номуундарь мөнгийг хүлээж аваагүй, хариуцагч биш, ... Ц.Цэрэнпагма өмнөх зээлийн гэрээг сунгасан гэж ойлгосон, ... батлан даалтын гэрээ байгуулах ёстой байгуулаагүй, хууль зөрчсөн ...” гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нар “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-иас 14,300,000 төгрөгийг сарын 3,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэхээр тохирч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 091635 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Г.Номуундарь нь 1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн байх бөгөөд нэхэмжлэгч компанитай зээлийн гэрээ байгуулах үед буюу 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 19 настай, Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг хүлээх иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байсан учир түүнийг ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүйн гадна тэрээр зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгч болжээ.

Мөн хариуцагч Ц.Цэрэнпагма нь өмнөх зээлийн гэрээний сунгалт гэж ойлгон гэрээнд гарын үсэг зурсан гэж мэтгэлцэх боловч 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд Г.Дэмбэрэлийн хамтран зээлдэгчийн хувиар орж, өөрийн эд хөрөнгөө барьцаалж байсан бол 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нарын хооронд байгуулсан 091635 дугаартай зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай аливаа гэрээнд зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож өөрийн хууль ёсны өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, нэхэмжлэгч компанитай 091635 дугаартай барьцааны гэрээ байгуулан гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул түүнийг төөрөгдсөн, дахин барьцааны гэрээ байгуулсан гэдгийг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон, гэрээг чөлөөтэй байгуулсан байх тул дээрх гэрээнүүдийг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж, мөн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

Хариуцагч нар нь “Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгосонд тооцно, Г.Дэмбэрэлийн дансанд мөнгийг шилжүүлээгүй” гэж марган хариуцагч Г.Дэмбэрэлийн Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн дэвтрийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгдөг.

Уг дэвтрээс харахад хариуцагч Г.Дэмбэрэлийн дансны орлого, зарлага, үлдэгдлийн бичилтийг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй байх бөгөөд хадгаламж эзэмшигч нь өөрийн дансны гүйлгээний мэдээллийг хадгаламжийн дэвтэртээ бичүүлэх эсэх нь түүний эрхийн нь асуудал тул шүүх уг дэвтрийн бичилтийг үндэслэн дансны гүйлгээ хийгдээгүй гэж дүгнэх боломжгүй юм. /хх-109 дүгээр хуудас/

Харин хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтаас харахад 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Г.Дэмбэрэлийн 456073930 тоот дансанд 14,300,000 төгрөгийг нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-ийн 495059990 тоот данснаас ЗГ091635 Г.Дэмбэрэлд зээл олгов гэсэн зориулалтаар шилжүүлсэн байх ба хариуцагч тал уг үйл баримтыг үгүйсгэн, уг орлого хариуцагч Г.Дэмбэрэлийн дансанд орж ирээгүй гэдгээ баримтаар нотолж чадаагүй байна.

Мөн уг гэрээг хариуцагч Г.Дэмбэрэлийн 2015 онд авсан зээлийн гэрээний үргэлжлэл гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь, Ц.Цэрэнпагма нар шүүхэд ирүүлсэн “... санхүүжилт орж ирээгүй учраас уг мөнгийг хугацаандаа төлж чадахгүйд хүрч, 2016 оны 8 дугаар сарын 26-нд хүнээс мөнгө зээлж, үлдэгдэл 14,300,000 төгрөгийг төлж хаагаад, дахин 14,300,000 төгрөгийн зээл авч, мөнгө зээлдүүлсэн хүндээ буцааж өгсөн ...” гэх тайлбар нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж буй “... н.Одонтуяа гэгч хүнээр 2015 оны зээлийн гэрээг хаалгасан ...” гэсэн тайлбар, мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгын 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр н.Одонтуяагаас 13,985,128 төгрөгийн орлого орсон баримттай таарч байх тул өмнөх зээлийн хугацааг сунгасан гэрээ гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч буюу Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч талд хариуцагч нараас мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1-д заасан шаардах эрх үүсчээ.

Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүүг зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрээс тооцон нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтад нийцээгүй байна.

Үндсэн хүү гэдэг бол зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр бөгөөд нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцох ёстой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд төлөх ёстой хүүг 3,157,440 төгрөг гэж тодорхойлсон тул уг дүнгээс зээлийн гэрээний 2.1.4-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг тооцвол 631,488 төгрөг төлөхөөр байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас үндсэн зээл 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянган/ төгрөг, зээлийн хүүд 5,174,693 /таван сая нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн гурван/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 631,488 /зургаан зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун наян найман/ төгрөг, нийт 20,106,181 /хорин сая нэг зуун зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 297,058 /хоёр зуун ерэн долоон мянга тавин найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хариуцагч нарыг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ц.Цэрэнпагмын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот, улсын бүртгэлийн Ү-2205011543 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага тус бүрд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой ба 2 дахь шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн учир түүнээс нөхөн гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 144,319 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас 258,7480 төгрөг, хариуцагч Г.Дэмбэрэл, Ц.Цэрэнпагма нараас 259,966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-д буцаан олгов.

Хариуцагч Д.Номуундарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүсч байх боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас 20,106,181 /хорин сая нэг зуун зургаан мянга нэг зуун наян нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 297,058 /хоёр зуун ерэн долоон мянга тавин найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хариуцагч нарыг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч Ц.Цэрэнпагмын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хорооллын 51 дүгээр байрны 148 тоот, улсын бүртгэлийн Ү-2205011543 дугаартай, 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч компаниас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,613 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 144,319 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч Г.Дэмбэрэл, Д.Номуундарь нараас 258,7480 төгрөг, хариуцагч Г.Дэмбэрэл, Ц.Цэрэнпагма нараас 259,966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ди Эй Эм Өү Эй ББСБ” ХХК-д буцаан олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ЦЭНД