| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-04-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
шүүгдэгч М.******* /онлайнаар/ нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2131000610067 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* РД:/*******/;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
М.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр ерөө гол” ХХК-ний талбайд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Л.*******г “машин гүйцэж түрүүлж рисэнд” орлоо гэх шалтгаанаар машинаас нь чирч буулгахдаа эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.******* нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Болд төмөр ерөө гол” ХХК-ний талбайд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Л.*******г “машин гүйцэж түрүүлж рисэнд орлоо” гэх шалтгаанаар машинаас нь чирч буулгахдаа эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******гийн өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид эмчилгээний зардал 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг ,
2.Хохирогч Л.*******гийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Сэлэнгэ аймаг Ерөө суманд байрлах “Болд төмөр Ерөө гол” ХХК-ний байранд ажил дээрээ 17 цагийн үед рисэнд явж байгаад урд хоёр машинаа гүйцэж түрүүлээд ачилт дээрээ ирээд баяжуулахаас гарсан хүдрийг ачуулаад зогсож байтал ******* овогтой ******* урдуур машинтайгаа орж ирж зогсоож “чи муу рисэнд үхчих гээд байна уу” гэж хэлээд миний машины хаалгыг онгойлгоод баруун гараараа зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохиж, нэг удаа хөлөөрөө өшиглөөд намайг машинаас чирээд буулгасан. /би өндөр том ачаатай машинаас унах үедээ эгмээ гэмтээсэн/ Тэгээд буулгаж ирээд намайг дахиж зодох гэж дайрах үед манай ажлын газрын ачигч машины жолооч Анхаа болон тээврийн машины жолооч ******* нар хүрч ирээд болиулсан. Тэгээд би ачилтаа хийлгэж аваад машинаа унаад 4-5 км явж байтал зүүн талын гар даагдахгүй байхаар нь толгой барьдаг жолооч *******той уулзаад “миний мөр мултарчих шиг боллоо М.*******тэй асуудал болсон тухайгаа” хэлээд хэсэг бариулсан. Тэгээд би ачаагаа буулгачихаад уурхайн эмнэлэг ороод уурхайн эмчид үзүүлээд өвчин намдаах эм ууж, тариа хийлгэсэн. Тэгээд байрандаа очоод хэсэг хэвтээд хэд хоног ажилдаа гарч чадаагүй. Тэгээд уурхайн ээлж солигдож Улаанбаатар хотод ирээд “Мөнгөн гүүр” эмнэлэгт үзүүлэхэд эмч “Таны далны толгойн дээрээс эгэмний яс салсан байна. Та хагалгаанд орж хадуулах шаардлагатай” гэж хэлсэн. Үүний дагуу би хагалгаанд орохоор болж хагалгааны зардал 3.000.000 төгрөг болох талаар хэлэхэд “Ахаа би очоод уулзъя” гэж хэлээд эмнэлэг дээр намайг эргэж ирээд уулзсан. Тэгээд төлбөрийн талаар хэлсэн чинь “ахаа би ямарч байсан таны эмчилгээний зардлыг өгнө. Гэхдээ цалин арай буугаагүй байна” гэж хэлсэн. Тэгээд би хагалгаанд ороод 2021 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр эмнэлгээс гарахаар болж *******г дуудаад “хүрээд ир” гээд ирүүлээд эмнэлгийн төлбөр төлсөн баримтыг үзүүлэхэд “ахаа би энэ мөнгийг даруйхан барагдуулна” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш 01 дүгээр сарын 20-ны үед би утсаар ярих үед “би Ховдод явж байна, Цагаан сар болчихлоо” гэх зэргээр миний эмчилгээний төлбөрийг өгөхгүй хойшлуулаад байхаар нь би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг ,
3.Гэрч Н.*******гийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед “Болд төмөр ерөө гол” ХХК-ний ажил дээрээ баруун олборлолтоос Хандгайтын ачиж буулгах руу хүдэр зөөж байсан юм. Тэр үед 3 “Норд бенз” маркийн машин цувж явсан юм. Эхэнд нь би миний ард *******, түүний ард ******* нар нь цувсан байдалтай хүдэр ачих зорилготой явж байсан юм. Гэтэл хамгийн ард явж байсан ******* нь бид хоёрыг гүйцэж түрүүлээд урд гараад явсан юм. Тэгтэл миний ард явсан ******* нь миний урд тал руу гүйцэж, түрүүлсэн юм. Тэгээд ачих талбай дээрээ ирсэн. Тэгтэл ******* нь *******гийн дээр гарсан, газар унасанд байдалтай, гараараа цохиж харагдсан. Тэгэхээр нь очиж салгасан. Нэгнийхээ машиныг гүйцэж, түрүүллээ гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг ,
4.Гэрч Д.*******ын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тэр өдөр уурхайд тээвэр хийж байсан. Барууны 1 дүгээр хэсэг ачаа ачдаг хэсэгт *******, ******* нарын араас очсон. Тэгтэл *******, ******* хоорондоо зодолдсон байдалтай барьцалдсан байхаар нь би очоод салгасан. Тэгээд тэнд машин удаан зогсож болдоггүй учир тэр 2 тус бүрийн машинд ачаагаа ачуулаад хөдөлсөн. Тэгтэл удалгүй *******г залгаад “миний зүүн гар эвгүй болчихсон байна, хөдлөхгүй байна” гэж хэлсэн. Миний ойлгосноор ачаа хэсэгт түрүүлж очих гэснээс болоод маргалдсан гэж байсан. Жолооч өдөрт хийсэн тээврийнхээ тоогоор цалинждаг юм...” гэх мэдүүлэг ,
5.Гэрч Т.*******ийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* бол хамт олонтойгоо их нийтэч, зөв боловсон харилцаатай, эрхэлсэн ажилдаа их сайн. Уурхайн баяр арга хэмжээний үед зохион байгуулдаг спортын арга хэмжээнд тогтмол оролцдог үндэсний бөхөөр барилддаг. Би *******тэй нэг бус удаа архи ууж байсан уусан элдэв муу зан авир гаргадаггүй юм...” гэх мэдүүлэг ,
6.Гэрч Э.Тулгын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* ах бид 2 нэг газар ажилладаг. Бид хоёр 2017 оноос хойш хуурай ах дүугийн харилцаатай байгаа. ******* ах бол хамт олонтойгоо их нийтэч хүнд тусархуу ахын хувьд надад зааж зөвлөдөг. Элдэв муу зуршил багтай хүн. Дархан хотод амьдардаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг ,
7.Сэлэнгэ аймаг шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 78 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Л.*******гийн биед зүүн эгэмний холбоос урагдаж, гэмтсэн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна...” гэх дүгнэлт ,
8.Шүүгдэгч М.*******гийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Тээвэр хийж байхад ******* хурдтай дайраад машины шил хагалчих гээд чулуу үсэргээд гүйцэт түрүүлсэн юм. Тэгээд би араас нь ачилт хийдэг хэсэг дээр очоод Энх-Амганлангийн машины урд очиж зогсоод машинаасаа бууж очоод *******гийн кабины хаалгыг онгойлгоод “яаж яваад байгаа юм бэ ганц рисэнд үхлээ юу” гэж хэлтэл тэгтэл ******* өөдөөс ёжтой инээгээд байсан. Тэгээд бид 2 маргалдсан юм. Би *******гийн шанаа руу 1 удаа гараараа цохисон. Машины гадна буугаад бид 2 зодолдсон. Тэгэхэд ******* над руу лоом бариад дайрсан тэгэхээр би өөдөөс нь 2 хөлийг нь тэврээд унагаасан юм. Тэгэхэд эгэм нь гэмтсэн тэгээд хамт байсан жолооч *******, ******* нар бид 2-г салгасан юм. Намайг ******* сүртэй цохисон зүйл байхгүй миний биед гэмтэл шарх учраагүй. Мөн би хэргийг шалгах явцад энэ талаараа хэлж шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн хүсэлт бичиж өгсөн байгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Мөн би эмчилгээ, хагалгааны зардалд *******д 3 сая төгрөгийг өгсөн байгаа одоо бид 2-н дунд маргаан, санал гомдол байхгүй байгаа...” гэх мэдүүлэг , 9.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол , 10.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл , 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл , 12.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол , 13.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 14.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.*******гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.*******гийн эмчилгээний зардалд шүүгдэгч М.*******гийн зүгээс 3.000.000 төгрөг нөхөн төлснийг үндэслэн, шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч М.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ