Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01605

 

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01605

                       Улаанбаатар хот

 

                                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 43 дугаар байрны 59 тоотод оршин суух, Гаж овогт Ванданхүүгийн Гэрэлчимэг /РД-ХЛ60062704/-гийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14-57 тоотод оршин байгаа “Батбүрдэл” ХХК-д холбогдох,

Доголдлын улмаас илүү төлсөн мөнгө болон гэрээнээс учирсан хохиролд 7,638,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Гэрэлчимэг, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр /шүүхэд төлөөлөх эрх-1002/, хариуцагч “Батбүрдэл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч В.Гэрэлчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд ажилладаг. “Батбүрдэл” ХХК-тай “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай” 082/13 тоот гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулан, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТелевизийн хашаанд баригдах ажилчдын орон сууцнаас 11 давхрын 59 тоот 58,74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,193,000 төгрөгөөр тооцож нийт 70,076,820 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

            Улмаар Улсын бүртгэлийн газраас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр олгосон Ү-22005022074 дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 58,74 м.кв талбайтай гэсэн бичиглэлтэй гарсан.

            Гэтэл манай байрны 2 давхарт амьдардаг инженер хүүхэн “манай байрны м.кв дутсан байна. Арай жижигхэн санагдаад байна, бид нар ийм хэмжилтийн компани олсон гэж ярьж байсан. Эхний байр дээр маргаан үүссэн болохоор хоёр талаасаа хэмжилт хийлгэхэд м.кв таараад, сүүлийн байр ашиглалтад орсон. Манай байрны хувьд би энэ байрыг авахаар захиалгаа өгч урьдчилгаа мөнгөө төлөөд, үлдсэн мөнгөө банкнаас авсан болохоор гэрчилгээ надад ирээгүй, шууд банк руу явсан байсан. Тэгээд “Тоонто гранд” ХХК-иар 2014 оны 01 дүгээр сарын 18-нд хэмжилт хийлгэхэд манай байр 53,17 м.кв талбайтай буюу гэрээнд зааснаас 5,57 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон.

            Би “Батбүрдэл” ХХК-д талбайн зөрүү мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан боловч надад 2 сая төгрөг зөрүүд өгнө гэснийг би эс зөвшөөрч, шүүхэд 5,57 м.кв талбайд илүү төлсөн үнийн зөрүү болох 6,645,010 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, шүүхээр шинжээч томилуулсан ба шинжээч “Эм Эм Инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр талбай хэмжээ 52,72 м.кв байсан.

            Иймээс уг дүгнэлтийг үндэслэн зөрүү талбайн мөнгийг нэмж тооцоод нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж талбайн зөрүүд илүү төлсөн 7,181,860 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

            Би орон сууцыг худалдан авахдаа би “Батбүрдэл” ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн Төрийн банктай 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 235 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 28 сая төгрөгийн зээл авсан бөгөөд одоо хүртэл зээл, зээлийн хүүг төлж байгаа. Миний байрны талбайг буруу өгснөөс би банкинд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл илүү хүү төлсөн тул хариуцагчаас зээлийн хүүд илүү төлсөн 687,714 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Мөн би анх байр авахдаа халуун, хүйтэн устай байр худалдаж авна гэж гэрээ хийсний дараа нэмэлт бойлерийг 200,000 төгрөгөөр авсан тул бойлерын үнийг,  “Тоонто гранд” ХХК-ийн ажлын хөлсөнд төлсөн 106,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч “Батбүрдэл” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн  шаардлагатай холбогдуулан 3 асуудал ярьж байна гэж ойлголоо.

Манай зүгээс бүгдийг зөвшөөрөхгүй. Бойлер гэдэг нь халаагуур юм. Энэ байр ашиглалтад орсны дараа “Батбүрдэл” ХХК болон нэхэмжлэгч хоёр өөрсдөө сайн дурын үндсэн дээр тохиролцон байгуулагдсан тусдаа гэрээний харилцаа. Нотлох баримтууд нь хэрэгт авагдаагүй. Талуудын байгуулсан гэрээний 3.12, 4.12-т байр ашиглалтад орсноос хойш аливаа зардлыг гүйцэтгэгч буюу хариуцагч хүлээхгүй байхаар заасан тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй. Энэ харилцаа нь тусдаа шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлдээ хариуцагчийг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай” гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй гэж буруутган гэрээнд заасан талбайн хэмжээнээс дутуу хэмжээтэй орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж байна.

Гэрээний 5.2 дахь заалтаар гэрээний хүчин төгөлдөр байх хугацааг хуульчилж өгсөн. Гэрээнд барилга ашиглалтад орж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан тооцно гэсэн агуулгыг зааж өгсөн. Энэ гэрээ дууссан учир гэрээний үүргийг гүйцэтгэлийг шаардах эрхгүй болсон.  

             Мөн дутуу талбайтай байр худалдан авснаас болж банкны хүүд илүү төлбөр төлсөн гэх үндэслэлээр 687,714 төгрөг нэхэмжилж байгаа нь манайд хамааралгүй юм. Учир нь зээлийн харилцаа нь гэрээний эрх зүйн харилцааны нэг хэсэг бөгөөд түүний үр дагавар нь зөвхөн тухайн гэрээг байгуулсан талуудын хооронд үүсдэг. Иймээс үнэхээр үндэслэлгүйгээр илүү төлсөн асуудал байгаа бол банкинд тавьж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй юм.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нотлох үүрэг хүлээж байгаа. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хангалттай нотолж чадсангүй гэж харж байна. Орон сууцны талбайн хөлсөнд илүү төлбөр төлсөн гэдгээ нэхэмжлэгч өөрөө нотлох ёстой. Мөн нэхэмжлэгч нь гэрээний дагуу 70,076,820 төгрөгийг бүгдийг төлсөн гэдгээ нотлохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч В.Гэрэлчимэг нь “Батбүрдэл” ХХК-иас доголдлын улмаас ажлын хөлсөнд илүү төлсөн 6,645,010 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 993,714 төгрөг буюу банкны хүүд төлсөн 687,714 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 106,000 төгрөг, ус халаах бойлуурын үнэд 200,000 төгрөг, нийт 7,638,724 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн 9,474,382 төгрөг гаргуулахыг хүсч байх боловч уг хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн гэж үзээгүй болно.

            Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндэслэлээ... гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн гэдгээ нотлоогүй, ...бойлерын үнийг өөрсдөө сайн дурын үндсэн дээр тусдаа гэрээгээр тохиролцсон тул тусдаа шийдвэрлэх боломжтой,  ...илүү хүү төлсөн бол банктай ярих асуудал ..., нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй ...” гэж тайлбарладаг. /хх-105 дугаар хуудас/

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч В.Гэрэлчимэг нь “Батбүрдэл” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 082/13 тоот “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай” гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТелевизийн ажиллагсдын 120 айлын орон сууцны барилгаас 11 давхрын 11 тоотод 58,74 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц захиалан бариулж, ажлын хөлсөнд 1 м.кв талбайг 1,193,000 төгрөгөөр тооцон нийт 70,076,820 төгрөг өгөхөөр тохиролцсоноор тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх-21-23 дугаар хуудас/

            Талууд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д заасны дагуу ажлын хөлс төлөх журмаа гэрээний 2.1, 2.2 дахь заалтаар тодорхойлж, гэрээ байгуулсан өдрөө 60 хувь буюу 42,046,096 төгрөгийг өгч, үлдэх 40 хувь болох 28,030,724 төгрөгийг нь арилжааны банкаас зээл авч төлөхөөр, хариуцагч нь орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан бүрэн чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохирсон байна.

Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг гэрээний үнийг бүрэн төлж дуусгасан гэдгээ нотлоогүй гэж мэтгэлцэх боловч анх шүүхэд уг асуудлаар маргаагүй харин ажлыг доголдолгүй хийж гүйцэтгэсэн, талууд талбайн хэмжээг гэрээндээ нарийн тохироогүй гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж, мөн шүүх хуралдааны үеэр “гэрээний харилцаа дуусгавар болсон тул үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй” гэж байна. /хх-57-58, 105 дугаар хуудас/

Маргалдагч талууд гэрээний 3.10-т гүйцэтгэгч нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг захиалагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн  тохиолдолд өгөх үүрэг хүлээнэ, 3.11-т орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь “Батбүрдэл” ХХК байх нөхцлийг тусгасан байдаг.

Үүний дагуу хариуцагч “Батбүрдэл” ХХК, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2205052074 дугаарт бүртгүүлэн гэрчилгээ авч, В.Гэрэлчимэг нь уг орон сууцыг 2013 оны 12 дугаар сард хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа 2013 оны 12 дугаар сард дуусгавар болсон гэж үзнэ. /хх-1-2, 15, 106 дугаар хуудас/

Гэхдээ Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтаас харахад захиалагч буюу нэхэмжлэгч В.Гэрэлчимэг нь ажлын үр дүнгийн үнийг буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг шаардан, хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас илүү төлсөн ажлын хөлсний зөрүүг шаардаж байгааг буруутгах боломжгүй юм.

Учир нь нэхэмжлэгч тал, ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Тоонто гранд” ХХК-иар сууц өрөө, тасалгааны хэмжилт хийлгэн дүгнэлт гаргуулснаар мэдэж, улмаар гомдлын шаардлагаа хариуцагч “Батбүрдэл” ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байх ба хариуцагч нь В.Гэрэлчимэгийн хүсэлтэд 2015 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 3-05-36 тоот албан бичгээр хариу өгөхдөө талбайн зөрүүнд 2,386,000 төгрөгийг мөн оны 7 дугаар сарын 10-ны дотор олгохоор амласныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүйн улмаас шүүхэд шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан “... Барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэсэн заалтад нийцэж байна.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу томилсон шинжээч “Эм Эм Инженеринг” ХХК-ийн дүгнэлтээр маргааны зүйл болох орон сууцны өрөө, тасалгааны талбайн хэмжээг 52,72 м.кв гэж тодорхойлсон тул хариуцагч талыг доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж үзлээ. /хх-84-91 дүгээр хуудас/

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасныг баримтлан хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас 6,645,010 /зургаан сая зургаан зуун дөчин таван мянга арван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Гэрэлчимэгт олгох нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хэдийгээр нэхэмжлэгч В.Гэрэлчимэг, Төрийн банкнаас орон сууцны зориулалтаар 28 сая төгрөгийн зээл авч, гэрээгээр тохирсон нөхцлийн дагуу зээл, хүүг эргэн төлж байгаа ч түүний авсан зээлийн дүнг хариуцагч “Батбүрдэл” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотойгоор илүү авсан гэж үзэх боломжгүйн гадна талбайн хэмжээ өөрчлөгдснөөр нэхэмжлэгч бага зээл авах байсан гэх үйл баримтыг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн хариуцагчтай худалдан авахаар тохиролцон төлсөн ус халаагч бойлерын үнэ болон өөрийн хүсэлтээр орон сууцны, өрөө, тасалгааны хэмжилт хийлгэсэн ажлын хөлсөнд төлсөн 106,000 төгрөгийг хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, доголдолтой эд хөрөнгө нийлүүлснээс учирсан хохирол гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч В.Гэрэлчимэгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 993,714 /есөн зуун ерэн гурван мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас 121,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэхээр заасан тул хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас 135,168 төгрөгийг гаргуулан “Эм Эм Инженеринг” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас 6,645,010 /зургаан сая зургаан зуун дөчин таван мянга арван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч В.Гэрэлчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 993,714 /есөн зуун ерэн гурван мянга долоон зуун арван дөрвөн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Батбүрдэл” ХХК-иас 121,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн шинжээчийн зардал болох 135,168 төгрөгийг гаргуулан “Эм Эм Инженеринг” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЦЭНД