| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2021/0005/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/05 |
| Огноо | 2021-03-12 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Н-р хөтлүүлэн,
Улсын яллагч Б.С,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн 2124 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *төрсөн, * настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О.Г /*0/.
Шүүгдэгч О.Г нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 14-1411 тоот хаягаар оршин суудаг Г.Мын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Г.Мын халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн 14-1411 тоот хаягаар оршин суудаг иргэн Г.Мын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, Г.Мын халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж дураараа авирласан болох нь:
-2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 цаг 42 минутад иргэн Г.Маас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Намайг гэртээ унтаж байхад О.Г гэгч манай байшингийн цонхоор зөвшөөрөлгүй орж ирсэн байна. Шалгаж өгнө үү” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ/ийн 8 дугаар хуудас/,
-2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд */ХХ-ийн 10-13 дугаар хуудас/,
-Хохирогч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн үүрийн 05 цагийн үед Хайрхан багийн 14-1411 тоот хаягтай гэртээ унтлагын өрөөндөө бага хүүтэйгээ унтаж байхад гэнэт орон дотор хүйтэн биетэй хүн ороод ирсэн. Тэгээд хүйтэн гараараа тухайн хүн миний биеийг тэврээд, миний дотоож руу хүйтэн гараа оруулсан тэгэхээр миний бие зарс хийгээд явчихсан. Тэгээд би бага хүүгээ харсан чинь миний хажууд унтаж байсан. Тэгэхээр нь гайхаад гэрлээ асаахад нэг нүцгэн залуу унтлагын өрөөний хаалгаар гүйгээд шат руу уруудаад гараад явчихсан. Би араас нь гүйгээд байшингийн хаалгаа шалгахад түгжээтэй байсан. Тэгээд би хаашаа орчхов гэж бодоод агуулахынхаа хаалгаар ороход агуулахын цонх онгорхой байсан. Би агуулахын өрөөнд байсан онгорхой цонх руу дөхөж очиход агуулахын өрөөнд байсан хөлдөөгчийн араар нуугдчихсан нүцгэн сууж байсан. Тэгэнгүүт нь би тухайн нүцгэн залууг хараад “Чи энэ юу хийж байгаа юм бэ” гэж асуухад тухайн залуу юу ч хэлэхгүй дуугүй суугаад байсан. Тэгээд би айгаад бага хүүгээ дуудсан чинь унтлагын өрөөнөөсөө гүйгээд ирсэн. Би бага хүүгээ “Энэ залууг таних уу, энэ хэн бэ” гэж асуухад миний бага хүү Г ах гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнийн 02 цагийн үед манай гэр бүлийн гишүүн болох ээж М болон эгч Д бид гурав унтлагын өрөөндөө унтсан юм. Ээж бид хоёр унтлагын өрөөний орон дээр унтсан. Харин эгч Д дүүгийн хамт том өрөөний орон дээр унтсан. Тэгээд би тухайн өдрийн шөнийн 02 цагаас 04 цаг 30 минут хүртэл унтлагын өрөөндөө сэрүүн байсан. Тэгээд нэг мэдэхэд унтчихсан байсан. Нэг их удалгүй унтаад 30 минут гаран болсон байх үед ээж Мөнхбаяр намайг сэрээсэн. Сэрээд байж байтал нэг давхрын цехийн агуулахаас намайг ээж дуудахаар нь би хоёр давхраас очиход ээж надад хөргөгчийн ард байгаа залуу хэн юм бэ? гэж асуухад би Г байна гэж хариулаад унтлагын өрөө рүү гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,
-Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр намайг унтаж байхад тухайн үйл явдал болсон юм байсан. Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10-12 цагийн хооронд би сэрсэн. Сэрээд босоод цайгаа ууж байхад манай ээж болох М надад цагдаад дуудлага өгсөн талаараа ярьсан. Би О.Г гэдэг хүнийг танина. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн 10 дугаар ангийн “В” бүлгийг төгсөж байхад О.Г нь 10 дугаар ангийн “Д” бүлэгт сурдаг байсан. Би О.Г-тай үерхэж байгаагүй. Надад тухайн үед утас байгаагүй. Надтай тухайн өдөр уулзаагүй. Би гар утас болон фейсбүүк чатаар өмнө нь О.Г-тай харилцаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/,
-Яллагдагч О.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад найз Х намайг манайд ирж бууж хийлцээд өг гэж хэлсэн. Тэгээд би Х-н Гандангийн ойролцоо байх гэрт нь очиж бууз хийлцсэн ба дууссаны дараа Х бид нар 1 шил 0,75 литрийн архи хуваан уусан. Тэгээд талд нь хүртэл уучхаад би нэлээд согтоод гараад явсан ба замдаа салхинд цохиулан их согтсон. Тэгээд яг манай гэрийн урд талд буюу Хөдөө аж ахуйн хороолол М гэх айлын хашааг нь даваад 2 давхрын байшингийн цонхыг нь түлхтэл онгойсон. Тэгээд би тэр цонхоор Мыг гэр лүү хэн нэгний зөвшөөрөлгүйгээр орсон ба би тухайн үед ахындаа орж байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 6-7 дугаар хуудас/,
-Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай гэр бүлийнхэн найз О.Гын хамт буузаа хийж эхэлсэн. Буузаа 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнийн 01 цагийн үед хийж дуусаад 20 минутын дараа “Хараа” нэртэй 0,75 литрийн хэмжээтэй архийг О.Гтай хамт уугаад тухайн архины шилний талд оруулаад О.Г найз нь болно, гэр лүүгээ явлаа гээд манайхаас гарсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан бол...” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Иймд О.Гын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Гад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул О.Гыг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Гад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч О.Г нь оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мт эд хөрөнгийн хохирол учруулаагүй бөгөөд цаашид шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.Г-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тэмдэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Гад өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН