Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Н-р хөтлүүлэн,

Улсын яллагч Б.С,

Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 2124000000000 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *төрсөн, 37 настай, эрэгтэй, *. * боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, * хаягаар оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Ч.М /*/.

Шүүгдэгч Ч.М нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутагт гудамжинд согтуугаар М.Гийн толгой тус газарт нь таягаар 1 удаа цохих, нүүр лүү нь цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд дээд уруулын зүүн талд язарч хэгзлэгдсэн шарх, буйлны шарх, баруун болон зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн нутагт байрлах гудамжинд согтуугаар М.Гийг толгойн тус газарт нь таягаар 1 удаа цохих, нүүр лүү нь цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд дээд уруулын зүүн талд язарч хэгзлэгдсэн шарх, буйлны шарх, баруун болон зүүн дээд 1 дүгээр шүднүүдийн булгарал гэмтэл бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед би жаахан архи уучхаад захиргаа орохоор явж байгаад захиргааны гадаа Р цагдаатай таарахад захиргааныхан хуралтай байна, хариад амарчих гэхээр нь за гээд эргээд явж байтал М, Н нар машинтай зогсож байсан. Би очоод Н ахыг дружба хөрөөгөөр янзын мод хөрөөддөг юм байна гээд тоглоом хийгээд хэлсэн чинь Н ах уурлаад тэгээд би тоглоом даадаггүй юм байна гэх зэргээр хэлж байтал М Н ахыг өмөөрч намайг Н ахын төмөр таягаар цохиод авсан. Тэгээд Р цагдаа ирээд боль гээд байж байсан чинь М цагдааг түлхээд авах шиг болохоор нь би цагдаагийн үгэнд яагаад орохгүй байгаа юм бэ гээд М рүү хэлээд дундуур нь таягаар цохиулаад тонгойгоод байж байхад миний толгой руу өшиглөсөн. Миний толгой руу таягаар нэг удаа цохисон чинь таяг нь хугарчихсан. Миний нүүр, ам хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн тэгээд миний 2 шүд унасан, нэг шүд нь хөдөлсөн байсан. Эмнэлэг дээр очиж авхуулсан, уруул язарч гадна талдаа 6, дотор талдаа 5 оёо тавиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9 дугаар хуудас/,

-Гэрч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би Төрийн банкны урд талд Мтэй таараад 1 ширхэг 0,75 литрийн “Экс” нэртэй архи хувааж уусан. Тэндээ архи хувааж уучхаад М дэлгүүр орж дахиж нэг шил архи авчхаад захиргааны хажууд зогсож байтал Г ирээд машины цонхоор та нар хэн юм бэ гэх зэргээр юм яриад байсан. Тэгээд намайг машинаас чирч буулгаж байгаад нэг цохисон. Тэгээд байж байсан чинь М миний таягийг булааж аваад Гийг цохисон чинь миний таяг хугарсан байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/,

-Гэрч Д.Рын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Захиргааны хажууд хүмүүс орилоод байхаар нь очиход М, Н, Г нар хоорондоо маргалдаж байсан. Би Мг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байхаар нь машиных нь түлхүүрийг авахад чи яахаараа машины түлхүүр авдаг юм бэ гээд над руу ойртохоор нь би өөрөөсөө түлхээд байж байтал Г ирээд Мтэй барьцалдаад авсан. Тэгсэн чинь Н машинаас буугаад ирсэн чинь Нийг Г нь түлхээд унагасан. Би Нийг холдуулаад байж байсан чинь Нийн таягийг М булааж аваад Гийг нэг удаа цохисон. Би дундуур нь орж салгаад Гийг холдуулаад байж байхад М нь машинаа асаагаад Нийг суулгаад явчихсан. Би тэндээс Гийн хүргэн ахыг нь дуудаж эмнэлэгт хүргэж өгсөн. Гтэй заамдалцсан байхдаа М нүүр лүү нь гараараа нэг цохисон. Гийн дээд уруул нь сэтэрсэн байсан, нэг шүд нь онгорхой харагдсан, амнаас нь цус гарсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32 дугаар хуудас/,

-Яллагдагч Ч.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би гэрээсээ 15 цагийн орчим ус авах гэж гараад Төрийн банк орсон. Тэндээс баримтаа аваад гарахад Х, Н нартай таарсан. Тэр хоёр Мын машинд суусан архи ууж байсан. Намайг хэзээ ирсэн юм гэж асуугаад Н ахдаа хотын юм авч өг гээд миний машинд суугаад дэлгүүр орж 1 архи аваад айлын гадна зогсож байгаад машин дотроо уусан. Тэндээс Хийг хүргэж өгөхөөр  явж байгаад захиргааны хажууд зогсож байхад Г урдаас явган алхаж ирээд гар өргөхөөр нь зогсоод цонх онгойлгоход Нийг машинаас татаж унагаасан. Тэгэхээр нь би машинаас буугаад Н ахыг өмөөрөөд Гийг 2 удаа цохиод, хоорондоо түлхэлцээд байж байхад цагдаа ирсэн. Би Гийн ар нуруу руу нь Наа ахын таягаар нэг цохисон чинь таяг нь хугарчихсан, нүүр лүү нь гараараа хоёр удаа цохисон. Тухайн үед Гийн ам нь цус болсон харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч Б.С-н 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 000000047 дугаартай: “...М.Гийн биед гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой дээд уруулын зүүн талд язарч хэгзлэгдсэн шарх, баруун болон зүүн дээд 1-р шүднүүдийн булгарал, буйланд шарх гэмтлүүд тогтоогдлоо. Баруун болон зүүн дээд 1-р шүднүүдийн булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 10% нөлөөлнө. М.Гийн биед учирсан дээд уруулын зүүн талд язарч хэгзлэгдсэн шарх, буйлны шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, баруун болон зүүн дээд 1-р шүднүүдийн булгарал гэмтэл 2.4.2-д зааснаар болон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Ч.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...М.Гийн биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Ч.Мгийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Мд холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ч.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Мд ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Мгийн гэмт  хэрэг  үйлдсэн  нөхцөл  байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнд прокурорын санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд түүнд шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйд нийцнэ.

Шүүгдэгч Ч.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч М.Гэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг дурдаж,  эд мөрийн баримтаар хураагдсан таягийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ч.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, түүнээс  гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

6. Энэ хэрэгт хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан гол хэсгээрээ хугарсан, бор өнгийн 63 см урттай төмөр таягийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.УРТНАСАН