Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01648

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/01648

Улаанбаатар хот

 

 

  Зохигчдын эвлэрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Метробизнес төв, А корпус 8 дугаар давхар, 801 тоотод оршин байгаа “Голден пэйж Аудит” ХХК /РД-2705958/-ийн,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Занабазарын гудамж, өөрийн байранд оршин байгаа “Монголын үндэсний Алмазан өрөмдлөг” ХХК /РД-5483689/-д холбогдуулан гаргасан,

            Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн захирал С.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК шүүхэд, гүйцэтгэх захирал С.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад О.Чулуунбатын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолыг үндэслэн, “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-ийн 2011-2013 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Голден пэйж аудит” ХХК болон “Монголын үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-иуд нь хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний нийт дүн нь 18,000,000 төгрөг болно.

Манай компани гэрээний дагуу хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж, 2015 оны 5 дугаар сарын өдөр Б/42 дугаартай албан тоотоор 48 хуудас тайланг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн орлогч, цагдаагийн ахмад Б.Ганбаатарт нэг хувь, “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-д нэг хувийг тус тус хүргүүлсэн.

Хариуцагч нь манай байгууллагыг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөг, мөн сарын 26-ны өдөр 2,900,000 төгрөг, мөн сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөг төлсөн.

Гэтэл “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК нь гэрээний 3.4-т заасан үйлчлүүлэгч ажил үйлчилгээний төлбөрийн үлдэгдлийг ажил үйлчилгээ дууссан өдрөөс хойш ажлын 20 хоногт багтаан гүйцэтгэгчийн нэхэмжлэхээр шилжүүлэх буюу бэлнээр төлнө гэснийг зөрчин, одоог хүртэл үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй.

Иймээс хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 11,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

            Хариуцагч тал 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус төлөх санал тавьсан тул манайх 4,000,000 төгрөгөөс татгалзаж, 7,000,000 төгрөг дээр эвлэрч байна гэв.

            Хариуцагч “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн хувьцаа эзэмшигч А.Ганбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст компанийнхаа захирлаар томилсон байсан н.Банзрагч, н.Баянмөнх нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийг тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулсан.

            Мөрдөн байцаалтын шатанд “Голден пэйж аудит” ХХК шинжээчээр томилогдсон бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр А.Ганбаатар,  компанийн захирал н.Банзрагч, н.Баянмөнх нар нь гурвуулаа гэрээ байгуулж аудитын дүгнэлт хийлгэж байсан бөгөөд холбогдох эрүүгийн хэрэг нь одоо болтол шийдэгдээгүй, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Голден пэйж аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээгүйн улмаас н.Банзрагч, н.Баянмөнх нарын хэрэг хэрэгсэхгүй болсон. Иймээс ажил гүйцэтгэх гэрээний үлдсэн мөнгийг гаргуулж авч чадаагүй байгаа.

            Дээрх гэрээг байгуулахдаа “Голден пэйж аудит” ХХК-ийн захирал С.Оюунгэрэлтэй ярилцаж байгаад нийт үнийн дүнгээ 12 сая төгрөгөөр хийхээр тохироод урьдчилгаа 7,000,000 төгрөг төлсөн.

            Бид хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгээс 5,000,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй.

            Харин 18 сая төгрөгийг үнийн дүн их байна гээд багасгаад 12 сая болсон. А.Ганбаатарын хувьд н.Банзрагч, н.Баянмөнх нартай 12 сая төгрөг хувааж төлөх үүрэг хүлээсэн бөгөөд гэрээнд мөн эдгээр хүмүүс гарын үсэг зурсан тул үлдэгдэл 5,000,000 төгрөгийг хувааж төлүүлнэ үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчтэй 7,000,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан гэв. 

            Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК-ийн захирал С.Оюунгэрэл, хариуцагч “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргал нар харилцан тохиролцож нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүн 11,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгөөс нь татгалзаж, хариуцагч үлдэх 7,000,000 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, 2,000,000 төгрөгийг нь мөн оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ. 

                       

            Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад

 ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК нь, “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

            Шүүх хуралдааны өмнө талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК нь үлдэх 7,000,000 /долоон сая/ төгрөгийн 5,000,000 /таван сая/ төгрөгийг нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, 2,000,000 төгрөгийг мөн оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

            Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК нь буцаан олгож шийдвэрлэв.

Хариуцагч “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК нь Б.Жаргалд эвлэрэх эрхийг итгэмжлэлээр олгосон байх тул түүнийг эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.”Голден пэйж аудит” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгийн 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч “Монголын Үндэсний алмазан өрөмдлөг” ХХК нь үлдэх 7,000,000 /долоон сая/ төгрөгийн 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, 2,000,000 төгрөгийг мөн оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус тус нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК-д төлж браагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Голден пэйж аудит” ХХК нь буцаан олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

                       

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЦЭНД