Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/614

 

 

 

 

 

  2021          09          27                                     2021/ШЦТ/614

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга:М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Батзаяа,

           Шүүгдэгч: Л.Ж өөрийгөө өмгөөлөн оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Ж-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001142 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Л.Ж......................

Шүүгдэгч Л.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны 2-р орцны 31 тоотод иргэн С.Т-ын биед халдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун урд хэсэгт цус хуралт, баруун шуунд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Ж шүүх хуралдаанд: “...Би тухайн өдрийн өглөө хамтран амьдрагч Б-д хутгалуулсан. Тэгээд эмнэлгээс түр гараад гар утасны цэнэглэгчээ авах гээд ирэхэд М, Б нар уугаад сууж байсан. Тэгээд цэнэглэгчээ аваад гарах гэтэл пиво уу гээд хамт уусан. Т нэгэнтэй нь хэрэлдээд болихгүй байхаар нь нэг удаа алгадсан” гэв.

Хохирогч С.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 28-ны өглөө танил эгч Б над руу залгаад “хаана байна, ажилтай байна уу, эгч нь яг үхэх гээд байж байна. ...чи эгчдээ хэдэн пиво аваад ирээч” гэж хэлсэн. Би гадуур ажлаа амжуулаад 12 цаг өнгөрөөгөөд Б-ийн гэрт очиход Б эгч нэг хүүхэнтэй хамт мөн хүүхдүүд нь байсан. Би очихдоо 10 лааз сэнгүр нэртэй пиво авч ороод хамт уусан. ...хамт байсан эгч А найзыгаа дуудсан. ...30 минутын дараа нэг залуу ирсэн. ...гаднаас Ж ах орж ирээд тэр залуутай танилцаад ууж байгаад пиво дуусахад нөгөө залуу Ж ах хоёр уух юманд гараад орж ирэхдээ нэг шил Эдэн нэртэй архи, ундаа, пиво авч орж ирээд ууцгаасан. Архийг Ж ах нөгөө залуу хоёр хувааж уусан. ...Б эгч тасраад унтсан. А эгч намайг нөгөө залуутай хардаад байж байтал Ж ах миний зүүн хацарлуу алгадсан. ...мөн толгойн зүүн дээд хэсэгт гараараа нэг цохиж. ...миний нүүр хэсэгт 3 удаа цохиж баруун гарын шуу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Би эмчилгээнд гарсан зардал болох 138.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би зодуулж цохиулсандаа гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/,

Гэрч Э.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Т руу мөнгө шилжүүлээд пиво болон дарс захисан. Тэгээд удалгүй гаднаас Т орж ирээд Б, Ж бид ууж эхэлсэн. Тэгээд ууж байгаад найз М-ийг дуудаад тавуулаа уусан. М ирэхдээ цагаан архи авчирсан ба тэр архийг нь ууцгаагаад бүгд нилээн согтоцгоогоод ...юм яриад сууж байхад Т сонин сонин юм яриад байхаар нь би “ямар том дуутай бацаан бэ” гэж хэлтэл Ж уурлаад Т-г алгадаад авсан. Б босож ирээд Ж-г Т-тай хамт түлхээд гаргах гэхэд Ж, Т-ыг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 6867 тоот дүгнэлтэд: “...С.Т-ын биед духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун урд хэсэгт цус хуралт, баруун шуунд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 19-20/,

Яллагдагчаар Л.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Тэгээд уугаад байж байсан чинь Т, А хоёр маргалдаж байгаад Т нь А-г цохиод авсан. ...Тэгэхээр нь би Т-ыг нь салгах гэсэн чинь урдаас дайраад байхаар нь би Т-ын нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 34-52/, хохирогчийн хохирлын баримтууд  /хх-н 54-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Ж нь “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 55 дугаар байрны 2-р орцны 31 тоотод иргэн С.Т-тай маргалдаж гараараа нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний дээд, доод зовхи болон зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун урд хэсэгт цус хуралт, баруун шуунд цус хуралт болон зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд цус хуралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.А-ын: “...А эгч намайг нөгөө залуутай хардаад байж байтал Ж ах миний зүүн хацарлуу алгадсан. ...мөн толгойн толгойн зүүн дээд хэсэгт гараараа нэг цохиж. ...миний нүүр хэсэгт 3 удаа цохиж баруун гарын шуу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/, гэрч Н.А-ийн: “...юм яриад сууж байхад Т сонин, сонин юм яриад байхаар нь би ямар том дуутай бацаан бэ гэж хэлтэл Ж уурлаад Т-ыг алгадаад авсан. Б босож ирээд Ж-г Т-тай хамт түлхээд гаргах гэхэд Ж Т-ыг зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, шинжээчийн 6867 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Ж-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Т-тай маргалдан, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 138.000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн ба хавтаст хэрэгт хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, компьютер томографикт харуулсан 130.000 төгрөгийн баримт хавсаргагдсан тул шүүгдэгчээс 138.000 төгрөг гаргуулж хохирогч С.Т-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Ж-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Л.Ж-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Ж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 138.000 төгрөг гаргуулж хохирогч С.Т-д олгосугай.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР