| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00547/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/00626 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/00626
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж өөрийн байранд байрлах, “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Дунд гол өөрийн байранд байрлах “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК-д холбогдох 98 978 452 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК нь Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 16-р зүйлийн 1 дэх, 17-р дугаар 1.1 дэх, 1.4 дэх хэсэгт тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12-р сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 65 985 635 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 33 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Ниймгийн даатгалын тухай хуулийн 20-р зүйлийн 1.2-т заасны дагуу “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 65 985 635 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 32 995 817 төгрөг нийт 98 978 452 төгрөгийг “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлстэс нь хариуцагч “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК-аас нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр 98 978 452 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Манай байгууллага алданги болох 32 992 817 төгрөгөөсөө татгалзаж байна. Үлдэх 65 985 635 төгрөгийг 2017 оны 6-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс нь хариуцагч “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК-д холбогдох хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 65 985 635 төгрөг, хугацаа хэтэрүүлсэнд ноогдуулсанд 32 992 817 төгрөг бүгд 98 978 452 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 98 978 452 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 65 985 635 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 6-р сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгал”-ын хэлтэс болон хариуцагч “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК нь 98 978 452 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 65 985 635 /жаран таван сая есөн зуун наян таван мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч төлбөрийг 2017 оны 6-р сарын 01-ний дотор төлөхөөр тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч “Авто зам тоног төхөөрөмжийн түрээс” ХХК ХХК-иас 241 393 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА