Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/617

 

 

 

 

 

   2021          09          28                                     2021/ШЦТ/617

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Н.Энхболд,

Хохирогч: Б.Э, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

Шүүгдэгч: Т.Х өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Х холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105014491151 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Т.Х,

Шүүгдэгч Т.Х нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өглөө үүрийн 04 цагийн орчим Банягол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” зочид буудлын гадна хохирогч Б.Э-ийн нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4-р хуруунд шарх, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Э шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр 7 дугаар сарын 23-ны өдөр байсан. Манай Г гэдэг найз намайг орой 12 цаг өнгөрч байхад ирээд авчих гэсэн юм. Тэгээд буудлын гадаа ирсэн байхад гарч ирэхгүй байсан юм. Би буудал руу найзыгаа авах гээд орсон чинь дээрээс эрэгтэй 3 залуу бууж ирж байсан. “Э гичий минь, чи хэзээ ийм болсон юм” гэж хэлсэн. Тэгснээ таньдаг хүн шиг намайг үг хэлээр доромжилсон. Би эд нарыг танихгүй, Г-г л танина. Намайг шатан дээрээс түлхсэн. Тэгээд тэрийг манай найз залуу харж таараад “найз охин яагаад түлхээд байгаа юм” гэж хэлээд эд нартай муудалцсан. Тэгээд барьцалдаж авсан. Эд нар манай найз залууг заамдаж аваад бөөнөөрөө гадаа авч гараад зодсон. Би салгах гэж очсон. Тэгэхэд өндөр цагаан подвалктай залуу намайг түлхэж унагаасан. Тэгээд би тэр залууг дийлэхгүй болохоор нь энэ хар юүдэнтэй цамц өмссөн байсан залууг татаад, татаад дийлэхгүй байсан чинь намайг шууд хоолойноос багалзуурдаад унагаасан. Тэр 3 залуу нийлж манай найз залууг зодсон. Нийт 6.648.032 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс 550.000 төгрөг авсан” гэв.

Хохирогч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө 04 цагийн үед намайг манай найз залуу О Баянбүрдээс ирж авсан. ...харих замдаа найз Г-г авахаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кастел баарны замын эсрэг талын зочид буудал руу явсан. ...кастел баарны замын эсрэг талын зочид буудлын гадаа очоод Г руу залгахад утсаа авахгүй байсан. Нилээн удаан залгаж байгаад буудлых нь хаалгыг тогшиход онгойлгохгүй байсан. Тэгээд буудлын гаднаас өрөөнүүд рүү харахад цонхнууд нь онгорхой байхаар нь би Г.. гээд чанга орилсон. Тэгэхэд Г буудлын цонхоор хараагүй байж айн гэсэн. ...тэгсэн чинь нэг цонхноос нь хэн нь мэдэхгүй нэг хүн “зайлаач гичий минь” гэж хэлсэн. Тэгээд найзыгаа дахин дуудахад “за удахгүй гарлаа” гэж орилоод байсан байж гарч ирэхгүй 20-30 минут болсон. Тэгэхээр нь би буудлын хаалгыг тогшиж байгаад дотогш орсон. Тэгээд дээш шатаар өгсөж байтал Г, түүнтэй хамт байсан 2 эмэгтэй болон 3 залуу өөдөөс нь гарч ирсэн. Бид нар шатан дээр таарсан. Тэгсэн тухайн залуучууд намайг танихгүй байж. ...“Э чи хэзээ ийм болчихсон юм” гээд сонин сонин юм яриад байхаар нь би найз Гантуяагаа авья гэсэн чинь нэг хар хувцастай намхан залуу нь “Чи одоо яадаг болчихсон юм” гээд миний нүүрэн тус газар мангасдаад би шатнаас халтираад 2 шат доошилсон. Тэр үед манай найз залуу орж ирж таараад манай найз охиныг зодлоо гээд тэд нар маргаад буудлын гадаа гарахад тэдгээр гурван залуу манай найз залуу руу дайраад зодоод байсан. Тэгэхээр нь би салгах гээд хүч хүрэхгүй байж байгаад хар хувцастай нь манай найз залууг цохиод байхаар нь тэр залууг салгах гэж 2-3 удаа татахад эргэж хараад миний хүзүүн тус газраас багалзуурдаад 1 удаа нүүрэн тус газар цохисон. ...намайг цохисон нь туранхай, жижигхэн биетэй, хар цамц, хар өмдтэй залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9-р хуудас/,

Гэрч Т.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 23-ны үүрийн 04 цагийн үед найз охин болох Э-ийн хамтаар хоёулаа Э-ийн найз болох Г-г Кастелийн замын эсрэг талд байх зочид буудлаас авах гээд Г-ийн байгаа гэх буудал руу ороод нэг давхарын шатаар найз охиноо араас дагаад явж байтал нэг давхарын шатан дээр манай найз охиныг нэг намхан залуу түлхээд зайлаач гээд байхаар нь би араас нь очоод чи одоо яагаад байгаа юм бэ гэтэл хажуу талаас нэг өндөр залуу намайг тэвэрч аваад гарчих уу гэхээр нь хамт буудлын гадаа гартал, нөгөө намхан залуу 2 найз, мөн Г гэх эмэгтэй гарч ирсэн байсан. Тэгээд тэр 3 залуутай маргалдаж байгаад машиндаа суугаад явах гэтэл, нөгөө намхан залуу миний хүзүүнд байсан гинжийг таслаж аваад цааш явахаар би араас нь гинжээ авах гээд очтол миний өмнөөс гинж шидэнгүүтээ шанаанд цохисон. Тэгээд тэр залуутай барилцаад автал 2 найз нь орж ирэхэд нөгөө намхан залуу манай найз охиныг цохиод унагааж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-р хуудас/,

Шинжээчийн 6638 тоот дүгнэлтэд: “...Э-н биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4-р хуруунд шарх, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 33-34-р хуудас/,

Яллагдагчаар Т.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, надад асууж тодруулах зүйл байхгүй, тус зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би хохирогч Б.Э-ийн биед ...гараараа цохиж хохирол учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 68-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 44-47/, хохирогчийн хохирлын баримтууд  /хх-н 50-58/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 71-87/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т.Х нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өглөө үүрийн 04 цагийн орчим Банягол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ашид-Эрдэнэ” зочид буудлын гадна хохирогч Б.Э-ийн нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 4-р хуруунд шарх, баруун шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-ийн: “...тэр үед манай найз залуу орж ирж таараад манай найз охиныг зодлоо гээд тэд нар маргаад буудлын гадаа гарахад тэдгээр гурван залуу манай найз залуу руу дайраад зодоод байсан. Тэгэхээр нь би салгах гээд хүч хүрэхгүй байж байгаад хар хувцастай нь манай найз залууг цохиод байхаар нь тэр залууг салгах гэж 2-3 удаа татахад эргэж хараад миний хүзүүн тус газраас багалзуурдаад 1 удаа нүүрэн тус газар цохисон. ...намайг цохисон нь туранхай, жижигхэн биетэй, хар цамц, хар өмдтэй залуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Т.О-ын: “...тэр 3 залуутай маргалдаж байгаад машиндаа суугаад явах гэтэл, нөгөө намхан залуу миний хүзүүнд байсан гинжийг таслаж аваад цааш явахаар би араас нь гинжээ авах гээд очтол миний өмнөөс гинж шидэнгүүтээ шанаанд цохисон. Тэгээд тэр залуутай барилцаад автал 2 найз нь орж ирэхэд нөгөө намхан залуу манай найз охиныг цохиод унагааж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, шинжээчийн 6638 тоот дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-тэй маргалдан, улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн, цаашид эмчилгээ хийлгэх, өмгөөлөгчийн хөлс зэрэг нийт 6.648.032 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчид 550.000 төгрөг төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогчийн эмчилгээний зардал 664.205 төгрөгийн баримтыг шүүх бодитой учирсан хохирол гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид шүүх хурлын өмнө 550.000 төгрөг төлсөн тул шүүгдэгч Т.Х-аас үлдэгдэл 114.205 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн бариа засал хийлгэсэн 1.500.000 төгрөгийг энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.

Учир нь тухайн баримтад эмчилгээний бариа 90.000 төгрөг, физик эмчилгээ 40.000 төгрөг, шарлага 10.000 төгрөг, татлага 10.000 төгрөг, нийт 170.000 төгрөг болсон байна.

Дээрх баримтад нийт дүнг 1.500.000 төгрөг гэж бичсэн нь дээрх эмчилгээний үнийн дүнтэй таарахгүй, ойлгомжгүй 1.500.000 төгрөгийн эмчилгээ бодитой хийлгэсэн эсэх нь эргэлзээтэй байх тул хохирогч нь дээрх хохиролтой холбоотой баримтаа дахин бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хохирогч нь ЭМЖЖ эмнэлэгт хагалгаанд орох 3.668.331 төгрөг нэхэмжилсэн ба тухайн хохирол бодитой учраагүй, цаашид хэдэн төгрөгийн хохирол гарах нь тодорхойгүй байх тул тухайн гэмтэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүгдэгч Т.Х-т ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч Т.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүхэд гаргасан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу олон нийтийн газарт үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нийгмийн аюулын шинж чанар буюу хор уршиг нөхөн төлөгдөөгүй, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчиид нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т.Х-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Х-аас 114.205 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.
  6. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР