Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/627

 

 

 

 

 

   2021          10          04                                     2021/ШЦТ/627

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: П.Л өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Л-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000001094 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: П.Л

Шүүгдэгч П.Л нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны шөнийн 03:00 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан хийдийн” хойд талын автобусны буудлын орчим хохирогч Э.Т-ийн биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Л шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 27-ны шөнийн 03 цагийн үед З гэх найзтайгаа уулзахаар болоод холбоо бариад Гандангийн урд талын автобусны буудал дээр Т, А гэх найзтайгаа явж очсон. Тухайн газар явж очтол З найз маань танихгүй дөрвөн хүнтэй хар машинд сууж байсан. Би З-тай уулзаад яриад зогсож байтал З-тай хамт сууж байсан нэг залуу ирээд би “халаасны хулгайч байсан, чи хэн юм бэ” гээд агсраад хэрүүл өдөөд байсан. Түүний дараа ахиад машинаас өөр нэг залуу бууж ирээд “яасан хөгшөөн” гээд дайраад тэр залуу гав гартаа барьчихсан “чамайг би гавлана” гээд дайрсан. Тэгэхээр нь би “чи гавладаг хүн нь биш ээ, гавладаг хүнээр нь би гавлуулъя” гэж хэлтэл З найз маань тэр залуугийн гавыг булаагаад авчихсан чинь өмсөж байсан цамцныхаа дотор талаас хутга гаргаад ирсэн. Тэгээд тэр залуу над руу “чи зүгээр надад ял болно шүү” гэж хэлээд  над руу дайраад хутгатай гараараа эхний удаа зүүн шууны доод хэсэгт маань хутгаараа зүссэн, дараа нь дахиж дайраад шууны доод хэсэгт хутгаараа зүссэн. Миний хутгалуулсан гарнаас цус олгойдоод гоожоод зогсохгүй байсан ба энэ үед З найз маань тухайн залууг холдуулсан. Намайг хутгалуулсан болохоор манай найз болох А цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Ч.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2021 оны 7 дугаар сарын 27-ны 03 цагийн үед найз Л, Ц.Х нарын хамт хорооллын орчимд явж байгаад би харихаар болж найз Т рүү ярьж “намайг ирээд авчих ...би төв гандан хийдийн хойд талд байх автобусны буудал байна” гэхэд ирсэн юм. Ингээд машинаас Т болон манай найз охин болох А бууж ирхээр нь хоорондоо юм яриад зогсож байтал надтай хамт явж байсан Ц.Х гэх залуу машинаасаа бууж ирээд намайг Ц.Х гэдэг юм. Би халаасны хулгайч гэх мэтээр хэлж орилоод Т рүү дайраад байхаар нь Ц.Х-г машинд буцаагаад суулгасан чинь Л зөрж машинаас бууж ирээд Т-тэй маргалдаад эхэлсэн, харин юу гэж маргалдсан талаар сонсоогүй. Би Ц.Х-г машинд суулгаад буцаад ирсэн чинь Л нь машин руугаа ороод буцаж гарч ирэхдээ гартаа цагаан өнгөтэй гав барьчихсан цамцныхаа дотор талын халааснаас хутга гаргаж ирээд баруун гартаа барьчихаад байхаар нь хутгаа тавиа гэсэн чинь Т рүү дайраад байсан. Тэгж байснаа гэнэт дайрч хутгаараа зүсэх шиг болсон. Энэ үед яг хаана нь зүссэн талаар мэдэхгүй, тэгж байснаа дахин дайраад зүүн гар орчимд нь зүсчихээр нь “чи одоо боль, хутгаа тавиач” гэсэн чинь хутгаа тавихгүй тойрч гүйгээд байсан. Би булааж авах санаа байсан боловч зүсүүлчихнэ гэж бодсон юм. Ингээд Т-ийн гарыг харсан чинь зүүн гарын шууны дээд хэсэг нь зүсэгдээд ангайчихсан цус нь олгойдож гарчихсан мөн шууны ар хэсэгт нь мөн зүсэгдсэн байсан юм. Л нь Т-тэй маргах шалтгаан гэвэл Ц.Х нь анх гарч согтуурхаад байсан бөгөөд Л нь дагаж гарч ирээд шууд гавлана гэхэд нь Т нь “чи гавладаг хүн бишээ, гавладаг хүнээр нь гавлуулна” гэх мэтээр хэлээд нэг нэгнийгээ гоочлоод байснаас болсон юм. Өөр хэн нэгэн хүний биед учирсан гэмтэл бэртэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 27/,

Гэрч О.А-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 27-ны 03 цагийн үед Т-ийн машинтай Н.Т бид нар очсон юм. Тэгтэл З нь баруун талаасаа машин жолоодоод ирсэн бөгөөд машинаас З бууж ирээд Т бид хоёртой уулзсан чинь З-ын ирсэн машинаас нэг залуу өөрийгөө хулгайч гэх мэтээр орилж бахираад байсан. Тэгтэл дахин шар өнгийн куртиктэй бор царайтай залуу гав барьчихсан гарч ирээд яасан гэнээ гээд чанга бахираад байсан. Энэ үед З нь түүний гавыг булаагаад авчихсан чинь цамцны дотор талаасаа хутга гаргаж ирээд баруун гартаа бариад дээгүүрх хувцасаа тайлж шидээд Т рүү дайрсан чинь З салгасан чинь Т-ийн зүүн гар нь зүсэгдсэн байсан. Тэгтэл дахин хутгаа бариад Т рүү дайрсан чинь зүүн гарын шууны дээд хэсэгт хутгаараа зүсчихсэн, зүсэгдсэн хэсгээс нь цус гараад ангайчихсан байсан. З нь машин тойруулж хөөж байгаад хутгыг нь тавиулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэрч Н.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Т тэр үед З-тай уулзахаар машинаас түрүүлээд буугаад явсан. Намайг машинаа байрлуулчихаад очтол Т-тэй нэг залуу муудалцаад “чи намайг мэдэх үү намайг Ц.Х гэдэг юмаа, халаасныхан намайг андахгүй” гэж хэлээд орилоод байсан. Би тэр хоёрыг муудалцаад байхаар нь болиулаад байж байтал цаанаас Л гэж дуудаад байсан үл таних залуу гарч ирээд муудалцаад байсан. Та хоёрыг би гавлана гэж хэлэхээр нь манай найз болох Т нь гавладаг хүнээр нь гавлуулья гэтэл Л нь чи надад ял болно шүү гээд хутга гаргаж ирээд Т найзыг маань зүүн шууны хэсэгт хоёр удаа хутгалсан. Ийм зүйл болсон учир би цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг/хх-н 31/,

Шинжээчийн 6835 тоот дүгнэлтэд: “...Э.Т-ийн биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 35-36/,

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...П.Л нь наад пизда чинь яах гээд байгаа юм, яасан бэ нохойн гөлөг минь, хөөе яасан ай гэж хэлээд хутгатай баруун гараараа савж, чичих бөгөөд энэ үед нь эрэгтэй хүн биенээс нь хойш түлхэж холдуулж байв. ...баруун гартаа хутга барьсан байдалтай шууд эрэгтэй хүн рүү дайрч зүүн гарын шуу орчимд нэг удаа хутгалж байгаа бичлэг байсныг тэмдэглэж авав” гэжээ /хх-н 17-18/,

Яллагдагчаар П.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Э.Т-ийн биед зүүн шуунд хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. ...Би Т-д нийт 650.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 45/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 5-6/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 7-8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-58, 64-107/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч П.Л нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны шөнийн 03:00 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гандан хийдийн” хойд талын автобусны буудлын орчим хохирогч Э.Т-ийн биед зүүн шуунд хоёр удаа хутгалж хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Т-ийн: “...тэр залуу над руу “чи зүгээр надад ял болно шүү” гэж хэлээд ...дайраад хутгатай гараараа эхний удаа зүүн шууны доод хэсэгт ахиад хутгаараа зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Ч.З-ын: “...Тэгж байснаа гэнэт дайрч хутгаараа зүсэх шиг болсон. Энэ үед яг хаана нь зүссэн талаар мэдэхгүй, тэгж байснаа дахин дайраад зүүн гар орчимд нь зүсчихээр нь “чи одоо боль, хутгаа тавиач” гэсэн чинь хутгаа тавихгүй тойрч гүйгээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17/, гэрч О.А-ын: “...Энэ үед З нь түүний гавыг булаагаад авчихсан чинь цамцны дотор талаасаа хутга гаргаж ирээд баруун гартаа бариад дээгүүрх хувцсаа тайлж шидээд Т рүү дайрсан чинь З салгасан чинь Т-ийн зүүн гар нь зүсэгдсэн байсан. Тэгтэл дахин хутгаа бариад Т рүү дайрсан чинь зүүн гарын шууны дээд хэсэгт хутгаараа зүсчихсэн, зүсэгдсэн хэсгээс нь цус гараад ангайчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 29/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-18/, шинжээчийн 6835 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч П.Л-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Л нь хохирогч Э.Т-тэй шалтгаангүйгээр маргалдан, улмаар хутга гарган түүний биед зүүн шуунд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгтэй танилцах баримт дээр “гомдол саналгүй, хохирол барагдсан” /хх-н 108/ гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч П.Л-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч П.Л-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч П.Л-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу  удаа дараа ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд зэвсэг буюу хутга хэрэглэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээд хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүхэд гаргасан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу зэвсэг хэрэглэж, олон нийтийн газарт үйлдсэн, мөн шүүгдэгч нь удаа дараа ял шийтгүүлсэн, нийгмийн аюулын шинж чанар буюу уг гэмт хэргийн улмаас бусад хүнд хор уршиг учирч болох нөхцөл байдал байсан зэрэг нь гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18.5 см урттай, ажлын хэсэг нь 9.5 см урттай, бариул нь 9 см урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Л-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 18.5 см урттай, ажлын хэсэг нь 9.5 см урттай, бариул нь 9 см урттай, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

   - 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР