Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг;

Улсын яллагч: М.Даваасүрэн,

Шүүгдэгч: Ц.Хүрлээ, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ирүүлсэн Ширээт овогт Цэвэгжавын Хүрлээд холбогдох эрүүгийн 201625020715 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                    

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 3-р хороо, Мебель 12-р байрны 13б тоотод оршин суугч, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар ЦГ64010910, Ширээт овогт Цэвэгжавын Хүрлээ.

 

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Хүрлээ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100-н айлын 6 дугаар байрны орцонд иргэн С.Батцэцэгийг урьд нь гэрт орж ирж хэрүүл маргаан үүсгэсэн гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун сарвуун тус газарт нь нэг удаа өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Хүрлээ мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 2-3 найзтайгаа 2-3 шил архи уусан. Гэртээ иртэл эхнэрийн найз авгай нь нөхөртэйгээ ирчихсэн байсан. Тэр хоёрыг гаргаж өгчихөөд гарч явахдаа энэ хүүхэнтэй таараад манай эхнэртэй маргалдсан болохоор нь гар луу нь өшиглөсөн. Өмнө нь Батцэцэгийн найз нь манай охиныг зодсон байсан. Эдгээр өмнө үүссэн таарамжгүй харьцаанаас болоод энэ хэргийг үйлдсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч С.Батцэцэг мэдүүлэхдээ: Би энэ Хүрлээ гэдэг хүнээс илүү эхнэрт нь гомдолтой байна. “Балиар хүүхэн явж байна” гээд өдөөн хатгаснаар энэ асуудал үүссэн. Миний барьж явсан төмөр халуун савны ишийг хугалсан байсан. Миний гар руу өшиглөхөд савхан яс хугарсан. Би гараараа ажил хийдэг хүн. Хохиролд 1 сая төгрөг нэхэмжилж байгаа. Энэ настай хүнийг заавал шоронд явуулах хүсэл алга. Хохирлоо гаргуулж авмаар байна гэв.

 

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Батцэцэг /хх-ийн 11/, гэрч Б.Энхбат /хх-ийн 12/, гэрч Б.Бадамаа /хх-ийн 13/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3117 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, шүүгдэгч Ц.Хүрлээгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Ц.Хүрлээ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны                  03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100-н айлын                    6 дугаар байрны орцонд иргэн С.Батцэцэгийг “урьд нь гэрт орж ирж хэрүүл маргаан үүсгэсэн” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас баруун сарвуун тус газарт нь нэг удаа өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч С.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…тэгээд би халуун савтай хоол цайгаа бариад зогсож байтал доороос манай байрны 13 тоотод амьдардаг авгай нөхөр хоёр Хүрлээ, Туул хоёр гараад ирсэн. Тэгснээ авгай нь над руу хараад “нөгөө нэг муухай гичий, балиар хүүхэн чинь энд зогсож байна” гээд үгийн зөрүүгүй намайг баруун талын шанаа руу цохиод авсан. Тэгтэл гэнэт хажуу талаас түүний нөхөр болох Хүрлээ нь намайг өшиглөсөн. ...тэгээд л тэр хоёр намайг хэл амаар доромжлоод худлаа баахан зохиож яриад байсан. ...тэгээд миний гар тэр дороо хавдахаар нь цагдаа дуудаад тэр хоёрыг барьж өгсөн. Тэгээд би орой нь гэмтлийн эмнэлэгт очиж зургийг нь авахуулахад миний баруун гарын чигчий хурууны яс нь хугарчихсан байсан. 2016.03.02-ны өдөр Хүрлээ нь миний гар луу хөлөөрөө өшиглөөд гарыг маань хугалсан…” /хх-ийн 11/,

 

Гэрч Б.Энхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгэхээр нь гүйгээд гараад очтол нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн Батцэцэгтэй маргалдаад зогсож байсан. Батцэцэг “энэ хоёр намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгэхэд нь би очоод эрэгтэй нь барьж аваад цаашаа болгох гээд түлхэж байтал эмэгтэй нь шууд миний хацрыг маажсан. Тэгээд л тэр хоёр Батцэцэгийг хэл амаар доромжилж байгаад намайг “анх удаа харж байна, чи байж бай чамайг бас ална, тална” гэж байгаад гэрлүүгээ орцгоосон. Батцэцэг бид хоёр гэрлүүгээ буцаж ороод ээжид нь хэлэхэд цагдаа дуудсан. Тэгээд би ганцаараа явж эмнэлэг ороод буцаад ирэхэд Батцэцэгийн гар маш их хавдсан байсан. Бид гэрээсээ гарч гэмтлийн эмнэлэг орж зураг авхуулахад гарын чигчий хурууны яс хугарсан байсан..." /хх-ийн 12 /,

 

Гэрч Б.Бадамаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны                     03 дугаар сарын 02-ны өдөр би хоол хийгээд худыгаа эмнэлэгт хэвтэж байхаар эргүүлэхээр охин Батцэцэгийг түүний найз Энхбатынх нь хамт явуулсан. Тэр үед өдөр 14.00 цагийн үед Батцэцэг, Энхбат нар хоол цайгаа аваад гарсан. Тэгтэл удалгүй Энхбат эргээд ороод ирсэн. Тэгснээ бичгээ мартсан байна гэж хэлээд гэр дотор хайж байгаад олохгүй гараад явах шиг болсон. Тэгтэл удалгүй Батцэцэг тэр хоёр буцаад ороод ирсэн. Тэгээд хоолны халуун савны синж нь бүр салаад уначихсан байсан. Батцэцэг “гар, гар луу өшиглөчихлөө” гээд орж ирсэн. Тэгээд хартал баруун гар нь доошоо хавдсан байсан. Юу болсон талаар асуухад доод 11 тоотын Цацралын ах, эгч хоёр Туул, Хүрлээ нар шатан дээр зогсож байхад хажуугаар нь өнгөрөх гэтэл “энэ нөгөө зэвүүн хүүхэн чинь байна ш дээ” гэж хэлээд гар луу өшиглөчихлөө гэж хэлэхээр би доошоо буугаад тэднийх рүү орсон чинь Туул, Хүрлээ нар согтуу байсан. “Яагаад хүүхдийн гар луу өшиглөж байгаа юм бэ” гэхэд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан юм…” /хх-ийн 13/,

 

Яллагдагч Ц.Хүрлээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016.03.02-ны өдөр би өглөө ажил хайж гэрээсээ гарч яваад хоёр гурван найзтайгаа уулзаад хоёр гурван шил архийг хувааж уучихаад ирсэн. Тэгээд бид нар бас нэг шил архи авч уугаад тэр хоёрыг гэрлүүгээ харих гээд гарахад би эхнэр Туулын хамт гаргаж өгсөн. Тэгээд гаргаж өгөөд явж байхдаа орцонд Батцэцэгтэй тааралдсан. Тэгэхэд манай эхнэр Батцэцэгийг манайд урьд нь орж ирсэн хүүхэн чинь энэ ш дээ гээд хэрэлдээд эхэлсэн. Тэгэхэд би уурлаад Батцэцэгийг халуун савтай цай, хоол барьчихсан байхаар нь өшиглөчихсөн юм..." /хх-ийн 34/

 

            шүүгдэгч Ц.Хүрлээгийн буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Батцэцэгийн биед  “…баруун сарвуун 5-р шивнүүрийн хугарал бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан…” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 3117 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.Хүрлээг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан торгох ял   оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирогч С.Батцэцэгийн санал хүсэлт зэргийг харгалзсан болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Хүрлээд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрийн зохих хэсгийг сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй болно.

 

            Хохирогч С.Батцэцэгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлын хувьд тэрээр мөрдөн байцаалтын шатанд 1.128.458 төгрөгийн цалингийн тодорхойлолт ирүүлсэн боловч шүүх хуралдааны үеэр нийт 1.000.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тайлбар гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Хүрлээ хохирлоос 500.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч үлдэх 500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болно. Иймд шүүгдэгч Ц.Хүрлээгээс үлдэх 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Батцэцэгт олгохоор тогтов.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ширээт овогт Цэвэгжавын Хүрлээг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дүгээр зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хүрлээг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Ялтан Ц.Хүрлээ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хүрлээ нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хүрлээгээс 500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Сүхбаатарын Батцэцэг /Сүхбаатарын 10-р хороо, 1-50 тоот, РД: ХМ86030588/-т олгосугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Ц.Хүрлээд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР