Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 736

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                              

            прокурор Б.Буяндэлгэр,

            цагаатгагдсан этгээд Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,

            хохирогч М.Б,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн Ц.Бд холбогдох 1704001440008 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Булгад овгийн Цэндцэсэмийн Ц.Б, Хэнтий аймагт 1969 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, хүүгийн хамт амьдардаг, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 39 дүгээр байрны 31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ............./;

Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 19 дүгээр гудамжны 1 тоот, Ц.Амаржаргалын гэрт түүний эх Ц.Гарамхандыг хэл амаар доромжилж, угаалгын машин дээр байсан хамтран амьдарч байсан М.Бы өмд, цамц, тэлээ, хантааз болон гэрийн гадаа байсан машины хучлага зэрэг 292.000 төгрөгийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн дүүргийн прокурорын газраас Ц.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.Бын үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Быг цагаатгаж, хохирогчийн 292.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Ц.Бд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх Ц.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

Хууль тогтоогчоос, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр дээрэмдэх гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлан тогтоосон.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар Ц.Б нь дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал: хохирогч М.Бы 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 13 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн 19 дүгээр гудамжны 01 тоотын хашааны хаалга чанга нүдээд байхаар нь гараад очтол, Ц.Б хаалганы гадна “М.Бы байгаа газрыг оллоо” гэж утсаар яриад зогсож байсан. Би Ц.Бд “чи яагаад айлын хаалга чанга нүдээд байгаа юм бэ?” гэж хэлчихээд гэрлүүгээ орж, утсаа аваад гараад ирэхэд цагаан өнгийн жижиг суудлын машинтай яваад өгсөн. Тэгээд би Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өгсөн. 15 цагийн үед гэртээ иртэл Ц.Б дахиж ирээд, өндөр настай хадам ээжийг элэг барьж “та нар, яагаад гэмт хэрэгтэнг нуугаад байгаа юм бэ?” гэж хэлсэн байсан. Тэгээд хойморт авдар дээр байсан хүүхдийн зураг авч шидээд, гэрээс гарахдаа угаалгын машин дээр байсан цамц, өмд /бүстэй/ хантааз 2 /хар, ногоон өнгөтэй/ ширхэг, хашаанд байсан машины хучлага зэргийг аваад гарсан байсан. Ээж маань гэрийн хаалга хаах гээд хашааны үүд рүү харсан чинь Ц.Б гэрийн гадаа байсан машины шаргал өнгийн бүтээлэг чирээд улаан өнгийн машинд хийгээд явсан гэсэн” гэх мэдүүлэг /хх-30-32/,

Гэрч М.Гарамхандын “2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манайд танихгүй эмэгтэй орж ирээд, намайг доромжилж, “танайд тэнэг М.Б байгаа” гээд авдар дээр байсан хүүхдийн зураг авч газар шидээд, гэрээс гарахдаа баруун урд талын угаалгын машин дээр байсан хувцас хунар аваад гарахаар нь, араас нь хаалгаар шагайж харахад машины бүтээлэг аваад хашааны гадаа байсан улаан өнгийн жижиг машинд хийгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-39-40/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-24-26/,

“Сэлэнгэ-Эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компаниас эд зүйлсийг 292.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-16/ зэрэг болно.

Дээр дурьдсан нотлох баримтуудаар Ц.Бын бусдын өмчлөх эрхэд “хууль бусаар халдсан” үйлдлийн улмаас хохирогч М.Бд эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учирсан байхад анхан шатны шүүхээс “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх Ц.Б нь Ц.Амаржаргалын гэрт орж, эх Ц.Гарамхандыг хэл амаар доромжилж, М.Баас өш хонзон авах гэсэн сэдэлт, зорилгоор үйлдэлдээ ханджээ гэж дүгнэсэн ба Ц.Бын бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, эд хөрөнгийн хохирол учруулах, хохироох гэсэн сэдэлт, зорилгыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлт, тайлбар хийлгүй орхигдуулсан нь буруу байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан буюу өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болон эзэмшигч, хариуцсан этгээдээс өөртөө шилжүүлэн авснаар төгсөхөөр хуульчилсан байхад шүүх зөвхөн шунахай сэдэлтгүй байна гэдэг үндэслэлээр цагаатгаж байгаа нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Мөн цагаатгах тогтоолын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлэхэд гэх хэсэгт гэрч Амаржаргалын мэдүүлгийг үнэн зөв гэж дүгнэх боломжгүй, шүүгдэгчтэй хувийн таарамжгүй харьцаатай, гэрч Гарамханд, хохирогч М.Б нарын ярьсан зүйлийн талаар мэдүүлэг өгсөн, гэрч Гарамханд нь хохирогчтой гэр бүлийн хамаарал бүхий, нэг гэрт хамт амьдарч байгаа, түүний мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар батлагдахгүй байна гэж, мөн шүүгдэгчийн үйлдэл нь айлд зөвшөөрөлгүй орсон байхаас гадна дээрх эд зүйлсийг авч гарсан болох нь нотлогдохгүй байна гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Гэтэл гэрч Ц.Амаржаргал нь Ц.Бын үйлдлийг өөрийн ээж Ц.Гарамхандаас сонссон хүрээнд гэрчилдэг бөгөөд түүний мэдүүлэг нь дамжмал нотлох баримт юм. Иймд гэрч Ц.Амаржаргал нь шүүгдэгч Ц.Бтай хувийн таарамжгүй харьцаатай эсэх нь хэрэгт ач холбогдолгүй юм. Харин гэрч Ц.Гарамхандын мэдүүлэг нь уг гэмт хэргийг харсан, түүнийг нотлох ганц гэрч бөгөөд түүний мэдүүлэг нь шууд нотлох баримт болох юм. Мөн тэрээр таньж олуулах ажиллагаагаар Ц.Бын зургийг хараад л шууд таньдаг. Энэхүү таньж олуулах ажиллагааг шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2, 3, 4, 5, 6 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан байна гэж үнэлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх гэрч Алтантуяаг ямар нотлох баримтуудад үндэслэн энэ хэрэгт хувийн сонирхолгүй гэж дүгнэн, уг хохирогч М.Б, гэрч М.Гарамханд нарын “Ц.Б нь хууль бусаар өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийн хохирол учруулсан” гэх мэдүүлэг болон таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтын эсрэг сөргүүлэн тавьж, дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн болох нь тодорхойгүйн дээр хэрэгт өөр бусад нотлох баримтаар батлагдахгүй гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн гэж дүгнэж болохоор байна.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, мөн зүйлийн 1.3-д зааснаар “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаалгахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

            Цагаатгагдсан этгээд Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл би хохирогч М.Бы эд зүйлийг аваагүй. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг байгаа. Би М.Бтай 2017 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Намайг зодож, 240 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, надад 3.600.000 төгрөгийн өглөгтэй болсон. Энэ асуудлаар надад өс санаж “би чамайг хадам ээжтэйгээ нийлээд хэрэг зохион байгуулна” гэсэн. Мөн хамт амьдарч байгаа хүн нь намайг болон миний өндөр настай эхийг утсаар доромжлоод байхаар нь гуйх гэж очсон. Гэтэл С.М.Б ийм хэрэг сэдэж, зохион байгуулсан байсан.” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Ц.Бын өмгөөлөгч Ж.Цэцэгээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэрийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж эсэргүүцэл бичсэн нь ойлгомжгүй байна. Автомашины хучлага чирсэн ул мөрний талаар прокурор хэлж байна. Хашаан дотор ямар ч хучлага чирсэн ул мөр байдаггүй. Үүнээс болж анхан шатны шүүх хуралдаан дээр маргаан гарсан. Мөрдөн байцаалтад хэргийн газрын үзлэгийг газар дээр нь бэхжүүлсэн. Автомашины хучлага чирээд гарсан гэх ямар ч нотлох баримт байхгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

            Хохирогч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэргийг Багануур дүүргийн шүүхээр шийдвэрлэхдээ дандаа Ц.Бын талд шийдвэрлэдэг. Миний үзэж байгаагаар Багануур дүүргийн шүүгч А.Бямбажав нь Ц.Бын талд үйлчилээд байна. Багануур дүүрэгт би маш олон удаа Ц.Бтай хамт шүүх хуралдаанд оролцож байсан ч дандаа миний эсрэг шийдвэрлэдэг. Цагаатгах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн хэрэг хийсэн бол түүнийхээ ял шийтгэлийг хүлээх ёстой.” гэв.

 

Прокурор Б.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлхээр буцаах саналтай байна. Цагаатгагдсан этгээд Ц.Б өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлан мэдэж, урьд нь хамтран амьдарч байсан хохирогч М.Быг чадах, эд хөрөнгөөр нь хохироох санаа сэдлээр энэ хэргийг үйлдсэн. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл дээр хашаанаас автомашины бүтээлэг чирээд, авч гарсан ул мөр харагддаг. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан. Үүгээр цагаатгагдсан этгээд Ц.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэдэг нь нотлогддог.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.Бд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүх, Ц.Бд холбогдох хэргийг “дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан байх ба шүүхээс гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай нотлох баримтууд хэрэгт цугларсан гэж үзэв.

 

Ц.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 15 цагийн орчимд, өмнө нь хамтын амьдралтай байсан М.Бы гэрт очиж, түүний хамтран амьдрагч Ч.Амаржаргалын эх Ц.Гарамхандыг “хөгшин, тэнэг эмгэн, танайд тэнэг М.Б байгаа” гэх зэргээр хэл амаар доромжилж, М.Бы хувцас, эд зүйлийг нь авч явсан болох нь гэрч Ц.Гарамханд, хохирогч М.Б нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу дээрэмдэх гэмт хэрэг нь зөвхөн эд хөрөнгийн ашиг олох гэсэн санаа зорилготой, шунахайн сэдэлтээр үйлдэгддэг ба өөр санаа зорилго агуулдаггүй онцлогтой. Хэрэв тухайн гэмт хэрэгт энэ шинж үгүйсгэгдвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад шинж хангагдсан ч дээрэмдэх гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй болно.  

 

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч М.Бы “... Ц.Б бид хоёр 2015 оноос 2017 оны 9 дүгээр сар хүртэл хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 39-31 тоотод Ц.Бийн гэрт хамтран амьдарсан. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр бид хоёр маргалдаж, би гар хүрснээс болж салсан. Ц.Б салснаас хойш миний хувцас, хөргөгч, цахилгаан халаагуур, автомашины багаж өгөхгүй байгаа. ... 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр... Ц.Б хаалганы гадна “М.Бы байгаа газрыг оллоо” гэж утсаар яриад зогсч байхаар нь “чи яагаад айлын хаалга чанга нүдээд байгаа юм бэ?” гэж хэлчихээд гэртээ орж, утсаа аваад гараад ирэхэд цагаан өнгийн жижиг суудлын машинтай яваад өгсөн..., 15 цагийн үед гэртээ иртэл Ц.Б дахиж ирээд өндөр настай хадам ээжийг элэг барьж “та нар, яагаад гэмт хэрэгтэнг нуугаад байгаа юм бэ?” гэж хэлээд хойморын авдар дээр байсан хүүхдийн зураг авч шидээд, гэрээс гарахдаа угаалгын машин дээр байсан цамц, өмд /бүстэй/ хантааз 2 /хар, ногоон өнгөтэй/ ширхэг, хашаанд байсан машины хучлага зэргийг аваад гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Ч.Амаржаргалын “... 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс М.Бтай хамтран амьдарч байна. Хамтран амьдардаг болсноос хойш урьд нь хамтран амьдарч байсан Ц.Б гэх хүн М.Б руу байнга залгаад хэрүүл хийгээд байдаг...” /хх-31/, гэрч М.Гарамхандын “... танихгүй эмэгтэй орж ирээд, намайг хөгшин, тэнэг эмгэн гэж доромжлоод “танайд тэнэг М.Б байгаа” гээд авдар дээр байсан хүүхдийн зураг авч газар шидээд, гэрээс гарахдаа баруун урд талын угаалгын машин дээр байсан хувцас хунар аваад гарахаар нь араас нь хаалгаар шагайж харахад, машины бүтээлэг аваад хашааны гадаа байсан улаан өнгийн жижиг машинд хийгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Ц.Б нь өөртөө эд хөрөнгийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлттэй гэхээс илүү гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, өш хонзон авах зорилгоор Ч.Амаржаргалын гэрээс өмнө нь хамтын амьдралтай байсан М.Бы хувцас, эд зүйлийг авсан гэж дүгнэхээр байна.

 

Иймд “прокуророос Ц.Бын үйлдлийг дээрэмдэх гэмт хэргээр зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн цагаатгах тогтоолын үндэслэл нь хуульд нийцсэн гэж үзэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 87 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Л.ДАРЬСҮРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН