Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 50

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 

Нэхэмжлэгч: Г.Х

Хариуцагч: УБЕГ 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2018/14329 тоот захирамжид иргэн Г.Х миний орон сууцыг өмчлөгчөөр тогтоосны дагуу бүртгэлийг бүртгэж өгөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.Х шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2018/02389 тоот захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2018/14329 тоот захирамжид иргэн Г.Х миний биеийг өмчлөгчөөр тогтоосны дагуу бүртгэлийг хийж, өмчлөх эрхийг баталгаажуулж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж гарч, намайг тус орон сууцны “өмчлөгч мөн” гэдгийг тогтоосон. Үүнээс үүдэж Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн албанд миний өмч болох 3 өрөө орон сууцыг бүртгэхийг даалгасан боловч миний өмчийг бүртгэж өгөөгүй. Иймээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн газрын дээд шатны байгууллага буюу УБЕГ т хандсан бөгөөд миний өмчийг бүртгэж авах боломжтой гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн албанд дахин хандсан боловч “...орон сууцны “барьцаанд байгаа” талаарх бүртгэл нь өөрчлөгдөхгүй учраас уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. 

Иймээс шүүхээр маргаанаа нэг мөр шийдвэрлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлд дахин хандах үедээ гаргасан өргөдлөө буцаан авч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 51 дугаартай, 14100 м.кв талбайтай, ажилчдын байрны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй барилгыг “Ж” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22060******* дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00030******* дугаартай гэрчилгээ олгосон байна. 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Т*******” ХХК-тай 162 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Уг барьцааны гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр буюу улсын бүртгэлд бүртгэлтэй гэж байгаа. 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр уг орон сууцыг улсын комисс ашиглалтад хүлээж авсан. Үүний дараа “Ж” ХХК нь захиалагч иргэдийнхээ орон сууцыг бүртгүүлэх хүсэлт гаргаж өгсөн байдаг. Гэхдээ уг байр нь “Т*******” ХХК-ийн барьцаанд байгаа учраас “Т*******” ХХК нь тухайн айл тоот тус бүрээр нь барьцаанаас чөлөөлүүлсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсний дараагаар улсын бүртгэлд бүртгэж байсан. Харин нэхэмжлэгчийн өмч болох байрыг нь “Т*******” ХХК-ийн барьцаанаас одоог хүртэл чөлөөлөөгүй байгаа. Нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сард өөрийн өмчлөлөө бүртгүүлэхээр манайд мэдүүлэг гаргасан. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “...эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс зөвшөөрөл авсны үндсэн дээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өмчлөлд бүртгэнэ” гэж заасны дагуу “Т*******” ХХК-иас “нэхэмжлэгчийн өмчлөлийг чөлөөлсөн” эсхүл “улсын бүртгэлд бүртгэж болно” гэсэн зөвшөөрлийг ирүүлэх шаардлага тавьж буцаасан. Харин нэхэмжлэгч нь УБЕГ т гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу хариу өгөхдөө “...2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу мэдүүлгээ дахин гаргаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаж өмчлөлөө бүртгүүлэх боломжтой” гэж үзсэн байгаа. Гэхдээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “өмнө нь олгогдсон гэрчилгээг шийдвэр гүйцэтгэлийн явцад хурааж авах боломжгүй байна” гэсэн бичиг хавсаргаж, үйлчлүүлэх боломжтой гэдэг хариу өгсөн. Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасан бөгөөд үүндээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр гэх зэрэг материалууд өгсөн бөгөөд дараа нь нэхэмжлэгч өөрөө уг баримтаа “буцааж авъя” гэж хүсэлт гаргаж буцаан авсан. Бидний зүгээс шинэ хуулийн дагуу өмчийг нь бүртгэх боломжтой гэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөгч нь тодорхой тогтоогдсон бол хуучин хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу “...эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдээс зөвшөөрөл авна” гэдэг заалтыг хэрэглэдэг байсан бол одоо шинэ хуулиар уг заалтад өөрчлөлт орж, шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөн бол тус шүүхийн шийдвэрийг үндэслэж өмчлөгчийг бүртгэхээр тусгасан бөгөөд тухайн үедээ “барьцааны гэрээ дуусгавар болоогүй бол барьцааны гэрээ тухайн орон сууцандаа бүртгэлтэй хэвээр байна” гэдгийг тайлбарлаж өгсөн. Иймээс бид Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу өөрийнх нь хүсэлтээр мэдүүлгийг буцаасан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.7 болон мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “...Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжтой гэдгийг нэхэмжлэгчид тайлбарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл өмчлөгчөөр тогтоосон этгээд мэдүүлэг гаргасан гэдгийг бид мэдэгдэх үүрэгтэй. Түүнээс бус зөвшөөрөл авч байж бүртгэдэг үүрэг байхгүй болсон. Иймээс нэхэмжлэгчийн өмчлөлийг бүртгэх бүрэн үндэслэлтэй гэдэг хариуг нэхэмжлэгчид бидний зүгээс өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Х тус шүүхэд хандан “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШЗ2018/14329 тоот захирамжид иргэн Г.Х миний орон сууцыг өмчлөгчөөр тогтоосны дагуу бүртгэлийг бүртгэж өгөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.5-д заасанчлан иргэн, хуулийн этгээд нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг /13.5.1/, улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт /13.5.6/, өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /13.5.7/, эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл /13.5.8/ зэрэг баримтыг үнэн зөвөөр гаргаж өгөх үүрэгтэй. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Г.Х нь “Ж” ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 157/1-95 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний үндсэн дээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “M*******”  орон сууцны 1-р орц, 95 тоот 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалан бариулж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 101/ШШ2018/02389 дүгээр шийдвэрээр уг орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Улмаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2/15175 дугаар мэдэгдлээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, дээрх орон сууцны өмчлөгчөөр Г.Х-г бүртгэж, хариу ирүүлэхийг мэдэгдсэн” боловч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1033 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр “...барьцаалагч болох Т*******ны зөвшөөрөлгүйгээр дээрх бүртгэлийг хүчингүй болгож, иргэн Г.Х-н нэр дээр бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгч, Г.Х-н мэдүүлгийг буцаажээ.

3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасанчлан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 1033 дугаар албан бичгээр тухайн бүртгэлийг хийхтэй холбоотойгоор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд болох Т*******ны зөвшөөрлийг шаардсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

4. Монгол Улсын Их Хурлаас 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шинэчлэн батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5 /шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон/, 5.7 / Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно/, 11 дүгээр зүйлийн 11.3 /Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана/, 11.4-т /Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр мэдэгдэнэ/ гэж заасан хуулийн зүйл, заалт 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөх болсонтой холбоотойгоор хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7/3342 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч Г.Х-т “...мэдүүлгийг нь бүртгэх эрх зүйн бололцоотой болсон” тухай мэдэгдсэн байх боловч нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд хандан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа, шүүхээр нэг мөр шийдвэрлүүлэхийг хүссэнийг буруутгах боломжгүй байна.

Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор “...Г.Х дахин мэдүүлгээ гаргаж, өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжтой” хэмээн тайлбарлаж байх боловч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/3652 дугаар итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэн хэлэлцэх эрхийг олгоогүй байх тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Х-г Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “M*******”  орон сууцны 1-р орц, 95 тоот 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхтэй холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч УБЕГ т даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  22 дугаар зүйлийн 22.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Х-г Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан-Соёмбот уулын хормойд “M*******”  орон сууцны 1-р орц, 95 тоот 80.7 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхтэй холбоотой асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч УБЕГ т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХТУЛГА