Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 1019

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Мядагмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00536 дугаар шийдвэртэй, Н.Мядагмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Төмөрчөдөрт холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Мядагмаа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням,

Хариуцагч Р.Төмөрчөдөр,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, А.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Р.Төмөрчөдөртэй 1999 онд гэр бүл болж 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ Монгол Улсаас БНПУ-д суугаа элчин сайдын яаманд бүртгүүлсэн. Бидний дундаас 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Т.Билгүүдэй, Т.Билгүүн нар төрсөн, одоо Орчлон сургуулийн 3 дугаар ангид сурч байгаа. 2014 оны сүүлчээр гэр бүлийн байдал тогтворгүй, нөхөр маань хүүхэнтэй холбогдож хүүхдүүдийн дэргэд зодож согтууран, агсан тавьдаг тул хамтран амьдрах боломжгүй болсон. Дээрх хүчирхийллийн улмаас нэг бус удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд 2016 оны 1 сард эмнэлэгт хэвтэхээс аргагүй байдалд ортол зодоод эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан.

Р.Төмөрчөдөр нь намайг “эрүүл бус сэтгэцийн өвчтэй, байнга архидан согтуурдаг” гэж хамаатан садан, найз нөхөд, хүүхдийн сургуулийн нийгмийн ажилтанд хэлж өөрийн утсанд бичсэн бичлэгийг үзүүлж, гутаан доромжилж байна. Би Р.Төмөрчөдөрийн дээрэнгүй, бүдүүлэг, дарамтлагч байдлыг тэвчин хангалттай хугацаанд 2 хүүхдийнхээ ирээдүйг бодон тэвчин амьдарсан ч хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Т.Билгүүдэй, Т.Билгүүн нарыг өөрийн асрамжид авна. Р.Төмөрчөдөр хүүхдүүдээ өөрийн мөнгөөр бүтсэн гэж ярьдаг, байнга гадуур явдаг, сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй болсон Сэтгэц эмгэг судлалын төвд хэвтэн эмчлүүлсэн, намайг болон хүүхдүүдээ сэтгэцийн эмнэлэгт үзүүлнэ гэж эрүүл бус авирлаж байгаа. Хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж болон дундын өмчийн эд хөрөнгийг хуваан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Мядагмаатай 1999 онд Чех улсад танилцаж хамтран амьдарч байгаад 2007 оны 07 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хэдийгээр бид олон жил амьдарсан боловч үр хүүхэдгүй байсан тул арга буюу БНСУ-д очин үр шилжүүлэн суулгах ажиллагаа хийлгэн амжилттай болж 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Т.Билгүүдэй, Т.Билгүүн нар БНПУ-ын төрөх эмнэлэгт төрсөн. Үүнээс хойш бид маш сайхан амьдарч байсан. Манай гэр бүлд ямар ч хэрүүл, ямар ч хүчирхийлэл гардаггүй, байнгын аз жаргал, инээд хөөрөөр цалгин амьдарч байсан.

Би Польшид олон жил амьдрахдаа хурааж хуримтлуулсан мөнгөөрөө хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө авч байсан Одоо Н.Мядагмаа болон манай гэр бүлийн гишүүдийн нэр дээр Баянзүрх дүүрэг, 1-р хороо Голден Вилл хотхон 104-601 тоот 149,35 м.кв 4 өрөө орон сууц болон зогсоол, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Наран хотхон тус бүр 3 өрөө хоёр орон сууц, Н.Мядагмаагийн нэр дээр Хан-Уул дүүрэг, Жаргалан хотхонд 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг 8-р хороонд үйлчилгээний зориулалттай 2733 м.кв газар, Баянгол дүүрэг, модны 2-т байрлах 1 өрөө орон сууц байдаг. “Таван Богд” ХХК-ийн нэр дээр лизингээр авсан 2015 оны Тоёото Ланд Круйзер маркийн 77-58 УНП улсын дугаартай машин, Сонота 7 маркийн машин байгаа. /зээлээр худалдсан мөнгийг төлж барагдуулаагүй байгаа/ Нархан хотхоны 3 өрөө орон сууцандаа амьдарч, бусад үл хөдлөх хөрөнгүүдийг түрээслүүлж, эхнэр Н.Мядагмаа түрээсийн олсон ашиг, гэр бүлийн санхүүг барьдаг.

2009 оноос эхнэр Н.Мядагмаа нь гэр бүлийнхэн, ах дүү, садан төрөлтэйгөө нийлж архи уудаг болсон, уух давтамж бага байсан учраас тухайн үед би юм хэлдэггүй байсан. Гэтэл найз нөхөд, хөршүүд, сүүлдээ хөршийнхээ найзууд, миний найз, найзын эхнэрүүдтэй нийлэн уудаг болж, 2015 оны 05 дугаар сараас архи уух нь ихсэж долоо хоногт 3-4 удаа тогтмол хэрэглэн, үүрээр 4-5 цагт, зарим тохиолдолд гэртээ хонохгүй өглөө ирж агсам согтуу тавьдаг болсон. Манай гэр бүлд эхнэр Н.Мядагмаагийн архи согтууруулах ундаа хэрэглэж, хоногоор явдаг болсноос хэрүүл маргаан их гарах болсон. Би арга буюу сэтгэл зүйч болон мэргэжлийн эмчид хандан удаа дараа зөвлөгөө авахад сэтгэл заслын эмчилгээ хийх шаардлагатай гэж зөвлөсний дагуу эхнэр Н.Мядагмаад эмчилгээ хийлгэх талаар нэг бус удаа гуйсан. Гэтэл би өвчтөн биш, би архичин биш, намайг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэлээ гэх мэтээр уурлан, миний үгийг ерөөсөө хүлээж авдаггүй.

Миний зүгээс өөрийн хань ижилдээ гар хүрч, эмнэлэгт хэвттэл нь зодож байсан тохиолдол нэг ч байхгүй. Би эмэгтэй хүнд тэр тусмаа хань ижлээ байтугай эрэгтэй хүнтэй ч гар зөрүүлж, зодож цохиж үзээгүй. Гэрлэснээсээ хойш би эхнэрээсээ өөр эмэгтэй хүнтэй хэзээ ч холбогдож байгаагүй. Хүүхдүүдийн дэргэд зодож байсан эсэхийг өөрсдөөс нь асуулгах хүсэлтэй байна. Мөн хүүхдүүдээ мөнгөөр бүтсэн гэж аархаж байсан удаа нэг ч байхгүй. Тухайн үед үр хүүхэдтэй болохгүй байсан учраас БНСУ-руу явж үр шилжүүлэн зуулгасан гэдгийг мэдээж ойр дотны гэр бүл, найз нөхөд маань мэддэг. Хэдийгээр үр шилжүүлэн суулгаж хүүхдүүдтэй болсон ч эхнэр маань 9 cap хэвлийдээ тээж төрүүлсэн хоёр хөөрхөн ихэр хүүгээ бодсон ч, олон жил ханилсан ханийгаа бодсон ч гэрлэлтээ цуцлуулах бодолгүй байна.

Эхнэр маань урьд нь их ухаантай, сайн хань, сайн ээж байсан боловч сархад савнаасаа бусдыг дийлнэ гэгчээр согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг болсноос хойш танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж хоёр хүү, бид гурав байнгын сэтгэл санааны дарамттай, стресстэй, хэзээ согтуу ороод ирэх бол гэсэн айдастай байх болсон. Энэ байдлыг таслан зогсоож, мэргэжлийн эмч болон сэтгэл зүйчид хандан зөвлөгөө авах, шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэх хүсэлтэй байсан ба архи уугаад байхаар нь гэрийн санхүүгээ би өөрөө барьж байя гэснээс уурлан, муухай аашилж, бид дөрвүүлээ зовно, гэрлэлтээ цуцлуулна, шийдвэрээ гаргасан, чамтай амьдарч чадахгүй гэдэг болсон. Үүнээс болж хоёр хүүхдэд болон өөртөө АНУ-ын виз нууцаар гаргуулж явж байсан удаатай. Үл хөдлөх хөрөнгөнүүдийн түрээсээр сардаа 10 000 000 төгрөг олдог. Энэ мөнгийг надтай гэрлэснээс хойш тогтмол Н.Мядагмаа хураасаар ирсэн, юунд зарцуулсан, хаана хадгалсныг би мэдэхгүй. Би энэ хүртэл чадах бүхнээ эхнэрийнхээ хүссэнээр хийсээр ирсэн. Эд хөрөнгөөс Баянзүрх дүүрэг 8-р хороонд байрлах үйлчилгээний зориулалттай 2733 м.кв газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа авто угаалгын газар миний дүү Д.Эрдэнэтуяа, ах Д.Цэгмид нарын хөрөнгөөр үүссэн бөгөөд биднийг гэрлэлтээ батлуулахаас өмнө Д.Эрдэнэтуяагийн нэр дээр байсан.

Н.Мядагмаа гэр бүлийн хөрөнгө, олсон орлогыг байнга нууж, би ямар банкинд манай хөрөнгө хичнээн төгрөг байгааг мэдэхгүй. Хэрэв гэрлэлтээ цуцлахаар бол хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн маргаан гарна. Иймд архины хамааралтай хүнд өсвөр насны хоёр ихэр хүүгээ үлдээхгүй, хүүхдүүдийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлөхийг үгүйсгэх аргагүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Н.Мядагмаа, Р.Төмөрчөдөр нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Билгүүнийг эцэг Р.Төмөрчөдөрийн, хүү Т.Билгүүдэйг эх Н.Мядагмаагийн асрамжид тус тус үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Н.Мядагмаагийн өмчлөлд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил (Жаргалан хотхон) М.Гандийн гудамж 496 байрны 33 тоот  88.6 м.кв 3 өрөө орон сууц, 16.8 м.кв талбайтай 2 дугаар хэсгийн 1 тоот авто зогсоол, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-2-34 тоот 90 м.кв 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наран хотхоны 21-2-32 тоот 114.2 м.кв 3 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай 47 дугаар авто зогсоолыг,

Хариуцагч Р.Төмөрчөдөрийн өмчлөлд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Голден Вилл хотхоны 104-601 тоот 149.35 м.кв 4 өрөө орон сууц, авто зогсоолын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо үйлчилгээний зориулалт бүхий 2733 м.кв талбайтай газрыг тус тус үлдээж,

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц Лексус RX маркийн эсхүл Волксваген Тоурег маркийн суудлын автомашины аль нэгийг нэхэмжлэгч Н.Мядагмаад худалдан авч өгөхийг хариуцагч Р.Төмөрчөдөрт даалгаж,

Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Голден Вилл хотхон 104-р байр 601 тоот 149.35 м.кв 4 өрөө орон сууц, авто зогсоол, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороонд байрлах үйлчилгээний зориулалт бүхий 2273 м.кв эзэмших эрх бүхий газрын хамтран өмчлөгчөөр Т.Билгүүн, Т.Билгүүдэй нарыг бүртгүүлэхийг хариуцагч Р.Төмөрчөдөрт даалгаж,

“Оюуны Ундраа ББСБ” ХХК-д төлөх зээлийн гэрээний үүрэг 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Мядагмаа төлж барьцаа хөрөнгийг чөлөөлөх, Тоёота Ланд круйзер-200 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 77-58 УНЛ автомашины “Таванбогд финанс ББСБ” ХХК, ХААН банк ХХК дахь санхүүгийн түрээсийн төлбөрийг хариуцагч Р.Төмөрчөдөр төлж, барьцаа хөрөнгийг чөлөөлөх,

шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 21 хоногийн дотор харилцан хуваасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулахаар тохиролцсон болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Төмөрчөдөрөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Мядагмаад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэл өгсний дараа Р.Төмөрчөдөртэй уулзаж, гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцож, дундын өмчийн эд хөрөнгийг хуваарилах, хүүхдийн асран хамгаалах, тэжээн тэтгэх харилцааг зохицуулах гэрээг байгуулсан. Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдийн асрамжийн асуудлаас бусдыг ойлголцож тохиролцсон. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримт, бодит байдалд нийцээгүй, хүнлэг бус, үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой.

Хүү Т.Билгүүдэй, Т.Билгүүн нар Монгол оюун 21 зуун сургуулийн 4 дүгээр ангид сурдаг, шүүхийн шийдвэрээр хүү Т.Билгүүнийг эцэг Р.Төмөрчөдөрийн, хүү Т.Билгүүдэйг эх Н.Мядагмаагийн асрамжид үлдээсэн нь төрсөн цагаасаа 1 өдөр ч тусдаа байж үзээгүй ихэр хүүхдүүдийг эцэг, эхэд нь салгаж байгаа нь хүнлэг бус шийдвэр болсон. Хүүхдийг эцэг эхийн хэн аль нь дундаа байлгаж зөөгөөд байж болно гэж шүүхээс хэлэлцүүлгийн шатанд шүүгч дурдаж байсан нь энэхүү шийдвэрт шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Р.Төмөрчөдөр бид хоёрын хувьд 2014 оны сүүлээс гэр бүлийн байдал тогтворгүй, нөхөр маань гэр бүлээс гадуур хүнтэй холбогдож, намайг хүүхдүүдийн дэргэд зодож, согтууран агсан тавьж, байнгын гэр бүлийн хүчирхийлэлд байлгасан, үүнийг нотлох баримтууд хангалттай байгаа. Намайг эрүүл бус сэтгэцийн өвчтэй, байнга архидан согтуурдаг гэж ойр төрлийн хүмүүс, хамаатан садан, найз нөхөд, хүүхдийн сургуулийн нийгмийн ажилтанд хэлж, утсандаа бичсэн бичлэгийг үзүүлэн худал хэлж гутаан доромжилж байсан. Түүний дээрэнгүй, бүдүүлэг, дарамтлагч байдлыг тэвчин хангалттай хугацаанд хоёр хүүхдийн ирээдүйг бодон амьдарсан, цаашид амьдрах боломжгүй.

Р.Төмөрчөдөрийн асрамжид хүү Т.Билгүүнийг өгөх нь ирээдүйд сөргөөр нөлөөлнө. Учир нь хүүхдээ асран хамгаалдаггүй байнга гадуур дотуур явдаг бөгөөд хүүхдүүдээ миний мөнгөөр бүтсэн гэж намайг гутаан доромжлон таагүй сэтгэгдэл төрүүлсээр ирсэн. Сүүлийн үед сэтгэцийн өөрчлөлттэй болж, Сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт эмчлүүлсэн, намайг болон хүүхдүүдээ энэ эмнэлэгт үзүүлнэ гэх зэргээр эрүүл бус авирлах болсон. Өөрийн үйлдлээ огт санадаггүй, хүмүүжлийн зүй бус зан авиртай. Хэдийгээр хоёр хүүхдийн эцэг боловч хүүхдийнхээ хувь заяаг даатгаад өгөх боломжгүй тул Т.Билгүүнийг эх миний асрамжид үлдээж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Хүү Т.Билгүүдэйг эх Н.Мядагмаагийн асрамжид үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүүхдүүд нэгэнт 7 нас хүрсэн учраас тэдний саналыг асуух нь зүйн хэрэг. Гэхдээ асрамжийг эцэг эхийн хэнд нь шилжүүлэх, ирээдүйн хүмүүжилд хэрхэн нөлөөлөхийг тодруулахаар 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүгч, шинжээч томилсон. Үүний дагуу Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтээр хариуцагч миний асрамжинд хүү Т.Билгүүн, Т.Билгүүдэй нарыг халамжлуулах санал гаргасан. Хариуцагчийн зүгээс мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй нь шүүх хэргийг бүх талаас судлан шинжилж, нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй нь хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мэргэжлийн шинжээчид эцэг, эх, хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж үнэлэлт, дүгнэлт өгснөөс гадна хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг нарийн тогтоон дүгнэлтдээ дурдсан. Уг дүгнэлтийг гаргахдаа зохигчдоос эцэг, эхийн сурган хүмүүжүүлэх мэдлэг шалгах тест авахад нэхэмжлэгч 40, хариуцагч 45 оноо авсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийг бодоход хүүхэд сурган хүмүүжүүлэх чадвар илүү байгаа нь харагдаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хүүхдийн дэргэд архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр болохыг хуульчилсан ба нэхэмжлэгч байнга хүүхдүүдийн дэргэд, гэртээ архидан согтуурдаг талаар хэрэгт баримтууд авагдсан. Мөн хүүхдүүд эх Н.Мядагмаагийн асрамжинд байхдаа хараа хяналтгүй гадуур явж гэмтэл учирч байсан тохиолдол байдаг. Иймд шүүгчийн захирамжаар хүүхдүүд нэхэмжлэгчийн асрамжинд байх хугацаанд эхийн хараа хяналтгүйгээр нийгмийн харилцаанд орж, нэхэмжлэгч Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.1.4-т заасан үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэж үзсэн.

Түүнчлэн шүүх хуралдаанаас хойш нэхэмжлэгч миний асрамжинд үлдээсэн хүү Т.Билгүүнийг эрс ялгаврлан гадуурхаж Т.Билгүүдэйгийн үсийг үсчинд засуулаад харин Т.Билгүүний үсийг өөрөө гараараа хайчилж зассан байсан. Шүүх хуралдаанаас хойш өөрийн асрамжинд байлгахдаа 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хичээллийг нь таслуулсан зэргээс өөрийн хүү Т.Билгүүдэйг нэхэмжлэгчийн асрамжинд үлдээхэд хэцүү. Хүүхдүүдийг хооронд нь илтэд ялгаварлаж байгаа нь ч хүүхдүүдэд хүндээр тусч байна. Шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан ба хүүхдүүдийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл салах болсон шалтгаан нөхцөл, мэргэжлийн шинжээчийн байгууллагын дүгнэлт хийхээр ажиллах явцад илэрсэн мэдээллүүд, бусад нотлох баримтуудыг үнэлэлгүй, Н.Мядагмаагийн асрамжинд хүү Т.Билгүүдэйг үлдээсэн нь миний хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн болно.

Шүүх 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр харилцан тохиролцсон байдлаар шийдвэрлэсэн ч шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар өөрийн өмчлөлд авах Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 496 дугаар байрны 33 тоот 3 өрөө орон сууц, 2 дугаар хэсгийн 1 тоот авто зогсоол, Нархан хотхоны 21-2-34 тоотод байрлах 3 өрөө орон сууц, 21-2-32 тоотод байрлах 3 өрөө орон сууц, 47 тоот авто зогсоолд хүү Т.Билгүүн, Т.Билгүүдэй нарын нэрийг оруулна хэмээн хүсэл зоригоо тов тодорхой илэрхийлсэн байхад шүүх шийдвэртээ тусгаагүй.

Нэхэмжлэгч шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж болон дундын өмчийн эд хөрөнгийг хуваан шийдвэрлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд улсын тэмдэгтийн хураамжийн талаар, 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргах талаар заасан. Гэтэл уг заалтыг хангалгүй 70 200 төгрөг тушаасан ба хуулийн дээрх заалтын дагуу хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой маргаанд тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр төлөх ёстой байсан.

Иймд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байтал хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж хүүхдүүдийг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Мядагмаа нь хариуцагч Р.Төмөрчөдөрт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрлэлт цуцлах, дундын эд хөрөнгийг хуваарилах талаар эвлэрлийн гэрээ байгуулж, хоёр хүүхдийн асрамж тогтоох шаардлагыг шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл Р.Төмөрчөдөр, Н.Мядагмаа нар 1999 оноос хамтран амьдарч, 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Т.Билгүүдэй, Т.Билгүүн нарыг төрүүлж, мөн оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2016 оноос тусдаа амьдарч байгаа үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүх, хариуцагчийн хүсэлтээр хүүхдийн асрамжийн талаар дүгнэлт гаргуулахаар Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг шижээчээр томилон ажиллуулжээ. Тус газар ажлын хэсэг байгуулан ажиллаж, дүгнэлтийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн, үүгээр Т.Билгүүн, Т.Билгүүдэй нарыг аав Р.Төмөрчөдөрийн асран хамгаалалтанд үлдээж, Н.Мядагмаа нь эх байх эрхээ эдэлж, хүссэн үедээ хүүхдүүдтэй уулзаж байх боломжтой гэжээ. /2-р хх 20-29/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн хүүхдийн асрамжийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, тухайн хүүхдүүдээс санал авах ажиллагааг сэтгэл зүйч байлцуулан хийснээр хүү Т.Билгүүнийг эцэг Р.Төмөрчөдөрийн, хүү Т.Билгүүдэйг эх Н.Мядагмаагийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь долоо ба түүнээс дээш настай бол асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн саналыг харгалзан үзэх талаар зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасантай зөрчилдөхгүй байна. /2-р хх 91-93/

 

Нөгөө талаар хүүхдүүдийн асрамжийг тогтоохдоо шинжээчийн дүгнэлтэд үндэслэх нь учир дутагдалтай гэж үзэж, хүүхдийн санал авах ажиллагааг явуулснаар шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хэдийгээр шүүх хүүхдийн асрамжийг дээрх байдлаар шийдвэрлэсэн боловч тухайн хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөх тохиолдолд тэдний асрамжийг өөрчлүүлэх талаар эцэг, эхийн хэн аль нь шүүхэд дахин мэдүүлэх эрх нээлттэй байх болно.

 

Түүнчлэн  асрамж тогтоосон нөхцлөөр эцэг, эхийн үүрэг хариуцлага болон хүүхэд тус бүрийн эрх хязгаарлагдах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учиртай.

 

Анхан шатны шүүх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргааныг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Гэрлэлт цуцлуулах, асран хамгаалах, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн харилцааг зохицуулах тухай гэрээ”-г үндэслэн шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт нийцжээ. /2-р хх 41/

 

Дээрх гэрээний 3.2.3-д “Р.Төмөрчөдөр нь 3.2.1, 3.2.2-д заасан хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Т.Билгүүн, Т.Билгүүдэй нарыг бүртгүүлнэ” гээд, Р.Төмөрчөдөр, Н.Мядагмаа нарт ногдох бусад эд хөрөнгийг талууд дангаар өмчлөхөөр тохирсон байна. Иймд Н.Мядагмаад хуваарилсан эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр хүү Т.Билгүүн, Т.Билгүүдэй нарыг бүртгүүлэхээр гэрээ байгуулсан гэх хариуцагч Р.Төмөрчөдөрийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэж, үүнтэй холбогдон гаргасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж дутуу төлсөн буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Мядагмаа, хариуцагч Р.Төмөрчөдөр нарын гаргасан хүүхдийн асрамжийн талаар шийдвэрт өөрчлөлт оруулана гэх давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2017/00536 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Мядагмаа, хариуцагч Р.Төмөрчөдөр нарын давж заалдах журмаар гаргасан гомдол тус бүрийг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 70 200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА