Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0463

 

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2023/0463

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

                         “Т*** ш***” НҮТББ-ийн

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:                                              

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ,

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд Х.Б***, БМ****, Б.Б***, Б.А***, Г.О***, Х.Б***,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаар тушаалыг, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/202 дугаар тушаалын Х.Б***, Б.Б***, Х.Б***, Б.А*** Г.О***, БМ**** нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0266 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н**, гуравдагч этгээд Г.О***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С***, Х.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар,

Хэргийн индекс: 128/2022/0480/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/202 дугаар тушаалын Х.Б***, Б.Б***, Х.Б***, Б.А*** Г.О***, БМ**** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлэн маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0266 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/122 дугаар тушаал болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

 3.1 Маргаан бүхий актын үндэслэл болсон хуулийн заалтууд нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлэх болон шийдвэр гаргахтай холбоотой, нөхөн олговортой холбоотой, 1 нь сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэл, шударга ёс, тэгш байдлыг хангахтай холбоотой заалтууд байх бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах хуульд заасан үндэслэл байгаагүй,

 3.2 Гуравдагч этгээдүүд тухайн газрыг хууль бусаар ашиглаж байгааг тогтоосон шүүхийн шийдвэрүүдийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй буюу хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв үнэлээгүй гэж,

3.3. Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/122 дугаар тушаалтай маргаж байгааг хариуцагч мэдсээр байж 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр А/202 тушаалыг гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг зөрчсөн /бусдын газартай давхцаагүй байх/ ба “..дээрх сайдын тушаалууд нь хоорондоо шууд уялдаа холбоо бүхий тушаалууд байх тул нэхэмжлэлийн шаардлагууд тус бүрд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцээгүй,

3.4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 385 дугаар магадлалаар гуравдагч этгээдүүд нь газар ашиглах эрх аваагүй байхад хууль ёсны ашиглагч гэж үзэхгүй талаар дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасантай нийцэхгүй зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, маргаан бүхий газар болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд анх 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр албадан нүүлгэх ажиллагааны хүрээнд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, 4 дүгээр хорооны удирдлага хамтран гуравдагч этгээд Х.Б***, БМ****, Б.Б***, Б.А***, Г.О***, Х.Б*** нарт газар зааж буулган хаягжуулсан бөгөөд тэр цагаас хойш эдгээр иргэд нь тухайн хаяг дээрээ оршин сууж, холбогдох төрийн захиргааны байгууллагад газар эзэмших, ашиглах хүсэлтийг гаргаж байсан болох нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга болон хорооны Засаг даргын албан бичгүүд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2011 оны 8/2478 дугаар албан бичиг, 2011-2015 оны агаар сансрын зургийг кадастрын зурагтай давхцуулсан зурган мэдээлэл болон холбогдох бусад нотлох баримтаар,

Нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд 1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй болсон. Улмаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр 0.04 га газрыг хэсэгчлэн цуцалж, үлдсэн 0.96 га газрын ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан болох нь,

Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/122 дугаар тушаалаар "Арцатын амны хязгаарлалтын бүсэд оршин суугч иргэдийн газартай давхцуулан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар “Т*** ш***” НҮТББ-д олгосон 1 га газрын талбайн солбицлыг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 187 тоот саналын дагуу өөрчлөн, талбайн хэмжээг 4259.3 м.кв болгон 5740.7 м.кв газрыг хэсэгчлэн цуцалсугай” хэмээн шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” А/204 дүгээр тушаалаар “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “А/122 дугаар тушаалын 1 дэх хэсгийн “5740.7м2” гэснийг “5340.7м2“ гэж” өөрчилсөн болох нь,

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалаар маргаан бүхий газарт Богд хан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан гуравдагч этгээдүүдэд тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отголох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрын ашиглах” зориулалтаар олгосон болох нь тус тус тогтоогдсон.

4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5Захиргааны үйл ажиллагаанд ...бодит нөхцөлд тохирсон байх... тусгай зарчмыг баримтлана”, 48 дугаар зүйлийн 48.2-т “эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол”-д сөргөөр нөлөөлсөн тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно хэмээн, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т төрөөс газрын талаар “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг баримтлана, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн тус тус заасан.

5. Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг “...цаг хугацааны хувьд өмнө, түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, түрүүлж хүсэл зоригоо илэрхийлсэн, хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй, бусдын эзэмшил, ашиглалт үүссэн газарт газар эзэмшүүлэхийг хориглосон агуулгыг илэрхийлнэ хэмээн тайлбарлан, “...гуравдагч этгээдүүд нь маргаан бүхий газарт цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө хүсэлт гарган амьдарч байсан болох нь нотлогдож байх тул гуравдагч этгээдүүдэд газар ашиглах эрх олгосон хариуцагчийн үйлдэл нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцсэн” гэж дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тодруулбал, нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ-аас маргаан бүхий газартай холбогдуулан хүсэлт гаргахаас өмнө гуравдагч этгээд нь тухайн газарт оршин сууж, газар ашиглах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны байгууллагад гаргаж байсан. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь гуравдагч этгээдийн хүсэлтийг шийдвэрлэлгүй, түүнээс хойш хүсэлт гаргасан нэхэмжлэгч “Т*** ш***” НҮТББ-д Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар маргаан бүхий газрыг ашиглах эрхийг олгосон. Улмаар, газар ашиглах эрхийн хугацаа дууссантай холбогдуулан сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/394 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газрын хэмжээг 0.96 га болгон багасгасан, газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн.

Эл үйл баримттай холбогдуулан гуравдагч этгээд нь 2015 оноос хойш төрийн захиргааны байгууллагуудад хандан өргөдөл, гомдлыг гаргаж байсныг хариуцагч судлан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай А/122 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж, мөн сайдын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Газар ашиглах эрх олгох тухай" А/202 дугаар тушаалаар гуравдагч этгээд нарт тус бүр 700 м.кв талбай бүхий газрыг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отголох, ажиглалт судалгаа хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар олгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тодорхой тогтоогдож байна.

6. Мөн, гуравдагч этгээдийн газар ашиглах эрхгүй болохыг “Т*** ш***” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 385 дугаар магадлалаар тогтоосон гэх нэхэмжлэгчийн  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 Учир нь “Т*** ш***” НҮТББ-ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 385 дугаар магадлалаар “...гуравдагч этгээдүүдэд оршин амьдарч байгаа дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд газар ашиглах гэрчилгээг олгуулахаар хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргаас удаа дараа уламжилсан, төрийн захиргааны байгууллагаас кадастрын зураг үйлдүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байсан зэрэг нь тэдгээрийг шууд хууль ёсны газар ашиглагч гэх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэсэн нь тэдгээр иргэдийн өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлж, хариуг авах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчаас өөрийн Захиргааны ерөнхий хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон Газрын тухай хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэн гуравдагч этгээдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх хүрээнд маргаан бүхий захиргааны актуудыг гаргасныг шүүхээс хуулийг буруу хэрэглэсэн, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

        

                          ШҮҮГЧ                                           Г.БИЛГҮҮН

                                                                                                                        

                                     ШҮҮГЧ                                           Г.МӨНХТУЛГА