Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/629

 

 

 

 

 

   2021          10          04                                     2021/ШЦТ/629

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

Улсын яллагч: Г.Онон,

Хохирогч: Ц.Батзаяа,

           Шүүгдэгч: Б.Ө, Н.Б нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.Ө, Н.Б нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105012301039 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Б.Ө,

     Шүүгдэгч: Н.Б,

Шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/1 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн авто машины хайлшин обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2021 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талын авто зогсоолд байрлуулсан хохирогч Д.О-ийн эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машины хайлшин обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520.000 төгрөгний хохирол учруулж, бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Б.Ө шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Б шүүх хуралдаанд: “..Би үнэлгээний компаниас гарсан 280.000 төгрөгийг л нэхэмжилж байгаа. Энэ мөнгийг өгчих юм бол өөр асуудал байхгүй” гэв.

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 6 дугаар сарын 19-ний орой гадуур ажилтай явж байгаад гэрийнхээ ард байрлах Дулаан байр нэршилтэй орон сууцны урд байрлах байрны урд талын зогсоол дээр 16 цаг 30 минутын үед ... улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслээ байршуулаад гэртээ орсон. 20 цаг 40 минутын орчим найзтайгаа уулзчихаад гэртээ ороход миний машин хэвийн байсан. 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр амралтын өдөр байсан учир би 12 цаг хүртэл унтаад сэртэл утсанд танихгүй дугаараас зөндөө дуудлага ирсэн байсан. 12 цаг 30 минутын үед нэг эмэгтэй хүн залгаад машины чинь дугуй байхгүй байна гэж хэлэхээр нь машин дээрээ яваад очтол ... дугаартай саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг хайлшин обудтай 4 япон дугуй байхгүй, машины 4 буланд цемент эвээд хормой нь хонхойчихсон байдалтай байсан. 2020 оны 8 дугаар сард обуд нь 700.000 төгрөгөөр, дугуйг нь 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би алдсан эд зүйлээ буцааж авсан, одоо машины 4 хормой хонхойсон, хаалт эвдэрсэн, түгжээ нь хугарсан байгаа, тэрийг засуулмаар байна, өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн үед ажилаа тараад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны баруун талын ил зогсоол дээр өөрийн ... улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан. Улмаар 2021 оны 6 дугаар сарын 22-ны өглөө миний машины хажууд тээврийн хэрэгслээ байрлуулсан залуу миний гар утсаар залгаж таны тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй алга байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 163-165/,

Гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Япон улсаас машин оруулж ирж хувиараа борлуулдаг. Миний оруулж ирсэн машиныг Н.Б бусдад борлуулж надад мөнгийг нь өгдөг. Б.Ө-ыг би зүс танина. ...***** улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг Япон улсаас өөрөө оруулж ирж улсын дугаарыг нь авсан. Уг тээврийн хэрэгслийг би 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Тандем инвест банк бус санхүүгийн байгууллага дээр 10.500.000 төгрөгний зээлийн гэрээний барьцаанд тавьж хэрэглэж байгаа. Уг тээврийн хэрэгслийн нэг түлхүүр нь Б-д байдаг. Заримдаа халтуур хийхээр миний машиныг унаж явдаг. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би Б-оос миний машин хаана байгаа талаар асуухад Вьетнам засварт өгчихсөн байгаа гэж хэлдэг байсан. Харин би хэд хоногийн дараа дахиж асуухад цагдаагийн байгууллага дээр байгаа гэсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ тухайн автомашиныг ашиглаж байгааг би мэдэхгүй. Би өөрийн тээврийн хэрэгслээ бүрэн хүлээж авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Шинжээчийн 01/240 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардсууд шинжилгээнд тэнцэнэ. Б.Ө-ын гарын хээний дардас санд урьд MN000610027025 дугаараар бүртгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардсууд эзэн холбогдогч нь тогтоогдохгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэжээ /хх-н 69-71/,

Яллагдагчаар Н.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед бид хоёрт мөнгөний хэрэг гарч байсан. Тэгээд бид хоёр яаж мөнгө олох талаар ярилцсан. Бид хоёр ярилцаад гадаа гарч автомашины дугуй хулгайлъя гэж тохирсон. 2021 оны 6 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед шиг санаж байна бид хоёр манай ажил дээрээс гарч явсан бөгөөд гарч явахдаа ... улсын дугаартай тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодсон. ...зогсоол дээр саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байрлаж байсан. Ө бид хоёр хоорондоо ярилцаж байгаад уг саарал өнгийн приус 30 маркийн автомашины дугуйг нь хулгайлж авахаар болсон. ...4 ширхэг дугуйг обудтай нь хамт тайлж аваад миний .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд хэсэгт ачсан. Бид хоёр дугуйг тайлж аваад буцаад манай ажил дээр ирсэн. ...**** улсын дугаартай автомашины дугуйг би салгасан, домкратыг нь Ө өргөсөн. Ингээд уг тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг обудтай тайлж аваад ... улсын дугаартай автомашинд ачсан” гэсэн мэдүүлэг /хх-н 94-96, 211-212/,

Яллагдагчаар Б.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...найз Н.Б-ын хамт 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Сотын байрны хойд талд 2/1 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулан тавьсан байсан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуй, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 27 дугаар байрны баруун талын зогсоолд байрлуулан тавьсан байсан ... улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3, 151/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9, 153-155/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 12-16/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-н 18-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 53-54, 61-62, 78-79, 184-186/, шүүгдэгч Б.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 105, 107-108, 125-128, 141/, шүүгдэгч Н.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 106, 109, 130-139, 142-143/, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хх-н 114-116/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-н 147-148/, хохирогч Д.О-ийн хүсэлт /хх-н 107/,

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2/1 дүгээр байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан хохирогч Ц.Б-ийн эзэмшлийн... улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн авто машины хайлшин обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн 2021 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны баруун талын авто зогсоолд байрлуулсан хохирогч Д.О-ийн эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машины хайлшин обудтай 4 ширхэг дугуйг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 520.000 төгрөгний хохирол учруулж, бусдад нийт үргэлжилсэн үйлдлээр 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Б-ийн: “...нэг эмэгтэй хүн залгаад машины чинь дугуй байхгүй байна гэж хэлэхээр нь машин дээрээ яваад очтол ... дугаартай саарал өнгийн Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг хайлшин обудтай 4 япон дугуй байхгүй, машины 4 буланд цемент эвээд хормой нь хонхойчихсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/, хохирогч Д.О-ийн: “...2021 оны 6 дугаар сарын 22-ны өглөө миний машины хажууд тээврийн хэрэгслээ байрлуулсан залуу миний гар утсаар залгаж таны тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй алга байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 163-165/, гэрч Б.Ч-ийн: “...Би Япон улсаас машин оруулж ирж хувиараа борлуулдаг. Миний оруулж ирсэн машиныг Н.Б бусдад борлуулж надад мөнгийг нь өгдөг. Б.Ө-ыг би зүс танина. ...**** улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг Япон улсаас өөрөө оруулж ирж улсын дугаарыг нь авсан. ...Уг тээврийн хэрэгслийн нэг түлхүүр нь Б-д байдаг. Заримдаа халтуур хийхээр миний машиныг унаж явдаг. Ингээд 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би Б-оос миний машин хаана байгаа талаар асуухад Вьетнам засварт өгчихсөн байгаа гэж хэлдэг байсан. Харин би хэд хоногийн дараа дахиж асуухад цагдаагийн байгууллага дээр байгаа гэсэн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ тухайн автомашиныг ашиглаж байгааг би мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/, шинжээчийн 01/240 тоот дүгнэлт, хэргийн газарт зүлэг хийсэн тэмдэглэлүүд, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нар нь .... улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл, мөн тусгайлан бэлтгэсэн дугуйны дорцов, домкрат зэргийг ашиглан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл мөн дорцов, домкратгүйгээр дээрх хоёр автомашины дугуйг хулгайлан авч явах боломжгүй тул учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Б.Ө, Н.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь ..., .... улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн 4 дугуйг, обудын хамт хулгайлсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч Д.О нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан /хх-н 107/, хохирогч Ц.Б нь 4 дугуй болон обудаа буцаан авсан, харин машины эвдрэл болох эд зүйлийн үнэлгээгээр гаргасан 280.400 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгаагүй тул шүүгдэгч Б.Ө, Н.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 140.200 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д 280.400 төгрөг олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Ө, Н.Б нарыг буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарт 3 жил хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Ө, Н.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулж, хор уршигийг арилгаагүй, гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

          2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4... дэх заалт/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилжээ.

          Иймд шүүгдэгч Б.Ө, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар “Улаанбаатар хотын бүсчлэлээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах” ялаар солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж “....Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь гэмт хэрэг үйлдэхдээ ..... улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч нарын автомашины дугуй, обуд зэргийг хулгайлж, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд ачиж явсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэх боломжгүй юм.

Шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлийн эд хөрөнгө биш тул эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 11.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 5.500.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 41 см урттай хар өнгийн төмөр, тээврийн хэрэгслийн домкрат 1 ширхэг, Үзүүр гол хэсэгтээ улбар шаргал өнгийн хуванцар бариултай домкратны өргөгч төмөр 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуйн түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1805027070758 дугаартай хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ө, Н.Б нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан, бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаяр, Н.Барсболд нарыг 02 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Б.Өсөхбаяр, Н.Барсболд нарт оногдуулсан 02 жил хорих ялыг “Улаанбаатар хотын бүсчлэлээс 02 жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар” тус тус сольсугай.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, 2105012311101 тоот хэргийг нэгтгэсэн, хэрэгт тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Н.Б нараас тус бүр 140.200 төгрөг гаргуулж хохирогч Ц.Б-д олгосугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Н.Б нараас тус бүр 5.500.000 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулсугай.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 41 см урттай хар өнгийн төмөр, тээврийн хэрэгслийн домкрат 1 ширхэг, Үзүүр гол хэсэгтээ улбар шаргал өнгийн хуванцар бариултай домкратны өргөгч төмөр 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дугуйн түлхүүр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө, Н.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ө, Н.Б нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Н.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР