Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг, улсын яллагч А.Баясгалан, шүүгдэгч Ө.*******, Б.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Цагаан номунхан овогт *******ын *******, Бүргээ овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2131000160063 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *******ын ******* /РД:*******/,
2.Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Сүхбаатар сумын Спорт сургуульд биеийн тамирын багш ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум  *******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь бүлэглэж 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам, 2 дугаар хэсэг, 7 дугаар байрны 32 тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан “Фэйсбүүк" олон нийтийн цахим сүлжээнд “Saytan Dawaa” нэртэй хаягаас дүрстэй дуу дамжуулалт буюу Live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан “Texas poker” буюу үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь бүлэглэж 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар сумын 7 дугаар баг, Ганзам, 2 дугаар хэсэг, 7 дугаар байрны 32 тоот гэртээ мэдээллийн технологи ашиглан “Фэйсбүүк" олон нийтийн цахим сүлжээнд “Saytan Dawaa” нэртэй хаягаас дүрстэй дуу дамжуулалт буюу Live-аар ашиг олох зорилгоор хөзөр ашиглан “Texas poker” буюу үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
    1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ы өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг ,
    2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: “...Хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг ,
    3.Гэрч Н.*******ын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12-р байр 358 тоот гэртээ байхдаа фэйсбүүкээр мөрийтэй тоглоом тоглож байгаа лайв бичлэг үзээд 20.000 /хорин мянга/-н төгрөг шилжүүлж тоглосон. Би 5031208190 дугаартай Б.******* гэсэн хүний данс руу 20.000/хорин мянга/-н тегрөг шилжүүлж тоглоод 120.000 /нэг зуун хорин мянга/-н төгрөг буцааж авсан...” гэх мэдүүлэг ,
    4.Гэрч Г.*******ын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус "Saytan Dawaa" гэх фейсбүүк хаягаас онлайнаар хөзөр тоглуулж байхад нь 20.000 төгрөгийн бооцоотой хөзөрд 4 удаа орж тоглосон. Би хамгийн сүүлийн тоглоом дээрээ 20.000 төгрөг хожсон юм. Би бооцооны 20.000 төгрөгийг 5031208190 гэсэн дугаартай Б.******* гэх хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн юм. Би 20.000 төгрөгийн бооцоотой тоглоомд 4 удаа орж тоглоод хамгийн сүүлийн тоглолт дээр 120.000 төгрөг хожсон. Дахин мөнгө хожоогүй юм. Би мөрийтэй тоглоомыг хууль бус гэдгийг мэдэхгүй. Мэдэхгүй байсан болохоор орж тоглосон. Хүмүүс онлайнаар мөрийтэй тоглоом тоглуулаад байдаг мөн сүүлийн үед энэ төрлийн тоглоом их дэлгэрч байгаа болохоор би хууль бус биш гэж боддог байсан....” гэх мэдүүлэг , 
5.Гэрч Г.*******ий 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө.******* нь эхнэр *******ын хамт 7 дугаар багт амьдардаг. Архи бараг уудаггүй, элдэв муу зуршилгүй. Даруу төлөв хамт олонтойгоо нийтэч тийм хүн байгаа юм...” гэх мэдүүлэг , 
6. Гэрч Б.ы 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө.******* бол даруу төлөв, элдэв муу зуршилгүй, муу харилцаагүй байгууллагаас зохион байгуулдаг уралдаан тэмцээнд идэвхитэй оролцдог. Спортын авьяас чадвартай тийм залуу байгаа юм...” гэх мэдүүлэг , 
7.Гэрч Н.ийн 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* нөхөр *******ы хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар багт амьдардаг, хүүхэдгүй. Спорт сургуульд биеийн тамирын багш ажилтай. Зан аашны хувьд бол шударга талдаа, муу зуршилгүй хамт олон дундаа нэр хүнд сайн. Сагсан бөмбөг сайн тоглодог тийм хүн. Хүнд их тусархуу зантай...” гэх мэдүүлэг ,
8.Гэрч С.ийн 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.******* бол их нийтэч шударга, даруу төлөв зантай. Элдэв муу зуршилгүй хамт олон дундаа нэр хүнд сайн. Сагсан бөмбөг сайн тоглодог тийм хүн. Сэлэнгэ аймгийн 7 дугаар баг 2 дугаар хэсэг 32 тоот хаягт нөхөр *******ы хамт амьдардаг нөхөр төмөр замд ажилладаг юм. Гэр бүлийн харилцаа нь сайн сайхан тогтвортой байдаг...” гэх мэдүүлэг ,
9.Шүүгдэгч Ө.*******ы 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр 14 хоногийн хорионд орсон юм. Тэгж фэйсбүүк мэдээ мэдээлэл үзэж байгаад хүмүүс лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулж байхыг хараад би өөрөө тоглуулахаар шийдсэн. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ний өдрүүдэд “Saytan Dawaa” нэртэй фэйсбүүк хаягнаас фэйсбүүк орчинд лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ажилтан манайд ирж уулсанаас хойш дахиж мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Миний эхнэр Б.******* бид 2 л гэрээсээ мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Б.******* иргэдээс мөнгө орох, хожсон хүнд буцааж мөнгийг нь шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Би болохоор лайв хийж тоглолтонд орж суудал захиалсан иргэдэд хөзөр тарааж тоглолтыг явуулдаг байсан. Би цахимаар мөрийтэй тоглоом явуулах хууль бус гэдгийг мэдээгүй юм. Хүмүүс мөрийтэй тоглоом явуулж лайв хийгээд мөнгө олоод байхаар нь би бас явуулж мөнгө ольё гэж бодоод явуулсан...” гэх мэдүүлэг , 
10.Шүүгдэгч Б.*******ын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 23-ний өдрүүдэд “Saytan Dawaa” нэртэй фэйсбүүк хаягнаас цахим орчинд өөрийн нөхөр Ө.*******ы хамт лайв хийж мөрийтэй тоглоом тоглуулсан. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн ажилтан манайд ирж уулзсанаас хойш дахиж мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй. Миний нөхөр Ө.******* бид 2 мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Ө.******* лайв хийж, хөзөр тарааж тоглоомыг явуулдаг би болохоор дансанд орсон мөнгө болон хожсон хүнд шилжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байсан. 5031208190 дугаартай Хаан банкны дансанд хийсэн үзлэгээр тогтоогдсон 1.760.000 төгрөгийн ашиг болсон байгаа...” гэх мэдүүлэг , 11.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол , 12.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл , 13.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  14.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол , 15.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас , 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  зэрэг бичгийн нотлох баримт болно. 
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. 
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. 
Шүүгдэгч Ө.*******, Б.******* нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь бусдад хохирол учруулаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор тэдгээр нь бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ө.*******, Б.*******  нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон тэдгээрийн хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.******* нарт тус бүр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,  шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.*******, Б.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаан номунхан овогт *******ын *******, Бүргээ овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаан номунхан овогт *******ын *******, Бүргээ овогт *******ын ******* нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус үүрэг болгосугай. 
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.  
5.Шүүгдэгч Ө.*******, Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай. 
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
    
  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ