Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00718

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/00718

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Содон хороолол, 101-р байрны 154 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр КК74080816, Дуудай овогтой Түмэнбаярын Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Хархорин хороолол, 51-р байрны 54 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УП94042735, Их хотгойд овогтой Оюунбаатарын Хосбаярт холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 450 000 төгрөг гаргуулах, лангуу чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Түвшинтөгс, хариуцагч О.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хархорин худалдааны төвийн 134 тоот лангууг түрээсэлдэг. О.Хосбаяр нь миний эзэмшлийн 134 тоот лангууг 2016 оны 10-р сараас 2017 оны 2-р сарын 28-ныг хүртэл сарын 300 000 төгрөгөөр түрээсэлсэн. Хосбаяр нь 2016 оны 10, 11, 12-р сарын түрээсээ хугацаанд нь төлөөгүйгээс маргаан гарсан. Шүүхэд лангуу чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 1-р сарын 16-нд чөлөөлж өгсөн. 2016 оны 12-р сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг, алданги 150 000 төгрөг нийт 450 000 төгрөгийг О.Хосбаяраас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О.Хосбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 134 тоот лангууны эзэн нь Солонгос явах болоод би авахаар тохирсон байсан. Гэтэл Түвшинтөгс нь “би авчихъя, цагаан сар хүртэл үнэгүй зогсооно” гэхээр нь Хархорин худалдааны төвийн удирдлагад гомдолгүй гэж хэлээд Түвшинитөгс гэрээ байгуулсан.  Ингээд би Түвшинтөгстэй амаар тохирч 2017 оны 10 сарын 1-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01 болтол сарын 300.000 төгөрөөр 6 сар түрээслэх болсон. Гэтэл 11 сараас лангуугаа суллаж өг гэж шаардах болсон. Үүнээс болж бид маргалдаад би 1 сар баривчлагдаж гарч ирсэн. Өөрөө хэлсэн амандаа эзэн болоогүй. Намайг шүүхээс байн байн дуудаад байхаар нь 2016 оны 12 дугаар сарын 27-нд түлхүүрийг нь өөрт нь өгсөн. Мөн 12-р сарын түрээсийн төлбөрийг 2 хувааж өгсөн. Ийм учраас нэхэмжлээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.  

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад          

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Түвшинтөгс нь О.Хосбаярт холбогдох лангуу чөлөөлүүлэх, түрээсийн гэрээний үүрэгт 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь лангуу чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд буюу 450 000 төгрөгийн шаардлагатай хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Т.Түвшинтөгс нь 2016 оны 09-р сарын 01-ний өдөр Хархорин хүрээ ХХК-тай 1-134 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулж, тус худалдааны төвийн 134 тоот лангууг жижиглэнгийн худалдааны зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөрт сар бүр 260 000 төгрөгийг төлөхөөр тохирсон /хх 5-6/ байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 318-р зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагджээ. 

 

Түрээслэгч нь дээрх лангууг О.Хосбаярт 2016 оны 10-р сараас сарын 300 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр амаар тохирсон, О.Хосбаяр нь лангууг ажиллуулж 10, 11-р сарын төлбөрийг төлсөн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. 

Нэхэмжлэгч нь “хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс алданги тооцуулсан, 12-р сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй” гэж маргасан бол хариуцагч нь 12-р сарын төлбөрийг 2016 оны 12-р сарын 10, 2016 оны 12-р сарын 20-нд 2 хувааж төлсөн, лангууг 2016 оны 12-р сарын 27-нд буцааж өгсөн гэж татгалзжээ.

 

Иргэний хуулийн 323-р зүйлийн 323.1 дэх хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол түрээслэгч түрээсэлсэн эд хөрөнгийг гагцхүү түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр дамжуулан түрээсэлж болох ба түрээслэгч Т.Түвшинтөгсийн Хар хорин хүрээ худалдааны төвтэй байгуулсан гэрээний 3-р зүйлийн 3.18-д “Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түрээсийн талбайг ...дамжуулан түрээслүүлэх...г хориглоно” гэж тохирсон байна.

 

Харин түрээслэгч Т.Түвшинтөгс нь түрээслэгчийн зөвшөөрөлгүйгээр О.Хосбаярт тухайн лангууг дамжуулан түрээсэлсэн нь   хууль болон гэрээгээ зөрчиж түрээсэлсэн гэж үзнэ.  

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч нь 2016 оны 12-р сарын төлбөрт 300 000 төгрөг нэхэмжилсэн боловч   хариуцагч 260 000 төгрөгийг Хархорин хүрээ ХХК-д төлсөн баримтыг няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ 2016 оны 12-р сараас 2017 оны 1-р сарын 15-ныг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 450 000 төгрөг нэхэмжилсэн, харин шүүх хуралдааны шатанд 150 000 төгрөгийг алданги гэж шаардсан нь хоорондоо зөрүүтэй байх ба аль ч тохиолдолд нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэг шаардах эрхгүй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Хосбаяраас 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Т.Түвшинтөгсийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 84 350 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА