Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны н н бичгийн дарга М.Е,

улсын яллагч Б.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С  /цахим хэлбэрээр/

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б , Т.Б,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.Б д холбогдох эрүүгийн 2013000250158 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын их эмч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, И.Б , РД:БЖ90*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвдөж ирсэн хүүхэд Г.Б д мухар олгойн цочмог үрэвслийг оношлоогүй, хэрэв онош эргэлзээтэй бол 4-8 цаг эмчийн хяналтанд байлгана гэсэн мухар олгойн үрэвслийн оношлогоо эмчилгээний МNS5665-5:2006 стандартыг зөрчиж, эмчийн хяналтанд аваагүй буюу өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч И.Б  мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч талд 10 сая төгрөгийг төлж өгсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С о мэдүүлэхдээ: Болсон асуудлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн мэдүүлсэн. Одоо И.Б аас сэтгэл санааны хохирол болон бусад зардалд 30 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 211300020158 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 34-38 дугаар хуудас/,

2. Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох бичиг баримтын хуулбар /1 дүгээр хавтасны 39-48 дугаар хуудас/,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 49-52 дугаар хуудас/,

4 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 58-59 дүгээр хуудас, 2 дугаар хавтасны 100, 129 дүгээр хуудас/,

5. Гэрч Ө.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73 дугаар хуудас/,

6. Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас/,

7. Гэрч Х.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 79-81 дүгээр хуудас/,

8. Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 82-83 дугаар хуудас/,

9. Гэрч О.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-86 дугаар хуудас/,

10. Гэрч З.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 87-90 дүгээр хуудас/,

11. Гэрч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 92 дугаар хуудас/,

12. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-102 дугаар хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 554 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 114-118 дугаар хуудас/,

14. Шинжээч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтасны 64-65 дугаар хуудас/,

15. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын их эмч ажилтай И.Б ы ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хавтасны 57-59 дүгээр хуудас/,

16. Яллагдагч Х.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 138-139 дүгээр хуудас/,

17. Яллагдагч И.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135-136, 2 дугаар хавтасны 134 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч И.Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.Б ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлсэн, миний дүүг өвдөж эмнэлэгт очиход жирэмсэн байна гэж хэлсэнд гомдолтой явдаг, одоо И.Б аас сэтгэл санааны хохирол болон бусад зардалд 30 сая төгрөг нэхэмжилж байна, гомдол санал байхгүй” гэсэн тайлбарыг,

шүүгдэгч И.Б аас “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10 сая төгрөг төлсөн өгсөн” гэсэн тайлбарыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч И.Б ы гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэсэн дүгнэлтээ тус тус гаргасан болно.

Хавтаст хэрэгт авагдаж, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний дагуу шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох:

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 34-38 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 49-52 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б  бол миний төрсөн бага дүү байсан юм. Ээж, талийгаач дүү, эрэгтэй дүү, манай 2 хүүхдийн хамт амьдардаг байсан. Ээж маань хэвтрийн хүн болохоор гарч, орж дүүгийн маань араас явж чадахгүй.

Талийгаач дүү маань 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэдэс дотор нь эвгүй өвдөөд байна гээд олгой юм болов уу гэж бодоод Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад аваачиж үзүүлэхэд олгой байна гээд 2 дугаар давхрын мэс заслын тасаг руу явуулсан. Тэр тасагт манай дүү 2-3 эмчид үзүүлээд тэр хоорондоо цусны шинжилгээ өгөөд үзүүлэхэд мэс заслын тасгийн эмч нь энэ хүүхдийг ЭХО-д харуулж эмэгтэйчүүдэд үзүүл гээд явуулсан. Дүүгээ ЭХО-д харуулчхаад эмэгтэйчүүдийн эмнэлэгт очиж дахиж ЭХО-д харуулж үзүүлсэн. Тэгэхэд дүү маань нэлээн зовиуртай байсан. Эмэгтэйчүүдийн эмч нь үзээд манай зүгээс юм байхгүй байна, та эргээд мэс засалдаа оч гэсэн. Тэр хооронд дүүгийн маань цусны шинжилгээний хариу гарсан байсан болохоор хариуг нь аваад мэс заслын эмч рүү буцаад ороход биохимийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэхээр нь тэрийг нь яаралтайгаар өгөөд 30-аад минутын дараа шинжилгээний хариуг авсан.

Дахиж эмч рүү ороход хариуг нь үзээд ийм шинжилгээний хариугаар манайх хэвтүүлэхгүй, хүүхэд гайгүй байна гээд явуулсан. Гэртээ хариад дүү маань халуун буулгах эм, өвчин намдаах эм уугаад гайгүй болсон. 2019 оны 12 дугаар сарын 31-ний шөнөөс эхлээд дахиад гэдсээр нь өвдөөд бид нар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр түргэн 2 удаа дуудаад ирээгүй, 3 дахь удаа дээр нь орой 17 цагийн үед түргэний эмч ирээд эмнэлэг рүү авч явсан. Эмч нар үзээд манай дүүг олгой байна, хагалгаанд оруулна гэж хэлээд шөнийн 00 цагийн үед хагалгаанд оруулаад 03 цаг 30 минутанд хагалгаанаас гаргасан.

2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө ухаан ороод 02-ноос 03-нд шилжих шөнө эмнэлэгтээ нас барсан.

...Ээж Чагнаа нь 2013 оны 12 сард харвалт аваад зүүн тал нь саажилттай, хөл гар нь мэдээгүй болоод хэвтрийн байдалд орсон.

...Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч И.Б аас учирсан хохирлыг мөнгө гэж 10 сая төгрөгийг дүү Б ийн ХААН банкны данс руу шилжүүлж авсан. Одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.

...тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлсэн, миний дүүг өвдөж эмнэлэгт очиход жирэмсэн байна гэж хэлсэнд гомдолтой явдаг, одоо И.Б аас сэтгэл санааны хохирол болон бусад зардалд 30 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 100, 129 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч Ө.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой 18 цаг 00 минутаас тус өдрийн 00 цаг хүртэл нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт нэмэлт эмчээр үүрэг гүйцэтгэсэн. Тус өдөр орой 18 цагт ирж ажлаа хүлээж аваад байж байхад ээлжийн сувилагч Г  нь Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын байрны хойд талд байрлах 2 давхар байрнаас Б  гэгч хэвлийгээр өвдөөд байна гэх дуудлага ирсэн. Өдрийн цагаар бас дуудлага өгсөн боловч эмч С  очиход утсаа аваагүй байна гэж хэлэхээр нь би удалгүй жолооч Б ийн хамт хаягаар нь уг байранд очиж тоотын санахгүй байна дотогшоо ороход 16 настай Б  гэх охин хэвтэж байсан ба үзлэг хийж, зовиурын асуухад хэвлийгээр өвдөөд байна гэж хэлсэн. Хэвлий орчмоор тэмтэрч үзэхэд эмзэглэлтэй, биеийн байдал нь хүндэвтэр, орчиндоо харьцаа сул ухаантай байсан. Тэгээд би хэзээнээс эхэлж өвдсөн юм бэ, ямар эм тариа хэрэглэсэн юм бэ гэж асуухад өвдөөд 3 хонож байна гэж хэлсэн. ...Тэгээд би уг өвчтөнийг яаралтай тусламжийн тасагт авч ирэхэд эмч нар харагдаагүй болохоор дараагийн дуудлаганд яараад, сувилагч нарт хүлээлгэж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73 дугаар хуудас/,

- Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 19 цагийн үед түргэний эмч Ш  нь дуудлагын дагуу 15 настай Г.Б  гэх охиныг манай тасагт хүлээлгэж өгсөн. Өвчтөн Б г хэвтүүлж авч ирсэн бөгөөд тэрээр өөрөө хөлөөрөө явж чадахгүй байсан. Үзлэг хийхэд өвчтөн маань маш хүнд, шокийн байдалтай, бөөлжинө, толгой эргэнэ, хэвлийгээр маш хүчтэй өвдөнө, шээс гарахгүй, царай сонгогор, ёолоод асуусан асуултанд хариулж чадахгүй уйлагнаад байсан. ...Өвчтөнд яаралтай шинжилгээ бүрдүүлж, онош тодруулах арга хэмжээ авч, яаралтай амин чухал эрхтнүүдийг дэмжих эмчилгээ хийгээд, шинжилгээний хариу гарсны дараа зөвлөгөөн хийхээр холбогдох эмч нарыг дуудаж. Зөвлөгөөн хийж, шийдвэрийн дагуу өвчтөнийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн.

...Хэвтүүлсний дараа өвчтөнд цус, цусан бүтээгдэхүүн сэлбэж, хагалгаанд бэлдсэн. Учир нь тухайн үед өвчтөний цусны улаан эс хэвийн хэмжээнээс маш бага байсан.

...Эмчилгээ хийж, биеийн байдал нь тогтворжсоны дараа хагалгаанд орсон бөгөөд нэлээн удаж байгаад хагалгаанаас гарсан.

...Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрээр үжилийн шок, хэвлийн хурц өвдөлт, мухар олгойн идээт үрэвсэл гэсэн оношоор хагалгаанд оруулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 74-75 дугаар хуудас/,

- Гэрч Х.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр цагийн сайн санахгүй байна ЭХО дээр сууж байхад уг хүүхдийг эгч нь дагуулаад мэс заслын эмч явуулсан яаралтай гэх бичиг бариад ирэхээр ЭХО-гоор харахад хэвлийд дунд зэргийн хэмжээний цул шингэнтэй байсан. ЭХО-гоор яг ямар шингэн гэдгийг харах боломжгүй байсан. Цул шингэн үүсэх олон шалтгаан байдаг ба түгээмэл нь эмэгтэйчүүдийн өвчин болон мэс заслын өвчнөөс үүссэн байх магадлалтай учир би эхлээд эмэгтэйчүүдийн эмчид очоод үзүүлээрэй гэж хэлээд явуулсан. Эмэгтэйчүүдийн өвчинг үгүйсгэвэл мэс заслын эмчид үзүүлээрэй гэж хамт ирсэн эгчид нь хэлээд явуулсан.

...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр оройн 20 цагийн үед мэс заслын жижүүр эмч Еркебулан намайг дуудаж яаралтай хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очиход 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үзүүлээд явсан хүүхэд болох Б  байсан.

...ЭХО-гоор үзэхэд цул шингэн нь өмнөх үзүүлснээс нэмэгдсэн байсан мөн бөөрний хэсэгт ЭХО ойлт ихэссэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ирж үзүүлснээс өвчтөний биеийн байдал муудсан байдалтай байсан.

...Эхний элжинд эмэгтэйчүүдийн өвчнийг ялган оношлуулах хэрэгтэй байна гэж үзээд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэхээр явуулсан. Эмч хүн өвчтөний хэлсэн үгээр оношлогоо хийхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 79-81 дүгээр хуудас/,

- Гэрч С.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн үед төрөх тасагт ЭХО-д сууж байхад хэвлийгээр өвдөлттэй, бага зэргийн зовиуртай Г.Б  гэх эмэгтэй 15 настай хүүхэд эгчийнхээ хамт ирж ЭХО-д үзүүлэх гэсэн гэж надад үзүүлсэн. ЭХО-д харж эмэгтэйчүүдийн талаас яаралтай шийдэх эмгэггүй байна, мэс заслын эмчид үзүүлье гэж бичээд явуулсан" гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 82-83 дугаар хуудас/,

- Гэрч О.Л ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мухар олгойн үрэвслийн оношлогоо эмчилгээний стандарт МNS5665-5:2006-д зааснаар оношийг магадлах явцад шаардагдах зайлшгүй хийгдэх шинжилгээ цусны цагаан эс тоолоно, шулуун гэдэс, үтрээний үзлэгийн шинжилгээ хийх ёстой. Хэрэв мухар олгойн цочмог үрэвслийн шинж бүдэг, онош эргэлзээтэй, эмчид үзүүлэхийн өмнө өвчин намдаах болон хүчтэй тайвшруулах эм хэрэглэсэн өвчтөнийг өвчний шинж тодортол, эсвэл нэмэлт шинжилгээний хариу гартал 4-8 цаг эмчийн хяналтанд ажиглаж, мэс заслын тасагт хэвтүүлнэ” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 85-86 дугаар хуудас/,

- Гэрч З.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мухар олгойн цочмог үрэвслийн шинж бүдэг, онош эргэлзээтэй байсан тохиолдолд 4-8 цаг эмчийн хяналтанд байх ёстой. Үзлэг хийсэн эмч мэс заслын тасагт хэвтүүлсэн бол тухайн тасгийн эмч, мөн амбулаторийн нөхцөлд хүлээн авах тасагт тус тус ажиглаж болно.

...Энэ тохиолдолд амбулаторийн эмч 4-8 цаг ажиглах байсан.

...Цусны ерөнхий шинжилгээ заавал хийлгэнэ, ялган оношлогоо хийхийн тулд биохими, бусад шинжилгээнүүдийг хийлгэх болно. Заавал биохимийн шинжилгээ хийлгэж байж хэвтүүлнэ гэсэн эмчилгээний стандарт байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 87-90 дүгээр хуудас/,

- Гэрч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байсан байсан байх өдрийн сайн санахгүй байна ойролцоогоор 15 цаг өнгөрч байхад Б  эмч мэс заслын тасаг руу эмэгтэй хүүхэд дагуулж ирээд эмч нарт үзүүлэх гэхэд мэс заслын эмч нар хагалгаанд орсон байсан.

...Б  нь өөрөө яваад өгсөн ба намайг та эмч хагалгаанаас гарсны дараа энэ охиныг хэлээд үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед уг охины хамт 30-40 орчим насны эмэгтэйтэй хамт явж байсан бөгөөд тэр хоёр үүдний коридорт байрлах сандал дээр сууж байсан. Хэсэг эмч нар хагалгаатай байсан ба нэлээн удаж байгаад гарч ирсэн. Тэгээд би Х  эмчийг дуудаж, нөгөө охин болон эмэгтэйг эмч нарын үзлэгийн өрөө рүү оруулж үзүүлсэн. Тэгэхэд Х  эмч нөгөө охиныг үзчихээд шинжилгээ өгчхөөд ир гэж цаасанд бичиж өгч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 92 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нарын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаартай задлан шинжилгээний “...- Шинжээч нарын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “1. 2. 3. 4. Талийгаач Г.Б гийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдоогүй.

5. Мухар олгойн шархлаат идээд үхжилт үрэвсэл хагараад хэвлийн гялтангийн тархмал идээд үрэвсэл болж идээлэн улмаар цусан үжил болон хүндэрснээс олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

6. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талийгаачийн биед мухар олгой авах мэс ажилбар нь зохих журмын дагуу хийгдсэн байна”дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-102 дугаар хуудас/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 554 дугаартай “1. 2. 3. Г.Б  нь мухар олгойн цочмог үхжилт, үрэвсэл, цооролтын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл үүсч идээт хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. Г.Б г 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амбулаториор үзсэн мэс заслын эмч мухар олгойн цочмог үрэвслийн оношлоогүй, хэрэв онош эргэлзээтэй бол 4-8 цаг эмчийн хяналтанд байлгана гэсэн мухар олгойн үрэвслийн оношлогоо эмчилгээний стандарт ММ35665-5:2006-г зөрчсөн байна. Талийгаач эмнэлэгт хэвтэлгүйгээр олон хоног гэртээ байж мухар олгойн үрэвслийг хүндрүүлэн, хугацаа алдсанаас мэс засал хийсэн ч амь нас аврагдах боломжгүй болж нас баржээ.

4. Талийгаачийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хэвтүүлэн өвчнийг нь зөв оношилж эмчилсэн бол амь насыг нь аврах боломжтой.

5. 6. Г.Б г аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед хийгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ зохих журмын дагуу хийгджээ.

7. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 114-118 дугаар хуудас/,

- Шинжээч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Б  нь мухар олгойн цочмог үхжилт үрэвсэл, цооролтын улмаас гялтангийн түгмэл идээт үрэвсэл үүсч идээт хордлогын улмаас олон эрхтний дутагдлаар нас баржээ. Г.Б г 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амбулаториор үзсэн мэс заслын эмч мухар олгойн цочмог үрэвслийг оношлоогүй. Хэрэв онош эргэлзээтэй бол 4-8 цаг эмчийн хяналтанд байлгана гэсэн мухар олгойн үрэвслийн оношлогоо эмчилгээний стандарт МNS5665-5:2006-г зөрчсөн байна.

... Талийгаачийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэгт хэвтүүлэн өвчнийг нь оношилж эмчилсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан. Талийгаач эмнэлэгт хэвтэлгүйгээр олон хоног гэртээ байж мухар олгойн үрэвслийг хүндрүүлэн хугацаа алдсанаас мэс засал хийсэн ч амь нас аврагдах боломжгүй болж нас баржээ. Амбулаторийн эмч өвчтөнг үзээд онош нь эргэлзээтэй бол зөвлөх эмч болон бусад эмч нарт давхар үзүүлж болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 64-65 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэс заслын их эмч ажилтай И.Б ы ажлын байрны тодорхойлолт /2 дугаар хавтасны 57-59 дүгээр хуудас/,

- Яллагдагч И.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цаг 30 минутаас 14 цагийн хооронд Б  гэх охин хажуудаа эгчтэйгээ хамт ирж үзүүлсэн.

Өвчтөний зовиурыг асуухад хэвлий орчмоор өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй хэвлийг тэмтэрч үзэхэд нэлэнхүйдээ бага зэрэг эмзэг, яаралтай мэс заслын шинж бүдэг байсан. Тэгэхээр нь би онош тодруулах зорилгоор цусны ерөнхий шинжилгээ, ЭХО-ны шинжилгээ хийлгэж, үзүүлээд буцаад хүрээд ир гэж явуулсан. Удалгүй Б  эгчтэйгээ хамт шинжилгээнүүдээ бүрдүүлж ирэхээр нь шинжилгээний бичгийг үзэхэд нэлээн өөрчлөлттэй байсан. ...Тэгээд би Б г мэс заслын тасгийн эрхлэгч буюу эмч нарт үзүүлэхээр дагуулж очиход эмч нар байгаагүй, хагалгаанд орсон байсан. Тэгээд Б г мэс заслын тасгийн өвчтөн үзэх үзлэгийн өрөөнд эгчтэйгээ хамт тус тасгийн асрагч Буянаад захиж, тасгийн эрхлэгч Х  эмч гарахаар энэ хүмүүсийг үзүүлээрэй гэж хэлээд өөрөө явсан. Дараа нь Б  дахиж надад ирээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135-136, 2 дугаар хавтасны 134 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар  шүүгдэгч И.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвдөж ирсэн хүүхэд Г.Б д мухар олгойн цочмог үрэвслийг оношлоогүй, хэрэв онош эргэлзээтэй бол 4-8 цаг эмчийн хяналтанд байлгана гэсэн Мухар олгойн үрэвслийн оношлогоо эмчилгээний МNS5665-5:2006 стандартыг зөрчиж, эмчийн хяналтанд аваагүй буюу өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн Г.Б гийн эрүүл мэндийн байдал хүндэрч, мэс заслын хагалгаанд орсон боловч 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.

Эрүүгийн хэргийн 2 дугаар хавтасны 57-59 дүгээр хуудсанд авагдсан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч И.Б ы ажлын байрны тодорхойлолтод “Байгууллагын тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх”, “үйлчлүүлэгчийг кабинетад хүлээн авах, асуумж авах, үзлэг хийх, өвчний түүх, холбогдох маягт, баримт бичгүүдийг стандартын дагуу хөтлөх”, “шаардлагатай нөхцөлд үйлчлүүлэгчийг тасагт шилжүүлэх”, “зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээний стандарт, түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу оношлогоо, эмчилгээг хийх”... чиг үүргийг ажлын байрны гол үйл ажиллагаа болгож тусгасан байна.

Мөн Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталж, 2006 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон Монгол Улсын МNS5665-5:2006 Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээний стандартаас үзэхэд энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөхөөр тусгасан ба 13 дахь хэсэгт “мухар олгойн цочмог үрэвслийн шинж бүдэг, онош эргэлзээтэй, эмчид үзүүлэхийн өмнө өвчин намдаах болон хүчтэй тайвшруулах эм хэрэглэсэн өвчтөнийг өвчний шинж тодортол, эсвэл нэмэлт шинжилгээний хариу гартал 4-өөс 8 цаг эмчийн хяналтад ажиглаж болно” гэж заажээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С  нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болсон амь хохирогч Г.Б г дагуулан Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотоод зохион байгуулалтад заасан дарааллын дагуу мэс заслын амбулаторийн их эмч И.Б д үзүүлж, түүний хэлсний дагуу холбогдох шинжилгээг нь яаралтай гаргуулж ирсэн боловч шүүгдэгч нь холбогдох эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.        

Шүүгдэгч И.Б ы 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт өвдөж ирсэн хүүхэд Г.Б д Монгол Улсын МNS5665-5:2006 Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээний стандартын “мухар олгойн цочмог үрэвслийг оношлоогүй, хэрэв онош эргэлзээтэй бол 4-8 цаг эмчийн хяналтанд байлгана” гэж заасныг зөрчиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч И.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч И.Б ы эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал, мөн хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас 2004 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Г ий Б гийн амь нас хохирсон нь гэмт хэргийн хохиролд тооцох ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч И.Б аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С д 10.000.000 төгрөгийг төлж өгсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс үзэхэд уг мөнгийг гэмт хэргийн хор уршигт зарцуулсан байна.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол болон бусад зардалд 30.000.000 төгрөгийг шүүгдэгч И.Б аас нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй тул энэхүү иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч И.Б аас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар хэлэх тайлбар байхгүй хэмээн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг төлж өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан их эмчийн үйл ажиллагаа эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтад хамруулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч И.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч И.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч И.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс шүүгдэгч И.Б  нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу 15 настай хүний “амь нас” хохирсон шинжийг харгалзан шүүгдэгч И.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч И.Б д оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч И.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах зүйтэй.

Шүүгдэгч И.Б ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б ы эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С д гэмт хэргийн хор уршигт 10.000.000 (арван сая) төгрөг төлснийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С ос сэтгэл санааны хохирол болон бусад зардалд 30.000.000 (гучин сая) төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, сэтгэл санааны хохирол болон бусад зардалд шүүгдэгч И.Б аас цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч И.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан шүүгдэгч И.Б д оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч И.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч И.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ