Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00759

 

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/00759

Улаанбаатар хот

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13-р хороо, 2Б хэсэг  гудамж 28Б тоотод оршин суух, “Хүрээ хаус” орон сууцны конторт орлогын нярав ажилтай, регистр ШД81101006, Харчин овогтой Баатарын Нармандахын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, 65-р байрны 122 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ЧЗ76060795, Арван гурван цахир овогтой Бөхтэгшийн Нэргүйд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хүссэн хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Нармандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2000 оноос Б.Нэргүйг танидаг болж, 2004 оноос хамтдаа амьдарч эхэлсэн. Бидний дундаас хүү Н.Ган-Очир нь 2008 оны 2-р сарын 20-ны өдөр төрсөн, нөхөр Б.Нэргүй нь 2008 онд Япон улс руу ажиллахаар яваад 2010 оны 11-р сард буцаж ирсэн. Тэрээр ирснээсээ хойш юм л бол үг сөрж, бидний хооронд хэрүүл маргаан огт тасрахгүй үл ойлголцол үүсч 1 жил болоод бид 2-ыг орхиод явсан. Үүнээс хойш 1 жил гаруй сураг чимээгүй болж байгаад эргээд ирсэн. Гэвч бид таарч тохирохгүй хэрүүл маргаан тасрахгүй байсаар 2013 оны эхээр салаад явсан. Энэ хугацаанд Б.Нэргүй нь  бид хоёртой холбоо бариагүй, эмэгтэй хүний хувьд эргээд ирэх болов уу хэмээн битүүхэндээ ихэд харсан. Дээрх хугацаанд бид хамтдаа амьдрахыг  аль аль хичээсэн боловч үр дүнд хүрсэнгүй, таарч тохирохгүй байсаар сүүлийн 3 жил гаруй тус тусдаа амьдарч байна. Цаашид нэгэн гэр бүл болон сайн сайхан амьдарч чадахгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүү Н.Ган-Очирт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа:  Б.Нэргүй миний бие 1976 онд төрсөн.  41 настай. 2000 онд Б.Нармандахтай танилцаж 2004 оноос хамтдаа амьдарч эхэлсэн. 2007 оны 11 сард “Заг” ХХК-ийн шугамаар Япон улсад дадлагажигчаар 3 жилийн хугацаатай явж хууль болон гэрээний дагуу хугацаагаа дуусгаад 2010 оны 11 сард эргэн ирсэн. Энэ хугацаанд 2008 онд хүү Н.Ган-Очир мэндэлсэн. Б.Нармандахын нэхэмжлэлд ... эргэн ирснээсээ хойш юм л бол үл сөрж бидний хооронд хэрүүл маргаан огт тасрахгүй үл ойлголцол үүсч ... гэжээ. Үүнийг миний бие үгүйсгэж байна. Япон улсад ажиллаж амьдарч ирсэн нь миний хувийн зан чанар, соёл, амьдрал ахуйд зөвхөн эерэг зүйлийг авчирсан. Миний бие эргэн ирсэн даруйдаа гэрлэлтээ албан ёсоор батлуулж бусдын жишгээр амьдрахыг хичээсэн болно. Бидний амьдрал цаашид нийлэхгүй болсон шалтгаан нь Б.Нармандах бид хоёрын хувийн зан чанар, амьдралд эрхэмлэж явах үнэт зүйлсийн үнэлэмж залхуу хойрго байдал болно. Өнгөрсөн хугацаанд сураггүй болсон нь үнэн боловч нэгэнт салахаар шийдсэн болохоор хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсч байсан. Үүнийгээ Б.Нармандахтай утсаар ярьж ойлголцсон гэж бодож явсан болно. Б.Нармандахын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. 2011 оны 1-р сарын 12-ны өдөр бүртгэсэн Б.Нэргүй, Б.Нармандах бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүү Н.Ган-Очирыг ээж Б.Нармандахын асрамжинд үлдээхэд татгалзах зүйл үгүй. Хүү Н.Ган-Очирт эцэг миний зүгээс хууль тогтоомжинд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгөхөд татгалзах зүйлгүй. Цаашид хүүдээ илүү анхаарал  халамж тавьж өөрийн бололцоогоороо тусалж дэмжиж байхыг ойлгож байгаа гэжээ.    

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бусад баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Б.Нармандах нь Б.Нэргүйд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Б.Нармандах, Б.Нэргүй нар нь 2004 оноос хамт амьдарч байгаад 2011 онд гэрлэлтээ батлуулж, 2008 оны 2 дугаар сарын 20-нд хүү Н.Ган-Очирыг төрүүлж өсгөжээ.    

 

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.

 

Харин талууд хамт амьдрах хугацаандаа удаан хугацаагаар тусдаа амьдарснаас үзэл бодол, зан чанарын хувьд таарамжгүй болж  хэрүүл маргаантай болсны улмаас 2013 оноос тусдаа амьдарч байгаа  нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй хүү Н.Ган-Очирыг эхийн асрамжинд байсан, цаашид эхийн асрамжид үлдээхээр тохирсон байх тул хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан журмаар гаргуулж шийдвэрлэлээ.   

 

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2017 оны 1-р сарын 16-ны өдөр дуусгавар болгожээ.

Хариуцагч Б.Нэргүй нь хөдөө орон нутагт ажилладаг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131-р зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                              ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Бөхтэгшийн Нэргүй, Баатарын Нармандах нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 2 дугаар сарын 20-нд төрсөн хүү Н.Ган-Очирыг эх Б.Нармандахын асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн  401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Н.Ган-Очирыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Нэргүйгээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Нэргүйгээс 70 200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.  

 

4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Р.АЛТАНТУЯА